Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 561

 

“Д” СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ф” ХХК, “С” ХХК-д холбогдох

 

Эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хариуцагч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Д” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д--эг хотхоныг “С” ХХК нь барьж, 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 3362016 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулж улсын комисс хүлээж авсан. “Д” СӨХ нь хуульд заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ба үүнээс өмнө орон сууцны өдөр тутмын үйл ажиллагааг барилгын компани хийж, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн орон сууцны нийтийн зориулалттай хэсгийг акт үйлдэн СӨХ-д хүлээлгэж өгсөн. Актаар тухайн байранд хамаарах нийтдээ 10.873 м.кв, барилгажилтын талбай нь 8.862 м.кв, нийт талбай нь 27.295 м.кв гэж тооцоход ашигтай талбай нь 6.444 м.кв, 132 айлын орон сууцыг “Д” СӨХ-д хүлээлгэж өгч, компанийн зүгээс гаргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 4 хөрөнгийг нийтийн эзэмшил гэж шилжүүлж өгсөн. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд нийтийн зориулалтаар ашиглаж ирсэн. “С” ХХК-ийн охин компани “Ф” ХХК нь тухайн барилгын нийтийн эзэмшлийн 1 давхрын 50.28 м.кв талбай бүхий өрөөг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 100 тоот хаягт Ү-2203047328, зоорийн давхрын нийтийн эзэмшлийн 17.66 м.кв талбай бүхий, агуулахын зориулалттай өрөөг 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 1 тоот хаягт Ү2206047188 дугаар гэрчилгээтэй өрөө С-3 орон сууцад огт байхгүй өрөөг байгаа мэтээр хэлцэл хийж зарсан. Зоорийн давхрын нийтийн эзэмшлийн 20.54 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай өрөөг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2 тоот хаягт Ү2206047190 дугаартай, зоорийн давхрын нийтийн эзэмшлийн 14.54 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай өрөөг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3 тоот хаягт Ү2206047183 дугаартай, зоорийн давхрын нийтийн эзэмшлийн салхивчны зориулалттай агааржуулалт бүхий 30.59 м.кв талбай бүхий өрөөг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ү22060447175 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хууль бусаар гаргуулж авсан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар маргааны зүйл болох 4 үл хөдлөх эд хөрөнгө нь “Д” СӨХ-ийн дундын өмчлөлийн зүйл болох нь тодорхой. Гэтэл Оюуны өмч улсын бүртгэлийн газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 7 дугаар сарын 16-ны өдрүүдэд “Ф” ХХК-д шилжүүлсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээг хууль зөрчиж гаргасан. Энэ асуудлаар хууль бус акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тухайн 17.66 м.кв талбай бүхий өрөө байхгүй нь тодорхой болсон. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр маргаан бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч “С” ХХК болон “Ф” ХХК-ийн хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2016 оны 05 сарын 29-ний өдөр байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх С-3/100, 2016/01, С-3/2, С-3/4 дугаартай гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ф” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Д--эг 3 байранд байрлах дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга захиалгаар бариулах гэрээний дагуу захиалан бариулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч юм. Үүнд:

  1. . Улсын бүртгэлийн Ү-2206047328 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 1 давхрын 100 тоот хаягт байрлалтай 50.28 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай,

2.Улсын бүртгэлийн Ү-2206047188 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхрын 1 тоот хаягт байрлалтай 17.66 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай,             3.Улсын бүртгэлийн Ү-2206047190 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхрын 2 тоот хаягт байрлалтай 20.51 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай,

4.Улсын бүртгэлийн Ү-2206047183 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхрын 3 тоот хаягт байрлалтай 14.54 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай,

5.Улсын бүртгэлийн Ү-2206047175 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй зоорийн давхрын 4 тоот хаягт байрлалтай 30.59 метр квадрат агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь “С” ХХК бөгөөд орон сууцны СӨХ-той гэрээ байгуулан СӨХ-ны чиг үүргийг өөрийн охин компани “Эс Жи Ливинг” ХХК-иар гүйцэтгүүлж байсантай холбоотойгоор ашиглалтад орсон цагаас нь хойш үнэ төлбөргүй ашиглуулж байсан.

“Эс Жи Линвинг” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс СӨХ-той байгуулсан СӨХ-ны үйл ажиллагааг гүйцэтгэх гэрээг цуцалсан тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг суллаж өгөхийг шаардан албан бичиг хүргүүлсэн боловч СӨХ олон жил ашиглаж ирсэн тул суллаж өгөхгүй гэж амаар мэдэгдсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл биш бөгөөд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.4 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлд хамаарахгүй. Мөн бид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуулийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах журмыг зөрчөөгүй ба улсын бүртгэгч нь уг хуулийн 14 дүгээр зүйл, мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь СӨХ-ны өмч биш, дундын өмчлөлийн зүйл биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий эд хөрөнгийг дангаар өмчлөх эд хөрөнгө гэж үзэж байгаа, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.4 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д тодорхой заасан. Сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг хэлнэ. Д байрны доод давхарт байрлах маргаан бүхий 4 обьект нь ханаар тусгаарлагдсан хаалга, цоожтой агуулахын зориулалттай. Иймд үүнийг 2016 оны 5 дугаар сард захиалгаар бариулах орон сууцыг шилжүүлэх хүсэлт гаргаж бүртгэл хийлгэсэн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сард буцааж “Ф” компани бэлэглэлийн гэрээ байгуулж буцааж “С” ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас 2012 оны 11 дүгээр сард эдгээр обьектуудыг СӨХ-ийн дундын өмчлөлд шилжүүлж өгсөн гэж байгаа боловч энэ нь зөвхөн ашиглалтын зориулалтаар шилжүүлж өгсөн бөгөөд ашиглуулж байсан гэрээ байгаа. “Монгол корпорейшн” компани болон “Эс жи ливинг” компани нарт ашиглуулж байсан гэдэгтэй санал нийлж байгаа, гэхдээ өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн талаар ямар нэг баримт материал байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206047328 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 давхрын 100 тоот хаягт байрлалтай, 50.28 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206047190 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, зоорийн давхрын 2 тоот хаягт байрлалтай, 20.51 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206047183 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, зоорийн давхрын 3 тоот хаягт байрлалтай, 14.54 метр квадрат талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206047175 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, зоорийн давхрын 4 тоот хаягт байрлалтай, 30.59 метр квадрат агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д--эг C-3 СӨХ мөн болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар “Ф” ХХК, “С” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх С-3/100, 2016/01, С-3/2, С-3/3, С-3/4 дугаартай гэрээ, 2017 оны 01 сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн  бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825350 төгрөгийг орлогод хэвээр үлдээн, хариуцагч ”С” ХХК, ”Ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 825350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ”Д” СӨХ-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ”С” ХХК, ”Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Д--эг хотхоны СЗ байрны 1 давхарын 100 тоот хаягт байрлах 50.28 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, зоорийн давхрын 1 тоот хаягт байрлах, 17.66 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, зоорийн давхарын 2 тоот хаягт байрлах, 20.51 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, зоорийн давхарын 3 тоот хаягт байрлах, 14.54 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, зоорийн давхарын 4 тоот хаягт байрлах, 30.59 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан ямар үндэслэлээр оршин суугчдын дундын өмчлөлийн зүйл болохыг тогтоосон нь тодорхойгүй бус, ойлгомжгүй байна. Хариуцагч талаас энэхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохыг Иргэний хуульд заасныг үндэслэн тайлбарласныг анхан шатны шүүх хэрхэн үзэж ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заасан шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангаагүй.

Мөн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүд нь хуулийн ямар шаардлагыг хангаагүй, эсхүл ямар хуулийг зөрчиж байгуулсанаас хүчин төгөлдөр буст тооцож байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

Түүнчлэн хэргийн материалын 21-23 дугаар хуудсанд Д--эг хорооллын СЗ орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцсэн актад "С" ХХК-ийг төлөөлж захирал Х.Карибэ, ерөнхий менежер Я.Күдо, сантехник, цахилгааны хэлтсийн дарга Х.Оосава зэрэг Япон Улсын иргэд гарын үсэг зурсан бөгөөд эдгээр нь монгол хэл мэддэг эсэх, эсхүл тухайн баримт дээр өөрийн эх хэл япон хэл дээр орчуулж ойлгож гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй. Х.Карибэ нь "С" ХХК-ийн захирал мөн эсэх, төлөөлж гарын үсэг зурж эд хөрөнгө хүлээлгэн өгөх эрхтэй этгээд мөн эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүй шууд нотлох баримтыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр хөдөлшгүй үнэн зөв нотлох баримтанд тулгуурлах ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд "Монгол Корпорэйшн" ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 71 тоот нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлгэн өгөх тухай албан бичигт Ерөнхий захирал Х.Карибэ гэж гарын үсэг зурж тамга дарсан байдаг Х.Карибэ нь "С" ХХК-ийн захирал юм уу, "Монгол Корпорэйшн" ХХК-ийн захирал юм уу гэдэг нь тодорхойгүй. Иймэрхүү эргэлзээ бүхий нотлох баримтыг бусад өөр нотлох баримтаар хөдөлшгүй үнэн зөв хэмээн нотлох ёстой атал анхан шатны шүүх шууд нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлэн алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч “Ф” ХХК, “С” ХХК-иудад холбогдуулан Д--эг хорооллын С-3 байрны 1 давхрын 100 тоот хаягт байрлах олон зориулалтын өрөө, зоорийн давхрын агуулахын зориулалттай 2, 3 тоот өрөө, мөн зоорийн давхрын салхивчны зориулалт бүхий агааржуулалтын 4 тоот өрөө зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг СӨХ-ны дундын өмчлөлийн зүйл болохыг тогтоож, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх С-3/100 тоот гэрээ, захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргаан бүхий дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгө нь “Ф” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Ф” ХХК-ийн захиалан бариулсан хөрөнгө, хууль ёсны өмчлөгч нь “Ф” ХХК, дангаар өмчлөх хөрөнгө гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Д” СӨХ нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдаж, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “С” ХХК-иас Д--эг хорооллын С-3 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцсэн актыг үйлдэж, хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан С-3 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцэх акт, уулзалтын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх 21-31/

Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зорилгоор байгуулагддаг бөгөөд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд зүйлд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зохиулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахаар зохицуулжээ.

Зохигчдын маргаж буй С-3 орон сууцны 1 давхрын олон зориулалтын өрөөний хувьд талуудын хооронд акт үйлдсэн, уг актад олон зориулалтын өрөөг дундын өмчлөлийн зүйлд зориулан шилжүүлж байгаа талаар заасан байхаас гадна СӨХ нь дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшилд ашиглуулж байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул уг өрөөг мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 1 давхрын үйлчилгээний зориулалттай өрөөнд хамаарна гэж үзнэ. 

Мөн зоорийн давхрын 2, 3, 4 тоот агуулахын зориулалттай өрөөнүүдийг тусад нь нэр зааж зааглаагүй боловч орон сууцны доод хонгилын хэсэг нь хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд багтаж байна. Дангаар өмчлөлийн хэсэг гэдэгт нийтийн өмчлөлийн талбайн хэсэгт байрлаж байгаа боловч дундын өмчлөлд орох талаар, тэр хэсэгт хамаарахгүй гэдэг нь тодорхой байгаа тохиолдолд дундын өмчлөлийн зүйл биш гэж үзэх тул хариуцагчийн Иргэний хуулийн142 дугаар зүйлийн 142.1, 142.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасныг үндэслэн маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч “С” ХХК нь орон сууцыг 2010 оны 12 дугаар 29-ний өдрийн 336/2010 дугаар актаар улсын комисст хүлээлгэн өгч, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Д--эг СЗ” СӨХ-д С3 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг актаар хүлээлгэн өгсөн атлаа хариуцагч компаниудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн дангаар өмчлөх хөрөнгө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар сүүлд нь захиалан бариулах тухай хэлцэл хийсэн нь цаг хугацааны хувьд орон сууц ашиглалтад орсноос хойш байгаа нь эдгээр хэлцлүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

            Хариуцагч тал орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг хүлээлцсэн актад Япон Улсын иргэд гарын үсэг зурахдаа өөрийн хэл дээр орчуулж ойлгож гарын үсэг зурсан эсэх эргэлзээтэй, буруу гэх боловч Монгол хэлний тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа гэрээ хэлцэл, албан бичиг баримт монгол хэл дээр явагдах учиртай. Тиймээс монгол хэл мэдэхгүйгээс өөр хэл дээр үйлдсэн, тэр нь өөр агуулгатай байсан гэх баримтгүй. Иймд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн гэрээ хэлцэл, баримт бичигт гарын үсэг зурсан нь уг баримт бичгийг бүхэлд нь хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ф” ХХК, “С” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Ч.ЦЭНД