Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/514

 

 

 

 

    2023          06          21                                     2023/ШЦТ/514

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: М.Эрдэнэзаяа,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000382 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боржигон” зочид буудлын 4, 5 дугаар давхарын шатны орчимд хохирогч ***ийн биед шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Тухайн үед *** гэдэг хүнтэй муудалцаад ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирол барагдуулна, цаашдаа гарах бодит зардлыг өгнө. Гэм буруугаа ойлгож харамсаж байна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр алжаа хийж яваад дүүтэй маргалдаад шаардлага тавьсан. Тэгээд цохиулсан тэрнээс хойш 3 удаа уулзсан. Хагалгааны мөнгө төгрөгийг төлөөд явж байгаа. Одоо би 1 жилийн дараа дахин хамрын хагалгаанд орно. 3 удаа хагалгаанд орно. Би хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Үүнээс болоод ажлаа хийж чадахгүй болсон. Хагалгааны заалттай тул ажил хийж болохгүй гэж эмч хэлсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацааны цалин, шүдний гэмтлийн мөнгө зэргийг нэхэмжилж байгаа. Дүү нялх хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, хохирол мөнгийг төлөхийн тулд ажил хийх боломжоор хангаж өгнө үү. Хохирол барагдуулахаа бичгээр гаргаж нотариатаар баталгаажуулж өгнө гэсэн. Ажил хийгээд хохирлоор барагдуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би тухайн *** гэх хүнийг өрөөнийхөө төлбөр тооцоог хийчих гэж хэлтэл намайг ална гэж байсан хүн гэнэт за ахаа уучлаарай, тооцоогоо хийчье гэж хэлээд бид хоёр 5 давхраас 4 давхар руу бууж байтал миний хойд талд явж байгаад шууд миний баруун шанаа хэсэг рүү гартаа барьчихсан байсан гар утасны хойд талаар хэд хэдэн удаа цохисон бөгөөд би тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд ухаан ортол нөгөө *** гэх залуу байхгүй байсан юм. Тухайн *** гэх хүн миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон бөгөөд тухайн үед би ухаан алдсан байсан. Тэгээд би ухаан ортол миний толгой хагарсан, зүүн нүдний зовхи хэсэг нь язарсан, уруулын доод тал язарсан байсан юм. Би эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна, мөн намайг хамрын хагалгаанд ор гэсэн бөгөөд төлбөр мөнгө байхгүй тул хагалгаанд орж чадаагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 119/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** хүнтэй зодоон хийсэн юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Шинжээчийн 3166 тоот дүгнэлтэд: “...***ийн биед хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэжээ /хх-н 11-12/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-69, 94, 127-131/, хохирогчийн гэмтэл авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 75/, хохирлын баримтууд /хх-н 76-85, 123-125/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримтууд /хх-н 93, 142/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боржигон” зочид буудлын 4, 5 дугаар давхарын шатны орчимд хохирогч ***ийн биед зүй ёсны шаардлага тавьж, тооцоогоо хийхийг шаардсаны улмаас халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь хохирогч ***т зүй ёсны шаардлага тавьж, тооцоогоо хийхийг шаардсаны улмаас зодож, цохин шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.***гийн хохирогч ***ийг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хавтаст хэрэгт өгсөн баримттай хохирол болон хамрын хагалгаанд ороход шаардлагатай нийт 5.554.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс “ажил хийгээгүй, хөдөлмөрийн гэрээний хүчинтэй хугацаанд ажил хийх боломжгүй тул энэ хугацааны цалин, цаашид шүд хийлгэх, дахин хагалгаанд орох зэрэг хохиролд 24.000.000 төгрөг нэхэмжилсэн ба тухайн нэхэмжлэлийг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ. 

Хохирогч шүүх хуралдаанд Хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт зэргийг шинээр гаргаж өгсөн боловч нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул цалинтай холбоотой нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Мөн хохирогч нь хэдэн төгрөгөөр шүд хийлгэх, хагалгаанд орох эсэх нь тодорхойгүй хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр тухайн шүд хийлгэх, хагалгаанд орох зардлыг тооцоолох болможгүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд хохирогч нь дээрх нэхэмжилсэн хохирол, мөн хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, хохирогч шүүгдэгчийг ажил хийх боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 180 хонгийн хугацаанд буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***г 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 180 хонгийн хугацаанд буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР