Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 03306

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/03306

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:Ч.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.АХХКомпани,

Хариуцагч:Г.У нарт холбогдох

192 004 160 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр /үнэмлэх 2465/, Н.Нямжаргал /үнэмлэх 2880/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.У нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрийн нэр дээрх Т.А ХХК-ийнхаа үйл ажиллагаанд зориулж зээлийн гэрээ байгуулж надаас 290 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн, зээлийн гэрээг компанийнхаа нэрээр хийсэн бөгөөд хугацаа, хүү тохироогүй байдаг.Би Г.Утэй 2005 оноос хойш тасралтгүй хамтарч ажиллаж ирсэн бөгөөд тэрээр авсан зээлээ цувуулан буцаан төлж ирсэн боловч бүрэн төлөхгүй, үлдэгдэл дээр нь нэмж зээл авсаар 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 290 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсныг баталгаажуулан зээлийн гэрээг байгуулсан болно.Г.У нь зээлсэн мөнгөө ихэвчлэн бэлнээр тоолж хүлээж авдаг байсан бөгөөд заримдаа дэлгүүрээс зээлээр бараа авах, эсхүл өөрийн хувийн дансаар мөнгө шилжүүлж авдаг байсан.Ингээд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 102 004 160 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсныг төлбөр тооцоо нийлж акт үйлдэн Г.У өөрийн гараар зээлийн гэрээнд бичилт хийж баталгаажуулсан.Бид хамтран тооцоо нийлж, зээлийн үлдэгдлээ баталгаажуулахдаа хоорондоо өгч авалцсан барааны баримтуудыг нэг бүрчлэн тулгадаг байсан бөгөөд тэдгээр баримтуудыг 2 хувь үйлдэж байсан. Г.Уийн өөрийнх нь гараар бичиж өгч, хүлээн зөвшөөрч гаргаж өгч байсан тооцооны баримт, түүнийг хүлээн зөвшөөрч, түүнд тусгасан дүнгээр нь нэхэмжилж байгаа болно.Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сард тооцоо нийлснээс хойш зээлийн үлдэгдлээс нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй явсаар байсан тул аргагүйн эрхэд цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн.Г.У нь утсаа авахаа больж, ажил дээр нь хайж очоод мөнгөө нэхэхээр төлж чадахгүй, шүүхээр нэхэмжлээд ав гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, дараа нь оффисоо нүүлгэсэн байсан.Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 192 004 160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.М болон Т.А ХХК нарын хооронд 3 удаагийн зээлийн гэрээ байгуулсан, 2005 оноос хамтран ажилладаг байсан, 2009, 2011, 2013 онуудад гэрээ байгуулж байсан, 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 01 дугаартай зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан, 290 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсаныг Уранчимэг өөрөө гаргаж өгсөн.Өмнөх 3 зээлийн үлдэгдлийг л баталгаажуулж гэрээ хийсэн, 2009 онд гэрээ хийгээд түүнийгээ 2011 онд дүгнээд гэрээ хийдэг, 2011 оныхоо гэрээг дүгнээд 2013 онд гэрээ хийгээд явдаг.Бэлнээр банкинд аваачиж Уранчимэгийн дансанд тушаасан баримт байгаа.Гааль дээр бараа ирсэн тэдэн төгрөг өгчих гэж хэлээд мөнгө авдаг.Германаас оруулж ирсэн бараанаасаа өгдөг байсан.Тэр бараанаас өмнө авсан мөнгөө хасдаг жишээний явж байсан, 2018 оны 3 сарын 21-ний өдөр энэ баримтыг бичиж гарын үсэг зурж өгсөн, 290 000 000 төгрөгөөс 90 гаруй сая төгрөг төлж 192 004 160 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэв. 3 сард хамгийн сүүлд тооцоо нийлсэнээс хойш 4 сард цагдаад өгөхөд Уранчимэг иргэний маргаан тул шүүхээр шийдүүлнэ гэсэн.Тэгээд хэрэгсэхгүй болсон.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Г.У цагдаад Ч.М намайг хохироочихлоо гэж гомдол гаргаж явсан, бүгд хэрэгсэхгүй болсон.Уранчимэгийн гаргасан гомдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх санаатай байсан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулсан.Шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хурал болгон дээр нэг юм яриад явдаг.Бодит байдлаас зөрүүтэй тайлбар өгдөг.Өөрийн гараар бичиж, тооцоо нийлсэн гэрээгээ үгүйсгэж байгаа, 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 01 дугаартай 290 000 000 төгрөгийн дүнтэй гэрээний үлдэгдэл 192 004 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 290 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.Энэ нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өгсөн мөнгөний дүнд гэрээ хийсэн.Нэгдсэн дүнгээрээ 359 777 799 төгрөг болсон.Үүнээс Уранчимэг төлөлт хийж яваад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 290 000 000 төгрөгт гэрээ хийсэн.Үүнээсээ хойш 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 97 995 842 төгрөгийн төлөлт хийсэн.Өнөөдрийн байдлаар 192 004 160 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна, үүнийг гаргуулж өгнө үү, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 8 удаагийн үйлдлээр 59 706 000 төгрөг өгсөн.Зарим нь бэлнээр ч байгаа.Зарим нь Уранчимэгийн дансруу бэлнээр хийсэн тохиолдол байгаа.Данс болон бэлэн өгсөн нийт 395 577 799 төгрөг болж байна.Энэ нь гэрээ байхгүй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийсэн.Өмнөх 150 000 000 төгрөгөө нэмэхээр 545 577 799 төгрөг болж байна гэв.

Хариуцагч буюу хариуцагч Т.А ХХК-ийн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа:Ч.М нь 290 000 000 төгрөгийг надад ч, Т.А ХХК-д ч зээлдүүлээгүй, би болон манай компани 290 000 000 төгрөгийг зээлэн авч үйл ажиллагаандаа зарцуулаагүй, 290 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний зээлийн гүйлгээ хийгдээгүй.Манай компани 2001 оноос одоог хүртэл тасралтгүй 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн гүйлгээ болох бараа, эд хөрөнгө, мөнгөн гүйлгээгээ байнга бүртгэж баримтуудыг хянаж байдаг, 290 000 000 төгрөгийг зээлж аваагүй, ийм гүйлгээ хийгдээгүй болохоор 290 000 000 төгрөгийн кассын орлогын ордер гэж байх боломжгүй, байхгүй гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М нь Г.У болон Т.А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 192 004 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.М нь 2005 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Т.А ХХК-д 15 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.А ХХК-д 147 166 800 төгрөгийг, сарын 2,3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Т.А ХХК-д 150 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ч.М хариуцагч Т.А ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00001 дугаартай зээлийн гэрээ хийгдэж, Т.А ХХК-д 290 000 000 төгрөгийг хүүгүй, хугацаагүйгээр зээлдүүлсэн гэж бичигдсэн байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу тухайн өдөр Ч.М нь 290 000 000 төгрөгийг Т.А ХХК-д бодитоор зээлдүүлж, шилжүүлээгүй болох нь талуудын болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Ч.М болон Т.А ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний дүн болох 290 000 000 төгрөг нь тэдний өмнөх буюу 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд нэмж дансаар 335 871 799 төгрөг, бэлнээр 59 706 000 төгрөг зээлдүүлсэн дүнд хийсэн гэрээ бөгөөд нэгдсэн дүнгээрээ 359 777 799 төгрөг болсноос Г.У төлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үлдэгдэл 290 000 000 төгрөгт гэрээ хийсэн, үүнээс хойш 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 97 995 842 төгрөгийн төлөлт хийсэн тул үлдэгдэл 192 004 160 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд Ч.М нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Т.А ХХК-д 8 удаагийн үйлдлээр бэлнээр 59 706 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь баримтаар нотлогдоогүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ч.М нь 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 150 000 000 төгрөгийг Т.А ХХК-д зээлдүүлсэн байх бөгөөд үүнд 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 15 626 660 төгрөг орсон байгааг талууд харилцан зөвшөөрч баталгаажуулсан байна.

Иймээс Ч.М болон Т.А ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт дахин хүү тооцох боломжгүй тул энэхүү 15 626 660 төгрөгт ногдох зээлийн хүү болох 3 750 398 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцох нь үндэстэй байна. /хх-11/

 

Харин нэхэмжлэгч Ч.М болон Г.У нарын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй байх бөгөөд тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул Г.Ут холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Т.А ХХК-иас 128 547 762 /нэг зуун хорин найман сая таван зуун дөчин долоон мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Ч.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 63 456 398 /жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга гурван зуун ерэн найман/ төгрөгийг, мөн Г.Ут холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 117 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А ХХК-иас 800 689 /найман зуун мянга зургаан зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан Ч.Мд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН