Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/484

 

 

 

 

    2023          06          14                                     2023/ШЦТ/484

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Намжил,

Хохирогч: ***,

Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305013980872 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлын зүүн зүгээс баруун тийш зорчих замын гарцны ойролцоо хохирогч ***ыг “тээврийн хэрэгсэл зорчих замаар унадаг дугуйтай явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, ёс бус үг хэлээр харааж, заамдан нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, биед нь халдаж, биед “дээд, доод уруулын зүүн хэсэг, завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжинд шарх, зулгаралт, зүүн эгэмний дотор үзүүрт цус хуралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохиргч *** шүүх хуралдаанд: “...Миний хувьд Монгол Улсад ирснээс хойш 3 жил дугуй унаж байгаа. Өөрийнхөө хувийн болон албан ажлыг хөөцөлдөхийн тулд хэрэглэдэг. Энэ хугацаанд дугуйтай хүн цөөхөн байсан “замаас зайл” гэж хэлдэг байсан. Сүүлийн үед жолооч нар өөр болсон байна лээ. Энэ хүн эгнээгээ буруу эзэлсэн. 25-р эмийн сангийн автобусны буудлын уулзвараас асуудал эхэлсэн. Би хэргийн материал дутуу байна гэж хэлсэн. 25-р  эмийн сангийн гэрлэн дохиотой уулзвараас 10-р хороолол хүрэхэд  зөндөө камер байсан. 10-р хорооллын бичлэгийг үзье гэж хэлүүлж байж бичлэгийг авсан. Камерын бичлэг дээр бүх юм байгаа. Би машинуудын баруун юм уу, зүүн тал руу шахаж явдаг. Би бусдад төвөг болохгүй амьдрах зорилготой. Бид нар зүүн талын хашлагаар замд нь зохицоод, 15 см хүрэхгүй зайг эзэлж явдаг. 25-р эмийн сангийн гэрлэн дохиноос урагшаа эргэдэг дохион дээрээс сигналдаад байсан. Урд талд нь 2 хүүхэн суусан байсан. Тэгээд намайг авгай минь, янхан гэж элдвээр хэлж хажуугаар өнгөрсөн. Тэгээд өнгөрөөд 10-р хорооллын гэрэл дохионы замд зогсож байхад би бээлийтэй гараараа “та нар дүрмээрээ яв, битгий араас битгий сигналдаад бай, зайлшгүй тохиолдолд сигналыг хэрэглэдэг” гэж хэлсэн. Тэгээд би цааш яваад 10-р хорооллын гэрлэн дохионоос эргэх гэсэн 2 машин мөргөлдсөн байсан. Би өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод гэрлэн дохион зогсоод дугуйгаа аваад голын зам дээр зогссон. Машин дотроос бууж ирээд намайг шууд зодох зорилготой ирсэн. Намайг зодоод шууд явах гэсэн. Би цагдаа дуудах хэрэгтэй гэж хэлээд утсаа гаргаж ирэх гэтэл 2 эгч нь миний гараас утсыг салгах гээд байсан. Машинаас бууж ирээд гараа зангидсан байсан. Тэгэхээр нь би чи анх удаа машинтай явж байгаа юм уу, Улаанбаатар хотын зам дээр өчнөөн дугуйтай хүмүүс явдаг гэж хэлсэн. Тэгсэн чинь чам шиг авгайг зодсон байхад надад юу ч үйлчлэхгүй гэж хэлээд явсан. ...намайг хэд цохисон гэдгийг мэдэхгүй. Би бараг 30 секунд юм уу, 1 минут шах уу ухаан алдсан. Зуураад чирэгдээд ухаан алдсан. Зодчихоод явдаг хүмүүс, элдвээр доромжилдог. Хууль үйлчилдэггүй тийм зүйл толгойд нь байдаг. Миний нүүрэнд бэрсүү үүсээд 3-р хорооллын эцэст байрлах “сайхан шүд” гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Би эмчилгээний талаар бичиг авъя гэхэд мөнгөө байршуулж байж хагалгаа хийдэг гэсэн. Миний нүүрт бэрсүү үүсээд арьсны цаана хатуу юм үлдсэн. Тэгээд томографын зургийг 150.000 төгрөгөөр авхуулсан. Ээмэг, бугуйвчийн баримт байхгүй. Миний ээмэг тэр үед хугарсан Франц улсаас авч байсан. *** мөрдөгч надад хэлсэн. Би тогтмол цалинтай ажиллаж байгаад больсон. Би хувиараа хүргэлтийн ажил хийдэг өдөрт хэдэн төгрөг олдог гэдгээ 2 дэвтэр дээр тэмдэглэдэг дэвтрээ авч ирж өгсөн. Таны ажлын хөлсийг дунджаар өдрийн 50.000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн. Би 3 өдрийн ажлын хөлс 150.000 төгрөг нэхэмжилж байна. Нүүрэнд хагалгаа 850.000 төгрөгөөр хийнэ гэсэн” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 05-ны орой ...гэр рүүгээ харих гээд авто замаар унадаг дугуйтай явж байхдаа ТБД андуудаас 10 дугаар хороолол явах чиглэлийн уулзвар дээр үл таних хүн дуут дохио өгөөд над руу хараагаад замаас зайл гэх зүйл хэлээд явсан. ...би банк руу нь гараараа тогшоод ...дүрмээрээ яв гэж хэлсэн. ...явган хүний гарцаар гарах гээд гарцан дээр зогсож байхад нөгөө машин зогосоод ...арын суудлаас 25 орчим насны 176 см орчим өндөртэй залуу бууж ирээд ...намайг шууд энгэрээс зуураад газар унагаагаад нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Мөнгөн гүүр эмнэлэгт КТГ зураг 150.000 төгрөг, цаг засуулсан 20.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-н 61-67/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг харсан чинь тэр 2 зууралдаад манай дүү нөгөө эмэгтэйн дээр гарсан байдалтай харин нөгөө эмэгтэй Ган-Эрдэний энгэрээс зуурсан байдалтай байсан ба би бушуухан буугаад гүйгээд яваад очсон. ...тэр хоёрыг салгасан. ...тэр эгчийн зүүн завж орчим нь цус болсон харагдаж байсан...” гэжээ /хх-н 34-35/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 05-нд ...унадаг дугуйтай эгч хэл ам хийгээд машины хойд тал дээр гараараа цохиод байсан. Ган-Эрдэнэ буугаад ...нөгөө дугуйтай явсан эгчтэй дээр доороо бужигнаад явсан. ...салгах гэсэн боловч зууралдаад салахгүй байсан. ...нөгөө эгчийн амнаас цус гараад бугуйвч нь тасарсан байсан....” гэжээ /хх-н 38-39/,

Шинжээчийн 4700 тоот дүгнэлтэд: “...***ын биед дээд, доод уруулын зүүн хэсэг, завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжинд шарх, зулгаралт, зүүн эгэмний дотор үзүүрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 45-46/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэв /хх-н 78-79/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-12/, хохирлын баримт /хх-н 49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 83-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлын зүүн зүгээс баруун тийш зорчих замын гарцны ойролцоо хохирогч ***ыг “тээврийн хэрэгсэл зорчих замаар унадаг дугуйтай явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, ёс бус үг хэлээр харааж, заамдан нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, биед нь халдаж, биед “дээд, доод уруулын зүүн хэсэг, завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжинд шарх, зулгаралт, зүүн эгэмний дотор үзүүрт цус хуралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг “тээврийн хэрэгсэл зорчих замаар унадаг дугуйтай явлаа” гэх шалтгаанаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***ыг цохисон үйлдлийг улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь шүүгдэгчээс томографикт харуулсан 150.000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин нэг өдрийн 50.000 төгрөг, 3 өдрийн 150.000 төгрөг, хагалгаанд орох 850.000 төгрөг, ээмэг, бугуйвч эвдэрсэний үнэ, цаг засуулсаны үнэ 20.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан, томографикийн зураг авахуулсан 150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Харин хохрогчийн нэхэмжлсэн бусад хохирлыг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хохирогчийн дээрх нэхэмжлэлийн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул баримтгүй хохирлыг шүүх хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй.

Иймд хохирогч *** нь ажилд яваагүй өдрийн цалин, хагалгаанд орох төлбөр болон тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж ирэгний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирол нөхөн  төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 480 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 150.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР