Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/481

 

 

 

 

   2023          06          13                                     2023/ШЦТ/481

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч: ***, *** нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209031920177 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” 8 дугаар гудамжны 322 тоотын гадна хохирогч ***ий “iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя хэмээн улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2.100.000 төгрөгийн,

- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингэс Соосэ” их сургуулийн автобусны буудлын орчимд цахим сүлжээнд “гар утас зарна” гэх зарыг байрлуулсан насанд хүрээгүй ***тай холбогдож улмаар түүний “iphone 11” загварын гар утсыг худалдаж авна, дансаа өгөөч хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “iphone 11” загварын гар утсыг залилаж, 1.015.000 төгрөгийн,

- 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч ***н “Iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя хэмээн улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан, 2.200.000 төгрөгийн,

- 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “KFC” сүлжээ түргэн хоолны газрын орчимд хохирогч *** эзэмшлийн “iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя гэж хуурч, улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлдж оруулан залилаж, 2.500.000 төгрөгийн, нийт 7.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Би энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь 2021 онд өөрийнхөө “notebook”-г зарна гэж зар тавиад, 2 залуу гүйлгээ амжилттай боллоо гэж үзүүлээд миний “notebook”-г  аваад явсан юм. Намайг таксинд явж байхад үйлчлүүлэх гэж суусан хүмүүс намайг залилж байсан. Тэгээд би ямар учиртай юм бол гэж явж байгаад, ***тай ярилцаж байгаад ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ***:  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ***н мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн “I phone 12 pro max” загварын гар утсыг зарахаар фэйсбүүк дээр пост оруулсан юм. Тэгтэл өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед над руу эрэгтэй хүний зурагтай фэйсбүүктэй хүн утсыг чинь үзье гэхээр нь тухайн хүнтэй 32-ын автобусны буудал дээр уулзахаар тохиролцсон юм. Тэгээд 32-ын автобусны буудал дээр ирээд чат бичтэл “Номин” худалдааны төвийн гадаа ирчихлээ, хүрээд ирэх үү гэхээр нь яваад очтол 15-30 УАТ улсын дугаартай цагаан өнгийн “Toyato Aqua” загварын машинтай ирсэн байна гэхээр нь би тус машиныг “Номин” худалдааны төвийн ард талын зогсоол дээр байхад нь очоод суутал тухайн машины ард талын суудал дээр 20-25 орчим насны эмэгтэй хүн урд талд нь таксины жолооч байсан. Тус  эмэгтэй хүн миний гар утсыг үзэж байгаад дагалдах зүйл байгаа юу гэхээр нь цэнэглэгч, кейс байгаа гэсэн. Тэгээд бид хоёр такситайгаа яваад манай гэрийн гадаа очоод байж байтал нөгөө эмэгтэй хүн одоо би утсыг чинь авъя гээд миний дансыг аваад “гүйлгээний утга амжилтттай боллоо” гэсэн зураг хальт харуулаад утсаа халаасандаа хийгээд KFС рүү ороод өөрийнхөө дүүд баримт өгчхөөд гараад ирье гэж  хэлээд миний “I phone 12 pro max” загварын гар устыг аваад явсан. Тэр хүн машинаас дүүдээ баримт өгчхөөд иргэж ирээд чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж хэлэхээр нь би таксины жолоочтой тухайн эмэгтэйг хүлээгээд машинд сууж байтал ирэхгүй болохоор нь арадаас нь очоод үзтэл KFC хаалттай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн гар утсыг 2021 оны 5 дугаар сард Өмнговь аймгийн гар утас худалдааны төвөөс 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тус гар утсыг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би зарах гэж байсан учраас Apple id, нүүр код зэргийг бүгдийг нь гаргачихсан байсан. Хүн шууд сим хийгээд ашиглах боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-26/,

Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр фэйсбүүк дээр өөрийн хэрэглэж байсан “Ай фоне 11” загварын гар утсаа 1.150.000 төгрөгөнд зарна гэх зар байршуулсан. Тэгсэн миний “***” гэх нэртэй фэйсбүүк рүү “***” нэртэй фэйсбүүк хаягнаас гар утсыг чинь худалдаж авъя” гэх захидал ирсэн. Би тухайн хүнтэй харилцаж байгаад 18 цагийн орчимд уулзъя гэж тохиролцсон. Миний харилцсан хүн эмэгтэй хүн байсан бөгөөд миний байрладаг дотуур байрны гадна ирэхэд би найзынхаа хамтаар гарч уулзсан. Тэр хүн такситай явж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг Чингис Соосэ нэртэй их сургуулийн автобусны буудал дээр ирж зогсоод дансаа өгчих, мөнгийг чинь хийнэ гэж хэлсэн. Тэр хүн хэлэхдээ эгч нь энэ дэлгүүр орох ажилтай байна гэж хэлээд машинаас буугаад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч амжихгүй хөдөө явах яаралтай ажилтай болоод одоо цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 144-145/,

Хохирогч ***ий мөрдөн байцааалтад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд iphone 12 pro max загварын гар утас зарна гэж зар байршуулсан юм. Миний байршуулсан зарын дагуу ***гэх нэртэй фэйсбүүк хаягаас холбогдож, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 8 дугаар гудамжны цагаан худаг гэх газар хүргээд өгчих гэж хэлсэн. Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд хэлсэн газар нь ирээд тухайн фэйсбүүк хаягтай холбогдоход удалгүй 20-25 орчим насны, цэнхэр өнгийн гэрийн хослол өмссөн, углааш өмссөн, цагаан масктай, 155-160 см орчим өндөртэй эмэгтэй гарч ирсэн. Тэгээд уулзаад миний гар утсыг үзэж байгаад 2.300.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Нөгөө эмэгтэй өөрийн хүүхдээ хажуу айлдаа үлдээчихсэн яараад байна, дансаа гэж хэлэхэд нь би өөрийн хаан банкны 5068127230 гэсэн дансаа хэлэхэд нөгөө эмэгтэй надад гүйлгээ амжилттай гэсэн утга харуулаад цааш гүйгээд явсан. Би тэр даруйд нь өөрийн дансыг шалгаж үзэхэд дансанд мөнгө ороогүй байсан. Араас нь гүйтэл нөгөө эмэгтэй алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 229/,

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 10 минутад iphone зарын групп дээр “***” гэсэн фэйсбүүк хаягаас iphone 12 pro max загварын гар утсыг худалдаж авна гэсэн зарыг байршуулсан байсан. Би тэр зарын дагуу *** гэсэн фэйсбүүк хаяг руу хувь чат бичээд тэр эмэгтэй хүнтэй 21 цаг 30 миунтын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын хойд зогсоол дээр гар утас өгөх гэж очсон. Тэр хүн 10-15 минутын дараа KFC түргэн хоолны газраас гарч ирсэн. Машины хойд хэсгийн суудал дээр суугаад гар утсыг миний үзээд задаргаанд орж байсан уу гэх мэтийн зүйл асууж байгаад авахаар болсон. Тэгээд яараад байна. Хоол захиалчихсан байгаа гээд миний хаан банкны 5750712326 гэсэн дансыг аваад Маргад-Эрдэнэ гэж мөн үү гэж асуугаад шилжүүлчихлээ гэж хэлсэн. Би араас нь гараад KFC хоолны газар руу ороод хайтал байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 42-43/, 

Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2012 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд “***” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд 20-25 орчим насны эрэгтэй миний ажиллуулдаг ломбарданд орж ирээд “Ай фоне12 про макс” “имей: 356729114449311, 356729114435310/ загварын гар утас барьцаанд тавих гэж орж ирсэн юм. Би хариуд нь хамгийн дээд үнэлгээ нь 2.000.000 төгрөг болно гэж хэлэхэд болно гэж хэлээд манай ломбарданд *** /ШУ-01253058/ гэх эрэгтэй 85266579 гэсэн дугаар бүртгүүлж 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Тэгээд 2.000.000 төгрөгийг төрийн банкны 104001850243 тоот данс руу шилжүүлэн авсан. Би өөрийн хаан банкны 5020537206 тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хугацаа нь дуусаад хүлээлгийн 5 хоног дөхөөд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 85266579 дугаар руу би залгаж холбогдоход маргааш буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр сунгалт хийнэ гэж хэлсэн. Тэр цагаас хойш холбоо бариагүй, мөн ирж сунгалт хийгээгүй, барьцаанд тавьсан хугацаа нь дууссан. ...Надад 2.000.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 232/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр хүүхдээ аваад Нисэхийн шинэ эмнэлэгт хэвтэж байсан. Миний хувьд бол Ихэрбаяр, *** нартай цуг явж хүний гар утас залилаж авсан юм бол байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр надаар баруун 4 замын тэнд Ихэрбаяр, *** 2 хүргүүлж үлдсэн. Би цаашаагаа хадам ээж, хүүхдээ авах гээд хороолол руу явсан. Тэгээд тэр өдрийн орой Ихэрбаяр ганцаараа ирсэн. Ер нь гар утас авч байхад нь мэдээгүй байсан. Хан-Уул дээр баригддаг өдөр нь л мэдсэн. Ихэрбаяр, *** нар нь өөр хүнтэй нийлж гэмт хэрэг үйлдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 32/,   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 12, 183, 2-н 29/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 184, 2-н 30/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 56-57, 60-61, 151-154, 2-н 3-4/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 68-88/, шүүгдэгчийн ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 89-95/, хохирогч У.Мөнх-Амьдралын хүсэлт /хх 1-н 167/,   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон” 8 дугаар гудамжны 322 тоотын гадна хохирогч ***ий “iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя хэмээн улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2.100.000 төгрөгийн,

- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингэс Соосэ” их сургуулийн автобусны буудлын орчимд цахим сүлжээнд “гар утас зарна” гэх зарыг байрлуулсан насанд хүрээгүй ***тай холбогдож улмаар түүний “iphone 11” загварын гар утсыг худалдаж авна, дансаа өгөөч хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “iphone 11” загварын гар утсыг залилаж, 1.015.000 төгрөгийн,

- 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч ***н “Iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя хэмээн улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан, 2.200.000 төгрөгийн,

- 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “KFC” сүлжээ түргэн хоолны газрын орчимд хохирогч *** эзэмшлийн “iphone 12 pro max” загварын гар утсыг худалдаж авъя гэж хуурч, улмаар “гүйлгээ амжилттай” гэсэн баримт үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлдж оруулан залилаж, 2.500.000 төгрөгийн, нийт 7.815.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, У.Маргад-Эрдэнэ, насанд хүрээгүй хохирогч *** нарын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн нэр бүхий 4 хохирогчоос гар утсыг нь худалдаж авна гэж хуурамч “гүйлгээ амжилттай” гэсэн зураг үзүүлж хохирогч нарын гар утсыг залилан авч хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нар шүүх хуралдаанд хохирогч нарыг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч ***, насанд хүрээгүй хохирогч *** нар нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч *** хохирлын 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтыг шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн болохыг дурдав.

Харин шүүгдэгч нар нь хохирогч ***гийн хохирол болон иргэний нэхэмжлэгч *** нарын хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч ***, *** нараас нийт 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч ***д 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***өд 2.00.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын тав хоногоор завсарлуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зарим хохирогч нарын хохирлыг барагдуулсан, хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Маргад-Эрдэнэ, ***, *** нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нараас нийт 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч ***д 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***өд 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР