| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0937/З |
| Дугаар | 221/МА2025/0513 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0513
| 2025 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2025/0513 | Улаанбаатар хот |
Т.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Т.Э,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Э,
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Гуравдагч этгээд: Ж.Т***,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/148 тоот тушаалыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0371 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У**, Т.Д***
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Х***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б***.
Хэргийн индекс: 128/2024/0937/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Эоос анх шүүхэд хандан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/148 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/148 тоот тушаалыг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0371 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Эоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалын нэхэмжлэгч Т.Эын ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалгүй, гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газарт холбогдох тушаалын хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 ...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж.Т***ид нэгж талбарын солбицол өөрчилж талбайн хэмжээг нэмэгдүүлж газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэл нь шийдвэрийн үндэслэх хэсэгт 4.6-т заасан “нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй буюу нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэлтэй маргаагүй, мөн цаашлаад шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой даалгах шаардлага гаргаагүйгээс гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй” хэмээн дүгнэсэн ойлгомжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2. Нэхэмжлэгч Т.Э нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.2-т дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх зориулалтаар газар ашиглахаар “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б” хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт мод тарьж тохижилт хийх тухай төсөл бүхий хүсэлтийг тухайн хамгаалалтын захиргаанд гаргасан ба тухайн цаг үед тус хүсэлт гаргасан газар нь аливаа этгээдэд ашиглагдахаар олгогдож бүртгэгдээгүй буюу давхцал үүсээгүй байсан болно. Улмаар хамгаалалтын захиргаа хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхдөө нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндэслэлээр удаа дараа буюу 2 удаа хүлээн авахаас татгалзсан хариу мэдэгдсэн бөгөөд тухайн татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч албан бичгийн хэлбэрээр хариуг авах хүсэлт гаргахад тус татгалзлын үндэслэлээ илт өөрчилж иргэн Ж.Т***ийн нэр дээр давхцалтай байна хэмээн татгалзсан нь ойлгомжгүй байдал үүсгэсэн буюу энэ нь бусад этгээдэд давуу эрх олгосон байж болзошгүй үйл баримт байх тул маргаан үүсгэх үндсэн нөхцөл болсон юм.
3.3. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотойгоор маргаж буй бөгөөд тэрхүү маргах гол үндэслэл нь эцсийн дүндээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаал байсан. Учир нь энэхүү маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн тохижилт хийх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон тул нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан бөгөөд тушаалыг гаргах бүрэн эрх бүхий этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу сайд учраас хариуцагч этгээдээр татаж ийнхүү хэрэг үүсгэсэн.
3.4. Маргаан бүхий А/418 дугаар тушаалаар нэмэгдүүлж олгосон газар ашиглах эрхийг аливаа этгээдэд олгох асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 33.1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан ба хуулийн 27.12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 5.6.1-т “Энэ хуулийн .... 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, дэх заалт, заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 5.6.2 -т “Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна”, 8.1-д “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 1.18-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах үйл ажиллагаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болохыг заасан. Үүнээс харвал маргаан бүхий тушаалаар олгох газрыг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглах эрх үүсэх юм.
3.5. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1, 361.1, З61.2, 362.1, 362.2 дугаар зүйлийн 1, 3-т тус тус заасны дагуу яамнаас маргаан бүхий газрыг бусдад ашиглуулах зөвшөөрөл олгох тохиолдолд нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаар олгосон байх шаардлагатай болохыг хуульд заасан байхад хариуцагч яамнаас сонгон шалгаруулалт нийтэд зарлаагүй буюу сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байхад маргаан бүхий А/418 дугаар тушаалаар гуравдагч этгээдэд газар ашиглуулахаар талбайн хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасныг зөрчсөн буюу давуу эрх эдлүүлсэн гэж үзэхээр байна, Тодруулбал, хариуцагч эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хууль ёсны боломжийг хязгаарлаж зөрчсөн. Ийнхүү төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус маргаан бүхий тушаалаар олгосон газарт сонгон шалгаруулалтыг зохих хуульд заасан журмын дагуу явуулсан байсан бол нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцох боломж нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч анх тохижилт хийх хүсэлт гаргасан газрын хэмжээгээр хязгаарлагдахгүйгээр буюу гуравдагч этгээдэд нэмэгдүүлж олгосон газрын хэмжээгээр газрыг ашиглах хууль ёсны боломж үүссэн байхад үүнийг илтээр хязгаарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.
3.6. Нэхэмжлэгчийн зөрчигдөж буй хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулснаар хамгаалагдаж сэргэх юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэснээр хууль ёсны дагуу зохих журмаар газар ашиглах хуулийн боломж буюу ашиг сонирхол хамгаалагдана. Иймд, шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны сэргээгдэх ашиг сонирхол тодорхой үүссэн байхад үүнийг тогтоох буюу сэргээх боломжгүй мэтээр хэт явцуу хүрээнд тайлбарлаж хэргийн нөхцөл, үйл баримтыг бүрэн тодруулж шийдвэрлээгүй байна.
3.7. Шүүх хэргийн нөхцөл байдлыг нотлох зарчимд үндэслэж дүгнээгүй буюу Т.Эын тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар нь эрх бүхий этгээдээс орц гарц байхаар шийдэгдсэн буюу холбогдох газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж баталгаажсан тухай баримт огт авагдаагүй буюу шүүх энэ талаарх нөхцөл байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа гуравдагч этгээдэд өмнөх олгосон газрын орц гарц хэмээн тайлбарлан дүгнэж буй нь ойлгомжгүй байна.
3.8. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг ойлгомжгүй буюу тодорхойгүй: Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 1-т Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 36.1 Зөвшөөрлийн тухай хуулийн хуулийн 8.1 дэх хэсгийн 1.18-ийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь сонгон шалгаруулалтаар маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгох тухай тогтоож буй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй. Мөн цаашлаад шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т нэхэмжлэгч Т.Эын хүсэлт гаргасан газартай давхцалгүй, гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газарт холбогдох тушаалын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай хэмээн мөн ойлгомжгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа 2 дахь хэсгээр гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газартай давхцалгүй хэсэгт маргах эрхгүй хэмээн үзсэн буюу давхцалтай гэж үзсэн 650.7 м.кв газарт холбогдох шаардлагыг шүүх шийдвэрлээгүй үлдээсэн нь ойлгомжгүй байна. Иймд, шүүх нэхэмжлэгчийн шаардлага болох маргаан бүхий захиргааны актыг 2 хувааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр бодит байдалд нэхэмжлэлийн хүлээн авсан хэсэг хэрхэн биелэгдэж хангагдах талаар тодорхой бус дүгнэж шийдвэрлэжээ.
3.9 Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1. Нэхэмжлэгч Т.Э нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Б” хотхоны урд талд байрлах нутаг дэвсгэрт хамаарах 955 м.кв талбай бүхий дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулж 50 ширхэг мод тарих тохижилтын ажлыг хийхээр төлөвлөгөө гаргаж, нэгж талбарын зураг болох кадастрын зураг хийлгэсэн... тухайн орчныг 100 хувь ногоон орчин болгохыг зорих бөгөөд өөрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болон тохижилтын гэрээний хугацаанд дээрх газарт тохижилт хийхэд хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1031 дүгээр албан бичгээр “хүсэлтэд дурдсан газар нь иргэн Ж.Т***ийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй бөгөөд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ашиглалтын газартай давхцалгүй нийтийн эзэмшлийн газарт мод тарих, тохижилт хийж болох” талаар нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Ж.Т***ид газар ашиглах эрх олгосон хариуцагчийн “2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/148 тоот тушаалыг “...нийтийн эзэмшлийн газрыг өөрийн хөрөнгөөр тохижуулах, ногоон байгууламж барих зорилгоор тохижилт хийх хүсэлт гаргасан байхад гуравдагч этгээдэд сонгон шалгаруулалтгүйгээр газар ашиглах эрх олгосон нь хууль бус...” гэх агуулгаар эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан.
3.2. Гуравдагч этгээд Ж.Т***ийн хувьд, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газрын солбицолд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 дугаар албан бичгээр “солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээний солбицол өөрчлүүлж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх” саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас Ж.Т***ийн хүсэлтийг хүлээн авч, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0.16 га газрыг 4264,8 м2 болгон талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрхийн хэмжээ, нэгж талбарын солбицол өөрчлөх тухай” А/418 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Ж***ийн Т*** (РД:УХ39***)-д олгосон 0.16 га газрын хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн XI хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 4264.8 кв м болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэгж талбарын солбицлыг өөрчилж” шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
4. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн[1] 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-д “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан.
5. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж барих хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргаснаас бус хуульд заасан журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох хүсэлт гаргаагүй гэх үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “… нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй буюу нэхэмжлэгч нь түүнд газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэлтэй маргаагүй, мөн цаашлаад шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой даалгах шаардлага гаргаагүйгээс гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс тодорхойлж гаргаагүй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалын нэхэмжлэгч Т.Эын ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалгүй, гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газарт холбогдох тушаалын хэсгийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар тодорхойлон гаргаж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох диспозитив зарчимд нийцэхгүй.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий үйл баримтад хамаарах огноог “2024” болон “2025” он гэх зэргээр алдаатай бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0371 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
[1] 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх байдлаар