Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Т.Сүхбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Рэн даш овгийн Чимэдээгийн Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201612000177 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 11 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Рэн даш овгийн Чимэдээгийн Эрдэнэбат /Регистрийн дугаар ЗЮ80072110/                                                          

 

          Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

          Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн

Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт буюу “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компаний хойд талд байх хатуу хучилттай замаар 4437 ДУА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдыг хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Т.Сүхбаатарыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

              Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн орой 8 цагийн үед би 4437 улсын дугаартай машинаараа “Ган далай” дэлгүүрийн хойгуур баруунаас зүүн тийш явж байсан. Явган хүний гарц дээр хүн байгаагүй. Хүн байхгүй байна гээд 2 гарцны голд иртэл Т.Сүхбаатар хажуу талаас орж ирээд мөргүүлсэн. Би замын хойд тал руу дараад, цаад талын гарцыг өнгөрөөд зогссон гэв.

  Хохирогч Т.Сүхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Ажлын өдөр очихоор хүмүүс гэртээ байдаггүй учраас тэр өдөр ажлаа хийж баруун лагериар явж ажлаа амжуулсан. Тэр өдөр шавар шавхайтай байсан учраас мотоцикльтой явахад хүндрэлтэй байсан учраас Цагдаагийн газрын хойд талын “жаст” колонкийн хойно мотоциклио тавьж төв рүү орсон. “Ган далай” дэлгүүрийн тэрүүгээр явж холбооны хойд талын явган хүний гарцаар гарсан. Баруун талаас машин ирж явааг би мэдээгүй. Гарцаар гарах үед урд талын туслах замд машины хөдөлгөөн байхгүй байсан. Холбооны хойд талын явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлэгт дусал, тариа хийлгээд байж байсан. Намайг Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад шүүгдэгчийн зүгээс туслалцаа үзүүлсэн. Эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал сайжрахгүй, одоо мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Хоёр, гурав хоногийн өмнө ухаан алдаж унасан. Би 10 гаран жил энэ албанд ажилласан. Энд ах, дүү төрөл садан байхгүй. Энэ хүнээс болж би ажилгүй болж, амьдрал минь 360 градусаар эргэчихээд байна. Би банкнаас цалингийн зээл авсан. Ажлаа хийж байсан бол цалингийн зээлээ төлөөд явах байсан. Би цалингийн зээлд сард 280000 төгрөг төлдөг. Бусдын дэмжлэгээр 2016 оны 10-12 сарын зээлээ төлсөн. Гомдолтой байна гэв.

Гэрч Б.Цэрэндуламын “... 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр би түргэний эмчээр ажиллаж байсан. Орой 19 цаг өнгөрч байхад машинд хүн мөргүүлчихлээ гэсэн дуудлага ирэхээр нь очиход холбооны хойд талын явган хүний гарцны зүүн талд гарцтай их ойрхон нэг эрэгтэй хүн засмал зам дээр толгой нь урагш харсан байрлалтай хэвтэж байсан. Мөргүүлсэн хүн дээр очоод биед нь хүрч дуудахад ямар ч хариу үйлдэл байхгүй, ухаангүй,толгой чихнээс нь нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/,

Гэрч Г.Мөнхбатын “...холбооны хойно явж байтал Ж.Эрдэнэбаяр машин гэж хашгирахаар нь эргээд хартал нэг машин зам дээр хүн мөргөж байсан. Тэр хүнийг мөргөхөд мөргүүлсэн хүн нь арагш унаж замын голд ойчсон. Мөргөсөн машин надруу чиглээд явган хүний зам дээр гарч ирээд зогссон. Зам дээр унасан хүнийг очоод хартал Т.Сүхбаатар байсан. Хаанаас цус гарч байгааг мэдээгүй, зам дээр цус гарсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас /,

Гэрч Ж.Эрдэнэбаярын “... Г.Мөнхбат бид 2 түрүүлээд замын хойд талын явган хүний замаар алхаж байсан. Т.Сүхбаатар замын урд талаар бид хоёроос 10 гаруй метрийн зайтай араас дагаад алхаж байсан юм. Тэгтэл ард түс гээд л чимээ гарахаар нь хартал Т.Сүхбаатар мөнгөлөг саарал өнгийн Соната 6 маркийн машинд мөргүүлээд холбооны хойд талын засмал зам дээр байх явган хүний гарцны тэмдгийн зүүн талд ойролцоогоор 1 метр орчим зайд унасан. Нөгөө мөргөсөн машин нь хойш давж явган хүний зам дээр бордюр даваад зогссон. Засмал зам дээр Т.Сүхбаатарын унасан газарт цус болсон байсан. Тухайн үед Т.Сүхбаатар өөрийгөө авч явах чадвартай байсан. Г.Мөнхбат бид хоёроос 10 гаруй метрийн зайд л алхаж байсан. Өөрийгөө авч явах чадваргүй байсан бол ганцааранг нь алхуулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11

дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

-Жолооч Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдыг хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол болох гол шалтгаан болж байна. Явган зорчигч Т.Сүхбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн заалт зөрчөөгүй байна” /хх-ийн 39-р хуудас/ гэжээ.

 

           Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14202 дүгнэлтэд:

           1. Т.Сүхбаатарын биед баруун нүдний ухархайн хажуу хана, баруун гайморын хөндийн хажуу хана, баруун талын хацар ясны нум дайрсан, суурь ясны бага далавч дайрсан, баруун чамархайн урд үзүүррүү үргэлжилсэн, суурь ясны их бие дайрсан, зүүн талд хөхлөг сэртэн, зүүн чамархайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, цус хуралт, субарахнойдаль зайд цус харвалт, чээжний баруун талд 7, 8-р хавирга ясны хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун зулайн хуйх, баруун мөр, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” /хх-ийн 28-р хуудас/ гэжээ.

 

           Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээч Н.Батчулууны 2016 оны 10 дугаар

сарын 26-ны өдрийн техникийн дүгнэлтэнд:

          1. 4437 ДУА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл нь 2016.01.04-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн оношилгооны төвд оношилгоонд хамрагдсан байна.

          2. Ослын улмаас салхины шил 2 хэсэгт дотогш цөмөрч хагарсан, копутны зүүн урд хэсэгт бага зэрэг цөмөрсөн, зүүн крило дотогш хонхойсон, зүүн урд их гэрэл цуурсан, гидрийн банк хагарсан зэрэг эвдрэл гэмтэл илэрсэн бөгөөд осол болсны дараа үүссэн гэмтэл болно.

          3. Дээрх гэмтэл нь осол гарахад үүссэн бөгөөд осол болоход нөлөөлөөгүй болно.

          4. Тээврийн хэрэгслийг суурин тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хойд болон урд тормоз хэвийн сайн ажиллагаатай байсан. Гэрэл дохио бүрэн бүтэн, дуут дохио хэвийн ажиллагаатай байсан болно /хх-ийн 35-р хуудас/ гэжээ.

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/

          Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-9/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/

          Хураан авах тогтоол /хх-ийн 14/

          Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19/

           Шинжилгээ хийлгэх тогтоол, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн ¹ 280 дүгнэлт /хх-инй 29-30/

          2016.10.14-ний өдрийн ¹8852 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

          2016.10.25-ны өдрийн ¹49 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/

          Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 48-р хуудас/ зэрэг болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт буюу “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компаний хойд талд байх хатуу хучилттай замаар 4437 ДУА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Сүхбаатарыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг замын

хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх

орчин, учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Т.Сүхбаатарыг дайрсан нь дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

 

               Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үнэлж, шүүгдэгч Ч.Эрдэнэбатаас нийт 654010 /”Элбэрэл буян” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 109510 төгрөг,  Дундговь аймгийн Монгол Уламжлалт анагаах ухааны төвд эмчлүүлсний 43100 төгрөг, “МНЧ” ХХК-ний эмийн сангаас эм тариа авсан 470900 төгрөг, төлбөрт үйлчилгээнд эмчлүүлсэний 11700 төгрөг, нотариатчийн хөлс 18800 төгрөг тус тус нотлох баримтаар/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Сүхбаатар олгох нь зүйтэй байна.

 

               Хохирогч нь тус аймгийн шүүхэд бичиг хүргэгчээр ажилладаг болох нь шүүхийн тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 65/ түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бичиг хүргэгчийн үнэмлэхээр тогтоогдож байх боловч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан эсэх талаар нотлох баримтгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.   

 

           Хохирогч нь заавал өмгөөлөгч авах ёстой субьект мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Эрдэнэбатад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч нь хохирогч Т.Сүхбаатарт 1251913 /нэг сая хоёр зуун тавин нэг мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг хохиролд нөхөн төлсөн гэж мэдүүлэх боловч дээрх нотлох баримтуудаар энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн

тогтоолыг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Рэн даш овгийн Чимэдээгийн Эрдэнэбатыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд

гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Эрдэнэбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 654010 /зургаан зуун тавин дөрвөн мянга арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Сүхбаатарт  олгож, өмгөөлөгчийн хөлс 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 1877778 /нэг сая найман зуун далан долоон мянга долоон зуун далан найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Эрдэнэбатын 4437 дугаартай ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон 870801 дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

            10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Эрдэнэбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байрнд цагдан хорьсугай.

 

             11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Б.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ