Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

А.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ӨБ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргт 82 388 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие гэр бүлийн хүний хамтаар 2001 оноос хойш “ӨБ” ХХК-д нарийн боовны түүхий эдийг бэлтгэн нийлүүлж байсан. Удаан хугацааны турш ажилласан болохоор тооцоо нийлсэн актыг үйлдэж, дараа нь төлбөр тооцоог төлж ирсэн юм. 2012 оны сүүлээр “ӨБ” ХХК-ийн өр их хэмжээгээр хуримтлагдах болж 2013 оны 6 сарын 01-ний өдрийн байдлаар үлдэгдэл тооцоо 184 300 000 төгрөг болсон. 2013 он гараад “ӨБ” ХХК бусдад төлөх төлбөрөө төлөх боломжгүй болсоныг мэдэж, улмаар тус компанийн үүсгэн байгуулагч Г.Цэенмаа нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувьцаагаа өөрийн найз Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нарт компаниа өрөндөө тооцож өгсөн байдаг. Үүнээс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бид тооцоо нийлэхэд 82 388 500 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан юм. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэ хувьцаа эзэмшигч Б.Ганзориг нь компанийг шилжүүлэн авснаас хойш надтай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүн удахгүй гарна, үлдэгдэл төлбөр тооцоог төлж барагдуулна, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул цаашид үргэлжлүүлэн нарийн боовны түүхий эдийг нийлүүлэх хүсэлт гаргасан юм. Би хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарыг хүртэл 146 376 000 төгрөгийн түүхий эдийг нэмж нийлүүлсэн. Б.Ганзориг нь сүүлд авсан энэ төлбөр тооцоог төлж дуусгаад 2015 оны 4 дүгээр сараас хойш надтай уулзахаас зайлсхийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус компанид нийлүүлсэн төлбөр тооцооноос 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан өр төлбөр болох 82 388 500 төгрөг огт төлөгдөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч “ӨБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ганзориг миний бие иргэн Г.Цэенмаа, түүний нөхөр Б.Чойжилсүрэн нарт 2012 онд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн боловч тэд зээлээ буцаан төлөх ямар ч боломжгүй болсон тул 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, Г.Цэенмаагийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “ӨБ” ХХК-ийн хувьцааг авсан. Тухайн үед уг компани нь бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс их хэмжээний өр төлбөр үүссэн байсныг Г.Цэенмаагийн бидэнд гарган өгсөн түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоонд заасан дүнгээр барагдуулсан. Уг тооцоонд зааснаар 2013 оны 7 сарын байдлаар нэхэмжлэгч А.Эад 104 000 000 төгрөгийн өглөгтэй байсныг бид бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “ӨБ” ХХК-иас 82 388 500 төгрөгийг гаргуулан А.Эад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 569 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ӨБ” ХХК-иас 569 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг үндэслэлгүй хийсэн, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй болно. Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2001 оноос 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр 82 388 500 төгрөг болох талаар тооцоо нийлсэн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баримтыг шүүхээс үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэд хэдэн удаагийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үлдэгдэл тооцоо гэдэг нь хавтаст хэргээс харагдаагүй байна. Нөгөө талаар тооцоо нийлсэн акт дээр талууд маргаж байгаа тул шүүх 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны актын үйл баримтыг тогтоогоогүй, хийсвэр дүгнэлт хийсэн байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө, өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас татгалзаж шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан тоотыг тус шүүхэд хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч “ӨБ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82 388 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Э нь 2001 оноос хариуцагч “ӨБ” ХХК-д нарийн боовны түүхий эдийг нийлүүлж эхэлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг хэсэгчлэн төлдөг байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлж, 82 388 500 төгрөгийн үлдэгдэлтэй талаар акт үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 6-р тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан бөгөөд худалдан авагч буюу хариуцагч “ӨБ” ХХК нь талуудын тооцоо нийлсэн 82 388 500 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

            Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөрийн тооцоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч тэрээр 82 388 500 төгрөгийг төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Нөгөө талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн тул үйл баримтыг тогтоогоогүй, хийсвэр дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө удаа дараа сольж байсан бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан эхэлсэний дараа хариуцагч нь шүүхэд хүсэлт ирүүлсэн ба эрх бүхий албан тушаалтанд өгөөгүй, тухайн хүсэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. /2-р хх-ийн 177-р тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/02803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ 

 

                              ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ