Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Осоржамаа /томилолтоор/,

хохирогчийн төлөөлөгч Д.Буяннэмэх,  

шүүгдэгч Ш.Баярбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг,

гэрч Д.Сүндэрмаа,

гэрч Г.Баянбаатар,

иргэдийн төлөөлөгч Ш.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Магнаг овогт Шараагийн Баярбатад холбогдох эрүүгийн 201626031002 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-314 тоот хаягт бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Зүүн салааны задгайд оршин сууж байгаа гэх /хаягаа сайн мэдэхгүй/,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 215 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуацаанаас өмнө өршөөн суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Магнаг овогт Шараагийн Баярбат /РД:ЗМ85050112/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Баярбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 06 дугаар сарын 16-ны орой Бурхантын 16 дугаар гудамжны 314 тоотод өөрийн хамтран амьдрагч Д.Отгонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний бага насны хүү 6 настай О.Энх-Отгоны дэргэд онц харгис хэрцгий аргаар зодож алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

1. Шүүгдэгч Ш.Баярбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би 2015 оны 06 дугаар 20-ны орой Д.Отгонтой хоёр шил архи хувааж уусан. Тэгээд хоол хийх асуудлаас болж маргалдаад, хүүхдээ аваад явна гээд гарах гээд байхаар нь баруун гарыг нь татаад хоёр удаа алгадсан. Тэгээд Энх-Отгоноор ус зөөлгүүлээд нүүр гарыг нь угаалгасан. Отгоны хүү болох О.Энх-Отгонтой ээжийнхээ гэрт орж цай, боорцог идчихээд Энх-Отгоныг “ээжийгээ хардаа” гэхэд Энх-Отгон нь “нойл орчихоод гэртээ орж байна” гэсэн. Тэгээд унтчих байх гэж бодоод ээж Тогоочийн гэрт  хоносон юм.

Маргааш өглөө нь 08:30 цагт амбаартаа ороход талийгаач өнгөрсөн байсан. Тэгээд би О.Энх-Отгонтой хамт Д.Буяннэмэхийнд хэлэхээр очиход, охин Улака нь “яах гэж байгаа юм, ээж байхгүй байна” гэхээр нь хэлэлгүй буцаад явсан. Тухайн үед шүүх, цагдаа, хүн бүр л талийгаачийг намайг алчихсан гэж хэлэх байх гэж бодоод айж мэгдээд “нууя” гэж бодсон. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 21-ний орой 23:00 цагийн орчимд талийгаачийг нуусан. Тэгээд хэзээ нэгэн цагт намайг мэдэх байх, тэр үед нь үнэнээ хэлье гэж бодсон. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өглөө Г.Баянбаатарт энэ тухайгаа ярьж байсан.  

Би хорих 461 дүгээр ангид хоригдоод 6 сар болж байна. Энэ хугацаанд тухайн үед  “эмнэлэг, цагдаа нарт хэлэхгүй яавдаа” гэж бодож байсан. Намайг талийгаачийг зодох үед хүү О.Энх-Отгон хамт байгаагүй. О.Энх-Отгоныг талийгаач “ээждээ ус аваад ир” гэж дуудахад гаднаас орж ирсэн. Гэхдээ намайг талийгаачийг алгадахад хажууд байсан юм шиг байна, би анзаараагүй байх. Тухайн өдөр би 0,5 литрийн 1 бүтэн, нэг тал архийг талийгаачтай хамт уусан байсан. Талийгаач нь О.Энх-Отгоноор 2 удаа ус авчруулсан. Эхний усаар нүүр гараа угаачихаад, дараагийн усыг нь уусан.

Дараа талийгаачийн ар гэрийнхэн надаас Отгоныг асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Лүнгийн хүнтэй суугаад явсан гэж би хэлээгүй. Туул гэдэг хүн энэ яриаг гаргасан байж магадгүй. Надад “намайг дагуулаад самаранд яваачээ, манай нөхөр шоронд явсан. Отгон Лүнгийн хүнтэй суугаад явсан” гэж хэлж байсан. Тэгээд тийм яриа гарсан байсан.

Энх-Отгон нь миний төрсөн хүүхэд биш. Би Отгонтой 2012 оноос хамт амьдарсан. Би самаранд явж, гутал засвар ажиллуулж, машин засдаг байсан. Бид хоёр 2013 оны өвлөөс их архи ууж эхэлсэн. Би гэрт байх хугацаандаа талийгаачтай хамт архи уучихдаг, 2014-2015 онд архинд гүн орсон. Талийгаачийн эрүү хоёр удаа хугарсан. Эхнийх нь талийгаач “Улаанхудаг дээр морь унаж байгаад миний эрүү хугарсан байна” гэж хэлж байсан. Дараагийнх нь Сосорбарам гэдэг ахындаа байхдаа “миний эрүү хугарсан байна” гэж хэлж байсан. Талийгаач нь нас барахдаа шүдэндээ аппараттай байсан...” гэсэн мэдүүлэг,

  

2. Хохирогчийн төлөөлөгч Д.Буяннэмэхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...Би Д.Отгоны төрсөн эгч нь байгаа юм. Манай дүү Отгон нь 1987 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн, даруухан зан төлөвтэй хүн байсан. Д.Отгон нь 2015 оны зунаас хойш сураг чимээгүй болсон. Би Ш.Баярбатын гэрт нь очиж Д.Отгоныг байнга асуудаг байсан. Ш.Баярбатын гэрт нь очоод Д.Отгоныг асуухад “Лүнгийн залуутай суугаад явчихсан” гэж хэлдэг байсан. Баярбатын ярьж байгаа шиг талийгаач Отгон нь мориноос унаад эрүүгээ хугалсан гэдэг нь худлаа. Манай дүү Д.Отгон морь унаж огт чаддаггүй байсан.

Д.Отгон надад “Ш.Баярбат зодож байгаад миний эрүүг хугалсан” гэж ярьж байсан. Би амьдарч байсан зуны амбаарт нь ороход Д.Отгоны бичиг баримт бүгд байсан. Мөн Д.Отгоны хувцас хэрэглэлийг угаагаад цэвэрлээд тавьчихсан байсан. Хэрвээ хүнтэй суугаад явсан бол хувцас хунар, иргэний үнэмлэх баримт бичгээ аваад явах ёстой. Ш.Баярбат нь хүний өөдөөс эгц харж чадахгүй, гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг их сэжигтэй байдаг байсан. 2016 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл өгсөн. Тэгээд “эргээд ирж магадгүй” гээд нэг сар хүлээж байгаад, эргүүл хайгуулаа эхлүүлсэн юм шиг байна лээ.

Отгон нь улсад ажиллаж байгаагүй. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн Бурхантын 16-316 тоотод хүү Энх-Отгон, Баярбат, түүний ээж Тогооч, Баярбатын төрсөн 3 хүүхэд нартай хамт амьдарч байсан. Талийгаачийн хүүхэд нь одоо Баянзүрх дүүрэгт “Дамбоско” гээд төрийн бус байгууллагын асрамжийн газарт байгаа. Асрамжийн газарт байлгахгүй бол Баярбатын хүүхдүүд нь ирээд дагуулж яваад байдаг юм. Энх-Отгоныг би өөрийн хүсэлтээрээ асрамжийн газарт өгсөн юм. 

Уг нь талийгаач дүү Отгон нь нөхөр Баярбатаас сална гээд бэлдэж байсан. Тэгээд алга болсон гэхээр нь нөхрөөсөө салаад явсан юм байх гэж бодоод бид хугацаа алдсан байсан. Талийгаачийг шүдний аппаратаар нь, эрүүний хугарлаар нь таньсан. Талийгаачийн хүүхэд асрамжийн газартаа цаашид байх нь дээр гэж бодож байна. Талийгаачийн оршуулгын зардалд 5.330.350 төгрөг нэхэмжилнэ. Талийгаач дүүгийн хүүхэд Энх-Отгоны төрсөн эцэг нь нас барсан, тэгээд тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 140.000 төгрөг авдаг байсан. Мөн хүүхдийн мөнгө 20.000 төгрөг авдаг.

Баярбат нь талийгаачийг нас барснаас хойш түүний картаар 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хүртэлх хугацаанд АТМ-с хүүхдийнх тэтгэмжийн мөнгийг авч ашигласан байсан. Бүтэн жилийн хугацаанд авч ашигласан хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжилнэ. Мөн ах, дүү, төрөл садан бидний сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг Баярбатаас нэхэмжилж байна. Талийгаачийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оршуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Д.Сүндэрмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...Намайг 2016 оны 07 сард талийгаач дүүгийн хүүхэд Энх-Отгон Сэлэнгэ аймагт манай гэрт ирсэн. Тэгээд “ээж одоо болтол ирээгүй байгаа, ээж алга болдог өглөө намайг босоход байхгүй байсан, ээж тухайн үед Баярбатад зодуулаад ухаан алдаад ухаан орохгүй байсан. Би пивоны саваар 8 удаа ус зөөж өгсөн” гэж ярьсан. Манай дүү Отгон нь 2015 оны 5 дугаар сард манайд ирэхдээ “тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авсан” гэсэн бариу цэнхэр биеийн тамирын хувцас, пүүз өмссөн явж байсан.

Би урьд нь Баярбаттай хамт амьдарч байхад төрсөн 3 хүүхэд одоо хөдөө Өлзийт гэдэг газар айлын морь унаж байгаа. Баярбат надтай гэр бүл байхдаа надад гар хүрдэг байсан. Манай дүү Отгоныг ч гэсэн зодож, эрүүг нь хүртэл хугалсан байсан.

Би Баярбаттай 2002 оноос 2010 он хүртэл хамт амьдарч байсан. Баярбаттай сууж байхад төрсөн 3 хүүхдийн том нь Тарва-Чамба 2003 онд, Саруулсайхан нь 2007 онд, Бямба-Отгон 2010 онд тус тус төрсөн. 2010 онд би Баярбатаас салсан юм. Би Баярбат, манай дүү Отгонтой харилцаатай болсноос болж бид хоёр салсан. Одоо манай 3 хүүхэд эмээ дээрээ /Баярбатын ээж Тогооч/ байдаг. Би хүүхдүүдтэйгээ хааяа утсаар ярьдаг, манайд ирдэг, би хүүхдүүд дээрээ очдоггүй.

 Талийгаачтай хамгийн сүүлд 2015 оны 06 сарын 12-ны өдөр Баярбатын гэрт уулзсан. Тэгэхэд зүгээр, ердийнх шигээ байсан ба “дараа уулзъя” гээд салсан. Тухайн үед талийгаачийн бие зүгээр, эрүүл байсан. Би хүүхдүүдээ өөрөө авах гэхээр Баярбат “битгий хүүхдүүд тараагаад бай, төрсөн гэр орондоо байж байг” гээд явуулдаггүй...” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Г.Баянбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...2015 оны хавар байх шиг санаж байна Баярбатын гэрт нь үлдээсэн бичиг баримтаа авъя гээд хашааг нь давж ороход Баярбат “би өөрөө гэртээ ороод авчирч өгье” гээд миний бичиг баримтыг гаргаж өгсөн. Би тухайн үед согтуу байсан. Баярбат надад “...Отгоог санаандгүй цохиод алчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд дараа нь намайг “талийгаачийг булсан” гэх газраа нэг удаа дагуулж очсон. Бусад үед нь би холоос хараад байж байдаг байсан. Би хуулийн байгууллагад хэлэх гэсэн боловч хууль шүүхийн байгууллагаар явдаггүй болохоор айсан. Мөн Баярбат надад “чи цагдаад хэлэх юм бол чи ч гэсэн хамсаатан болно шүү” гэсэн болохоор би айгаад цагдаад хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг. 

 

Эрүүгийн 201626031002 дугаартай хэргээс:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би Д.Отгоны төрсөн эгч нь байгаа юм. Д.Отгон нь хамгийн сүүлд 2015 оны 5 сард намайг гэртээ байхад өөрийн хүү Энх-Отгоныг дагуулаад манай гэрт орж ирсэн. Тухайн үед Отгоны биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Биеийн байдал нь хэвийн байсан. 2016 оны 06 дугаар сарын дундуур Д.Отгоны хүү Энх-Отгон манай гэрт ирээд “ээж байна уу” гэж асуусан. Тухайн үед ирээгүй байсан болохоор “байхгүй” гэж хэлсэн. Би Энх-Отгоноос “хэнтэй явж байгаа юм бэ” гэж асуухад “Баярбат ах гудамжны цаана байгаа” гэж хэлж байсан.

Отгоныг сураггүй алга болсон талаар манай хэсгийн ахлагч Янжин гэдэг эмэгтэй “Отгоныг Лүнгийн залуутай суугаад явчихсан байна шүү дээ” гэж хэлж байсан. Гэхдээ яг хэдэн сард надад хэлснийг нь мэдэхгүй байна. Харин дараа нь Баярбат бас “Отгоныг Лүнгийн залуутай суугаад явсан” гэж хэлсэн. Яг хэн гэдэг хүнтэй суугаад явсныг нь надад хэлээгүй. Баярбат өөрөө хэлэхдээ “манай найзтай суугаад явсан” гэж хэлсэн. Тэр найз нь Лүн суманд амьдардаг юм шиг байсан. Отгон нь бүр бага байхдаа л алга болж байсан. Түүнээс хойш том болсныхоо дараа эгч Сүндэрмаатайгаа хамт алга болдог байсан. Гэхдээ нэг сараас дээш хугацаагаар гэрээсээ алга болж байгаагүй. Нисэхээс бараг гарч байгаагүй. Тэр хавиараа л сар болоод ирдэг байсан. Гэхдээ сар болохдоо хаана байгаа сураг нь гардаг байсан. Одоо Отгоны хаана байгаа талаар огт хэлж мэдэхгүй байна.

2015 оны 06 дугаар сараас хойш ах дүү нартайгаа холбоо бариагүй. Мөн хүүтэйгээ хүртэл холбоо бариагүй байсан. Баярбат хаашаа нүүснийг нь мэдэхгүй байна. Хашаагаа зарсан гэж сонссон. Манай Цэндмаа эгчийн нөхөр Одбаяр гэж сайн найз нь байгаа. Баярбатын багаасаа найзалсан найз нь байгаа юм. Ер нь Баярбатын ганц найз нь гэж ярьдаг юм. Баярбат Отгон нар 2012 оноос хойш нэг гэрт амьдрах болсон. Урьд өмнө нь Баярбат манай төрсөн дүү Сүндэрмаатай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Баярбат нь Сүндэрмаатай хамт амьдарч байхдаа байнга зоддог байсан. Сүндэрмааг 2 дахь хүүхдээ төрүүлэх гээд 5 сартай жирэмсэн байхдаа “Баярбат намайг зодоод байна” гэж манай гэрт ирж байсан. Тухайн үед Сүндэрмаагийн хөлийн тавхайнаас толгойны орой хүртлээ хөхөрсөн байдалтай ирж байсан. Баярбат, Сүндэрмааг халуун наранд гялгар уутанд ороогоод гадаа тавьсан гэж ярьсан. “Ямар учиртай юм бэ” гэхээр “гялгар уут хүний биеийн хөхөрсөн хэсгийн өнгийг арилгадаг” гэж Сүндэрмаа ярьж байсан.

Шоронгийн аргаар эмчилнэ гэж хэлээд яргалдаг байсан. Мөн толгойг нь 3 удаа хагалж байсан. Ер нь мөнхийн зоддог байсан. Сүүлдээ аргаа бараад зугатаагаад явж байсан. Миний мэдэхээр Баярбат, Д.Отгон нар хамт архи ууж байгаад хоншоор хэсэгтээ төмөртэй ажлын гутлаараа өшиглөсөн. Тэр үед Д.Отгоны эрүүний яс хугарсан гэж хэлж байсан. Дараа нь дахин нэг удаа хугалуулж байсан. Хоёр эрүү нь хоёулаа хугархай, эхний удаа хугалуулахдаа цагдаад өгсөн боловч Д.Отгон өөрөө Баярбатаас айгаад өргөдлөө авч байсан.

Мөн хавирга нь нэг удаа хугараад эдгэрсэн гэж сонсож байсан. Д.Отгоны хүү Энх-Отгоны ярьж байгаагаар “байнга зоддог байсан” гэж хэлдэг юм. Бид нар Д.Отгоныг “хүнтэй суугаад явчихсан” гэж хэлсэн үгэнд нь итгэсэн. Тэгээд Баярбатаас “Д.Отгоны дугаарыг авъя” гэхэд “дугаараа нууцалсан дугаараас залгадаг” гэж хэлээд бид нарт утасны дугаарыг нь өгөхгүй байсан.

Энэ оны хавраас эхлээд “хүүхдээ ав, гэрийг нь ав” гэж хэлж эхэлсэн. Тэгээд Баярбат дээр очиход их сэжигтэй худлаа дүр эсгээд, хүний өөдөөс эгцлэж харахгүй, хөнжил дотроосоо гарч ирэхгүй, гөлөгнөсөн байдалтай байдаг байсан. Сүүлийн үед хашаагаа зараад явахаар бүр сэжиг төрөөд байна. Манай дүүг алчихсан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэхээр манай дүү ингэж удаан алга болох хүн биш.

Манай дүү Отгон нь Баярбат Энх-Отгоныг байнга зоддог учраас хүүхдээ хаяад явахгүй. Бас Баярбатын эх Тогооч нь хорооноос байнга тусламж дэмжлэг үзүүлдэг учраас хэр баргийн нүүх хүн биш байгаа юм. Би дүүгээ олж авмаар байна. Үхсэн ч хамаагүй олж авмаар байна. Амьд олдвол сайн л байна. Гэхдээ Баярбатыг манай дүүг алчихлаа гэж сэжиглэж байгаа. Яг ямар учраас манай дүү алга болчихвоо гэдгийг л мэдмээр байна. Манай дүү амьд сэрүүн бол ах дүү нартайгаа заавал холбогдох ёстой. Манай дүү өөрөө явахдаа хүүгээ Баярбатад хэзээ ч үлдээхгүй. Өөрөө хааяа явахдаа Баярбаттай уулзахгүй ч гэсэн хүүхдээ нууцаар аваад явдаг байсан.

...Би талийгаачийн цогцосны зургийг харсан. Би эндээс доод эрүүний шүдний хамгаалалтын төмрөөр дүү Отгон мөн гэдгийг таньсан, мөн Сүндэрмаагийн ярьснаар зах дээрээс цэнхэр өнгийн 3 цагаан канттай “adidas” гэсэн бичигтэй цэнхэр бэлтгэлийн өмдтэй байсан гэж хэлсэн болохоор түүгээр нь дүү Отгоны цогцос мөн байна гэдгийг таньсан юм. Мөн эрүүний ясны хуучин хугарлаар бас таньсан, өөр таних содон шинж тэмдэг байгаагүй юм. Оршуулгын зардалд нийт 2.000.000 сая төгрөгний зардал гарсан үүнийг нэхэмжилж байна. Талийгаачийн хүүхэд өнчин хоцорсон энэ хүүхдийг өсгөх тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хуулийн дагуу гаргуулж авах саналтай, ах, дүү, төрөл садан, үр хүүхэд бидний сэтгэл санааны хохирол 10.0 сая төгрөг нэхэмжлэх саналтай. Маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 1-р хавтас 75-77х, 78-79х, 210-211х/,

 

2. Насанд хүрээгүй гэрч О.Энх-Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манайх гэрээ буулгасан. Тэр өдөр манай ээж миний халамжийн мөнгийг аваад Баярбат ахтай архи ууж эхэлсэн. Манай хажуу талын айлын хүмүүс болох Нанзаа, Мийгаа ах 2-ыг дуудаж ирсэн.  Баярбат ах надаар тэр хоёр хүнийг дуудуулсан. Би хажуу айлын Нанзаа эгч, Мийгаа ах хоёрыг дуудаж өгсөн. Тэгээд дөрвүүлээ нийлээд архи уусан. Тэгээд орой болоод гэр, гэртээ унтсан.

Тэгээд маргааш нь Баярбат ахын ээж Тогооч эгч Дэнжийн 1000-аас ирсэн. Баярбат ахын ээж Тогооч эгч архи уудаг бөгөөд тэр өдөр дахиад ээж, Баярбат ах, Нанзаа эгч, Мийгаа ах, Тогооч эгч нар архи уусан. Өдөр 15-16 цагийн үед Тогооч эгч Баярбат ахын дунд хүү болох Саруулын үсийг засуулна гээд Дэнжийн 1000-руу аваад явсан. Мийгаа ах, Нанзаа эгч 2 гэртээ орсон.

Харин ээж, би, Баярбат ах бид 3 гэртээ үлдсэн. Тэгээд нар жаргах гэж байхад буюу 19-20 цагийн үед Баярбат ах ээжийг зодож эхэлсэн. Би айгаад гэрийн ард ороод зогсож байсан. Тэгтэл Баярбат ах намайг дуудсан. Тэгээд би гэрт ороод том пивоны саваар ус авчирч өгсөн. Ээж тэр үед сэрэхгүй байсан. Тэгээд хамгийн сүүлд нь авчирсан усыг Баярбат ах ээжийн амруу хийтэл ээж сэрсэн. Ээж сэрсэн боловч юм яриагүй, орлуугаа өнхөрсөн.

Ээж, Баярбат ах хоёрын зундаа амьдардаг байшинд ор байдаг бөгөөд ээж тэр орлуугаа зүтгэж байсан. Тэгээд би Баярбат ахтай хамт Тогооч эгчийн гэрт нь ороод хоол хийсэн. Тэгээд ээжид хоол өгөх гээд байшинд ороод дуудтал ээж босож ирэхгүй, хоолой нь сөөчихсөн нэг авиа гаргаад, дахиж дуу гараагүй. Тэгээд би Баярбат ахтай хамт Тогооч эгчийн гэрт нь орж унтсан. Харин ээж байшин дотроо ганцаараа унтсан.

Маргааш өглөө нь Баярбат ах намайг сэрээгээд “Ээж чинь хаана байна” гэж асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Баярбат ах “ээж чинь чамд явна гэж хэлсэн үү” гэж надаас асуусан. Би тэр үед “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ээжийн эгч Буянаагийн гэрт нь очиж “ээжийг байна уу” гэж үзтэл ээж байгаагүй. Тэгээд буцаад гэртээ ирээд би Баярбат, Баянбаатар ах нарын хамт гол дээр очиж гар нүүрээ угаасан.

Харин буцаад ирэхэд Саруул ирсэн байсан. Тэгээд Баярбат ах, Саруул бид хоёрыг гэрт үлдээгээд “ээжийг хайна” гэж хэлээд Баярбаатар ахын хамт гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй 10 хоноод, нэг удаа ирээд согтуудаа надад “ээж чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж уйлаад байсан. Миний санаж байгаагаар 3 удаа 10 хоногоор явж ээжийг хайсан боловч ээж олдоогүй.

Манай ээж алга болдог байсан, гэхдээ ингэж удаж байгаагүй, сар болоод ирдэг байсан. Тэгээд би Баярбат ахын гэрт түүнтэй хамт амьдардаг байсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би хөдөө айлд очиж хурдан морь унахаар явсан. Тэгээд би өнөөдрийг хүртэл хөдөө айлд морь унаж байна.

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ямар нэгэн зодоон болоогүй. Тэр өдөр би Саруултай хамт ээжээс мөнгө аваад дэлгүүр орж, амттай зүйлүүд авч идсэн. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тогооч эгч эхлээд явсан, дараа нь Мийгаа, Нанзаа нар явсан. Эдгээр гурван хүнийг байхад хэрүүл маргаан болоогүй. Харин тэр хүмүүсийг явсны дараа Баярбат ах, ээжийг зодож эхэлсэн. Баярбат ах ямар шалтгаанаар ээжийг зодсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай ээж “ёо ёо” гэж хэлээд орилж байсан.

Тэгээд би айгаад гэрийнхээ араар орсон. Баярбат ах ээжийг ямар нэгэн чулуу модоор цохиогүй, харин хавирга болон толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байсан. Манай ээж арай гайгүй согтуу, харин Баярбат ах аймаар согтуу байсан. Манай ээжийн уруул хэсгээс цус гарч байсан. Ээж Баярбат ахад зодуулаад ухаан алдчихсан.

Харин намайг 8 удаа ус зөөж өгсний дараа сэрсэн. Сэрэхдээ ямар нэгэн зүйл ярихгүй л байсан. Баярбат ах манай ээжийн эрүүг 3 удаа хугалж байсан, мөн хавирга нь хугарч байсан. Баярбат ах, ээжийг дэгээ төмрөөр хүртэл зодож эрүүг нь хугалж байсан. Манай ээж тэр өдөр пүүзтэй, жинсэн өмд, хар өнгийн фудволк өмссөн байсан. Зодоон болсны маргааш ээжийн нэг хос сандаал, цэнхэр өнгийн биеийн тамирын хослол, шар өнгийн фудволк зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Би ээжтэй алга болсноос нь хойш холбоо бариагүй. Харин 2015 оны өвөл Баярбат ах ээжтэй утсаар ярьсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 80-83х, 212-213х/,

 

2. Гэрч Д.Цэндмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би талийгаач Отгоны хамгийн том төрсөн эгч нь юм. Баярбат нь Отгоны эгч болох Сүндэрмаатай гэр бүл болоод цуг амьдарч байсан. Тэр хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Отгоны нөхөр 2007 онд нас бараад, түүний дараа Отгон Сүндэрмаагийн хашаанд цуг амьдарч байсан. Ингээд нэг мэдсэн чинь “Отгон Сүндэрмаагийнхаа нөхөртэй суучихлаа” гэсэн яриа гарсан. Баярбат нь Сүндэрмаатай сууж байхдаа Сүндэрмааг байнга зоддог байсан. Үүний дараа Отгонтой суугаад бас л Отгоныг зоддог байсан юм. Миний хувьд яг зодож байхыг нь хараагүй, Сүндэрмаа, Отгон нар Баярбатад зодуулчихлаа гэж над дээр ирж байсныг санаж байна.

Би бодохдоо тэдний ярьснаар бол архи уучихаараа их харгис зантай болчихдог, зодоод байдаг, эрүүлдээ хайраа гээд л учиргүй байдаг гэсэн. Отгоны эрүүг хугалсан гэж сонссон. Эхэлж нэг удаа хугалаад дараа нь хугарсан эрүү нь бүрэн эдгээгүй байхад дахиж цохисон гэж Отгон өөрөө ярьдаг байсан. Манай гэр бас Нисэхэд ойрхон байдаг болохоор байсхийгээд л “зодуулчихлаа” гээд гүйгээд ирдэг байсан юм.

Баярбат нь Сүндэрмаагаас салаад дүү Отгонтой нь 2012 оноос цуг амьдарч байсан. Отгон нь Яармагийн 63 дугаар сургуулийн 8-р анги төгссөн, өөр сургууль төгсөөгүй, тодорхой ажил эрхэлж байгаагүй. Баярбатын хувьд харьцаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.

Би бол том эгч нь, дүү нар маань архи уугаад хэрүүл шуугиан гаргаад байхаар нь би тэдэнтэй нэг их дотно харьцдаггүй, уурласандаа болоод сүүлийн 3 жил бараг харьцаж байгаагүй. Отгоныг 3 хүүхэдтэй төрсөн эгчийнхээ нөхрийг салгаж суусан болохоор ах, дүү бид түүнд их дургүйлхэж нэг их харьцдаггүй байсан. 2015 оны 6 сараас Отгон нь сураггүй алга болсон. Баярбат ч өөр хүнтэй суугаад явчихсан гээд байхаар нь тэгсэн юм байх гэж бодоод нэг их араас нь хайж сураагүй яваад байсан. Ингээд хүүхэд нь байгаад байдаг, өөрөө байхгүй байсан.

Ер нь Отгон хааяа яваад алга болчихдог, явахдаа хүүхдээ заавал аваад явдаг, эргээд ах дүү нартайгаа утсаар ярьдаг байсан болохоор 2016 оны хавар манай дүү Буяннэмэх цагдаад гомдол гаргасан юм. Талийгаач Отгон, Баярбат нар 2010 онд манай гэрээс суурин компьютер, принтерийн хамт хулгай хийгээд зарчихсан байсан. Хан-Уул дүүрэгт энэ тухай шалгагдаад ямар ч байсан ял аваагүй гарсан. Сүүлд нь Баярбатыг нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан гэж сонссон юм байна. Отгоны хувьд өөр ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Баярбаттай сууснаас хойш зан нь эвдэрч, архи их уудаг болсон, хүнд их тусархаг өглөгч хүүхэд байсан. Баярбаттай бол нүүр тулж уулзаж байгаагүй, их харгис, хэрцгий хүн гэж сонссон. Урьд нь Сүндэрмаатай сууж байхдаа бусдын адуу мал хулгайлсан хэргээр 3 жил шоронд яваад ...өршөөлөөр суллагдаж байсан.  Хулгай хийдэг л залуу байсан байх, тодорхой ажил эрхэлж байгаагүй, 1-2 жил хувиараа гутал засвар ажиллуулж байсан санагдаж байна. Сүндэрмаа 2010 оны хавьд тодорхой санахгүй байна, Баярбатад нэг удаа хөлөндөө хутгалуулсан, мөн нэг удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан. Тэгэхэд нь би цагдаад мэдэгдэн шалгуулж байсан шалгуулсан боловч дараа нь Сүндэрмаа гомдолгүй гээд өргөдлөө буцаалгасан байсан. Отгон нь сүүлд эрүүгээ хугалуулсны дараа бас цагдаад хандаагүй, өөрөө нуугаад өнгөрсөн байсан.

Талийгаач нь цэнхэр бэлтгэлийн өмд өмсдөг байсан. Сүүлд сонсоход тэр өмтэйгээ, цагаан подволктой цогцос олдсон гэж сонссон. Энэ хэрэг дээр манай дүү Буяннэмэх хохирогчоор явж байгаа болохоор бүгдийг үзэж хараад таньсан байсан. Эрүү, шүдний  хамгаалалт, ... мөн цэнхэр бэлтгэлийн өмдөөр нь таньсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 214-216х/,

 

3. Гэрч Д.Мөнгөнцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Д.Отгонтой хамгийн сүүлд барагцаагаар 4-5 жилийн өмнө Хархорин зах дээр таарсан. Түүнээс хойш 2 жилийн дараа нөхөр Баярбатад зодуулчихсан, эрүүгээ хадуулж байна гэхээр нь 1-р эмнэлэгт хэвтэж байх үед нь нэг удаа очиж байсан. Миний санаж байгаагаар 2015 оны дундуур над руу залгаад “Баярбат намайг зодоод байна, би одоо яах вэ” гэж ярьж байсан. Тэр үед нь би “өмнө зөндөө хэлж байсан, одоо би наад хүнийг чинь яах вэ тусдаа гэр бариад гар гэж байхад хүний үгэнд орохгүй яасан юм” гэж хэлсэн. Тухайн үедээ надад яг хаанаа байгаагаа хэлээгүй юм. Отгон тогтсон утасгүй болохоор яг хэний дугаараас залгаж ярьсаныг мэдэхгүй байна, надтай ярьж байхдаа согтуу уйлаад л байсан.

Би 2016 оны 04 сараас Отгоныг алга болчихлоо гэж сэжиг авсан. Урьд өмнө төрсөн дүү Сүндэрмаагас Отгоныг өөр хүнтэй суугаад явчихсан гэсэн мэдээллийг авсан. Гэхдээ өөр хүнтэй суусан бол хүүхэд нь энд байгаа болохоор ямар нэг байдлаар холбоо барих байсан. Баярбаттай амьдрах болсноос хойш Баярбатад зодуулаад нэг, хоёр удаа алга болж байсан. Нэг удаа Баярбатаас зугатаагаад хороололд орцны жижүүр хийж байсан гэж сонссон. Отгон яг ямар хүмүүстэй нийлж нөхөрлөж явдгийг мэдэхгүй. Урьд нь Ариунаа, Туул гээд хүмүүстэй нийлдэг, тэдгээр хүмүүс хаана байдаг талаар мэдэхгүй. Бага байхаасаа л найзалсан, Нисэхэд амьдардаг хүмүүс. Отгон одоо хаана байгааг үнэхээр мэдэхгүй байна, ар гэрийнхээ хүмүүстэй огт холбоо бариагүй.

Миний санаж байгаагаар Баярбат, Отгон нар 2011 оны хавьцаанаас л хамтран амьдрах болсон. Манай дүү Отгон өөрийн нэг дагавар хүүхэдтэй, Баярбат өөрийн 3 хүүхэдтэй нийлж байсан. Манай дүү Отгонтой амьдардаг болсон цагаас хойш манай дүүг байнга зодож, гэмтэл учруулдаг байсан. Хоёр удаа эрүүг нь хугалж, олон удаа гэмтэл учруулж байсан. Нэг удаа эмнэлэгт хагалгаанд орсон байхад нь очиж эргэж байсан. Харин дараа нь дахин нэг удаа эрүүгээ хугалуулсан гэхэд нь очиж чадаагүй. Би Баярбатын найз нөхдийн талаар хэлж мэдэхгүй. Ямар ч байсан архи их уудаг учраас Нисэхийн архичин хүмүүстэй л нийлдэг байх гэж бодож байна. Баярбат одоо хаана байгааг мэдэхгүй, хашаагаа зараад нүүсэн гэж Цэндмаа эгчээс сонсож байсан. Отгон айлын бага хүүхэд, миний мэдэхийн их тайван, дөлгөөн хүн. Одоо ямар болсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85-86х/,    

 

4. Гэрч Д.Сүндэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би Отгонтой хамгийн сүүлд 2015 оны 06 сарын 11-ний өдөр уулзсан. Би нөхөр хүүхдийнхээ хамт 2015 оны 06 сарын 12-нд Сэлэнгэ аймаг явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. 2015 оны 07 сарын сүүлээр Отгоны хүү Энх-Отгон манай Сэлэнгэд ирээд “ээж гэртээ байхгүй, та нарыг явснаас хойш алга болсон, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” гэж байсан. Мөн тухайн үед Баярбатад зодуулаад өглөө босоод ирэхэд ээж нь алга болсон байсан гэж хэлж байсан. Би Баярбаттай 2002 онд гэр бүл болж амьдарч байсан, бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Хүүхдүүд Баярбат дээр байдаг. Намайг бага хүүхдээ тээгээд жирэмсэн байхад Баярбат, Отгон нар явалдаад манай гэрт нэг нэгэнтэйгээ үнсэлцээд хамт унтдаг байсан. Тухайн үед би Баярбатаас салсандаа баярлаж явдаг. Яагаад гэхээр Баярбат намайг аймшигтайгаар зодож, миний толгойг хагалж, дарамталдаг байсан. Отгон одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Бид нар дундаас Мөнгөнцоож, бид хоёртой Отгон арай илүү дотно байдаг. Байнга утсаар ярьдаг байсан. Гэхдээ алга болсон цагаасаа хойш Мөнгөнцоожтой холбоо бариагүй байсан. Надтай утсаар яриагүй.

Баярбаттай утсаар ярьсан, ...12 сард ирээд хүүхдээ авна гэж хэлж байсан, өөр хүнтэй суугаад явсан, дугаараа нууцалсан дугаараас ярьсан гэж Баярбат надад хэлж байсан. Отгон урьд өмнө хэд хоногоор гэрээсээ явдаг байсан, гэхдээ олон сараар алга болж байгаагүй, явахдаа заавал хүүхдээ авч явдаг, хаана явж байгаа талаараа байнга хэлдэг. Мөн урьд нь 3, 4 дүгээр хороололд орцны жижүүр хийдэг байсан. Сосорбарам гэдэг 60 гарсан өвгөний гэрт очдог байсан. Гэхдээ би өнгөрсөн 4 сард ирээд Сосорбарам ахын гэрт нь очиход Отгоныг ирээгүй, ямар сонин юм бэ гэж байсан.

Баярбат хэлэхдээ “Сосорбарамын дүү Очироо гэж залуутай суугаад явчихлаа” гэж хэлээд байсан. Отгонд очих газар байхгүй. Баярбат миний нүдэн дээр Отгоныг хөл гараараа цохиж, өшиглөдөг байсан. Мөн толгой тархи руу нь их өшиглөж зоддог байсан. Эрүүг нь хоёр удаа хугалж  байсан, эхний удаа нэг эрүү нь хугарч байсан, сүүлд хугалахад нь эрүү нь 2 хугарч байсан. Баярбат Отгоныг хутгалж байгаагүй. Баярбат ерөөсөө хутга барьдаггүй, харин гартаа тааралдсан зүйлээ аваад шидчихдэг, тэгээд толгой руу нь их юмаар цохиж гэмтээсэн.

Манай хүүхдүүд төрсөн эцэг Баярбаттай хамт байгаа. Хамгийн том нь 13 настай С.Таравчамба, дараагийн хүү С.Саруулсайхан, дараагийн хүү С.Бямба-Отгон гэдэг 3 хүүхэд бий. Одоо Баярбат хуучин хашаандаа байхгүй байна лээ. Хашаагаа 5 сая төгрөгөөр зараад нүүсэн гэж сонссон. Шинээр газар аваад нүүсэн гэж ээж Тогооч нь надад хэлсэн. Хаашаа нүүснийг хэлээгүй. Баярбат нь архи уудаг, мөнгө л олдвол архи уудаг хүн байгаа юм. Эрүүл үедээ хүн шиг, архи уухаараа хүн биш болдог. ...Одоо дүүгээ үхсэн ч байсан, амьд ч байсан сургийг нь гаргаж авмаар байна. Та бүхнээс сургийг нь гаргаж өгөөч гэж гуйж байна. Ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88-89х/,

Мөн гэрчийн:

“...2015 оны 05 сарын дундуур манайхыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хөшөөт гэдэг газар байхад Отгон манайд очсон. Тэгэхэд урьд нь хугарсан эрүү нь дахиад хугарчихсан, Баярбат зодоод хугалчихлаа гэж хэлж байсан. Эмнэлгийн ор хоногийн мөнгийг өгч чадаагүй, паспортоо оронд нь тавьчихаад ирлээ гэж ярьж байсан. Ингээд 5 сарын сүүлээр манайхаас хот руу гэртээ харина гээд явсан. Тэгэхэд Отгон хүү Энх-Отгонтой цуг ирээд явсан. Үүний дараа 2015 оны 7 сард хүү Энх-Отгон манайд очихдоо “ээж яваад алга болсон, одоо болтол ирээгүй” гэж хэлсэн. Би хот орохоороо Баярбатаас асуудаг, тэгэхээр Баярбат нь “өөр хүнтэй суугаад явсан” гэхээр нь би за болж дээ Баярбатаас салсан бол ашгүй дээ гэж бодоод яваад байсан. Ингээд 2016 оны 4 сар хүртэл Отгон нь гэр орноо ирж авахгүй болохоор нь би очиж авсан. Тэгэхэд Баярбат талийгаач Отгоныг “ойрд утсаар ярихгүй байна, нэг удаа ярихдаа би хүүхдээ очиж авна, битгий зодоод алчихаарай гэж байна лээ” гэж хэлсэн.

Отгон алга болох үедээ ямар хувцастай байсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан 2015 оны 5 сард манайд очихдоо 3 канттай биеийн тамирын өмд, зүүн талын урд хармаа орчим “adidas” гэсэн бичигтэй, бариудуу өмдтэй байсан. мөн саарал өнгийн пүүзтэй, дээгүүрээ лидрэнэн куртик өмссөн, дотуураа цамц байсан уу подвалк байсан уу санахгүй байна.

Шарилын зурган дээр байгаа өмд мөн байна, ийм өмдтэй байсан. Талийгаачийн иргэний үнэмлэх төрсний гэрчилгээ байгаагүй. Иргэний үнэмлэхээ эмнэлгийн барьцаанд орхиод хаягдсан юм байна лээ. Гэрт нь эрүүл мэндийн болон эмнэлгийн ямар ч дэвтэр байгаагүй. ...Энх-Отгон ярихдаа “хамгийн сүүлд ээжийг Баярбат ах өшиглөөд гараараа цохиод байсан, тэгсэн ээж ухаан алдаж унасан, тэгээд би пивоны саваар 8 удаа ус зөөж өгсөн, Баярбат ах дээр нь ус асгаад байсан, тэгээд би айгаад том гэр лүү орсон” ..гэж ярьж байсан. Бид Энх-Отгоноос “яг яаж зодсон юм бэ өөр ямар нэгэн юмаар цохисон уу” , гэж асуухад “өшиглөөд гараараа цохиод байсан” гэж тэр хэлсэн. Тэгээд айгаад гэр лүү гүйгээд орчихсон гэж ярьсан. Өөр тодорхой юм яриагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас, 217-218х/,   

 

5. Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Би Д.Отгоныг 2013 оноос хойш мэдэх болсон. Д.Отгон нь манай эхнэр Сүндэрмаагийн төрсөн дүү нь байгаа юм. 2015 оны 05 дугаар сарын 10-ны үед манай Сэлэнгэд байдаг гэрт ирээд явсан. Ирэхдээ өөрийн төрсөн хүү Энх-Отгоны хамт ирсэн. Манай нөхөр зодоод байна гэхээр нь бид нар манайд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд манайд 7 хоноод явсан. Би Баярбаттай хамт Хархорингийн хорих ангид хамт ажиллаж байсан. Баярбат надаас сүүлд орж ирж байсан. Хамт ял эдэлж хамт суллагдаж байсан. Баярбат тухайн үед хулгайн зүйл ангиар ял эдэлж байсан. Миний санаж байгаагаар Баярбат 3 жилийн хорих ялтай орж ирсэн шиг санагдаж байна.

Би Баярбат болон Д.Отгон нарын харьцааны талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 2015 оны 05 дугаар сард манайд ирэхдээ нөхөр зодоод байна гэж хэлээд ирсэн. Харин 2015 оны 07 дугаар сард Энх-Отгон манайд ирэхдээ “Баярбат ах ээжийг зодсон ээж тэгээд алга болчихлоо, ямар ч сураг байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Энх-Отгон манайд зусаад намар нь Баярбат руу явсан. Ер нь Д.Отгон хүүгээсээ огт салдаггүй. Хаана ч явсан хүүгээ чирээд л явж байдаг. Баярбат Д.Отгоны эрүүг нь хугалж байсан.

2015 оны 05 дугаар сард манайд ирэхдээ дээд, доод шүдэндээ бэхэлгээтэй ирж байсан. Нөгөө шүдний бэхэлгээ нь чангараад хоол идэж чадахгүй байна, эмнэлгээр явах гэхээр мөнгөгүй болохоор чадахгүй байна гэж байсан. Д.Отгон огт холбоо бариагүй. Уг нь эгч нартайгаа холбоо барьдаг, гэхдээ одоог болтол огт холбоо барихгүй байна. Д.Отгоныг хаана байгаа талаар мэдэхгүй байна, амьд байгаа гэж хэлэхэд эргэлзэж байна. Д.Отгоны хүүхэд Энх-Отгоныг эхнэр, бид 2 өөр дээрээ шилжүүлэн авах санаатай байна. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороон дээр хүсэлт гаргасан байгаа. Гэхдээ төрсөн эх нь хаана байгааг нь тогтоож байгаад бид нар дээр шилжүүлж өгнө гэсэн хариу өгсөн. Ээжийг нь амьд бол ээжид нь өгнө, харин ээж нь нас барсан бол бид нар шилжүүлэн авч болох юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90-91х/,

 

6. Гэрч Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Ш.Баярбаттай садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 02 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа, бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй. Д.Отгонтой 2005 онд танилцсан. Бид 2 нэг, нэгнийгээ сайн мэднэ. Би Д.Отгоны эгч Д.Сүндэрмаатай нийлж нөхөрлөдөг байсан. Би Д.Отгоныг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын дундуур би Д.Отгоны нөхөр Баярбатын гэрээр ирж дотно харилцаатай болж эхэлсэн. Харин тухайн Баярбат болон түүний ээж Тогооч нар надад Д.Отгон гэрээсээ алга болоод 4 сар болж байна гэж хэлж байсан.

Манай Нисэхийн хүмүүс Д.Отгоныг гэрээсээ алга болсон, сураг гарч байна уу гэж надаас асуудаг. Хаана байгааг нь би мэдэхгүй, уулзаагүй удаж байна. Баярбаттай суучихаар нь хөндийрч эхэлсэн. Учир нь Баярбат нь Сүндэрмаа гэх Д.Отгоны төрсөн эгчтэй гэр бүл болж байсан, төрсөн эгчийнхээ нөхрийг салгаад суусан болохоор бид нар их дургүй болсон байсан. Баярбат Отгоныг зоддог байсан талаар мэдэхгүй байна.

Баярбат намайг зоддоггүй, хэрүүл хийх нь хийдэг. Ш.Баярбат надад хэлэхдээ “2015 оны 5, 6 дугаар сарын үед Баярбат, Д.Отгон нар хамт архи уугаад тасраад унасан хойгуур Д.Отгон өөрийн хүү Энх-Отгоныг үлдээгээд гэрээсээ гараад алга болсон” гэж хэлдэг. Д.Отгоныг хаашаа явсан талаар огт хэлж байгаагүй. Намайг байх хугацаанд Д.Отгоны талаар баттай сураг гарч байгаагүй. Нисэхийн хүмүүсийн яриагаар Д.Отгоныг хүнтэй суугаад хүүхэдтэй болчихоод ирж чадахгүй байгаа, эсвэл гадаад гараад явсан, эсвэл 111-т баривчлагдсан байгаа гэх мэтээр олон юм ярьдаг байсан. ...Д.Отгоныг нас барсан байна гэж сая цагдаагаас л сонслоо. Би Д.Отгоныг яагаад нас барсан талаар мэдэхгүй байна. Д.Отгоны хүүхдийг сургуулиас нь авч өгсөн, тэр үеэс хойш би Д.Отгонтой уулзаагүй. Д.Отгоны цогцсыг хаана байгаа талаар би мэдэхгүй байна, Баярбат өөрөө мэдэж байгаа байх. Манай аав цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байсан болохоор Баярбат надад Д.Отгоны талаар ярьдаггүй, алга болчихлоо л гэдэг зүйлийг ярьдаг байсан.

Хэрвээ Баярбат Д.Отгоныг алсан бол энэ талаараа надад хэлэхгүй байсан. Намайг шууд цагдаагийн байгууллагад хэлнэ гэдгийг мэдэж байгаа Баярбат надад хэлэхдээ Д.Отгон нэг удаа согтуу утсаар ярьсан, ярихдаа “удахгүй хүүхэд гэр 2-оо авна, дугаараа нууцалсан дугаараас залгаж байна” гэж надад хэлдэг. Өөр ямар нэгэн зүйл ярьдаггүй байсан. Ш.Баярбат нь ээжтэйгээ нэг гэрт нэг хашаанд амьдардаг байсан. Саяхан хашаагаа зараад нүүсэн. Одоо Зүүн салаанд хашаагүй газарт гэрээ бариад амьдарч байгаа. Өртэй байсан болоод хашаагаа зарсан юм шиг байна лээ. Нөгөө өр нь нэхэгдээд хашаагаа зарсан гэж ярьж байсан. Ш.Баярбаттай самаранд явсан цагаас хойш дотно харьцаатай болсон. Д.Отгоныг ирэхээр хамт байцгаая гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-94х/,

 

7. Мөрдөн байцаалтын шатанд Н.Мягмарсүрэнгийн сэжигтнээр өгсөн:

“…Ш.Баярбат манай эхнэр Тулгаагийн бага дүү. Баярбат нь 3 хүүхэдтэй. Сүндэрмаа гэж эхнэртэй байсан. Сүндэрмаагаас гурав дөрвөн жилийн өмнө салсан. Дараа нь Сүндэрмаагийн төрсөн дүү Отгон гэгчтэй сууж хамт амьдарч байсан. Одоо Золоо гэх эмэгтэйтэй цуг хамт амьдарч байгаа. 2015 оны 5 сарын 15 билүү 16-ны үед байх манай ээжийн бие муудаад, би 7-н буудалд ээжийндээ очиж дөрөв тав хоносон. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 21, 22-ны шөнө 23 цагийн үед эхнэр бид хоёр хамт 7-н буудлаас Нисэхт гэртээ ирж унтсан. Манайд хүн байгаагүй. Би тэр шөнө унтахаасаа өмнө Баярбатын гэр лүү орох гэсэн чинь амбаарын хаалга нь онгорхой, амбаар нь гэрэлтэй, гэр нь эзэнгүй байсан. Би амбаар луу нь ороогүй, харчихаад хүнгүй байна гэж бодоод гэртээ орж унтсан.

Маргааш өглөө нь 08-09 цагийн хооронд Баярбатын гэр лүү орсон. Баярбат нь хүүхэдтэйгээ ...Отгоны хүүхэдтэй хамт унтаж байсан. Баярбатын амбаар онгорхой, хаалга нь хагас хаасан байхаар нь Баярбатыг босгоод “гэр орноо янзлаач” гэж хэлсэн. Баярбатыг босгоод амбаарын хаалгыг хаах гээд орсон чинь амбаарт нь Отгоо нь ганцаараа хөлөө ачсан, баруун хажуугаараа хөнжлөө нөмөрсөн хэвтэж байсан.

Отгоо нь аймар харласан байсан. Отгоог би “босооч ээ” гэж дуудсан чинь босохгүй байсан. Би тэгээд Баярбат дээр очоод “Баярбатаа босооч ээ, авгай чинь яасан бэ, бие нь өвдсөн юм уу” гэж хэлсэн. Баярбат амбаарт очиж үзээд “өнгөрсөн байна” гэж хэлсэн. Би “эмнэлэг, цагдаа дуудаач” гэхэд Баярбат “өнгөрсөн хүнийг эмнэлэг, цагдаа дуудаад яахав, цагдаа дуудвал ална шүү” гэж хэлсэн. Баярбат цагдаа болон эмнэлэг дуудахгүй гэсэн.

Би тухайн үед яахаа мэдэхгүй, айж сандарсан. Баярбатаас айж, сандарсандаа цагдаад болон эмнэлгийн байгууллагад тухайн болсон асуудлын талаар хэлж чадаагүй юм. Би гэрээсээ гутлынхаа багажуудыг аваад Бөмбөгөр лүү эхнэртэйгээ цуг явсан. Энэ талаар эхнэртээ хэлээгүй. Би айгаад харьж чадахгүй, ээжийндээ гурав хоночихоод ирсэн.

Ирснийхээ дараа Баярбатаас “яасан бэ” гэсэн чинь” би янзалчихсан” гэж гэсэн. “Цагдаа, эмнэлэг дуудсан юмуу” гэхэд Баярбат “дугарвал ална шүү, би дүүрсэн хулгайч шүү” гэж хэлсэн. Баярбат нь Отгоог архины хордлогонд орсон л гэж хэлсэн. Тэгээд яасан гэхэд би янзалсан гэсэн. Баярбат Отгоогийн цогцосыг булчихсан гэж хэлсэн. Хаана булсан талаар хэлээгүй. Би Баярбатаас айгаад хэлээгүй юм. Намайг амбаар луу ороход Отгон нь хөнжлөө нөмөрсөн байсан. Хувцастай байсан эсэхийг хараагүй, би гар хүрч үзээгүй. Ямар ч байсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Биед нь ил харагдах шарх байсан үгүйг мэдэхгүй байна, анзаараагүй.

Отгоны эрүү нүүр нь хуучин хугарсан гэмтэлтэй юм. Баярбат нь 3 жилийн өмнө Отгоныг зодоод эрүүг нь хугалаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэсэн. Юунаас болж, яагаад зодолдсоныг би мэдэхгүй. Энэ талаар Тогоогийн ах дүү нар мэдэж байгаа байх. Баярбат нь Отгоог “гэрээсээ гарч яваад алга болсон” гэж ах дүү нарт нь хэлсэн гэсэн. Отгоогийн ах дүү нар Отгоог алга болсон гэж л бодож байгаа. Нас барсныг мэдээгүй. Баярбат нь тэр шөнө Отгоог зодсон эсэх талаар юм хэлээгүй. Өглөө унтаж байхад нь би очиж олж хараад нас барсныг мэдсэн.

Баянбаатар тэднийхээр байнга ирж архи уудаг. Отгон, Баярбат хоёр нь архи ууж хоорондоо байнга зодолддог байсан. Отгон нь заримдаа алга болчихоод архи уугаад явчихдаг. Баярбат нь араас нь яваад архи уугаад, хороололд орцны жижүүр хийгээд явж байхад олж ирж байсан удаатай. Баярбат нь хүү Энх-Отгонтой хамт байсан. Энэ хоёр орон дээр унтаж байсан. Өөр хүн байгаагүй. ...Намайг байхад Баянбаатар байгаагүй. Намайг явсны дараа өдөр Баянбаатар ирсэн юм шиг байна лээ. Баярбатын ээж байхгүй байсан. Намайг өглөө очих үед цус болсон, зодоон цохион болсон зүйл мэдэгдээгүй. ..Би айсандаа болоод хэнд ч хэлээгүй, цагдаад хэлэхгүй бол ингэж эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй, хууль мэдэхгүйгээс л ийм юм боллоо.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 103-105х, 153-155х, 225-226х/,

 

8. Г.Баянбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“…Шараагийн Баярбатыг танина. Бид нар нийлж архи уудаг юм. Ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Дөрөв таван жилийн өмнөөс таньдаг болсон. Манайх Баярбатын гэрийн ар талын гудамжинд байдаг байсан. Баярбатынх урд талын гудамжинд байдаг юм. Би голын эрэг дээр ганц юмтай архи ууж сууж байхад Баярбаттай тааралдаад тэгээд хамт архи ууж эхэлсэн. Түүнээс хойш нийлдэг болсон. Бид нар Баярбатыг Баянаа гэж дууддаг юм. Намайг Баянбаатар гэж дууддаг юм. Би Баярбатын гэрээр орж гардаг.

Баярбат нь таван хүүхэдтэй. Том нь одоо Тарваа гээд зургаа билүү долоодугаар ангид сурдаг. Хоёр дахь хүүхэд нь гуравдугаар ангид сурдаг байх. Отгоогийн нэг банди байдаг. Тэр хоёр билүү гуравдугаар ангид сурдаг юм. Ш.Баярбат Золоо гэх хүүхэнтэй сүүлд суусан. Одоо жил болж байгаа. Цагдаа Дэмбээ гэх хүний охин нь юм.

Баярбат нь Золоо гэгчээс өмнө Отгоотой суусан. Отгоотой хэзээ суусныг би сайн мэдэхгүй байна. Намайг анх Баярбаттай танилцаж уулзаж байх үед Отгоотой хамт амьдардаг байсан. Отгоо, Баярбат хоёрын дундаас хүүхэд байхгүй. Отгоо нь дагавар нэг бандитай.

Отгоог одоо хаана байгааг ёстой мэдэхгүй. Өнгөрсөн байх аа. Баянаа надад “Отгоо өнгөрсөн” гэж хэлсэн юм. Би нэг жилийн өмнө байх айлын хашааг давах гээд явж байхдаа Баянаатай Мягаагийн хашаанд уулзсан. Би Отгоогоос бичиг баримтаа авах гэж байсан юм. Би Баянаад “Отгоогоос бичиг баримтаа авах гэсэн юм” гэж хэлсэн. Баянаа “наанаа байж бай, би аваад ирье” гээд явсан. Би Мягаа гэх хүний хашаанд байсан юм. Баянаа надад миний цахим үнэмлэх, группын дэвтэр, эрүүл мэндийн эмнэлэгт үзүүлж байсан дэвтрийг авчирч өгсөн. Би эдгээр бичиг баримтуудаа хадгалуулсан байсан юм.

Би хүнсний талон авах гээд бичиг баримтуудаа өгсөн байсан бөгөөд талоноо Баярбатаас авсан. Маргааш нь би голын эрэг дээр ганцаараа архи уугаад сууж байхад Баянаа ганцаараа уйлсан сууж байсан. Баянаа нь надад “хөгшин нь хүн амины хэрэг хийчихлээ” гэж хэлсэн. Надад хэлэхдээ “Мягаа ах эхлээд мэдсэн” гэж хэлэх шиг болсон. Манай найзууд цөм зугатаад явчихлаа гэж хэлсэн. Баянаа бид хоёр долоо хоног гаруй сав, лааз түүгээд тэрүүгээр архи авч уугаад, хоол ундаа аваад явсан.

...Шараагийн Баярбатыг би Баянаа гэж дууддаг юм. Шараагийн Баярбат өөрийн эхнэр Отгоог цохьсон чинь өглөө үзэхэд өнгөрсөн байна. Өглөө нь “Мягаа ах анх үзсэн” гэж хэлсэн. ...Отгоо гэх хүний цогцосыг би хараагүй.

Ш.Баярбат нь Отгоог цохиж зоддог байсан. Дөрөв таван жилийн өмнө Баярбат, Отгоо бид гурав архи уугаад, Баярбат Отгоо хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэндэхийн айлууд цагдаа дуудаж, цагдаа ирээд Баярбатыг аваад явсан. Отгоогийн эрүү хугарсан гэж сонссон. Эрүүндээ оёдол тавиулсан Отгоо хэлж байсан. Баярбатад зодуулаад эрүү хугарсан гэж байсан.

Отгоо нь нас барсан талаар би мэдэж байна. Золоо мэдэж байгаа. Бас Мягаа ах мэдэж байгаа. Бид дөрөв мэдэж байгаа. Баярбат нь Отгоогийн хүүд “ээж чинь байхгүй байна, хүн дагаад явсан байна” гэж ярьж байсан.

...Д.Отгоны цогцосыг хаана оршуулсныг Баярбат надад дараа нь зааж өгч байсан. Баярбат голын эрэг дээр уйлаад сууж байхад би тааралдаад архи уусан. Тэгээд энэ өдөр орой нь орой Баярбат надад “хоёулаа шороог нь нэмэх үү” гээд Отгоогийн цогцосыг булсан газарт дагуулж очсон. Нисэхийн Хадан хясаагийн эргээр урсдаг Туул голын жижиг салаанаас цаашаа гол гатлаад бургасны яг ар талд дагуулж очсон. Чулуулаг газарт ухаад булсан байсан. Тэгээд шороог гараараа савардаж аваад нэмээд явсан. Булсан газар нь тэгшхэндүү газар байсан.

Баярбатын Д.Отгоны цогцосыг булсан гэх газрыг газар дээр нь очвол зааж өгч чадна. Баярбат нь Отгоны цогцосыг зөөвөрлөхөд би хамт байгаагүй. Цогцосыг зөөхөд би байгаагүй. Баярбат нь “Отгоныг өшиглөсөн гэсэн үү цохьсон гэсэн үү, ямар ч гэсэн цохисон чинь өнгөрчихлөө, хөгшин нь хүн амины хэрэг хийчихлээ” гэж хэлсэн. Цогцосыг яаж булсан газарт авчирсаныг мэдэхгүй, үүрээд зөөж авчирсан гэж өөрөө хэлж байсан.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 148-151х, 152х/,

 

9. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хэргийн 1-р хавтас 1х/,

 

10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 47-49х, 50-54х/

 

11. Хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн  1-р хавтас 63-65х/,

 

12. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас,  55-56х/,

 

13. Г.Баянбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 66-69х/,

 

14. Г.Баярбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 70-73х/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Цогцост үзлэг шинжилгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1446 тоот дүгнэлт:

                                 

                                    Шүүх эмнэлгийн онош:

 

I.    Цогцосны хожуу үеийн өөрчлөлт: Ялзралт, саванжилт.

III. Доод эрүүний шонтон дайрсан болон доод эрүүний зүүн нум хэсгийг дайрсан хоёрлосон хуучин хугарал, Хамар ясны 2 талын хуучин хугарал, Баруун талын 8-р хавирганы зөрөөгүй шинэ хугарал.

                                                        Дүгнэлт:   

1. Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун талын 8-р хавирганы зөрөөгүй шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлийг ямар ч байрлалд авах боломжтой.

3. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул биед учирсан гэмтлийн зэрэг, архаг хууч өвчтэй байсан эсэхийг болон үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.  

4. Талийгаачийн цогцос ялзарч муудсан, эд эрхтнүүд ялгагдахгүй болсон байх тул талийгаач нь согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.  

5. Талийгаачийн үсээр цусны бүлгийг тогтоох боломжгүй байна. Уг цогцос нь залуу эмэгтэй хүний цогцос байх бөгөөд насыг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Цогцосны байдлаас харахад уг цогцос нь чийгтэй, шаварлаг хөрсөнд 1-2 жил болсон байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 107-110х/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны  08 дугаар сарын 11-ний өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 6878 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Отгоны гэх үсний хэсгийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 111х/,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7065 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цогцосны байсан газраас авсан гэх хөрсний дээжин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 115х/,

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7066 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсгийн хөрсний дээжин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 119х/,

 

19. Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7064 тоот дүгнэлтэд:

1. Д.Отгоны гэх цогцосноос авсан гэх үс мэт зүйл нь хүний үс мөн байна. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй.

2. Мөн бол хүний биеийн аль хэсгийн үс байна вэ? гэсэн асуултанд хариулах боломжгүй.

3. Д.Отгоны гэх цогцосноос авсан гэх үс мэт зүйл дээр цус болон биологийн гаралтай мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 123х/,

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Материалаар хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1070 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн яснууд нь хүний зүүн хөлний шагай яс, зүүн хөлний тавхайн 1, 2-р хурууны угийн шивнүүр яснууд байна.

2. Нас, хүйсийг тогтоох боломжгүй.

3. Дээрх яснууд газрын хөрсөнд 1-с дээш жил болсон байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 127-128х/,

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1038 тоот дүгнэлт:

1. Ш.Баярбат нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байсан байна.

2. Ш.Баярбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.

 3. Ш.Баярбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.Баярбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Ш.Баярбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. Ш.Баярбат нь сэтгэцийн ямар нэгэн авчингүй байна.

6. Ш.Баярбат нь мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 232-233х/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 9396 тоот дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйл нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 235-236х/,

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 6877 тоот дүгнэлтэд:          

1. Шинжилгээнд ирүүлсэн үс, шүд, яс зэрэг нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 238х/

 

24. Шинжээч /ДНХ/ Б.Тэнүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 6877 дугаартай дүгнэлтэнд шинжээч эмч Энхбаяраас цогцосноос авсан гэх үс, шүд, ясны хэсгийг ирүүлсэн. Үс, шүд, яс зэргээс ДНХ-ийн тогтоцыг тогтоох зорилгоор ДНХ-ийн стандарт ажлын зааварт (СААЗ) заасны дагуу шинжилгээ хийхэд биеийн хоромсомын ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй тул тус лабораторд ашиглаж буй оншлуураар дүгнэлт гаргах боломжгүй байсан. Энэ нь өөрөөр хэлбэл шинжилгээний эд мөрийн баримт болох үс, яс, шүд зэрэг нь ялзарч муудсан нь шинжилгээнд тэнцэхгүй болсон байсан.

Шүд, яснаас тусгай арга зүйгээр олон улсад илрүүлдэг, манай улсын хувьд энэ шинжилгээг урвах бодисын арга зүй байхгүй учраас хийх боломжгүй. Шинэ ясанд цус болон дотор чөмөг зэрэг эд эс, мөн үсэнд үсний булцуу байгаа тохиолдолд ДНХ-г тогтоож болно. Энэ дээр ирсэн цогцосны дээж нь өгөрч муудсан, эд эсгүй болсон, үсний булцуу байхгүй болсон зэргээс болж ДНХ-г тогтоох боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241х/,

 

25. Шинжээч /биологийн/ Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...7065, 7066 тоот дүгнэлтүүдийг гаргасан. Цогцос байсан гэх газраас авсан хөрсний дээжинд цус байгаа эсэхийг шинжлэн үзэхэд цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Энэ нь цогцос удсан, ялзарч муудсантай холбоотой. Ер нь дан яс л байсан. Үсний хувьд үмхийрч муудсан, булцуугүй байсан нь бүлгийн харьялал тогтоох шинжилгээнд урвал явагдаагүй тул бүлгийн харъалал тогтоох боломжгүй байсан. Хөрснөөс биологийн ул мөр илрээгүй тул ДНХ-г тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 242х/,

 

26. Шинжээч эмч М.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би шинжээчийн 1446 дугаартай дүгнэлт гаргасан. Талийгаачийн цогцос ялзарч муудсан, дотор эрхтнүүдэд ямар нэгэн гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд тогтоох боломжгүй болсон бөгөөд задлан шинжилгээгээр илэрсэн шинэ гэмтэл гэх юм бол баруун талын 8-р хавирганы хугарал. Толгой, цээж рүү дэвсэх үед тархины гэмтэл, цээж хэвлийн эрхтнүүдийн ямар ч гэмтэл үүссэн байж болно. Талийгаачийн доод эрүүний зүүн талын нум хэсэгт хугарал байсан. Энэ нь гүйцэд бороолоогүй хуучин хугарал байсан.

8-р хавирганы хугарал нь элгийг гэмтээж, элэг гэмтсэн гэмтлийн шоконд орж нас барсан байж болно. Би шинжилгээнд үс, яс, хумсны дээж болон ДНХ-н шинжилгээ авч болох бүх дээжийг авч биологийн шинжилгээнд явуулсан боловч ДНХ гарах боломжгүй гэж хариу өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 243-244х/,

 

27. Амь хохирогч Д.Отгоны иргэний үнэмлэхийн лавлагаа баримт, 2007 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн хүү, Д.Отгоны Энх-Отгоны төрсний гэрчилгээний хуулбар баримт  /хэргийн 1-р хавтас 41х, 46х/,

 

28. Хохирлын баримтууд /хэргийн 1-р хавтас 187-196х, 2-р хавтас 72х/,  

 

29. Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хэргийн 2-р хавтас 19-30х, 31-32х/, 

 

30. Шүүгдэгч Ш.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:  

“…Би Д.Отгоныг 1999 оноос хойш мэдэх болсон. 2002 онд Д.Отгоны төрсөн эгч Д.Сүндэрмаагаас салж, 2013 оноос Д.Отгонтой хамтран амьдрах болсон. Д.Отгон бид хоёр хамтран амьдарсан цагаас хойш байнга хэрүүл маргаан хийдэггүй, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгө болон бусад гэр бүлийн асуудлаас болж маргалддаг байсан. Д.Отгон бид 2 хамт амьдарсан цагаасаа хойш архи уудаг байсан. Би уул нь самар түүгээд авчрахаар Д.Отгон зараад мөнгөөр нь архи уудаг байсан.

2015 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Д.Отгон өөрийн төрсөн хүүхэд Энх-Отгоны халамжийн мөнгө болох хорин мянган төгрөгийг авсан. Тэр өдөр гэртээ ирэхдээ нэг шил архитай, өөрөө халамцуу 17 цагийн үед ирсэн. Тэр архийг бид 2 хувааж уусан. Тэр өдөр манайх гэрээ буулгаж байсан. Д.Отгон бид хоёр хамт архиа уучихаад би гэрээ хураасан.

Тэр үед Д.Отгон архинд явна гэж хэлээд 20-21 цагийн үед гэрээс гарсан. ...Удалгүй 15-20 минутын дараа ирэхдээ нэг шил 0.5 литрийн савалгаатай “Стандарт” нэртэй архи авчирсан. Манай хашааны баруун хойд хэсэгт байдаг амбаарт бид хоёр архиа хувааж уусан. Тухайн үед Энх-Отгон гэрээс ус авчирч өгч байсан. 22 цагийн үед архиа ууж эхэлсэн. Архиа  бүрэн ууж дуусаагүй архины шилний ёроол хэсэгт архи үлдсэн байсан. Тухайн үед Д.Отгон бид хоёр хоол хийх асуудлаас болж маргалдсан.

Тэгтэл Д.Отгон “Хүүхдээ аваад явна, пизда” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Отгонд хандаад “наад гэрээ аваад явахгүй юу, чамд мөнгө байгаа биздээ” гэж хэлтэл Д.Отгон “надад мөнгө байхгүй, чамд архийг чинь авч өгсөн биздээ” гэж хэлээд маргалдсан. Тэгээд Д.Отгон амбаараас гараад явах гэхээр нь би зүүн гарнаас нь татаж байгаад хацар хэсэгт нь хоёр удаа алгадсан, тэгээд би түлхтэл орон дээр суусан. Тэгээд Д.Отгон гараад явах гэхээр нь би дахин нэг удаа алгадсан. Тэр үед би үлдсэн архиа аваад Энх-Отгоныг аваад ээж Тогоочийн гэрт нь ороод унтсан.

Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад гэрээс гараад амбаарт ороход Отгон хажуу талаараа хэвтсэн байсан, тэгээд би Д.Отгоныг татаж үзэхэд огт амьсгалахгүй байсан. Тэр үед би Д.Отгоныг үхсэн байна гэж бодсон. Тэгээд би амбаарын хаалгыг хаагаад Энх-Отгоныг босгоод “ээж чинь байхгүй байна” гэж худлаа хэлсэн. Тэгээд хамт гараад Д.Отгоны төрсөн эгч Буянаагийн гэрт очиж, “ Д.Отгоныг нас барсан” талаар хэлэх санаатай очсон боловч хэлж чадаагүй. Тухайн үед Буянаагийн Улаанаа гэдэг хүүхэд хашааныхаа дээгүүр гарч ирсэн. Тэр үед би “Буянаа байна уу” гэж асуусан. Тэгээд би Энх-Отгоныг дагуулаад явсан.

Гэртээ харих гээд явж байхад манай төрсөн эгч Тулгаа, нөхөр нь болох Мягмарсүрэн нар ажилдаа явж байсан, ...би тэр хоёроос 5000 төгрөг гуйж авсан, тэр мөнгөөрөө 0.5 литрийн Стандарт нэртэй архи аваад Мягмарсүрэнгийн гэрээс аяга аваад,  гэрийн хойно байдаг хадан хясаан дээр очиж архиа уусан. Харин Энх-Отгон манай арын айлын хүүхдүүдтэй тоглож байсан. Тухайн үед цаг 09 цаг өнгөрч байсан. Би 13-14 цагийн үед архиа ууж дууссан, ...ууж дуусаад гол дээр очсон. Энх-Отгон голын эрэг дээр тоглож байсан. Энх-Отгоныг үлдээгээд, би өөрөө ганцаараа Нисэх хавиар явсан. 17 цагийн үед Нисэхийн эцэс дээр эртний эдлэл авдаг залуутай тааралдсан. Тухайн үед би тэр залууд гэртээ байдаг эртний цацлыг зарах санаатай нөгөө залууд зарахаар болоод гэрээсээ авчирсан. Нөгөө залуу миний цацлыг 10.000 төгрөгөөр худалдаж авахаар болж зарсан. Би нөгөө мөнгөөрөө нэг шил Боргио пиво, нэг шил Стандарт нэртэй 0.75 литрийн савалгаатай архи авч,  Энх-Отгонд 2 ширхэг бабуулай тараг авж өгсөн. 18 цагийн үед Энх-Отгоны хамт голын эрэг дээр очсон. Голын эрэг дээр Энх-Отгон тоглоод, харин би пиво, архиа уусан.

Тэр үед би хэсэг унтсан байсан, тэгтэл Энх-Отгон намайг 20 цагийн орчимд сэрээсэн. Тэгээд би Энх-Отгоныг дагуулаад манай эгчийн хүүхэд болох Бумзаяагийн гэрт нь очсон. Тэдний гэрт хоол идчихээд Энх-Отгоныг дүүгийнхээ гэрт үлдээгээд гараад явсан. Би тухайн үед ууж байсан архины үлдэгдлийг аваад улаан худаг дээр ирж хар Лхагва гэх хүнтэй хамт уусан. Тэгээд би 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн.

Намайг ирэхэд Д.Отгон сэрээгүй, нас барсан байсан. Тэгэхээр нь би амбаарын хажууд байсан цагаан өнгийн 50 кг-н шуудайнд Д.Отгоны хөл хэсгийг нь хийгээд, үүрээд манай гэрийн хойно байдаг хадан хясаа руу явсан. Би тэр үед Д.Отгоны цогцсыг хаях санаатай явсан. Хадан хясааны ард голын хажуу талд хайрганд булсан. Тухайн үед хайрганд хонхорхой болсон байхаар нь би эргийг нь нураагаад булсан. Тэгээд би Сонсголонгийн гүүрэн дээр суугаад өглөө болгосон.

Өглөө нь Баянбаатар Сонсголонгийн гүүр лүү уруудаад явж байхаар нь Баянбаатараар архи авхуулаад, тэр архиа хувааж уусан.  Би тэр үед Баянбаатарт “Д.Отгон нас барчихлаа, би түүнийг хайрганд булчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Баянбаатар “одоо яана аа” гэж хэлсэн. Тэгээд би Баянбаатараас 12 цагийн үед салсан. Баянбаатар “ахындаа очно” гээд явсан, харин би гэртээ ирсэн. Би гэртээ ирж хувцсаа солиод ээж дээрээ очих гээд явсан.

Би болсон асуудлын талаар Баянбаатараас өөр хүнд хэлээгүй. Д.Отгоныг нас барсан өглөө манайд өөр хүн ирээгүй. Харин Буянаа эгчийн гэрт очоод ирэх үед манай хүргэн ах Мягмарсүрэн, эгч Тулгаа нартай тааралдсан. Д.Отгоныг нэг удаа түлхэж, хоёр удаа алгадсан. Намайг түлхэх үед Д.Отгон орон дээр суусан. Д.Отгоны биед гэмтэл учраагүй. Тухайн өдрийн орой Д.Отгон намайг гэрээс гарч ирээд бие засах гэж байхад амбаарын хаалгыг дотор талаас нь хааж байсан. Тэр үед би Д.Отгоныг унтах гэж байгаа юм байна гэж бодоод гэртээ ороод унтаад өгсөн.

Д.Отгон бид хоёр хамт 2 шил архи хувааж уусан. Бид хоёр нилээн согтуу байсан. Би тухайн үед сандраад цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй юм. Д.Отгоны биед гэмтэл учраагүй. Д.Отгоны цогцсыг би айсандаа булсан юм. Би тухайн үед “Д.Отгоныг намайг алсан гэж хүмүүс хэлэх байх” гэж бодоод айсан. Би Д.Отгоныг алаагүй. Би Д.Отгоныг ар гэрийнхэнд нь хаана байгаа талаар мэдэхгүй гэж хэлсэн. Д.Отгоны ар гэрийнхэн 2015 оны 12 сарын үеэс эхэлж асуусан. Би талийгаачийн булсан газрыг зааж өгч чадна. Манай гэрээс ойролцоогоор 1 км холгүй газар булсан. Д.Отгонтой хамтран амьдрах хугацаандаа түүнийг зодож байгаагүй. Би түүнийг алгадах, түлхэж унагаах тохиолдол байсан. Талийгаачийг тухайн үед яг юунаас болсон юм бол гэж бодоогүй. Талийгаач архи уудаг, ажил хийдэггүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 142-146х/,

Мөн шүүгдэгчийн  яллагдагчаар өгсөн: 

“...Миний санаж байгаагаар 2015 оны 06 сарын 16-ны өдөр манай талийгаач эхнэр хүүхдийн халамжийн мөнгө авахаар явсан. 11 цагийн үед яваад 13-14 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхдээ халамцуу архи уусан байдалтай ирсэн. Мөн өөрөө нэг шил 0.5 литрийн савлагаатай Стандарт нэртэй архи авчирсан. Тухайн үед манайх гэрээ буулгасан байсан бөгөөд эхнэрийн авчирсан архийг бид 2 хувааж уусан. Архиа ууж дуусчихаад би Ойгон нэртэй хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай архи авчирсан. Ба гархдаа эхнэрийг хоолоо хийгээд байж байгаарай гэж хэлээд гарсан юм. Намайг 17 цагийн орчимд орж ирэхэд Отгон хоол ундаа хийгээгүй, зүгээр сууж байсан. Тэгээд би яагаад хоолоо хийгээгүй юм бэ гэхэд жоохон байж байгаад хийе гээд, би авчирсан архиа задлаж хувааж уусан. Тэгээд орой болж байсан болхоор гадаа гарч, гэрийнхээ эд зүйлүүдийг хураасан. Би Отгоныг хоолоо хийгээч гэхэд өнөөдөр хоолоор яах юм бэ, хоолоо өглөө хийе гэж байсан. Тэгээд бид хоёр зуны амбаарт архиа хувааж уусан. Тэгээд би үлдсэн архиа аваад нэг хашаанд байдаг өөрийн төрсөн эх орсон. Намайг ээжийн гэрээс гараад ирэхэд Отгон “одоо явлаа” гэж хэлээд зогсож байсан. тэгээд би талийгаачийн зүүн гаран дээрээс татаж ирээд алгадсан. Гэтэл талийгаач “чи яахаараа намайг алгаддаг юм бэ” гээд маргаан гарсан. Тэгээд би талийгаачийг хүчтэй татах үед орон дээр  унасан. Тухайн үед Энх-Отгон ээжийн гэрт байж байгаад ороод ирсэн байсан. ...Талийгаач “Энх-Отгоныг ус аваад ир” гэж хэлсэхэд ...2.5 литрийн савалгаатай ус авчирсан. Тэр уснаас талийгаач уусан, дараа нь би талийгаачийн үсэн дээр ус хийж өгсөн. Тэгээд би үлдсэн архийг талийгаачид хийж өгсөн. Дараа нь би дахиад талийгаачийг хоолоо хийчих гээд гуйхад өглөө хийе гэхэд нь тэг тэг гээ хэлээд өөрийн ээжийн гэрт орсон. Талийгаач амбаарт ганцаараа үлдсэн. Тэгээд Энх-Отгон бид хоёр хоолны бэлтгэлээ хийчихээд буцаж гараад амбаарт ороход талийгаач хэвтэж байсан. Дараа нь хэсэг хугацаанд гэртээ байж байгаад гараад ирэхэд талийгаач унтаж байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод Энх-Отгонтой хамт унтсан.

Маргааш нь 9 цагийн үед босоод амбаарт ороход талийгаач  газарт хэвтэж бйасан, би босооч гэж хэлээд татахад талийгаач нас барсан байсан. Би гэрт ороод Энх-Отгоныг сэрээгээд “”Ээж чинь хаана байгаа юм бэ” гэж асуугаад түүнийг дагуулаад талийгаачийн төрсөн эгч Буяннэмэхийн гэрт нь очихоор явсан. Би талийгаачийн эгяид талийгаачийг нас барсан гэдгийг хэлэх гэж явсан юм. Харин тухайн үед Энх-Отгоноор талийгаачийн эгч Буяннэмэхийг дуудуулахад хүүхэд нь гарч ирээд, өөр хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь айгаад хэлэлгүй, буцаад Энх-Отгоныг аваад явсан.

...Би архи ууж сууж байгаад талийгаачийн цогцсыг нуухаар болсон. Орой нь 23 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд би талийгаачийн цогцсыг шуудайнд хийгээд ганцаараа үүрээд явсан. Гэрээсээ гараад зүүн хойшоо Туул голын эрэг дээр ирээд, голын эрэг орчимд байх хонхорхойд толийгаачийн цогцсыг хийгээд эрэгний хайргыг нураагаад булсан. Тэгээд айгаад гэртээ ирэлгүй 2-3 хоног гадуур хоносон.

Талийгаачийг булсаны дараа маргааш нь би Сонсголонгийн гүрэн дээр Баянбаатартай тааралдсан. Би Баянбаатарт “талийгаачийг алчихлаа” гэж хэлсэн. “Цагдаа мэдэх юм бол олон жилийн ял авна” гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн цогцсыг нуусан талаараа хэлсэн. Бид хоёр архи хувааж уусан. Би Баянбаатарыг “цагдаад битгий хэлээрэй”  гэж нэг ч удаа хэлээгүй, бас гуйгаагүй. Тэгээд бид хоёр салсан. Тэгээд би гэртээ харьсан.

Намайг гэрт ирэхэд манайд О.Энх-Отгон, манай хүүхэд Саруулсайхан нар байгаагүй. Тэгээд би талийгаачийн ах дүү нарт “талийгаачийг гэрээсээ гараад явсан хаашаа явсан талаар мэдэхгүй байна” гэж хэлдэг байсан. Нисэхийн хүмүүс “талийгаачийг өөр хүнтэй суугаад явчихсан” гэж ярих болсон.

Миний санаж байгаагаар хэрэг учрал 2015 оны 06 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд болсон.

Би Энх-Отгоныг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Би урьд өмнө талийгаачийг зодож байгаагүй, хоорондоо маргалддаг байсан. Нэг удаа над руу аяга аваад шидэхээр нь би түүнийг нэг удаа цохиж нүдийг нь хөхрүүлж байсан. Би талийгаачийн цогцсыг айсандаа булсан. Би унтаж босож ирээд талийгаачийн унтсан амбаарт ороод түүнийг сэрээх гэхэд нас барсан байсан. Талийгаачийг яагаад нас барсан талаар хэлж мэдэхгүй байна. Мягмарсүрэн хэзээ мэдсэн талаар мэдэхгүй. Баянбаатар нь талийгаачийг нас барсан өглөө манайд ирсэн. Тухайн үед би бичиг баримтуудыг гаргаж өгөөд түүнийг гэртээ оруулаагүй. Баянбаатарт талийгаачийн цогцсыг булсан газраа яг тодорхой зааж өгөөгүй. Харин тэр хавьд гэж барагцаагаар зааж өгсөн. Мягмарсүрэн, Баянбаатар нарыг дарамталсан, айлгаж сүрдүүлсэн тийм асуудал байхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсан талаар хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 158-161х/,

Мөн яллагдачаар өгсөн:

”...Би тэр орой талйигаач Отгоныг хоол хий гэсэн чинь өглөө хийе гэхээр нь би одоо хоол хий гэхэд тэгвэл би явна  гээд маргасан. Бид 2 тэгэхэд зуны амбаарт байсан.  Би явна гэхэд нь гарнаас татаж ирээд баруун шанаанд нь алгадсан. ...дахиад нэг удаа алгадахад амнаас нь цус гарсан байсан. Тэгэхэд хажууд байсан хүү Энх-Отгоныг ус аваад ир гэсэн чинь боргио пивоны саваар ус аваад ирсэн. Тэгээд амаа угаагаад орон дээр сууж байсан.

...Маргааш өглөө 8 цагт босоод очиж үзэхэд өнгөрчихсөн байсан. ...Би таийгаачийн шарилыг хөлөнд нь том цагаан өнгийн шуудай углаад, мөрөлж үүрээд гол руу явсан. Тэгэхэд талийгаач цагаан өнгийн подволктай, цагаан канттай цэнхэр өнгийн  өмдтэй байсан. Тэгээд тэр хувцастай нь аваад явсан. Гол дээр очоод голынхаа наад талын хайрган дээр хонхорхой газар аваачиж тавиад дээрээс нь хайргаар булсан.

...Би талийгаачийг хоёр удаа л алгадсан. Өөрөөр цохиогүй. Энх-Отгон худлаа ярьж байна. ...Талийгаач 2012 онд мориноос унаж эрүүгээ хугалсан. Үүний дараа 2014 оны 4 сард гадуур тэнэж яваад бас эрүүгээ хугалсан байсан. Отгон байсгээд л гадуур тэнээд явчихдаг байсан. 2013 онд бид хоёр муудалцаад над руу аяга аваад шидэхээр нь би баруун нүдэнд нь нэг удаа цохиж гэмтээж байсан. Өөрөөр түүнийг зодож байгаагүй. Сүүлдээ архинд их орсон. Архи их уудаг болсон. Гэртээ ирэхгүй сараар алга болдог байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 246-247х/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Б.Бямбажаргал, Ш.Лхагваа, Д.Тогооч нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95-100х, 219-221х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 163х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 173х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 177х, 249х/, Ш.Баярбатын төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 248х/,  Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 сарын 21-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол, /хэргийн 2-р хавтас 8-10х, 11-12х/, Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хавтас 13х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, хэргийн 1-р хавтас 163х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 19х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Мөн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:  

 

Шүүгдэгч Ш.Баярбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2015 оны 06 сарын 16-ны өдрийн орой, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын 16 дугаар гудамжны 314 тоот дахь өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Отгонтой “хоол хийсэнгүй” гэсэн ахуйн шинжтэй маргаан буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, амь хохирогчийн бага насны буюу 7 настай хүү О.Энх-Отгоны дэргэд талийгаач Д.Отгоны хавирга болон толгойн хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн, улмаар уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь хохирогчийн цогцсыг Хан-Уул дүргийн 9-р хорооны нутаг, Нисэхийн хадан хясааны эргээр урсах Туул голын бургасанд аваачин газарт булсан болох нь:

- насанд хүрээгүй гэрч О.Энх-Отгоны “...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манайх гэрээ буулгасан. Энэ өдөр манай ээж миний халамжийн мөнгийг аваад Баярбат ахтай архи ууж эхэлсэн. Тэгээд маргааш нь ... дахиад ээж, Баярбат ах нар архи ууж эхэлсэн. ...Тэгээд нар жаргах гэж байхад ... 19-20 цагийн үед Баярбат ах ээжийг зодож эхэлсэн. ...Баярбат ах ямар шалтгаанаар ээжийг зодсоныг мэдээгүй, нэг мэдэхэд ээж “ёо ёо” гэж хэлээд орилоод байсан. Би айгаад гэрийнхээ араар орсон.

Ямар нэгэн чулуу модоор цохиогүй, харин хавирга толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд цохиж байсан. Баярбат ах тухайн үед аймаар согтуу байсан, харин ээж арай гайгүй согтуу байсан. Ээжийн уруулаас цус гарч байсан. Баярбат ахад зодуулаад ухаан алдчихсан. Тэгтэл Баярбат ах намайг дуудсан. Тэгээд яваад очтол Баярбат ах намайг ус аваад ир, ээж чинь ухаан алдчихлаа гэсэн. Тэгээд би гэрт ороод том пивоны саваар ус авчирч өгсөн. Би 8 удаа ус авчирч өгсөн. Ээж тэр үед сэрэхгүй байсан. Тэгээд хамгийн сүүлд нь авчирсан усыг Баярбат ах ээжийн амруу хийтэл ээж сэрсэн. Ээж сэрсэн боловч юм яриагүй, орлуугаа өнхөрсөн.

Ээж, Баярбат 2-ын зундаа амьдардаг байшинд ор байдаг бөгөөд ээж тэр орлуугаа зүтгэж байсан. Тэгээд би Баярбат ахтай хамт Тогооч эгчийн гэрт нь ороод хоол хийсэн. Тэгээд ээжид хоол өгөх гээд байшинд ороод дуудтал ээж босож ирэхгүй, хоолой нь сөөчихсөн, нэг авиа гаргаад дахиж дуу гараагүй. ...Баярбат ах манай ээжийг байнга зоддог байсан. Хавиргыг нь хугалж эрүүг нь 3 удаа хугалж байсан. Хамгийн сүүлд эрүүг нь хугалахдаа төмөртэй гутлаар эрүү хэсэгт нь өшиглөж байсан. Гурилын мод, галын дэгээ зэргээр зоддог байсан. Манай ээжийг зодсоны дараа намайг бас зоддог байсан. Хөл гараараа зодож, бас өмдний тэлээгээр зоддог байсан. Намайг бага байхад миний хөл рүү өшиглөж байсан. Би 7 хоног хэвтэж байгаад хөл дээрээ хүйтэн жин тавиад зүгээр болж байсан. Бас өөрийнхөө хүүхдүүдийг аймаар зоддог. Зодоон болсны маргааш би ээжийнхээ үлдсэн амбаарт орж үзэхэд их бохир байсан, мөн амбаарын хивсэнцэр дээр цус тогтсон байсан. Мөн архины шил байсан. Би зодооны талаар ганцхан Сүндэрмаа эгчид хэлсэн. Баярбат ахаас айгаад өөр хүнд хэлээгүй. Баярбат ах өөр хүнд битгий хэлээрэй гэсэн...  

...Намайг нэг харахад ээж газар хэвтэж байсан, Баянаа агаа ар нуруу орчим руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би айгаад гэрийн ар луу гүйгээд орчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 80-83х, 215-213х/,

- Н.Мягмарсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...Тэр шөнө Баярбатын амбаар гэрэлтэй, гэр нь эзгүй байсан. Би амбаар руу нь ороогүй. Гэрт унтаад, маргааш нь өглөө 08-аас 09 цагийн хооронд Баярбатын гэр рүү орсон. Баярбат нь Отгоны хүүхэдтэй хамт унтаж байсан. Баярбатын амбаар онгорхой, хаалга нь хагас хаасан байхаар нь Баярбатыг босгоод гэр орноо янзлаа ч гэж хэлсэн. Баярбатыг босгочихоод амбаарын хаалгыг хаах гээд орсон чинь амбаарт нь Отгон нь ганцаараа хөнжлөө нөмөрсөн, хөлөө ачсан, баруун хажуугаараа хэвтэж байсан. Отгон нь аймар харласан байсан. Отгоо “босооч ээ” гэж дуудсан чинь босохгүй байсан. Би тэгээд Баярбат дээр очоод Баярбатаа “босооч ээ, авгай чинь яасан бэ, бие нь өвдсөн юм уу” гэж хэлсэн. Баярбат амбаарт очиж үзээд “өнгөрсөн байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 103-105х, 153-155х, 225-226х/,

- Г.Баянбаатарын сэжигтнээр өгсөн: “...Баянаа надад “Отгоо өнгөрсөн” гэж хэлсэн юм. ... би голын эрэг дээр ганцаараа архи уугаад сууж байхад Баянаа ганцаараа уйлсан сууж байсан юм. Баянаа нь надад “хөгшин нь хүн амины хэрэг хийчихлээ” гэж хэлсэн. ... Баянаа хэлэхдээ “Нэг цохьсон чинь Отгоо өнгөрчихлөө” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- хохирогчийн төлөөлөгч Д.Буяннэмэхийн шүүхийн хэлэцүүлэг болоод мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.Отгоны төрсөн эгч нь байгаа юм. ...Д.Отгон нь 2015 оны зунаас хойш сураг чимээгүй болсон. Би Ш.Баярбатын гэрт нь очиж Д.Отгоныг байнга асуудаг байсан. Ш.Баярбатын гэрт нь очоод Д.Отгоныг асуухад “Лүнгийн залуутай суугаад явчихсан” гэж хэлдэг байсан. ...Д.Отгон надад “Ш.Баярбат зодож байгаад миний эрүүг хугалсан” гэж ярьж байсан. Би амьдарч байсан зуны амбаарт нь ороход Д.Отгоны бичиг баримт бүгд байсан. Мөн Д.Отгоны хувцас хэрэглэлийг угаагаад цэвэрлээд тавьчихсан байсан. Хэрвээ хүнтэй суугаад явсан бол хувцас хунар, иргэний үнэмлэх баримт бичгээ аваад явах ёстой. Ш.Баярбат нь хүний өөдөөс эгц харж чадахгүй, гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг их сэжигтэй байдаг байсан. 2016 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл өгсөн. Тэгээд “эргээд ирж магадгүй” гээд нэг сар хүлээж байгаад, эргүүл хайгуулаа эхлүүлсэн юм шиг байна лээ. Талийгаач хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн Бурхантын 16-316 тоотод хүү Энх-Отгон, Баярбат, түүний ээж Тогооч, Баярбатын төрсөн 3 хүүхдүүд нартай хамт амьдарч байсан. ...Уг нь талийгаач дүү Отгон нь нөхөр Баярбатаас сална гээд бэлдэж байсан. Тэгээд алга болсон гэхээр нь нөхрөөсөө салаад явсан юм байх гэж бодоод бид хугацаа алдсан байсан. Талийгаачийг шүдний аппаратаар нь, эрүүний хугарлаар нь таньсан. Талийгаачийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оршуулсан. ...Талийгаачийн оршуулгын зардалд 5.330.350 төгрөг нэхэмжилнэ. Талийгаач дүүгийн хүүхэд Энх-Отгоны төрсөн эцэг нь нас барсан, тэгээд тэжээгчээ алдсаны тэтгэмж сард 140.000 төгрөг авдаг байсан. Мөн хүүхдийн мөнгө 20.000 төгрөг авдаг. Баярбат нь талийгаачийг нас барснаас хойш түүний картаар 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хүртэлх хугацаанд АТМ-с хүүхдийнх нь тэтгэмжийн мөнгийг авч ашигласан байгаа юм. ...Бүтэн жилийн хугацаанд авч ашигласан хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэхэмжилнэ. Мөн ах, дүү, төрөл садан бидний сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг Баярбатаас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- Шинжээч эмч М.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шинжээчийн 1446 дугаартай дүгнэлт гаргасан. Талийгаачийн цогцос ялзарч муудсан, дотор эрхтнүүдэд ямар нэгэн гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд тогтоох боломжгүй болсон бөгөөд задлан шинжилгээгээр илэрсэн шинэ гэмтэл гэх юм бол баруун талын 8-р хавирганы хугарал. Толгой, цээж рүү дэвсэх үед тархины гэмтэл, цээж хэвлийн эрхтнүүдийн ямар ч гэмтэл үүссэн байж болно. Талийгаачийн доод эрүүний зүүн талын нум хэсэгт хугарал байсан. Энэ нь гүйцэд бороолоогүй хуучин хугарал байсан. 8-р хавирганы хугарал нь элгийг гэмтээж, элэг гэмтсэн гэмтлийн шоконд орж нас барсан байж болно. Би шинжилгээнд үс, яс, хумсны дээж болон ДНХ-н шинжилгээ авч болох бүх дээжийг авч биологийн шинжилгээнд явуулсан боловч ДНХ гарах боломжгүй гэж хариу өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 243-244х/, Шинжээч /ДНХ/ Б.Тэнүүн, шинжээч /биологийн/ Ц.Бямбадорж нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241х, 242х/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Цогцост үзлэг шинжилгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “ Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун талын 8-р хавирганы зөрөөгүй шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлийг ямар ч байрлалд авах боломжтой, талийгаачийн цогцос ялзарч муудсан тул биед учирсан гэмтлийн зэрэг, архаг хууч өвчтэй байсан эсэхийг болон үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна, талийгаачийн цогцос ялзарч муудсан, эд эрхтнүүд ялгагдахгүй болсон байх тул талийгаач нь согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна, талийгаачийн үсээр цусны бүлгийг тогтоох боломжгүй байна, уг  цогцос нь залуу эмэгтэй хүний цогцос байх бөгөөд насыг нарийвчлан тогтоох боломжгүй, цогцосны байдлаас харахад уг цогцос нь чийгтэй шаварлаг хөрсөнд 1-2 жил болсон байх боломжтой байна...” гэсэн 1446 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 107-110х/, шинжээчийн 6878 тоот, 7065 тоот, 7066 тоот, 7064 тоот дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хэргийн 1-р хавтас 1х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 47-49х, 50-54х/, хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 63-65х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас, 55-56х/, Г.Баянбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 66-69х/, Ш.Баярбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 70-73х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Баярбат нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 1-р хавтас 232-233 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1038 тоот дүгнэлтээр нотлогджээ. 

 

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “онц харгис хэрцгий аргаар” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алсан, тэдэнд шаналал зовлон учруулсан зэрэг шинж чанарын хувьд хүнийг алахдаа гэмт этгээдийн сонгож авсан онц жигшүүртэй, харгис аргуудыг хамруулж ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.Баярбат нь амь хохирогч Д.Отгоныг түүний бага настай буюу 7 настай хүү О.Энх-Отгоны дэргэд зодож алсан үйлдэл нь онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Баярбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ш.Баярбатыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ш.Баярбат нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 215 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаанаас өмнө өршөөн суллагдсан, мөн дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний хувьд ялтайд тооцогдох хугацаа нь дуусгавар болж, ялгүй болсон байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч болон насанд хүрээгүй гэрч Д.Энх-Отгон нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн, тэдгээрийн хэн нь илүү их согтолттой байсныг нөхөн тогтоох боломжгүй нөхцөл байдалтай зэргээс хохирогчийг “биеэ хамгаалах чадваргүй байсан” гэж үзэхгүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Ш.Баярбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүний үйлдэлд “онц харгис хэрцгий” аргаар хүний амь хохироосон зүйл байхгүй байна, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Ш.Баярбатыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял хариуцлага хүлээлгэх, ингэхдээ тухай зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү” хэмээн санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх, дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

 

Мөн хэрэгт талийгаач Д.Отгоны хүү Энх-Отгон нь 2007 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар баримт авагдсан, тэрээр гэмт хэрэг гарах үеийн байдлаар 2015 оны 06 сард 07 нас 11 сартай байсан байхад түүнийг яллах дүгнэлтэд 6 настай гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн тухайд:  

 

Хохирогчийн төлөөлөгч Д.Буяннэмэх нь амь хохирогч Д.Отгоны оршуулгын зардалд 5.330.350 төгрөг, хохирогчийг нас барснаас хойш 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртлэх хугацаанд шүүгдэгч Ш.Баярбат нь түүний насанд хүрээгүй хүүхдийн урьд авдаг байсан сар бүрийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 140.000 төгрөг, хүүхдийн мөнгө 20.000 төгрөгийг тус тус картаар нь авч ашигласан үндэслэлээр авсан бүх мөнгийг буцаан гаргуулах, мөн сэтгэл санааны хохирол гэж 10.0 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулна хэмээн нэхэмжилсэн.

 

Шүүх дээрх нэхэмжлэлээс хэрэгт авагдсан хохирогчийн төлөөлөгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргасан баримтын хүрээнд нотлогдож буй хэмжээнд 5.098.473 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Баярбатаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.   

 

Харин хохирогчийн төлөөлөгчөөс гаргасан сэтгэл санааны хохирол 10.0 сая төгрөг болон 2015 оны 07 сараас 2016 оны 04 сар хүртлэх хугацаанд Ш.Баярбатын авч ашигласан гэх талийгаачийн хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж зэрэг бусад шаардлагад хамаарах нотлох баримтыг хохирогч тал хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд хохирогчийн төлөөлөгч нь дээрх шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Амь хохирогчийн төрсөн хүүхэд О.Энх-Отгон нь одоо асрамжийн газарт байгаа гэх ба Отгоны Энх-Отгон 2007 оны 07 дугаар сарын 06-нд /РД:УЖ07270632/ төрсөн, насанд хүрээгүй болох нь төрсний гэрчилгээний хуулбар баримтаар /хэргийн 1-р хавтас 46х/ нотлогдсон байх тул насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эсэх асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг зохих шатны Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Ш.Баярбат нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд сэжигтнээр /хэргийн 1-р хавтас 138х/, яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 10 сарын 04-нөөс 2016 оны 11 сарын 03-ны өдөр, 2016 оны 11 сарын 03-наас 2016 оны 12 сарын 03-ны өдөр, 2016 оны 12 сарын 03-наас хэргийг шүүх шийдвэрлэх хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр /хэргийн 1-р хавтас 141х, 202х, хэргийн 2-р хавтас 28х, 40х/ тус тус цагдан хоригдсон нийт 173 /нэг зуун далан гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журмын түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны үйл явцыг харуулсан бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэргийн газраас бэхжүүлэн авсан яс 3 ширхэг, /1 ууттай/, хөрсний дээж 2 уут зэрэг зүйлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэн, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  тогтоолд дурьдав.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                             

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Магнаг овогт Шараагийн Баярбатыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Ш.Баярбатыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ш.Баярбатад оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ш.Баярбатын цагдан хоригдсон 173 /нэг зуун далан гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ш.Батбаяраас 5.098.473 /таван сая ерэн найман мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 21-971 тоот хаягт оршин суух, /РД:ФЖ80041003/ Боржигон овогт Дамбын Буяннэмэхэд олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасан журмын дагуу CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн яс 3 ширхэг, мөн газраас хураан авсан хөрсний дээж 2 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ш.Баярбатын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн төлөөлөгч Д.Буяннэмэх нь нэхэмжлэлээс үлдэх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Отгоны Энх-Отгон /РД:УЖ0727632/-д зохих журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгусугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ш.Баярбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.Баярбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД  

 

                                ШҮҮГЧИД                                               Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                               П.ТУЯАТ