Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0521

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2025/0521

Улаанбаатар хот

 

 

 

 

                                Д.Ч***ын нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн өмгөөлөгч О.Ч**,

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Н,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ч***,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “Ш” ХХК,

Гуравдагч этгээд: “А” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №БГ07232021 дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0009 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.Ч***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У***,

гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн өмгөөлөгч О.Ч**,

гуравдагч этгээд “А” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, Л.Б*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч***,

Хэргийн индекс: 126/2024/0168/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ч***с Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ш” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №БГ07232021 дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0009 дүгээр шийдвэрээр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч***ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ш” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ07232021 дүгээр барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Ш” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ07232021 дүгээр барьцааны гэрээг бүртгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, *** дүгээр байрны Ү172** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гуравдугаарт бичигдсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн өмгөөлөгч О.Ч** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий захиргааны акт буюу тус бүртгэлийг нэхэмжлэгч мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган маргах ёстой.

Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Ч*** Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч бөгөөд маргаан бүхий барьцааны гэрээг 2021.07.27-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Ш" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч, этгээд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2023 оны 7 дугаар сарын 28, 8 дугаар сарын 18, 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус томилогдон оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, хэргийн материалтай танилцахдаа мэдсэн.

Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 155/Ш32023/02768 дугаар захирамж, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 02/908, 02/912, 2023 дугаар сарын 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/990, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1657 дугаартай итгэмжлэлүүд, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Д.Ч***ын шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэл гардуулсан баримт, 2023 оны 8 дугаар сарын 11-нд Д.Ч***ын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2023 оны 8 дугаар сарын 08, 11 дүгээр сарын 24, 12 дугаар сарын 01, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдийн хэрэг танилцуулсан баримтууд, Д. Ч***ын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн бие даасан шаардлага, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШЗ2023/03011, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 155/Ш32023/03314, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 155/Ш32023/03668 дугаар захирамжууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар эргэлзээгүйгээр шууд тогтоогдсон.

Мөн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд “барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг 2023 онд мэдсэн" гэж гуравдагч этгээд "Ш" ХХК-ийн өмгөөлөгчийн асуусан асуултад өөрөө хариулсан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ч***ын нэхэмжлэлийн "Ш" ХХК, "А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №БГ07232021 дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох" шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

3.2 Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээд шатны захиргааны байгууллага буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газар юм. Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт огт хандаагүй. Харин Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байх бөгөөд тус хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 30/1345 дугаар албан бичгээр “...уг бүртгэл нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул иргэний хүсэлтийн дагуу хүчингүй болгох боломжгүй...” гэсэн хариу өгсөн.

Үүнээс үзэхэд урьдчилан шийдвэрлэх журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зуйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

3.3 Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар "Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолд "... өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн тухайн маргаан үүсэх үндсэн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино" гэсэн.

Энэхүү маргаан нь иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан байх бөгөөд захиргааны хэргийн шүүх "Ш" ХХК болон "А" ХХК-иудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №3507232021 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоохгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийн эрх нь захиргааны хэргийн шүүхээр хамгаалагдах боломжгүй.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлж зөрчигдсөн гээд байгаа эрхээ хамгаалуулахаар маргах боломжтой.

Иймд уг маргаан нь Улсын дээд шүүхийн тайлбараар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх байсан.

3.4 "Ш" ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлин 16.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 20 дугаар зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 11.1-д тус тус зааснаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу, холбогдох баримтуудыг бүрэн хавсаргаж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хууль болон журамд зөвшөөрлийг заавал бичгээр авах гэж заагаагүй, нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч бөгөөд тус газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаар албан бичгээр барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг.

Нэхэмжлэгч тухайн бүртгэл хийхийг хүлээн зөвшөөрсөн учраас л 2024 оны 11 дүгээр сар хүртгэл огт маргаагүй, энэ нь өөрийнх нь эс үйлдэхүйгээр давхар нотлогддог. Мөн барьцааны гэрээг бүртгэх үед Д.Ч*** нь урьдчилсан тэмдэглэгээг огт хийлгээгүй байсан бөгөөд сүүлд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох "Ш" ХХК-ийн хуульд заасан урьдчилсан тэмдэглэгээ хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй, хамтран мэдүүлэг гаргаагүй байхад урьдчилсан тэмдэглэгээтэй холбоотой бүртгэлийг хийлгэсэн. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-д "Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана" гэж тус тус заасныг,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 22.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана" гэснийг тус тус зөрчсөн. Үүнтэй холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүх дээр явагдаж байгаа.

Иймээс хариуцагч бүртгэлийн байгууллага гэрээг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэхдээ Д.Ч***тай гэрээ байгуулсан гэдгийг мэдэх боломжгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргахыг шаардах боломжгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т "... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. "Хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасныг зөрчлөө хэмээн үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 2 хуудас: 3.5-т” Шийдвэрийн Д.Ч*** нь ... Тухайн хөрөнгийг барьцаалах, 35 айл өрхийн зөвшөөрлийг ганц Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын гарын үсэгтэй албан бичиг төлөөлөхгүй, уг 35 айлын орон сууц 19 нь тухайн байгууллагын албан хаагчид тус бүр гэрээ хийсэн бөгөөд бусад байр захиалагч 16 иргэн нийт 35 айл өрхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга төлөөлж, зөвшөөрөл өгөх төлөөлөх эрх олгоогүй" гэж маргасан. Хэрэв Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн эзэмшилийн барилгыг төлөөлөх эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад байхгүй гэж газар дээрээ захиалан бариулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг, 49 байр Д. Ч*** нь үзэж байгаа бол уг 35 айлыг ч мөн Д.Ч*** нь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Уг 49-р байр нийт 2121,12 м.кв талбайтай 35 айлын орон сууцны барилга бөгөөд нэхэмжлэгч Д.Ч*** нь тус байрны *** тоот 72.35 м.кв талбайтай 3 өрөө байранд амьдардаг.  Зөвхөн нэг хүний эрх ашгийн төлөө Төрийн байгууллагын улсын бүртгэгч нарыг гүтгэж, мөн манай байгууллагын эрх ашиг ноцтой хөндөгдсөн шийдвэр гарсан.

Тус байрны захиалагчид захиалагчийн нэрсийн жагсаалттайгаа хамт захиалгын гэрээгээ өгөөгүй байсан. Хэрэв өгсөн бол улсын бүртгэлийн газар урьдчилсан тэмдэглэгээ хийх учиртай. Нэхэмжлэгч тус Шүүхийн шийдвэрт дурдсанаар урьдчилан тэмдэглэгээг заавал хийлгэх үүрэггүй хэдий ч нэхэмжлэгч өөрийн хөндөгдөж болохуйц эрх ашиг, өөрийн хөрөнгийг өөрийн хүчин чармайлтаар хамгаалах ёстой.

Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д "Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно" гэж заасан болохоос Шүүхийн шийдвэрт дурдсанчлан зүгээр нэрсийн жагсаалт өгөөд болно гэж заагаагүй /Нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлнэ/.

Харин бүртгэгч дараагийн бүртгэл хийхдээ: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.8-д "эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгах", 10.7-д "Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана" гэж тус тус заасан ч ямар ч урьдчилсан тэмдэглэгээ, тусгай тэмдэглэгээ, үүрэг ноогдуулсан хэлцэл байгаагүй нь нэхэмжлэгч Д.Ч*** нь хуулиар олгогдсон эрхээ эдлээгүйг харуулж байна.

Манай байгууллага нь “Ш” ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр БГ07232021 тоот барьцааны гэрээ байгуулсан бөгөөд улсын эрх бүхий төрийн байгууллагуудаар баталгаажуулсны үндсэн дээр Улсын байгууллагын бүртгэлийн үнэнд итгэн зээл олгосон.

4.2 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.8-д "эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгах", 10.7-д "Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана" гэж тус тус заасан байдаг.

Манай байгууллагын зээлийн гэрээ болон барьцааны гэрээг анх Хөвсгөл аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар нэгэн гуравдагч этгээдтэй холбоотой захиалгын гэрээ болон бусад урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгэгдээгүй байснаар БГ07232021 тоот барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газар барьцаанд бүртгэсэн. Тус БГ07232021 тоот барьцааны гэрээ буртгэгдсэнээр ЗГ07232021 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгогдсон.

Энэхүү зээл олгогдохоос өмнө 49-р байр ямар ч санхүүжүүлэлтгүй барилгын явц зогсонги байдалд байсан бөгөөд манай байгууллагын санхүүжүүлсэн хөрөнгөөр хүн амьдрах хэмжээнд хүрч нэхэмжлэгч ч мөн одоо уг байрны 24 тоотод амьдарч байна.

Хэрэв Оршин суугчид “Ш” ХХК-тай анх захиалгын гэрээ хийхдээ УБЕГ-т урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрэхгүй бөгөөд манай байгууллага ч зээл олгохгүй байх байсан. Нэхэмжлэгч Д.Ч*** нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлж Улсын эрх бүхий байгууллагад үүрэг ногдуулсан хэлцэл болон тусгай, урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байсан үүнийг Шүүх авч хэлэлцэхгүй зөвхөн нэг талыг баримтлан 2021 оны 07 сарын 23-ний өдрийн №БГ07232021 дугаар барьцааны гэрээг хүчингүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн 2025 оны 05 сарын 19-ны өдрийн 126/ШШ2025/0009 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Ч***ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв 2025 оны 05 сарын 19-ны өдрийн 126/ШШ2025/0009 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болбол манай байгууллага нь барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасны дагуу манай байгууллага нь улсын бүртгэлийн бүртгэлд үндэслэн зээл олгосон зээлийн төлбөрийг "Улсын бүртгэлийн газар"-аас нэхэмжлэх үр дагавартай байна” гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас анхан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг “Ш” ХХК-ийн өмгөөлөгч, “А” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

3.1. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрийн эзэмшлийн газар дээрээ ажилчдын орон сууц бариулахаар гуравдагч этгээд “Ш” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу тус газрын ажилтан нэхэмжлэгч Д.Ч*** нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Ш” ХХК-тай 2017/02 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт баригдах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууцны байранд 5 дугаар давхарт 3 өрөө буюу 72.35 м.кв талбай бүхий  *** тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон.

3.2. “Ш” ХХК нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2018/02 дугаар болон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 35 айлын орон сууцны барилгын ажлыг дутуу гүйцэтгэлтэй байх үед 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон “Ш” ХХК-ийн орон сууц захиалгын мэдээлэл зэрэг холбогдох баримтыг бүрдүүлэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй /49 дүгээр байр/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-172** дугаарт бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

Улмаар гуравдагч этгээд “А” ББСБ ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ07232021 дүгээр зээлийн гэрээг байгуулан 385,000,000 төгрөгийг зээлэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-172** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай БГ07232021 дүгээр гэрээг байгуулж, холбогдох баримтыг бүрдүүлэн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдсон.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд;

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 11.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална”, 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээг мөн хуулийн 12.2-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж тухайлан заасан.

5. Тухайн тохиолдолд, гуравдагч этгээд “Ш” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 75 хувийн гүйцэтгэлтэй, 49 дүгээр дуусаагүй байрны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагч иргэдийн мэдээллийг жагсаалтаар гаргаж өгч байсан хэдий ч;

2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, “Ш” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн БГ07232021 дүгээр барьцааны гэрээнд тухайн барьцааны зүйлтэй холбоотой бусад этгээд буюу захиалагчдын эд хөрөнгийн эрхийг тусгаагүй байхад хариуцагч нь тухайн үйл баримтыг нягтлан шалгалгүй, маргаан бүхий бүртгэлийг хийсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т нийцэхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Ш” ХХК-ийн өмгөөлөгч, “А” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                                 ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА