Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 14

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                     Хэргийн индекс: 180/2017/0014/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Ч.Батбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Ганхуяг
Шүүгдэгч                 Д.Ган-Өлзий нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ган-Өлзийд холбогдох эрүүгийн 201623000288 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1968 оны 04 дүгээр сарын 27-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны “Хутаг-Уул” гэх газар оршин суух, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Цэдэндоржийн Ган-Өлзий /РД:СЖ68042715/

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Ц.Ган-Өлзий нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Дагшин” гэх газар иргэн Д.Бат-Өлзийтэй “хониороо өвөлжээ идүүллээ” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарыг хөлөөрөө өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрийн урд байсан хонь баруун урагшаа ухаа давсан. Тэгэхээр нь араас нь мотоциклтой яваад хяр дээр гараад зогссон. Хонио харж байтал хонь гэрийнхээ зүг хөдлөөд явж байсан. Тэгтэл цаанаас мотоцикльтэй хүн ирээд хонийг сигналдаад хөөгөөд байхаар нь араас нь очиход Ц.Ган-Өлзий байсан. Тэгэхээр нь би “чи намрын хонь хайлуулчихлаа” гэж хэлэхэд “чи өвөлжөөний газар идүүллээ чамайг ална зодно” гээд дайраад байсан. Би “чи намайг буруу юм хийсэн гэж бодож байгаа юм бол хуулийн байгууллагад өгч шалгуул, нүүр ам шалбалах юм бол цагдаад өгнө шүү” гэж хэлсэн. Тэгтэл сонссон шинжгүй ална гээд дайраад байсан. Энэ үед Ган-Өлзийгийн хүү Тулгаа морьтой зүүн хойноос ирээд “пизда минь чамайг ална” гээд заналхийлсэн. Би түүнд “хүүхдээ явуулаач, хүүхдийнхээ дэргэд ичихгүй байна уу” гэхэд хүүхдээ явуулсан. Хүүхдээ явангуут над руу эргэж зодно гэж дайрсан. Тэгж байтал Ган-Өлзий миний зүүн хөлийн гуян тус газар өшиглөхөөр нь зүүн гараараа хаахад зүүн гарын шуу хэсэгт өшиглөх нь таарсан. Тэр үед гар янгинаад явчихаар нь “чи гар хугалчихлаа” гэхэд Ган-Өлзий намайг зодохоо болиод мотоциклоо унаад яваад өгсөн. Би баруун гараараа мотоциклоо асаагаад хугарсан гараараа консоо шүд зууж байгаад арай гэж атган араандаа хийсэн. Баруун гар хугарсан бол зүүн гараараа барьж явахааргүй юм билээ. Би аймаг явж эмчид үзүүлээд цагдаад хэлье гээд Приус-10 маркын 03-35 УБВ улсын дугаартай машинаа асаагаад хөдөлсөн. Миний автомашин автомат кроптой учраас өрөөсөн гараараа бариад явахад хүндрэл учраагүй. Замдаа Ган-Өлзийгийн малчин Энхбаяртай таарсан. Аймагт ирээд гарынхаа зургийг авахуулаад Энхжав эмчид зургийг нь үзүүлэхэд хугарсан байна гэж хэлсэн. Эмчилгээний төлбөр 2.500.000 төгрөг өг гэсэн. Ган-Өлзий нэгэнт би чиний гарыг хугалсан нь үнэн энэ мөнгийг чинь өгье гэж хэлсэн ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
Гэрч Д.Даваагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр Ганболдын хамт Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд гэртээ байхад манайд Бат-Өлзий ирсэн. Ирэхдээ гараа тохойгоор нь нугалаад сойсон байсан. Гар нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Намайг “гараа яасан юм бэ гэж асуухад” “Ган-Өлзий өвөлжөөний ойр малаа идүүллээ гэж өшиглөөд гар хугалчихлаа” гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Гэрч С.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Бат-Өлзий манайд ирсэн. Ирэхдээ зүүн гараа тохойгоор нь нугалаад сойсон байдалтай байсан. Манай нөхөр гараа яасан юм бэ гэж асуухад “Ган-Өлзий өвөлжөөний ойр малаа идүүллээ гэж өшиглөөд гар хугалчихлаа” гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш би Дагшин гэх газар Ч.Ган-Өлзийгийн хонийг хариулаад явж байхад Бат-Өлзий ах машинаа бариад удаан явж байсан. Би “та хаачих нь вэ?” гэж асуухад “Ган-Өлзий зүүн гар руу өшиглөөд  хугалчихлаа” гэж хэлсэн.Бат-Өлзий ах Ган-Өлзий ахын өвөлжөөг хониороо идүүлсэн зүйл огт байхгүй. Би тэр үед Ган-Өлзийгийн хонийг баруун талд 500 орчим метр газар хариулаад явж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Ш.Сүндэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш Бат-Өлзий хонио эргүүлэхээр мотоциклтой явсан. Буцаж ирэхдээ нэг гараараа мотоциклоо бариад ирсэн. Тэгээд “Ган-Өлзий өвс бэлчээрээс болоод гар хугалчихлаа” гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Ө.Зоригтын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой Хэрлэн сумын 5 дугаар багийн төвд Бат-Өлзийтэй захиргааны үүдэнд тааралдаж “тосгоны цагдааг хаана байна вэ” гэж надаас асуухад нь “цагдаа байхгүй. Чөлөө аваад Бэрх явсан” гэж хэлсэн. Ган-Өлзийтэй муудаад өшиглөхөөр нь хаасан чинь гар эвгүй болчихлоо гээд зүүн гараа бариад явж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
Гэрч Б.Сэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2016 оны 10 дугаар сарын 18-19-ний үед Ган-Өлзий гэж хүн “ би Бат-Өлзий гэдэг хүнтэй муудалцсан юм. Тэр хүний гар нь хугарсан гэнэ. Намайг зодож гар хугалсан гээд цагдаагийн газарт өргөдөл гаргачихсан байна. Надаас 2-3 сая төгрөг авна гэнэ. Би тэр мөнгийг нь багасгуулах санаатай байна. Миний гарын хуруу хугарсан байх. Тухайн үед үл ялиг хавантай байсан. Одоо гайгүй болсон байгаа гээд гараа үзүүлсэн. Зүүн гарын долоовор хурууг үзэхэд хугарсан шинж мэдэгдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Шинжээчийн 2016.11.02-ны өдрийн № 246 тоот дүгнэлт: 1. Ц.Ган-Өлзийгийн биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-ийн 33 тал/,  
Шинжээчийн 2016.10.10-ны өдрийн № 220 тоот дүгнэлт: 1. Д.Бат-Өлзийгийн биед зүүн гарын бугуйн ясны дунд хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30% алдагдана /хх-ийн 31 тал/,  
Гэрэл зургийн үзүүлэлт Хохирогч гараа өшиглүүлчихээд өрөөсөн гараараа мотоцикль барьж явсан эсэхийг туршилт хийж үзсэн тухай /хх-ийн 69-70 тал/,
Хохирогч Д.Бат-Өлзийгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт: Шүүгдэгч Ган-Өлзийгээс хохиролд 3,100,000 төгрөгийг авсан.Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай /хх-ийн 92 тал/, 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад, шүүгдэгч Ц.Ган-Өлзийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Дагшин” гэх газар иргэн Д.Бат-Өлзийтэй “хониороо өвөлжээ идүүллээ” гэх шалтгаанаар муудалцаж, түүний зүүн гарыг хөлөөрөө өшиглөж шуун хэсгийг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Ц.Ган-Өлзий нь хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 
Хохирогч Д.Бат-Өлзий нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй . 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                             
                                              
ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэдэндоржийн Ган-Өлзийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ган-Өлзийг  01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ган-Өлзийд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ган-Өлзийд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын  хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Ц.Ган-Өлзийд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Ган-Өлзийд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА