Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0029

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК, “М” ХХК,

Хариуцагч: Хариуцагч:  Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: “Э”ХХК,

Маргааны төрөл: Нэхэмжлэгч нараас хариуцагчийг өөрсдийнх нь эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөө, баталсан, мөн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн Архитектор төлөвлөлтийн даалгаврын батлахдаа орц гарцыг давхцуулж төлөвлөсөн гэж маргаж буй газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Г.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, түүний өмгөөлөгч Э.Ж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Т.О, өмгөөлөгч Г.Б, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У /цахимаар/, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М /цахимаар/, Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц” ХХК-аас: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “Ц” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “Ц” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

 “М” ХХК-аас: “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2, 23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар бүхий, 858 м.кв газрыг “Ц” ХХК-д боловсролын байгуулагын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, нэгж талбарын 17808000664 дугаар бүхий 873 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгожээ.

Мөн нэхэмжлэгч “Ц” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, “М” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу тус газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн х/худ2020-017, х/худ2020-018 дугаар түр хашааны ажлын даалгарвыг схем зургын хамт нэхэмжлэгч нарт олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамж, түүний хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх арга хэмжээ авах байршлын жагсаалтыг батласан бөгөөд Хан-Уул дүүрэгт холбогдох хэсгийн хүснэгтийн 16, 17 дугаарт нэхэмжлэгч нарт хамаарах буюу явган хүний зам хаасан, орц гарц хаасан үндэслэлийг дурдсан байна.

Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903, 01-06/1904 тоот албан бичгүүдийг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудсуудыг тус тус нэхэмжлэгч нарт хүргүүлж, хашааг нураасан байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/130 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон тогтоогдсон нийтийн зориулалттай Арьс ширний 25, 26 дугаар байрнуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Э”ХХК-ийг шалгарсныг батламжилж, гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрхийг олгожээ.

Улмаар “Э”ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор “Батламж” гардан авсан, үүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ДТ15/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон байна.

4. Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Ц ХХК-д холбогдох хууль, дүрэм, журмын дагуу 858 м.кв газар эзэмших эрх олгосны дагуу өөрийн эзэмшлийн газраа хашаалсан байхад “2015 оны 05 дугаар сард батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах шаардлагатай байгаа тул” гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, компанийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан хашааг буулгаж, газар чөлөөлсөн үйлдэл хууль бус юм.

2/  ”Э” ХХК нь 2015 оноос хойш төсөл хэрэгжүүлж байх үедээ манай компанийн эзэмшил газрын хойд хэсгийн талбайг ашиглах тухай хүсэлт тавьж, тус газар дээрх манай хашааг буулган, ашиглаж дууссаныхаа дараа буцаан хашаа барьж өгөхөөр тохиролцож байсан. Улмаар “Э”ХХК-ийн барьсан орон сууц ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авсан боловч манай компанийн хашааг буцаан барьж өгөлгүй оршин суугчид нь автомашин тавих зэргээр манай эзэмшил газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласаар ирсэн ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “ Газар эзэмшигч дараах эрхтэй”, гээд 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасан боловч хариуцагч байгууллагуудын хууль бус үйлдлээс шалтгаалан манай компани хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй болоод байна”  гэжээ.

5. Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хашааг ийнхүү албадан чөлөөлөх болсон үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамж тайлбарлаж байгаа бөгөөд, уг захирамжийн нэгдүгээр хавсралтаар манай компанийн ашиглах эрхтэй Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 873 м2 талбай бүхий газарт байрлах хашааг үндэслэлгүйгээр нурааж, чөлөөлсөн байна. Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 20.2.2 дахь заалт буюу “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж, мөн хуулийн 27.4-д “Эх хэсэгт заасан буюу “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, мөн хуулийн 57.3 дахь хэсэгт заасан буюу “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, мөн хуулийн 57.4 дэх хэсэгт заасан буюу Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасныг тус тус үндэслэлээ болгосон байх боловч манай компанийн хувьд нэгж талбарын 1780800664 дугаартай, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 873 м.кв талбай бүхий газраа ашиглахтай холбоотой дээрх хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад огт хамааралгүй үндэслэл дурдаж, манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна.

2/ Нэхэмжлэгч “М” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ашиглаж буй 873 м.кв газраа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн Газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х/ХУД2020-018 дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-ын дагуу түр хашаалсан байхад уг хашааг буулгаж, газар чөлөөлж буй нь Газрын тухай хуульд нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа юм. Мөн манай байгууллага ямар нэг орц гарц хаагаагүй байхад захирамжид “орц гарц хаасан” гэх үндэслэл зааж манай байгууллагын эрхэнд халдсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2, 23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар, 858 м.кв талбай бүхий газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Өмнө нь тус 858 м.кв талбай бүхий газрыг 2013 оноос “О”ХХК нь эзэмшиж байсан ба анх уг газрыг эзэмших эрх олгохдоо кадастрын зураглал хийж, 858 м.кв талбайд хашаа барих координатыг тогтоож өгсөн. Манай компанийн зүгээс өөрсдийн эзэмшил газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийх зорилгоор Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Түр хашааны ажлын даалгавар гаргуулж, түр хашаа барьсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэгээс манай компанид холбогдуулан ...газрын зөрчил арилгах, стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа тул энэ тухай танд албан ёсоор анхааруулж 1 хоногийн дотор газар чөлөөлөхийг мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдэгдэх хуудас ирүүлж, манай компанийн дээрх эзэмшил газар дээрээ барьсан хашааг үндэслэлгүйгээр нураасан. Үүнтэй холбоотойгоор мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 25, 26 дугаар байрыг буулгаж шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Э” ХХК шалгарч, 2015 оны 05 дугаар сард тухайн орчны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байна. Иймд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах шаардлагатай байгаа тул танай компани тухайн байршилд барьсан хашаагаа буулгаж орц, гарцыг чөлөөлөхийг мэдэгдье гэх мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд манай компанийн зүгээс уг мэдэгдлийг эс зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11/2020 дугаар албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан. Тус газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09/1754 дүгээр албан бичгээр ...858 м.кв газрыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х/ХУД2020-017 дугаартай барилгын талбайн түр хашааны ажлын даалгаврыг танай компанид олгосон. Уг даалгаврын 9-д заасан ерөнхий шаардлагын дагуу норм, дүрэм, стандартыг баримтлан барьж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхийг анхаарна уу гэх хариу ирүүлсэн бөгөөд үүний дагуу бид өөрийн эзэмшлийн 858 м.кв газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан боловч дээр дурдсанчлан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас хүргүүлж, хашааг нураасан. Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Ц ХХК-д холбогдох хууль, дүрэм, журмын дагуу 858 м.кв газар эзэмших эрх олгосны дагуу бид өөрийн эзэмшлийн газраа хашаалсан байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2015 оны 05 дугаар сард батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах шаардлагатай байгаа тул гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, компанийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан хашааг буулгаж, газар чөлөөлсөн үйлдэл нь хууль бус юм. Дээр дурдсанчлан “Э”ХХК төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой 2015 оны 05 дугаар сард ерөнхий төлөвлөгөө батлуулахаас өмнө буюу 2013 оноос хойш “О”ХХК болон манай компанийн эзэмшилд байсан 858 м.кв газрын хойд хэсэгт барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн хүрээнд манай компанийн хашааг албадан буулгасан гэж тайлбарладаг бөгөөд тус захирамжийн 1 дэх заалтад Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг нэгдүгээр... хавсралт ёсоор баталсугай гээд, нэгдүгээр хавсралтын Хан-Уул дүүрэг, 16, 17-д Чингисийн өргөн чөлөө, Морьтон цогцолборын урд байрлах хашааг нурааж, газар чөлөөлөх гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тус захирамжийн үндэслэлд ...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 20.2.2-д газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг тус тус дурджээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Ц ХХК-д холбогдох хууль, дүрэм, журмын дагуу 858 м.кв газар эзэмших эрх олгосны дагуу бид өөрийн эзэмшлийн газраа хашаалсан байхад дээр дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжид манай компанид огт хамааралгүй үндэслэл дурдан газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, компанийн үйл ажиллагаанд саад учруулж, өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан хашааг буулгаж, газар чөлөөлсөн үйлдэл нь хууль бус юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараах эрхтэй гээд 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; гэж заасан боловч хариуцагч байгууллагуудын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн Ц ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2, 23 тоот хаягт /Морьтон цогцолборын урд байрлах/ 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус бүрийг нь дэмжиж байгаа. Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн ерөнхий төлөвлөгөө байхгүй гэсэн. Газар дээр орц гарц төлөвлөсөн зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэж хийсэн. Газрыг чөлөөлсөн буюу хашаа чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа учир Нийслэлийн Засаг даргын захирамжаас эхлээд хууль зүйн үндэслэлээ хэлье. Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдал хангах, дугуйн замыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээ авах тухай гэх захирамж гарсан байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдар эрхийг хангах, газар ашиглалтын сайжруулах, явган хүний зам хүрэлцээ хангамжийг сайжруулах, автозамын түгжрээг бууруулах зорилгоор хийгдэж буй арга хэмжээ. Бид нар газар чөлөөлөөгүй. Зөвхөн хашаа буулгасан гэдэг зүйл ярьж байна. Гэтэл хашаа чөлөөлж байна гэдэг нь бодит байдал дээрээ газрыг чөлөөлөөд байгаа л хууль зүйн ойлголт. Зарим зүйл дээр жишээ авахад газар чөлөөлнө гэдэг нь хууль бусаар эзэмшиж байгаа үйлдэл дээр л газар чөлөөлдөг. Хашаа чөлөөлнө гэдэг нь ялгаагүй хашаагаа татсанаараа тухайн газрыг эзэмшиж ашиглах нөхцөл байдлыг бий болгодог. Газар чөлөөлөх асуудлыг шүү гээд нэгдүгээр хавсралтаар захирамжлаад байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хашаа л буулгасан гээд байх юм. Иргэдийн аюулгүй байдал, орчин амьдар эрхийг сайжруулах гэж байгаа бол нийтийн эдэлбэр газар байх ёстой. Нийтийн эдэлбэр газрыг тогтоох болбол нийтийн эзэмшил газарт аваад нөхөн төлбөр авах, өөр газар шилжүүлэх тусдаа журам бий. Бид нар 2008 оноос хойш хашаа нь зоолттой байсан. Гэтэл бид нар хашаатай барьснаараа 77а байрны оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа процесс ажиллагаа бол биш. Эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг нь нар салхи үзэгдэх орчин нь харагдахгүй, явган хүний орц гарцгүй байдлыг ойлгоно. Гэтэл 2 машин зөрөх авто замтай. Дээрээс нь хашаа байснаараа эрхийг нь зөрчөөд байх нөхцөл байдал байхгүй байхад тухайн сүүлд баригдсан байраа норм журмын дагуу буюу барилгын талбайн 70 хувьд нь барилгажуулах норм стандартаа бариагүй байж оршин суугчдын эрхийг манайх хөндөөд байна гэдэг асуудал байж болохгүй. Хууль зүйн хэрэглээний хувьд дараалал гэдэг зүйл байгаа. Хэний эрхийг эхлээд хангах ёстой гэдгийг авч үзсэн ч гэсэн боломжгүй нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ нийтийн эзэмшлийн зам талбайд тусгагдаагүй газар. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Зөрчил арилгахтай холбогдсон журам байдаг. Журамт газрын зөрчил гэж юу вэ гэдэг талаар Газрын тухай хуульд заасан газрын эрх ашиглах эрх нь дуусгавар болсон, хүчингүй болгосон нөхцөл байдлуудыг ойлгож байгаа. Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр хашаа барих нь тусдаа, газар ашиглах нь тусдаа гэж 2 тусдаа ойлголтоор авч үзэн хашаа нурааж байгаа нь хуульд нийцэхгүй. Газар чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Давж заалдах шатны шүүх нь захиргааны акт мөн байна гэж дүгнэсэн. Тэгэхээр захиргааны актад хамаарч байгаагийн хувьд газар чөлөөлөх үйлдэл нь хууль ёсны байх ёстой. Газрын тухай хуульд заасан холбогдох журмуудыг зөрчсөн захиргааны акт байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалт тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гээд эдгээр шаардлагуудыг бүгдийг нь зөрчсөн байна. Бодит нөхцөл байдал дээр газраа ашиглах эрхийг нь хааж байгаа нь зарчмыг зөрчиж байна. Эрх зүйн үр дагавар үүснэ гэж заасан. Бид газраа ашиглаад хууль ёсны дагуу төлбөр мөнгөө төлөөд явдаг. Гэтэл хашаа нурааж байгаа нь хууль бус тул газрыг нь чөлөөлөх захирамж гарч байгаа. Хууль бус тул хашааг нь чөлөөлж байгаа нөхцөл байдал нь бодит байдалд нийцэхгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 513 дугаар захирамжийг хууль бус учир хүчингүй болгож өгнө үү. Мөн газар чөлөөлсөн үйлдэл нь хуульд нийцэхгүй байгаа учир хүчингүй болгох нөхцөл үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө бол хэргийн үйл баримт нь адилхан. Манайх энэ газрыг 2016 оноос хойш ашиглаж ирсэн. Хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын захирамж гараад түүний дагуу өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. 2020 онд түр хашаа барих ажлын даалгавар аваад түр хашаагаа барьтал 2020 оны 05 дугаар сард Хан-Уул Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл өгөөд хашааг нураасан. Мэдэгдэл өгөөд хашааг нураахад н.Батчимэг гэж хүнтэй уулзаж асууж тодруулсан. Тэр үед танай газрыг дайруулаад зам барих төлөвлөгөө байгаа гэж амаар бидэнд хэлсэн. Тэгж хэлээд манай газрыг дайрсан төлөвлөгөө байна гэж ойлголт өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаартай захирамжийн манайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн энэхүү захирамжийг шүүхийн журмаар нотлох баримтуудтай танилцсан учир ийм шаардлага гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу төлөвлөгөө батлагдсан эсэх талаар шүүхийн үзлэг хийхэд хариуцагчийн газрын системд төлөвлөгөө байгаагүй учир Хан-Уул Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нь төлөвлөгөө батлагдсан гэж хэлээд төлөвлөгөөгүй газар хашаа нураасан нөхцөл байдал нь үүссэн байх учир газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны акт хууль бус байна гэж үзсэн” гэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2015 онд архитектур төлөвлөгөөний даалгавар батлагдсан. Уг төлөвлөгөөний дагуу гуравдагч этгээдийн төлөвлөгөөг батлахдаа манайхтай давхцуулан олгосон гэх талаар удаа дараа манайд захиргааны байгууллагууд нь мэдэгдэл өгч байсан. Давхцалтай талаар тогтоолгохын тулд шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давхцалгүй гэдэг нь нотлогдсон. Системээс нь давхцал байхгүй гэдэг нь гарч ирсэн. Өмнө нь манайх Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээр манайд олгосон 873м.кв газар нь программ дээр бусад аж ахуй нэгж болон иргэний газартай давхацсан эсэх талаар гаргуулж өгнө үү гэсэн байдаг. Уг хүсэлтийн дагуу газрын албанаас манайд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр ямар нэгэн байдлаар давхцал байхгүй гэх нотлох баримтаа гаргаж өгсөн. Хот байгуулалтын төлөвлөлт нь манайхтай ямар нэгэн байдлаар давхцалгүй гэдэг нь тогтоогдож байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн газрын зөрчил арилгах тухай 513 дугаар захирамж гарсан. Энэхүү захирамжийн тухайд манайх өмнө нь мэдээгүй байж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Ямар нэгэн байдлаар захиргааны акт гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд тайлбар мэдүүлэг өгөх боломжоор хангах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан сонсгох ажиллагаа огт хийгдээгүй. Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дүрэм журмыг үндэслэсэн байх ёстой. Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл болон мөн 57 дугаар зүйлийг баримталсан. 27, 57 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдохгүй байна. Манайх газар эзэмших эрхийн зөрчилгүй хэвийн байгаа гэдэг нь 2021 оны 06 дугаар сард 433 гэдэг захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжаар нотлогдож байна. Үүний дагуу гэрээг нь байгуулсан. Нийслэлийн Засаг даргын 513 дугаар захирамж нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Засаг даргын захирамжийг үндэслээд бид нураасан гэж яригдаж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус захирамж байгаад байдаг. Танайх газрын зөрчилтэй тул нурааж байна гэдэг. Гэтэл манайх газрын ямар нэгэн зөрчилгүй болох нь тогтоогдож байгаа. Тэр газрын албаны мэдэгдэлд дурдсан захиргааны шийдвэр нь хууль бус гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа” гэв.

7. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/130 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3-р хорооны арьс ширний 25, -26 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр батламж гардан авсан болно. Батламж гардан авсны дараа 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДТ 15/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон бөгөөд бид “И” ХХК иар эх загвар зургийг хийлгэсэн болно. Арьс ширний 25 байрны оршин суугчидтай 2 болон 3 талт гэрээ байгуулан барилгыг буулгаж, 3 давхар үйлчилгээтэй, 48 айлын орон сууцны барилга угсралтыг амжилттай гүйцэтгэн, барилга байгууламж байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, 2016/350 дугаартай комиссын дүгнэлт баталгаажсан байна. 2015 оны 5 дугаар сард батлагдсан ерөнхий төлөвлөгөө нь мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудын хяналтын дор гүйцэтгэгдсэн байх тул хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна “гэжээ.

8. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал  татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Гуравдагч этгээд нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/130 захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны арьс ширний 25, 26 дугаар байруудад дахин барилгажуулах төсөлд шалгарч,  2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор “Батламж”  гардаж авсан.

2/ 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДТ15/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон ба 49.3Х18.8 м.кв хэмжээтэй газарт 12 давхар барилга барихаар зөвшөөрөл авсан байна.

3/ Батламж гардан авч ажил эхэлснээс хойш арьс ширний 25 дугаар байрны иргэдтэй 2 болон 3 талт гэрээ байгуулж, 3 давхар үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2016 онд 2016/350 дугаартай барилга байгууламж байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажилласан. Тус үйл ажиллагаа нь Барилгын тухай болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нийцэж хийгдсэн үйл ажиллагаа болно. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар ерөнхий төлөвлөгөөтэй маргаж байна гэж ойлгосон. Тухайн ерөнхий төлөвлөгөө нь хот байгуулалтын системд бүртгэлтэй байсан. Энэ системд шүүхийн хийсэн үзлэгээр ямар нэгэн байдлаар давхцал байхгүй гэдэг нь тогтоогдсон. Ямар нэгэн байдлаар манай ерөнхий төлөвлөгөө нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын манайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

9. Хариуцагч Нийслэл Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Ц ХХК нь эзэмшил газраа хашаалсантай холбогдуулж, “М”сөх болон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас гомдол гаргасан тул газар дээр очиж судлан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газруудаас тус тус холбогдох саналыг авч ажилласан.

2/ Хот байгуулалт, хөгжлийн газар нь 2015 оны 05 дугаар сард тухайн орчны ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хянаж, баталсан байх тул тус төлөвлөгөөний дагуу Газрын тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийг хэрэгжүүлж Ц ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн болно.

3/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан.

4/ “М” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн А/158 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн 873 м.кв газраа хашаалсантай холбогдуулж тухайн хавийн оршин суугчдаас гомдол ирүүлсэн бөгөөд газар дээр очиж судлахад явган хүний зам, бусдын орц гарц хаасан тогтоогдсон болно.

5/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зөрчил арилгасан. Тухайн өдөр нь “М” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж маргаан бүхий захирамжийг мэдэгдсэн. 

 “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Газрын тухай хуулийг дурдаж хэлсэн. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн мэдлийн газар дээр газрын зөрчилд хяналт тавьж, Газрын тухай хууль тогтоомжийг хангуулах бүрэн эрх байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд 513 дугаар захирамжийг гаргасан. Харин нэхэмжлэгч нарын хувьд газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүрэг хүлээдэг. 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх хүлээсэн үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Тухайн нэхэмжлэгч нар барьсан хашаатай холбоотойгоор орчны иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн ба газар дээр нь үзлэг судалгаа хийсний үндсэн дээр тухайн батлагдсан төлөвлөгөөний дагуу газрыг хааж хашааг барьсан тул албадан буулгах арга хэмжээ авсан. Энэ талаар тогтоогдсон ба мэдэгдлүүдийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн ба Хан-Уул дүүргийн газрын зохион байгуулалтаас албадан чөлөөлөх үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ “Ц” ХХК нь эзэмшил газраа хашаалсантай холбогдуулж, “М”сөх, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга, тухай орчны оршин суугчдаас гомдол ирүүлсний дагуу тус албанаас 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хугацаатай шаардах хуудас өгч, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уг аж ахуйн нэгж баруун талын хашаагаа татсан.

2/ Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын 2020  оны 04/62 дугаартай албан бичгийн хүрээнд авто зам хааж барьсан хашааг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албадан буулгасан болно.

3/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трасс чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан.

4/Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгогдсон “М” ХХК нь 873 м.кв газартаа хашаа барьсантай холбогдуулж тухай орчмын оршин суугчдаас орц гарц хаасан, галын болон түргэний автомашин нэвтрэх боломжгүй талаар гомдол ирүүлсэн бөгөөд газар дээр нь очиж судлахад явган хүний зам, бусдын орц гарц хаасан байсан.

5/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хашааг буулган зөрчил арилгаж оршин суугчдын гомдол болон тухайн орчимд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн. Тухайн өдөр нь “М” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж захирамжийн талаар мэдэгдсэн.

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албадан буулгахдаа Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нэхэмжлэгч нарын газрын хашаа нь иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн гэдэг агуулга бүхий захирамжийн хүрээнд албадан буулгасан байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ц ХХК-иас: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Э”ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “Ц” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах,

“М” ХХК-иас: “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нараас хариуцагчийг гуравдагч этгээд “Э” ХХК-ийн барьсан барилгатай холбоотойгоор өөрсдийнх нь эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн гэж маргаж байгаа хэдий ч тус шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт хийсэн баримт бичгийн үзлэг болон хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “тухайн дүүргийн архитектур, ахлах мэргэжилтнээс бид асууж тодруулсан, авто зам төлөвлөгдөөгүй” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нарын газрын орц, гарцыг давхцуулсан авто зам төлөвлөсөн 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний батлагдаагүй болох нь тогтоогдож байна.

1.2. Хэдийгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903, 01-06/1904, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1264 тоот албан бичгүүдэд 2015 оны 05 дугаар сард тухайн орчны ерөнхий төлөвлөгөө баталсан талаар дурьдсан хэдий ч тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/2161 тоот албан бичгээр уг ерөнхий төлөвлөгөөнийг шаардахад ирүүлээгүй, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/682 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тухайн орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд мөн авто зам төлөвлөгдөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

1.3. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтаар баталсан барилгажих талбайн схем зураг зэрэгт нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц гарц төлөвлөөгүй байна.

Тус шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд сэргээн тогтоох боломжтой бөгөөд хариуцагч нарын хэн алинаас нь маргаан бүхий асуудлаар захиргааны акт гаргаагүй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтаар баталсан барилгажих талбайн схем зургаар ч мөн  адил нэхэмжлэгч нарын газартай давхцуулан орц гарц төлөвлөөгүй байх тул нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон захиргааны акт нь батлагдаагүй тул тус шүүхээс түүнийг хүчингүй болгох боломжгүй.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц ХХК-ийн 858 м.кв, нэхэмжлэгч  “М” ХХК-ийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамж, түүний хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх арга хэмжээ авах байршлын жагсаалтыг баталсан бөгөөд Хан-Уул дүүрэгт холбогдох хэсгийн хүснэгтийн 16, 17 дугаарт нэхэмжлэгч нарт хамаарах буюу явган хүний зам хаасан, орц гарц хаасан үндэслэлийг дурьджээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5-д заасан үүргээ биелүүлээгүй, оршин суугчдаас гомдол гаргасан” гэж шүүх хуралдаанд тайлбарлан маргажээ.

2.3 Гэтэл маргаан бүхий захиргааны актад дээрх хуулийн заалтуудыг ишлээгүй бөгөөд харин Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт тус тус заасныг баримталжээ.

2.3.1. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандсан өргөдөл, Морьтон СӨХ-ны 2020 оны 03 дугаар сарын /өдөргүй/ 02520 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хандсан хүсэлт, оршин суугчдын Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

2.3.2. Дээрх албан бичиг болон хүсэлтүүдэд нэхэмжлэгч нарыг орц гарц хаасан, галын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, эрүүл аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр хашаа хатгасан талаар дурьджээ.

2.4. Нэхэмжлэгч Ц ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, “М” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу тус газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн х/худ2020-017, х/худ2020-018 дугаар түр хашааны ажлын даалгаврыг схем зургийн хамт нэхэмжлэгч нарт олгожээ.

2.4.1 Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903, 01-06/1904 тоот албан бичгүүдийг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудсуудыг тус тус нэхэмжлэгч нарт хүргүүлж, хашааг нураажээ.

2.5. Нэхэмжлэгч нар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлтээ гаргаж өөрсдийн эзэмшиж ашиглаж буй газар дээр түр хашаа барьсан болох нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн х/худ2020-017, х/худ2020-018 дугаар түр хашааны ажлын даалгавар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/741 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг, мөн галын норм ба дүрмийг зөрчөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 033/15 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч нарын барьсан түр хашаа нь зэргэлдээ байрны оршин суугчдын эрүүл, аюулгүйд сөргөөр нөлөөлсөн эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлт гараагүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан нөхцөл байдал үүсгэсэн гэж мөн үзэхээргүй байна.

2.6. Хэдийгээр  маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хэдий ч уг захирамжийг хүчингүй болгосноор тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

2.6.1. Учир нь уг захирамжийг хэрэгжүүлж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын түр хашааг буулгаснаар маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон байна.

2.6.2. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгч нараас уг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг удаа дараа шаардсан боловч тодруулж ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч нарын газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэжээ.

3.2. Газар чөлөөлөх, газар дээр барьсан хашааг албадан буулгах хоёр нь эрх зүйн хувьд өөр өөр үр дагавартай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газрын бүхэлд нь буюу хэсэгчилсэн байдлаар чөлөөлсөн, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.2.1. Харин нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газар дээр барьсан хашааг албадан буулгажээ.

3.3. Тус шүүх үйл баримт тогтоодоггүй тул  уг хашааг албадан буулгасан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

3.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын барьсан түр хашааг буулгасан субъект нь захиргааны байгууллага хэдий ч хашааг буулгаж буй үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үйл ажиллагааг хамаарахгүй.

3.5. Иймд нэхэмжлэгч нар нь өөрсдийн ашиглаж, эзэмшиж байсан газар дээр түр барьсан хашааг буулгасны улмаас тэдгээрт эдийн болон эдийн бус хохирол учирсан гэж үзвэл ердийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.

4. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.5,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц, “М” ХХК-ниудын нэхэмжлэлтэй,  Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус  холбогдуулон гаргасан Ц ХХК-иас: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  Ц ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ц ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “М” ХХК-иас: “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 70200 төгрөгийн тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-нд буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ