Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0520

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0520

Улаанбаатар хот

 

 

Г.Н***ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ч.О***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***

Гомдол гаргагч: Г.Н***

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ч.О***

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ч.О***гийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0943090 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0467 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Г.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч***

Хэргийн индекс: 128/2025/0377/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч Г.Н***ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ч.О***д холбогдуулан “2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0943090 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0467 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Н***ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О***д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О***гын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0943090 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч талаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагааг дурын иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн болох нь тогтоогдож байхад шүүх тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь иргэн биш гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэснийг зөрчсөн. Энэ нь цаашид банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх үйл ажиллагааг дурын иргэн нөхцөл, шаардлагыг хангахгүйгээр чөлөөтэй эрхлэх практикийг бий болгож байна.

3.2 Иргэн Г.Н*** нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн нь нотлогдсон, зөрчил үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусад этгээд” гэдэг иргэн Г.Н*** хамаарахгүй гэж ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхойгүй.

3.3 Тухайн иргэн бэлэн мөнгөөр валют сольж байгаа тул өдөрт хэр хэмжээний орлого олж байгааг нотлох боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн хувийн байдалд тулгуурлан хэт субъектив байдлаар хандсан гэж үзэхээр байна.

3.4 Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт нь тогтвортой эрхлэх буюу олон удаагийн давтамжтай үйлдэл байхыг шаарддаггүй тул хуулийг илт буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд зөрчлийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхэд прокуророос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Гомдол гаргагчаас хариуцагч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2025 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 3/1287 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандан “... Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд хууль бусаар, гар дээрээс бэлэн валют арилжиж буй иргэдэд чиг үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох мэдээллийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлж, хамтран ажиллах” хүсэлтийг хүргүүлсэн.

3.2. Улмаар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн цагдаагийн ахмад Ц.Г***аас 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн илтгэх хуудсаар ...авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 11:00 цагт 8 шарга төвийн гадна зохих зөвшөөрөлгүй гар дээр валют арилжаа эрхэлсэн, гудамж талбайд худалдаа эрхэлсэн зөрчил гаргасан...”-ыг илрүүлснийг тус хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор Санхүүгийн зохицуулах хороонд харьяаллын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 30и-1д/2198 дугаар албан бичгээр холбогдох материалыг хүргүүлсэн.

3.3. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс харьяаллын дагуу шилжүүлсэн материалыг Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, улсын байцаагч Ч.О***гоос 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн бүртгэлийн СЗХ-76 дугаар бүхий хэргийг нээж, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр холбогдогч Г.Н***ээс мэдүүлэг авсан.

Улмаар холбогдогчоос зохиох зөвшөөрөлгүйгээр “...хувиараа валют арилжаа эрхлэх болсон” талаар мэдүүлэг гаргасныг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан болох нь тус тус тогтоогдсон.

4. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-д “Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:2.7-д “… гадаад валютын арилжаа эрхлэх” гэж,

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно”, 7.1.7-д гадаад валютын арилжаа” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.5 дугаар зүйлийн 1-т “… банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд валют арилжааны үйл ажиллагаа нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэгэн төрөл болохын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх ёстой бөгөөд зохих зөвшөөрөлгүй эрхэлсэн этгээдэд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай.

5. Тухайн тохиолдолд, гомдол гаргагч Г.Н*** нь эрх бүхий этгээд болох Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөлгүйгээр валют арилжааны үйл ажиллагааг эрхэлсэн болох нь холбогдогчийн өөрийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “...хуулийн үйлчлэлд хамаарах субъект нь Г.Н*** буюу “иргэн” биш, дурын иргэн энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна” хэмээн хуулийн агуулга, зорилгыг буруу тайлбарлан хэрэглэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцээгүй. Энэ талаарх хариуцагчийн “...Хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагааг дурын иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн болох нь тогтоогдсон…” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Мөн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааснаар харьяаллын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн бүртгэлийн СЗХ-76 дугаар бүхий хэргийг нээж, холбогдогчоос тайлбар, мэдүүлгийг авсны үндсэн дээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн гомдол гаргагч Г.Н***ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ч.О***гийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0943090 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

     ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

 

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА