| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2019/1140/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 46
2020 1 7 2020/ДШМ/46
Н.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Баярсайхан,
хохирогчийн өмгөөлөгч Н.Тайван,
шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Ө.Учрал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Од холбогдох эрүүгийн 1907001240072 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.О нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байрны 30 тоотод өөрийн нөхөр Австри улсын иргэн Ник Сайдлын нүд рүү бие хамгаалах тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хий цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жанжаа овогт Намхайнямбуугийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд “...хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо хийж эхэлсэн, эхлэх гэж байгаа үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэрэг болох үед хохирогчийн суурилуулсан дүрс бичлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх үйлдэл үгүйсгэгдэж байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч Н.О нь хэрэг гарсан гэх өдөр биеэ хамгаалах зорилгоор үүдний өрөөнд байсан нулимс асгаруулагч хий авч Ник Сайдл /Nick Seidl/-д хандан “надад хүрэх юм бол биеэ хамгаалах зорилгоор нулимс асгаруулагч хий цацах болно” гэж анхааруулсаар байтал Ник Сайдл /Nick Seidl/ нь түүний биед гар хүрч хувцаснаас татаж, зулгаасан үйлдлийг тулгарсан довтолгоо хийж эхлээгүй, эхлэх гэж байгаа үйлдэл хийгээгүй мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэхээр байна. Ник Сайдл /Nick Seidl/-ийн энэхүү үйлдэл нь хэрэгт авагдсан дүрс бичлэгээр /СД/ нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс хүний амьд явах болон халдашгүй, чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийж байгаа Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байхыг шаарддаг. Н.Оын биед буюу хувцаснаас нь татаж, зулгаасан үйлдлийг тулгарсан довтолгоо эхэлсэн гэж үзэх хангалттай баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Н.Оын хувьд, урьд Ник Сайдл /Nick Seidl/-д удаа дараа зодуулсан, зодуулснаас болж сэтгэл санаа нь тогтворгүй, байнга түүнээс айж явдаг, ингэж зодуулснаас болж сэтгэл зүйчид хүртэл удаа дараа хандаж, сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан, Ник Сайдл /Nick Seidl/ нь түүнд удаа дараа халдаж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл авч байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
Анхан шатны шүүх нь аргагүй хамгаалалтад тусгагддаг “хамгаалалт зохих ёсоор хийгдсэн эсэх, халдлага бий болсон цаг хугацаа, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ямар нэгэн ач холбогдолгүй гэдгийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг хуультай байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан дүрс бичлэг /СД/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бодит байдлаас өөрөөр тайлбарлаж, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд, Н.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд “...хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо хийж эхэлсэн, эхлэх гэж байгаа үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэрэг болох үед хохирогчийн суурилуулсан дүрс бичлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх үйлдэл үгүйсгэгдэж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, аргагүй хамгаалалт хийсэн болох нь үгүйсгэгдэж байна гэж үзсэн. Шүүгдэгч Н.О нь хэрэг гарсан өдөр биеэ хамгаалах зорилгоор нулимс асгаруулагчийг авсан. Улмаар хэрэглэж Ник Сайдлын нүд рүү цацаж, гэмтэл учруулсан. Хэргийн үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Н.О урьд нь Ник Сайдлад удаа дараа зодуулсан, сэтгэл санааны хувьд хохирсон байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд байсан гэдэг нь тогтоогдож байдаг. Эмэгтэй хүний хувьд нулимас асгаруулагчийг авч байна гэдэг нь сэтгэл зүйн хувьд гэр бүлийн дарамтад байсан гэх ойлголтыг төрүүлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтыг тодорхой хуульчилж өгсөн. Аргагүй хамгаалалтын үйлдэл хийхийг шаардсан тодорхой нөхцлүүдийг хуульд зааж өгсөн. Тухайн үед Ник Сайдл нь Н.Оыг орцонд гаргаж зодсон байдаг. Энэ талаар шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа мэдүүлсэн боловч энэ талаар шалгаж, тогтоож чадаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгийг бүрэн эхээр нь авах ёстой талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “халдлага эхэлсэн, дуусаагүй бодитой байх ёстой. Халдагчаас хамгаалах зорилгоор хүч хэрэглэсэн тохиолдолд хамгаалалтын үед зөвхөн довтлогч этгээдийн эсрэг, цаг үеэ олсон” байхыг шаардсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг дээр энэ нь өөр ойлголт болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн хэзээ довтлогч этгээдийг довтлохыг мэдэхгүй. Сэтгэл зүйн хувьд байнга айдастай байсан тул довтолгоо эхэлсэн гэж үзсэн. Иймд шүүгдэгч Н.Оын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ник Сайдлын өмгөөлөгч Н.Тайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн асуудал төвөгтэй болсон. 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны арга хэмжээ авагдсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байсан. Ник Сайдлын хувьд ах, дүү нараас нь айсан. Камерийн бичлэгт шинжээч томилсон. Дүрс бичлэг ямар нэгэн эвлүүлэг болон зохиомж биш, бодит бичлэг гэж үзсэн. 1 минут 7 секундын бичлэг байдаг. Бичлэг дээр шүүгдэгч Н.О малгайтай байсан. Орц руу гаргаад зодсон бол малгай авагдаад, үс нь арзайсан байх ёстой. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралд ярьсан. Ник Сайдлын зүгээс залбирсан байдалтай гараа урдаа аваад гараачээ, яваачээ гэсэн байдалтай байсан. Шүүгдэгч Н.О нь үүдэнд байсан Ник Сайдлын цүнхнээс юм аваад байгаа харагддаг. Цагдаагийн байгууллагад шүүгдэгч Н.О нь Ник Сайдлыг хар тамхи хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж мэдүүлсэн байдаг. Ник Сайдл эргүүлээд мэдүүлэхдээ “надтай гэр бүл болохдоо залилан мэхлэх журмаар гэр бүл болсон” гэж хэлдэг. Анхан шатны шүүхэд эдгээр асуудлууд нарийн яригдсан. Ник Сайдлын зүгээс О-ыг үсдэж чирсэн асуудал байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус үйлдэл хийгээгүй болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.О нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байрны 30 тоотод өөрийн нөхөр Австри улсын иргэн Ник Сайдлын нүд рүү нулимс асгаруулагч хий цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ник Сайдлын: “...2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед ариун цэврийн өрөөндөө байж байгаад гараад ирсэн чинь манай эхнэр О- намайг тэврээд үнсэж байхдаа миний өмдний арын халааснаас гар утсыг минь авчихсан юм. Тэгээд би түүнд хандан “миний гар утсыг өг” гэж хэлээд би түүнээс гар утсаа авсан. Тэгтэл манай эхнэр Н О- хүрэмнийхээ халааснаас нулимс асгаруулагч гаргаж ирээд “чи надаас илүү муу хүн” гэж хэлсэн юм. Тэгээд би О-д хандан “чи надад нулимс асгаруулагчаа өг” гэж хэлэхэд манай эхнэр О- “би чамд нулимс асгаруулагчаа өгвөл чи над руу цацна биздээ” гэж хэлсэн. Тэгээд би Н.Оын цүнхтэй хувцсыг хаалганы хажууд хүргээд тавьсан чинь О- хувцсаа аваад гэрээс гарахдаа “би чамд нэг юм хэлье” гэж намайг дуудаж байгаад миний нүд рүү нулимс асгаруулагч газ цацчихсан юм. ...” /1хх 56/,
шүүгдэгч Н.Оын: “...Тухайн үед Ник Сайдл намайг хаалгаар түлхэж гаргах үед би босгонд тээглэж хойшоо болох үед миний гарт байсан газ цацагдсан. ...” /1хх 100/,
шинжээч Т.Номинцэцэгийн “...Нулимс асгаруулагч нь хэсэг газрын буюу алимны салстыг цочроох, улайх, үрэвсэх, хавагнах, аргах зэрэг үйлчлэл процесс үзүүлэх тул гэмтэл учруулах боломжтой, энэ нь 24 хоногоос хэтрэхгүй эрүүл мэндийг сарниулна. Үзүүлэгч Ник Сайдл нь гэмтлийн гзрэг тогтоох журмын ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн 26-д зовхи буух, нүдний булчин саажих болон нүд анихад саад болохуйц зовхины сорви, наалдац зэрэг шинж тэмдэг илрээгүй. ...” /1хх 89/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...SEIDL NICK-н биед баруун нүдний зовхи, салстын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт, “... шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019.01.28-ны өдөр гаргасан 80 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч SEIDL NICK биед тухайн үед баруун нүдний дээд зовхи, алимны салстад түлэгдэл гэмтэл учирчээ. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. SEIDL NICK нь 2019.04.12-ны “Орбита” нүдний эмнэлгийн эмчийн үзлэгээр “Хоёр нүдний хуурайшилт”-тай гэж оношлогджээ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх 84,79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж буй дүрс бичлэгүүдийг засварласан, эвлүүлсэн үйлдэл хийгдээгүй байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 207/,
орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-53, 52, 175-177/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал нараас: “...аргагүй хамгаалалт учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.
Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд шүүгдэгч Н.Оаас хохирогчийн хууль бус үйлдэл, аюултай дайралтаас өөрийгөө хамгаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хавтас хэрэгт авагдсан хохирогч Ник Сайдлын мэдүүлэг, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас гадна, шүүгдэгч Н.Оын “...Тухайн үед Ник Сайдл намайг хаалгаар түлхэж гаргах үед би босгонд тээглэж хойшоо болох үед миний гарт байсан газ цацагдсан. ...Би хаашаа цацагдсаныг мэдэхгүй байна, би бодохдоо тааз руу цацсан гэж л бодож байна. ...Би биеэ хамгаалахын тулд нулимс асгаруулагч хий авсан бөгөөд биеэ хамгаалан санамсаргүй байдлаар түүн рүү цацсан нь намайг хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна...” /1хх 100-101/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэвэл аргагүй хамгаалалтын улмаас хохирогчид хохирол учруулсан гэх нөхцөл байдал няцаагдаж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж буй дүрс бичлэгүүдийг засварласан, эвлүүлсэн үйлдэл хийгдээгүй байна. ...” гэсэн дүгнэлт, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг бүрэн эхээр нь аваагүй гэж дүгнэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Иймд дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ