Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/516

 

 

 

 

 

  2023          06          21                                     2023/ШЦТ/516

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Энэрэл,

Шүүгдэгч: ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***ын *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205029172474 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***ын ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гадна хохирогч ***тай хэрүүл маргаан үүсгэж, *** хохирогч ***ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхад нь *** араас нь татаж унагаан, өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...21 цагийн үед ***ын араас нь явж байгаад манай найзыг цохиж зодсон байна уучлалт гуй гэж хэлсэн чинь надад уучлалт гуйхгүй гэсэн юм. Би ***ын нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэр үед *** хамт явж байгаад намайг салгах гэж байхад нь би 2, 3 удаа өшиглөсөн юм. ***ыг бүлэглэж зодсон гээд байгаа юм...” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Намайг ***ын араас татаад цохисон гэдэг. Би найзыгаа салгах гэж унах явцад нь араас нь татсан. Би ***ыг бүлэглэн нүүр рүү нь цохисон зүйл байхгүй 2, 3 гэрч харж байсан” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бүрэнхий болж байсан. Миний бодлоор 21 цагийн орчим байх ...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цагдаагийн байрнаас гараад найз Загдан руу залгаад, 100-аад метр орчим алхаж явсан. Миний араас *** гэх залуу хэрүүл хийгээд дагаад явсан. Намайг машин дээр ирэх үед миний нүүр хэсэг рүү *** нэг удаа гараараа цохитол *** миний цамцны араас зулгааж намайг татаж унагаасан. Тэгээд яах, ийхийн зуургүй надад ямар ч эсэргүүцэх боломж өгөлгүй намайг өшиглөж эхэлсэн. Тухайн үед миний баруун гар руу нэг хөл өшиглөж байхад миний зүүн талын нүд рүү нэг хөл өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 122/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэнэт Сүхээ ах тухайн үл таних ахыг хоёр цохиод унахаар нь өшиглөсөн...” гэжээ /хх-н 28/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Араас нь гарахад *** нь би цохиулчихлаа гэж хэлэхээр нь би цохисон гэх ***тай хамт дагуулаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирж өргөдлийг нь өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Шинжээчийн 11810 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдөгний үе, баруун шагайн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэжээ /хх-н 18-19/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 48/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-65/, шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 128-132/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь “хохирогчийг татаж унагааж, өшиглөөгүй. ***ыг араас нь татаж салгасан. Би хохирогчид гэмтэл учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болго өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн хууль сануулж өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч *** нь хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх ба шүүгдэгч нарын мэдүүлгээс өөрөөр хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт авагдаагүй.

Шүүгдэгч нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэнэ гэх боловч гэрчүүд нь болсон асуудлыг тодорхой хараагүй талаар мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нарын тухайн үед хийсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд хууль буюу худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан ба хохирогчийн мэдүүлгийг худал гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид тухайн хэрэг болох үед гэмтэл учирсан нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гадна хохирогч ***тай хэрүүл маргаан үүсгэж, *** хохирогч ***ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхад нь *** араас нь татаж унагаан, өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг цохиж, газар унаган өшиглөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнгэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нар нь хохирогч ***ын цохисон, газар унагаан өшиглөсөн үйлдлийг улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь хохирлд 200.000 төгрөг авсан, гомдолгүй, шүүх хуралд бичлэн оролцохгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч ***д 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт  500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР