Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0044

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С м  м” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М,

Маргааны төрөл: “С м  м” ХХК-ийн зөрчилд Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г Б., М.Ч, Б.Д, хариуцагч Б.И, Б.М, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С м  м” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэж 1,044,000,000 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

          Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 3,930,099,393.68 төгрөгийн зөрчлөөс 2018 оны 126,092,152.23 төгрөгийн зөрчлийн дүнгээр тус оны тайлангаар гарсан алдагдлыг буруулсан хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 232,091,569.89 төгрөг, 2019 оны 79,864,997.20 төгрөг, нийт 311,956,567.09 төгрөгийн зөрчлийн үнийн дүнгээр тус онуудын тайлангаар гаргасан алдагдлыг бууруулах, 3,492,050,674.36 төгрөгийн зөрчилд ногдох 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр, мөн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулжээ.

          2. Нэхэмжлэгч “С м  м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

Шийтгэлийн хуудсаар манай компанид 1,044,000,000 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт манай компанийн төлөхийг зөвшөөрсөн дүнг хассан байдлаар нийт 1,566,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг оногдуулжээ. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 6 сарын 11-ний өдрийн хурлаар орлуулсны хариуцагчийн гаргасан HA-22210000010 тоот нөхөн ногдуулалтын актад заасан эрх орлогоос албан татвар суутган авч, төсөвт шилжүүлээгүй 2018 оны 3,480,000,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 313,200,000.00 төгрөгийн торгууль, 208,800,000.00 төгрөгийн алданги, нийт 1,566,000,000.00 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

2.1. Уг шийтгэлийн хуудсын "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илэрсэн зөрчлийн талаар хэсгийн 1-д заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийт 27,695,417.81 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй гэсэн зөрчилтэй холбоотойгоор:

Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийг ашиглан уг орлогыг экспортын борлуулалтын орлогоор бүртгэсэн байсан. Иймээс энэхүү орлогыг бүртгээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Зөрчлийн 2 дахь хэсэгт дурдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийт 333,355,820.03 төгрөгийн зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан талаарх дүгнэлтийн тайлбар:

229,903,900.03 төгрөгийн газрын эрх түрээсэлсний зардлыг үндсэн үйл ажиллагаатай холбоотой учир хасагдах зардлаар бүртгэн татвар ногдох орлогыг бууруулсан болно. 103,451,920,00 төгрөгийн баримтаар нотлогдохгүй түрээсийн зардал дээр холбогдох баримт бичиг байгаа учир энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2019 онд 76,997,481,48 төгрөгийн даатгалын зардлын хэтрэлийг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогыг буруулсан гэсэнтэй холбоотойгоор:

Энэхүү даатгалын зардал нь манай компанийн зарах зорилго бүхий бараа материал болох авто машинуудын даатгал учир хасагдах зардал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл эдгээр даатгалын зардлууд нь манай компанийн борлуулалтын өртгийн нэгэн хэсэг юм.

2.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2018 оны 1,820,694.01 төгрөгийн, 2019 оны 6,756,492.95 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх дүгнэлтийн талаар:

Манай компани нь 2018 болон 2019 оны албан татваруудыг хуулийн хугацаанд төсөвт төлж байсан болно. 2010 оны 11 сарын 2-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын баталсан 578 дугаартай тушаалын 3.2-т “Татварын тайлангаар ногдуулсан хугацаанд нь төлөгдөөгүй татварын өрийн үлдэгдэлд тооцогдох торгууль, алдангийг татварын төрөл бүрээр тооцох бөгөөд, татвар төлөх эцсийн хугацааг дараах байдлаар тодорхойлно” гэж заасан бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг “дараа оны 2 сарын 10” гэж заасан байна. Иймээс тайлант хугацааны дундуур буюу улирлаар алданги, торгууль төлөхгүй гэсэн үг юм.

2.5. Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 2018 оны 3,473,487.40 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1-д, 16.1.2-т заасныг тус тус зөрчсөн талаар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны эцсийн байдлаарх тооцоогоор манай компани нь 404 сая төгрөгийн авлагатай, 2019 оны эцсийн байдлаар 644 сая төгрөгийн авлагатай гэж баталгаажсан болно. Иймээс оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ-ын өглөгийг эдгээр авлагаас суутган хасах ёстой гэж үзэж байна. Учир нь оршин суугч болон оршин суугч бус этгээдүүдэд борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулсан албан татварууд нь нэг төрлийн тайлангууд болох ТТ-03(a), ТТ-03(б) тайлангуудаар тайлагнагддаг. 2008 оны Татварын ерөнхий хууль, шинэчлэн найруулсан 2019 оны Татварын ерөнхий хуулиудын зохицуулалтаас харвал татвар суутган төлөгчдөд хуульд заасан хугацаанд татварыг суутган, төсөвт шилжүүлээгүй гэдэг нь алданги тооцох үндэслэл болохгүй. Тухайлбал, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.7-д “Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана” гэж заасан байдаг. Манай Компанийн хувьд оршин суугч бус этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан тухайн төлбөрийг татвар төлөгчийн хувиар төлөх бус, харин суутгаснаа төсөвт шилжүүлэх үүргийг хүлээнэ. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", мөн 2019 оны Татварын ерөнхий хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх 73.1-д "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд..." гэж зааснаас харвал манай Компани нь тухайн оршин суугч бус этгээдийн татвар төлөлтийн зөрчилд зөвхөн суутгагчийн үүрэгтэй байгаа ба татвар төлөгчийн үүргийг хүлээхгүй юм. Иймээс энэ асуудлаар манай компанийг зөвхөн өөрт оногдсон татвараа төлөх татвар төлөгчийн нэгэн адил үзэж алданги ногдуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хугацаандаа суутгаагүй гэдэг нь алданги ногдуулах үндэслэл болохгүй юм.

2.6. 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлал"-ын зориулалтаар “М с” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 2016/0093 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээтэй Арцатын аманд байрших 1.8 га газартай холбогдуулан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу төлсөн 3,480,000,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийн талаар:

Газар ашиглах эрх манай компанид шилжээгүй.  2016 оны 6 сарын 24-ний өдөр бид “М с” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” (“Гэрээ”-г анх байгуулсан байдаг. Энэхүү Гэрээг бид “М с” ХХК-ийн ашиглалтын газарт өөрийн үл хөдлөх хөрөнгөө барин хамтран ажиллах зорилгоор байгуулж, Гэрээний төлбөрт 1,500,000 ам.долларыг шилжүүлэхээр тохиролцсон. “М с” ХХК нь тухайн газрын ашиглах эрхийг баталгаажуулсан № 2016/0093 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ (“Газрын гэрчилгээ”)-г эзэмшигч бөгөөд холбогдох №2018/163 тоот “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г мөн адил “М с” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан байдаг.

Гэрээгээр манай компани зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн газарт барих, барьсан үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөгчөөр бүртгүүлэх, Гэрээний дагуу тохиролцсон төлбөрийг “М с” ХХК-д шилжүүлэх, “М с” ХХК нь газраа үргэлжлүүлэн ашиглах зэрэг харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн Гэрээнд бид газрыг “М с” ХХК-иас өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж авах ямар ч нөхцөлийг тохиролцоогүй бөгөөд газар ашиглах" эрхээ эзэмшигч нь бусдад шилжүүлэх боломж хууль зүйн хувьд байхгүй. Гэтэл татварын алба Компанийг “М с” ХХК-иас газар ашиглах эрхийг шилжүүлж авсан, авах хүсэл зоригтой гэж үзэн татварын нөхөн ногдуулалтын акт ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрх шилжсэн гэж үзэхийн тулд тухайн газрыг ашиглах эрх манай компанийн нэр дээр шилжиж, эрх бүхий байгууллагаас газар ашиглах эрх олгох захирамж гарч, холбогдох гэрээ байгуулсан хууль зүйн факт бий болсон байх ёстой. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36-р зүйлд “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн Цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, мөн хуулийн 37.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх бүхий этгээд нь төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр болон сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан газар ашиглах гэрээгээр тодорхойлогдоно. Иймээс тухайн газрыг ашиглах эрх, холбогдох баримт бичиг зэрэг нь манай компанид бус “М с” ХХК-д одоог хүртэл байгаа бөгөөд “М с” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох эсхүл манай компани дээр тухай газрыг ашиглуулах тухай шийдвэр төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох засаг даргаас огт гараагүй байгаа билээ. Нэгэнт хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг шилжүүлэх боломжгүй зохицуулалттай байхад тухайн газар ашиглах эрхийг шилжсэн байна гэдэг хууль бус, бодит нөхцөл байдал тохироогүй дүгнэлт хийж, улмаар татварын нөхөн ногдуулалт хийх үндэслэлгүй юм. Тухайн газар ашиглах эрх одоо хүртэл “М с”ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд газар ашиглах эрхээс хүртэх үр шимийг зарснаас олсон орлого гэж өрөөсгөл тайлбарлах нь үндэслэлгүй байна. Хэрэв гэрчилгээ дээрх нэр хамаагүй, газрын эрх гэрээгээр шууд шилждэг гэж үзвэл Газар ашиглах гэрээ хийж, төлбөр авч буй, газрын өмчлөгч болох төр өөрөө газрын төлбөртөө энэ төрлийн татварыг шилжүүлсэн гэж төлөх ёстой болно. Тиймээс, эрх хэнд хадгалагдаж байгааг заавал анхааран үзэх ёстой юм. Нэгэнт хуулиар газраа ашиглан, түүнээс үр шим хүртэхийг “М с”ХХК-д зөвшөөрсөн ба харин түүнийг бусдад шилжүүлэхийг “М с”ХХК-д хориглосон болно. Татварын албаны зүгээс өөрсдийн тавьсан татварын актыг зөвтгөх үндэслэлдээ манай Компанийг газар ашиглах эрхийг шууд бусаар шилжүүлж авсан, тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгөө барьсан нь газрыг ашиглаж байгаа явдал гэж үзсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь газрын харилцааг зохицуулсан хууль, онолын хувьд газрыг шууд бусаар эзэмших, ашиглах гэх ойлголт байхгүй. Нөгөө талаар, хэзээ газар ашиглах эрх эзэмшигч болох вэ гэвэл гагцхүү тухайн газрыг ашиглуулах тухай засаг даргын захирамж, гэрчилгээ гарч, гэрээ байгуулсан үед л газар ашиглах эрх эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй. Газар дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгааг мөн тухайн газрыг өөрийн ашиглалтад шилжүүлж авсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй юм.

Эрх шилжүүлэн авсантай холбоотой татвар төлөх үүрэг эрх шилжүүлсний дараа үүснэ. Нягтлан бүртгэлийн жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу мөн түүнчлэн татварын тодорхой байх зарчмын хүрээнд эрх шилжүүлэн авахтай холбоотой татварыг зөвхөн тухайн эрх бодитойгоор шилжсэн тохиолдолд ногдуулна гэж үздэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.3 дугаар зүйлд заасан Нягтлан бодох бүртгэлийн жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу тухайн хөрөнгө нь борлуулагч талаас худалдан авагч талын мэдэлд бүрэн шилжсэн эсэхийг худалдан авагч тал энэхүү хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж, уг хөрөнгөтэй холбогдох аливаа эрсдэлийг хүлээж чадах эсэх шалгууруудаар тогтоодог. Эдгээр шалгуураар үзвэл “М с” ХХК-ийн нэр дээрх газар ашиглах эрх нь манай компанид шилжээгүй, “М с”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа болно. Учир нь “М с” -ийн газар ашиглах эрхийг Компани аливаа этгээдэд өөрийн дураар борлуулах, барьцаалах түрээслүүлэх, ашиглуулах зэргээр эдийн засгийн харилцаанд чөлөөтэй оруулах ямар ч боломжгүй юм. Мөн түүнчлэн уг газартай холбоотой аливаа төрийн эрх бүхий байгууллагаас авах арга хэмжээ буюу эрсдэлийг бид хариуцахгүй. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх цуцлагдах хураагдах зэрэг асуудлуудыг “М с” ХХК бүрэн хариуцаж байгаа нь эрсдэл бидэнд шилжээгүйг харуулж байна. Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т заасны дагуу татвар тодорхой байх зарчимтай байдаг. Энэ хүрээнд мөн хуулийн 9.1-т зааснаар татварыг зөвхөн татвар ногдох зүйлд ногдуулдаг бөгөөд 9.2-т заасны дагуу Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтоодог. Аж нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.2-т заасан “Эрх борлуулсны орлого” гэж заасан байдаг бөгөөд тус хуулийн 17.2.7-т заасны дагуу уг орлогыг олгосон худалдан авагч тал суутгах үүрэг хүлээсэн байдаг. Ийнхүү орлого олгосонд тооцох тохиолдолд дээр дурдсан жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу худалдан авагч талд эрх нь бүрэн шилжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл худалдан авагч талд эрх бүрэн шилжээгүй тохиолдолд татвар ногдуулах нь татварын тодорхой байх зарчимтай үл нийцэж байна.

          Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Татварын алба татварын нөхөн ногдуулалтын акт ногдуулахдаа 2006 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.7-д "эрх борлуулсны орлогод 30 хувиар гэж заасны дагуу 30 хувиар тооцож татвар ногдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс манай тохиолдолд 2006 оны хуулийг баримтлан татвар ногдуулж байгаа нь хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Манай компанийн “М с” ХХК-тай байгуулсан гэрээний харилцаа нь 2016 онд эхэлсэн бөгөөд өдийг хүртэл гэрээний биелэлт бүрэн хангагдаагүй үргэлжилж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хэдий татвар ногдуулах үндэслэл бий болсон ч уг харилцаа нь 2019 оны татварын шинэ багц хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үеийг дамнаж байгаа тул хууль зүйн зарчмын дагуу татвар төлөгчид хамгийн хөнгөлөлттэй нөхцөл заасан буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн татварын хуулийг хэрэглэх ёстой юм. Хэрэв эрх борлуулсны орлогын татвар төлөх ёстой гэж үзвэл Гэрээний дагуу тохиролцсон төлбөрийг бүрэн шилжүүлж дууссаны дараа төлөх нь зүйтэй. Иймээс бидний үзэж байгаагаар хэрэв эрх борлуулсны орлогын татварыг төлөх ёстой. болсон тохиолдолд 2019 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсны орлогын 10%-аар тооцон татвар төлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын албаныхан манайхыг “М с” ХХК-иас газар худалдаж авсан. Түүндээ татвар төлөөгүй гэж акт ногдуулсан байдаг. 2016 онд манайх тус хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр манайх үл хөдлөх хөрөнгөө “М с”ХХК-ийн ашиглалтад байгаа газар дээр бариад хамтрах ажиллах харилцааг энэхүү гэрээгээр байгуулсан. Тухайн гэрээгээр газар ашиглах гэрээ нь хэнд ашиглах эрх нь байсан бэ гэхээр “М с” ХХК-д дээр газар ашиглах гэрээ нь гэрчилгээтэйгээ хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн байдлаар манайх газар ашиглах эрхийг худалдаж аваагүй. Манайхыг шууд бусаар шилжүүлсэн мэтээр татварын акт ногдуулсан. Хууль зүйн хувьд газар ашиглах эрхийг гэрээгээр талууд шилжүүлж болох эсэх талаар авч үзэх ёстой. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг авч үзвэл талууд гэрээгээр газрыг шилжүүлэх хууль зүйн боломж байхгүй. Газрын өмчлөгч нь төр өөрөө байдаг. Төр нь газар ашиглах эрхийг хэнд өгөх талаар шийддэг гэсэн үг. Хэдий бид хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн боловч энэ нь газар худалдаж авах санаа биш. Ийм гэрээ байгуулаагүй юм. Газар ашиглах эрх гэдэг нь газар ашиглах гэрээгээр нотлогдож байх ёстой. Манайд газар ашиглах эрх огт шилжээгүй.Нягтлан бодох бүртгэлийн үүднээс манайд газар шилжүүлсэн эсэх талаар аваад үзвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т жинхэнэ хэрэгжилтийн зарчим гэж байгаа. Энэ зарчим нь тухайн газрыг манайх ашиглалтыг нь өөр дээрээ шилжүүлэн авсны дараа буюу манайд эрхийн гэрчилгээ гараад гэрээ байгуулсан үед татварыг бид төлж болно. Энэ тохиолдолд татварын акт ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуульд тодорхой байх зарчим байдаг. Яг л татвар ногдуулах харилцаа нь бүрэн дууссаны дараа л татвар ногдуулах ёстой байдаг. Хамтран ажиллах гэрээний хувьд ирээдүйд дуусгавар болох нөхцөлүүдийг заасан байдаг. Тэр газрыг манай компани шилжүүлж авсан бол дуусгавар болно гэсэн үг. Энэ нь ирээдүйд чиглэсэн дуусгавар болгох нөхцөлийг л заасан болохоос биш тухайн гэрээний зорилго нь газар шилжүүлж авах зорилго биш юм. Энэ гэрээний санал харилцааг аваад үзвэл газрыг шилжүүлж авах хүсэл зорилгогүй. Зөвхөн хамтран ажиллах гэрээг бид байгуулсан. Хуулийн хувьд боломжгүй зүйл дээр шууд бусаар газрыг шилжүүлж авсан гэдэг үндэслэлээр татвар ноогдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Татварын алба нь санхүүгийн түрээс байна гэж хариу тайлбартаа дурдсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд газар өөрөө санхүүгийн түрээсийн зүйл болохгүй гэж тодорхой заасан байна. Иймд санхүүгийн түрээсийн гэрээ биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдах худалдан авах гэрээ байна гэдэг. Иргэний тухай хуулийн 242 дугаар зүйлд нэг өмчлөгчөөс нөгөө рүү нь хариу төлбөртэй шилжүүлж байгаа үйлдлийг хэлдэг. “М с” ХХК нь газар ашиглагч болохоос биш газрын өмчлөгч биш. Иймд бид худалдан авах ямар ч хууль зүйн боломжгүй. Манай газар ямар нэгэн байдлаар шилжүүлсэн зүйл байхгүй.Газрыг шууд бусаар шилжүүлж авсан гэдэг. Газрын эрхийг шууд бусаар шилжүүлж авна гэсэн ойлголт байхгүй. Тухайн компанийн хувьцаа худалдан авсан тохиолдолд тийм нөхцөл үүсэх боломжтой. Манайх тус хуулийн этгээдийн хувьцааг авсан зүйл байхгүй. Эдгээр нөхцөлүүдийг үндэслээд тухайн газрыг худалдаж аваагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Актад дурдсанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр акт тавьсан. Эрх борлуулсны орлогод юу хамаардаг талаар хуульд тайлбарласан байдаг. 8.1.2-т эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эд хөрөнгө эзэмших ашиглах эрхийг хуульд заасны дагуу шилжүүлснээс олсон орлого. Өөрөөр хэлбэл тухайн татвар ноогдох зүйл нь хэн нэгэн гуравдагч этгээдэд эрх шилжсэн байх асуудал. Хуулийн урьдач нөхцөл нь эрх бүхий байгууллагаас олгосон байх юм. Бид нарын эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу маргааны гол зүйл болоод байгаа зүйл нь дархан цаазат газар ашиглах эрх гэсэн үг. Газар ашиглах эрхийг нь “М с” ХХК-д тухайн ашиглах эрхийг нь дамжуулаад ашигласан. Түүнээс биш тухайн эрхийг нь бүрэн өөртөө шилжүүлж аваагүй. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т төрөөс гадаадын иргэнд газрыг төлбөр болон хугацаатайгаар хуульд заасан болзол журмаар ашиглуулж болно. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулж болох тухай асуудал. Түүнээс биш эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал нь Үндсэн хуульд байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын хэлснээр газар ашиглах эрхийг гэрээгээр дамжуулах нь хууль тогтоомжийн хувьд боломжгүй гэж хэлсэн. Иймд актад дурдсан 8.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Ирээдүйд болох эсэх нь тодорхойгүй зүйлийг болсон мэтээр акт тавьсан байна.  2 дугаар зөрчлийн хувьд татвар төлөгч та нар нийт 220 сая төгрөгийг хасагдах зардалд оруулж тооцсон гэдэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд газрын элэгдэлд тооцохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн газрын өмчлөгчийн асуудалд нарийвчлан зохицуулсан гэсэн үг. Захиран зарцуулах эрхтэй этгээд нь газраа элэгдүүлж болохгүй гэж хуулиар хязгаарлалт зааж өгсөн. Бид нар ашиглах эрх ч байхгүй байх үед газрыг өмчлөх эрхтэй болсон мэтээр үзэж 1.3 тэрбум төгрөгийг элэгдэл гэж тооцсон нь буруу гэж үзэж байна. Бусдын ашиглах эрхтэй газрыг л гэрээний дагуу тодорхой нөхцөл хэмжээндээ ашиглаж байгаа. Бидэнд ямар ч газар ирээгүй учир газар илэгдүүлсэн асуудал байж болохгүй. Актын 1, 3, 5-тай холбоотой асуудлаар бид нарт үзэж харж байсан баримтууд байхгүй учир хариуцагч нар тайлбарлаад явах байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн зүгээс гомдлоо ийнхүү дэмжиж тайлбарладаг” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “3.4 тэрбум төгрөгийг бүртгэсэн болохоор татвар ноогдуулж байна гэдэг. Бүртгэсэн гэдэг нь үнэн. Гэхдээ актыг гаргаж байгаа байгууллага нь бодит нөхцөл байдал дээр суурилж байх ёстой. Энэ утгаараа биет бус хөрөнгийн цаад агуулгыг нь шалгасан бол энэ нь өөрөө нягтлан бодох бүртгэлийн жинхэнэ хэрэгжилтийн зарчмаар бүртгэгдсэн байсан гэдгийг тэр дариу л мэдэх боломжтой байсан. Энэ маргаан нь эрх нь борлуулсан гээд татвар ноогдуулсан л маргаан. Эрх нь яг үнэндээ борлуулагдаагүй борлуулах боломжгүй байсан. Үндэслэл нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль дээр харагдана. Мөн цаашилбал татвар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд суурилдаг гэж хэлсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн жинхэнэ хэрэгжилтийн зарчмыг нь өөрсдөө шалгасан бол эрх нь шилжээгүй гэдгийг нь тогтоох боломжтой байсан.. Энэ аль ч Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль гэх мэт аль ч хуулиар нь бодсон манай байгууллага нь газрын эрхийг авч чадаагүй байгаа. Үүнд шууд татвар ноогдуулж болохгүй гэж үзэж байна. Иймд татварын актыг хүчингүй болгож өгнө үү гэдэг хүсэлтээ дэмжиж байна” гэв.

3. Хариуцагч нар татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

3.1. Татварын удирдлагын нэгдсэн системийн гаалийн хөндлөнгийн мэдээллээр төгрөгийн, 2019 онд 2,867,515.72 төгрөгийн, нийт 27,695,417.81 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг /экспортын орлого/ тайлагнаагүй зөрчлөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн алдагдлыг бууруулсан.

3.2. Тус аж ахуй нэгж нь Арцатын амны 1.8 га талбайн хэмжээтэй газрыг “М с” ХХК-иас түрээсэлдэг гэх тайлбартай боловч уг газрын эрхийг 2018 онд санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэсэн нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт, анхан шатны баримтаар нотлогдсон бөгөөд өөрийн хөрөнгийг түрээсэлсэн түрээсийн зардлыг татвар ногдох орлогоос 229,903,900.03 төгрөгийн газрын эрх түрээсэлсний зардлыг хассан. Мөн 2018 онд 103,451,920,00 төгрөгийн баримтаар нотлогдохгүй түрээсийн зардлыг хасаж татвар ногдох орлогыг бууруулсан.

3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2019 онд тус аж ахуйн нэгж нь 1,702,426,458 төгрөгийн алдагдалтай буюу татвар ногдуулах орлогогүй тайлан илгээж баталгаажуулсан бөгөөд 76,997,481.48 төгрөгийн даатгалын зардлын хэтрэлийг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах орлогыг буруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6-д “даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх” гэж заасныг, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн,“..анхан шатны баримт бүрдүүлэх, Нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-д: “аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө:” мөн 4.1.2-д “Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;", Жижиг, дунд аж ахуйн нэгж, хэсгийн 13.5-р зүйлд "Бараа материалын өртөг" "Аж ахуйн нэгж нь бараа материалын байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Бараа материал өртөг, худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал, түүнийг одоогийн байршил болон нөхцөлд авчрахтай холбогдсон бүх зардлыг оруулан тооцно..." гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

3.4.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 2018 оны 1,820,694.01 төгрөгийн, 2019 оны 6,756,492.95 төгрөгийн нийт 8,577,186.96 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ний дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ний дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж заасныг, үндэслэн мөн Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйл 28.1-д “Татар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.", 28.9-д “Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна" мөн 29 дүгээр зүйл 29.2-д “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна." гэж заасны дагуу торгууль, алданги гэж ногдуулсан болно.

3.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ний өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, мөн хуулийн 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.25-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасныг үндэслэн тус компанийн 2018 оны 3,473,487.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй зөрчилд торгууль, алданги ногдуулсан болно.

3.6. “М с” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу /Татвар төлөгч түрээсийн гэрээ гэх тодорхой огноогүй.  /Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “аялал жуулчлал"-ийн зориулалтаар Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Арцатын амд 1.8 га талбайтай, “М с” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр олгосон 2016/0093 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг санхүүгийн түрээсээр худалдан авсан болох нь   2018 онд биет бус хөрөнгөөр 3,448,558,500.00 төгрөгөөр үнэлэн балансад бүртгэж /1170103 тоот Land uѕе rights дансанд/  улмаар 574,759,749.99 төгрөгийн элэгдлийн зардал хассан,  “М с” ХХК-д газрын төлбөрт 2016-2018 онд нийт 3,266,523750 00 төгрөг буюу хамтран ажиллах гэрээний нийт үнийн дүнгийн 93,86 хувийг харилцах дансаар шилжүүлсэн, дээрх газарт баригдсан үзэсгэлэнгийн болон оффисын, авто засварын, ус дулаан дамжуулах төвийн зориулалт бүхий з барилгыг 2018 онд "С м м” ХХК улсын бүртгэлд бүртгүүлэн мөн хугацаанд балансад үндсэн хөрөнгөөр 14,777,393, 106.85 төгрөгийн өртгөөр бүртгэсэн зэргээр нотлогдож дараах хууль, журам болон стандартыг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан болно.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн;"..анхан шатнышилжүүлсэн. баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-д: “аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө" мөн 4.1.2-д “Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;", Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт Санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөх нь Хөрөнгө хэсгийн 2.37-р зүйлд “Аж ахуйн нэгжид ирээдүйн эдийн засгийн үр өгөөж бий болгох магадлалтай, найдвартай хэмжигдэхүйц өртөг эсвэл үнэ цэнэтэй зүйлийг баланст хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайн тайлант үеэс хойш эдийн засгийн үр өгөөж авчрах магадлалгүй гэж тооцсон зардал гаргаж байгаа үед баланст хөрөнгө хүлээн зөвшөөрөхгүй...", мөн хэсгийн 2.38-р зүйлд “Аж ахуйн нэгж болзошгүй хөрөнгийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Гэхдээ, тухайн аж ахуйн нэгжид бий болох ирээдүйн эдийн засгийн өгөөжийн урсгал ерөнхийдөө тодорхой болсон бол түүнтэй гэж заасныг зөрчсөн тул нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс манайд албан тоот ирсний улмаас хяналт шалгалт хийхээр болсон. “С м  м” ХХК нь Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлээд байгаа дээр нь тайлбар хэлээд явъя. Нэгт 2018 онд 24 сая төгрөг, 2019 онд 2.6 сая төгрөгийн нийт 27.6 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого гэж тайлагнасан байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал бараг мэдэхгүй гээд байх шиг байна. Энэ орлогын тухайд 2018-2019 онд авто машин сэлбэг экспортолсон мэдээлэл байсан. Энэ орлогоо 2018-2019 онд тайлагнаагүй учир үйл ажиллагааны орлого байна гэж үзээд зөрчлөөр авсан.  Хоёр дугаар зөрчлийн хувьд 2018 онд 229 сая төгрөгөөр газар түрээсэлсэн орлого гэсэн байдаг. Нэгт газар түрээсэлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд тооцсон гэсэн үг. Мөн зөрчлийн 103 сая төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардал байгаа. Үүнийгээ түрээсэлсэн гэдэг зардал гаргасан байдаг. Аж ахуйн нэгжийн хасагдах зардалд тооцсон байгаа. Энэ зардал нь баримтаар нотлогдохгүй байсан учир зөрчлөөр авсан байдаг. 3 дугаар зөрчлийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 76 сая төгрөгийн даатгалын зардлыг хассан. Тухайн жилийн албан татвар ноогдох орлогын 15 хувиас хэтрэхгүй гэж Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.-т заасан байдаг. Тухайн жилийн татвар ногдох орлого байхгүй. Тухайн компани нь 2019 онд алдагдалтай ажилласан учир хасагдахгүй. 4 дүгээр зөрчил нь татвараа хуулийн хугацаанд нь төлөөгүй учир хоног тутамд 0.1 хувиар алданги тооцсон. 5 дугаар зөрчлийн хувьд оршин суугч этгээдийн Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж байгаа. Тухайн үед нь хугацаа алдсан тул алдагдал тооцсон. 6 дугаар зөрчлийн хувьд гол маргааны эзэн байгаа. Энэ бол газрын эрх шилжсэнтэй холбоотойгоор 3.4 тэрбум төгрөгийн орлого байгаа. Үүнд газрын эрх шилжүүлсэн гэж үзсэн” гэв.

Хариуцагч Г.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбат газраа хүлээж аваагүй учир түрээсэлсэн гэж үзнэ гэсэн. Хэрэв газрыг түрээс гэж үзэж байгаа юм бол түрээсийн зарлага үүсгэсэн байх ёстой. Гэтэл түрээсийн өглөг дансны үлдэгдэл 0 байгаа. Газар дээр барьсан нийт 3 үл хөдлөх хөрөнгөө 14.7 тэрбум төгрөгөөр үндсэн хөрөнгөд тооцсон байгаа. Өөрсдөө нягтлан бодох бүртгэлийн бичилтээ буруу хөтөлсөн байгаа гэдгийг хэлье” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлага тайлбарласан. Энэ гэрээ чинь ямар гэрээ юм бэ гээд байсан. Шүүх болохоор та нар гэрээ тайлбарлах эрхгүй гээд байсан. Гэрээг харахаар ирээдүйд болзол тавьж хийсэн гэж харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бид нар санамсаргүй байдлаар агаар дээр нэг юм эзэмшиж байгаа. Та нарт тэр хөрөнгөө яах ийх нь хамаагүй гэдэг байдлаар л тайлбар хийгээд байдаг. Яг үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газраас салгах боломжгүй. Хууль бус халхавчилж хийсэн хэлцлийн үр дүнг тухайн өмгөөллийн туслалцаа өгч байгаа газар нь хүлээх ёстой болохоос биш бид хүлээхгүй. Бид үүнийг тайлбарлаад байх ч шаардлага байхгүй. Ямар гэрээ шалгаад байх шаардлага байхгүй. Хамтран ажиллах гэрээгээр болзол тавьсан хэлцэл байна гэж харж байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар ирээдүйд нэг тэргүүнд манайд шилжүүлнэ гэсэн байдаг. Байцаагч нарын цахим хаягт ирсэн материалуудыг үзэхээр газрын төлбөр гээд явуулсан байдаг. Өмгөөлөгч нар нь данс бүртгэл нь ангид юм шиг яриад байх. Татварын ерөнхий хууль дээр ч байгаа. Нягтлан бодох бүртгэл дээр суурь зарчим байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сайн мэдэж байгаа байх. Дансан дээр ямар зорилгоор орсон юм бэ? гэдгийг нь харна. Тодорхой хугацаанд нөхөн ногдуулалтын акт тогтоох гээд хяналт шалгалт хийж байх үед нэхэмжлэгч тал орчуулахгүй, манайх англи хэл дээр явдаг гэсэн. Орчуулаад ирэх үүрэг нь байгаа. Бид нар энэ хүмүүсийг шаардаад торгож болно. Зардлууд нь нэмэгдэнэ. Торгосноор сайжраад байх зүйл байхгүй. Энэ бүх үйл явцаа орчуулаад өгвөл хэн хэндээ амар. Нэгт шалгалтад хамрагдахад хайхрамжгүй, санаатай ч юм шиг үйлдэл гаргаад оролцоод байдаг. Яалт ч гүй газрын төлбөр гээд шилжүүлсэн байгаа.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нотлох баримтаас хасуулах гээд яриад байсан. Хасуулаад ямар ч нэмэргүй бид албан ёсоор нь гаргаад л ирнэ. Хууль зүйн хувьд халхавчилж хийсэн хэлцэл байхгүй гэдэг. Ямар гэрээг халхавчилсан юм бэ гээд асуугаад байсан. Түүнийг нь хууран мэхэлж хэлцэл хийсэн хүмүүс нь өөрсдөө л хариулах байх. Энэ үл хөдлөх хөрөнгө нь газраас салаад тусдаа хөрөнгө үүсээд явах ойлголт байх боломжгүй. Түрээсийн гэрээ юм уу, Худалдах, худалдан авах гэрээ юу гэдгийг нь та нар өөрсдөө л шийдэх байх. Бид Үндсэн хуулийн зарчим зэргийг нь ойлгож байгаа. Монгол хүнд л зөвхөн газар өмчлүүлнэ, бусдад тохиолдолд ашиглуулна гэж байгаа. Биет бус хөрөнгөө бүртгээд үр шимээ хүртээд явж байгаа. Түүнээс биш агаар дээр нэг юм эзэмшээд л түүнийгээ салгаж ойлгоод байх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани нь ном дүрэм журмаараа явбал газрыг эзэмшээд явах боломжгүй. Иймд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Хамтын гэрээ нь ямар байх ёстой юм бэ? Газрыг шилжүүлж авна гэдэг хамтын гэрээ байх боломжгүй. Хувьцаагаа шилжүүлэх гээд байгаа юм уу гэдэг нь нарийн дүрмээр зохицуулах ёстой. Газрын нь үл хөдлөх хөрөнгөөс салгахгүйгээр ойлгодог. Монгол улсын газар дээр ашиглагдаад байгаа талаар нь олон улсын стандартаар дэлгэрэнгүй байдлаар хяналт шалгалт хийж явагдах байх. Эхлээд энэ шалгалтад хамрагдаад 15 жилийн дараа шилжүүлэх юм бол ямар нэгэн татварын процессыг нь шалгаж чадахгүй гэсэн үг. Илэрхий бий болсон нөхцөл байдал ба илэрхий хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Нягтлан бодох бүртгэлээр нь харагдаж байгаа. Гол нь үүнийгээ Англи хэл дээр бичсэн болохоор ойлгохгүй л гээд байх шиг байна. Бид нар үүнийг нь орчуулаад гаргаад өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

          1. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэж 1,044,000,000 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

          1.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор 3,930,099,393.68 төгрөгийн зөрчлөөс 2018 оны 126,092,152.23 төгрөгийн зөрчлийн дүнгээр тус оны тайлангаар гарсан алдагдлыг буруулсан хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 232,091,569.89 төгрөг, 2019 оны 79,864,997.20 төгрөг, нийт 311,956,567.09 төгрөгийн зөрчлийн үнийн дүнгээр тус онуудын тайлангаар гаргасан алдагдлыг бууруулах, 3,492,050,674.36 төгрөгийн зөрчилд ногдох 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 314,385,039.81 төгрөгийн торгууль, 209,656,356.81 төгрөгийн алданги, нийт 1,568,041,396.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр, мөн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулжээ.

          1.2. Дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг нийт 6 зөрчилд гаргасанд тооцож нөхөн ногдуулалтын акт тогтоосноос нэхэмжлэгч 2, 6 дахь хэсэг буюу газрын төлбөртэй холбоотой хэсэгт тухайлан шүүх хуралдаанд мэтгэлцэв.

          1.3. Уг зөрчлийн тухайд нэхэмжлэгчээс “газрыг хамтран ажиллах гэрээний дагуу түрээсээр ажилласан, үүний дагуу төлбөр шилжүүлсэн” гэж, хариуцагчаас “дүр эсгэж буюу халхавчлах зорилготой хийсэн гэрээ, бодит нөхцөл байдал дээр газар ашиглах эрхийг “С м  м” ХХК хэрэгжүүлж байгаа, эрх борлуулсныг орлогыг суутган авч төсөвт төлөх үүргийг биелүүлээгүй” гэж тус тус маргажээ.

          1.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заажээ.

          1.5. Мөн Аж ахиун нэгжийн орлогын албан татварын /2006 оны / тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно” гээд 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна” гээд 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”, мөн хуулийн 16  дугаар зүйлийн 16.3-д “Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”  гээд 16.3.5-д “эрх борлуулсны орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна” гээд 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

          1.6. Хариуцагчаас маргаан бүхий актаа дэмжиж “газрын төлбөрт 2016-2018 оны хооронд нийт 3,266,523,750.00 төгрөгийг шилжүүлсэн, газар дээр үл хөдлөх хөрөнгүүд барьсан, блансад үндсэн хөрөнгөөр 14,777,393,106.85 төгрөгийн өртгөөр бүртгүүлсэн” гэх тайлбарыг өгч буй хэдий ч энэ нь дараахь хууль зүйн үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

          Үүнд: 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжийг гагцхүү газар ашиглагч байхаар хуульчилсан.

2. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн “М с” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл эсэхийг захиргааны байгууллага буюу хариуцагч Татварын газар тогтоохгүй бөгөөд гагцхүү шүүх тогтоох учиртай.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд хориглох зүйлсийг жагсаасан бөгөөд үүнд газрыг бусадтай хамтран ашиглахыг хориглоогүй байна.

Харин бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон бөгөөд энэ тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болох нөхцөл бүрдэхээ бус татвар ногдох үндэслэл болохгүй.

4. Маргаан бүхий газар нь “М с” ХХК-ийн ашиглалтад байгаа болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 793 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын  албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16/46 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөр төлсөн баримтаар тус тус нотлогдож байна.

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн “М с” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл мөн эсэхийг шүүхээс тогтоогоогүй, газар ашиглах эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжээгүй байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг газрын төлбөрөөс суутган авагч төсөвт төлөөгүй зөрчил гаргасанд тооцож, нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл маргааны үйл баримт нь газар бөгөөд энэ тохиолдолд эрх зүйн харилцааг нарийвчлан тогтоохын тулд илүү нарийвчилсан зохицуулалт болох Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд газрыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэж эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлдэг онцлогтой болохын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар “М с” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд ашиглуулахаар олгосон 1.8 га газрын  ашиглах эрх бусад шилжээгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “М с” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.а-д “....гэрээг байгуулсан өдрөөс хойш 15 жил өнгөрсөн”, 8 дугаар зүйлийн 8.1-д “гэрээний дагуу 1,500,000 ам.доллар төлөх” талаар тус тус зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн дээрх байдлаар газар ашиглах нэхэмжлэгчид шилжээгүй байхад 2008 онд 229,903,900.03 төгрөгийн газрын эрх түрээсэлсний зардалд татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь 2018 онд 24,827,902.09 төгрөгийн 2019 оны 2,867,515.72 төгрөг нийт 27,695,417.81 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг /экспортын орлого/ тайлагдаагүй, 2019 онд 76,997,481.48 төгрөгийн даатгалын зардлын хэтрэлтийг хасагдах зардалд тооцож татвар ногдуулах зардлыг бууруулсан, 2018 оны 1,820,694.01 төгрөгийн, 2019 оны 6,756,492.95 төгрөгийн, нийт 8,577,186.96 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2018 онд 3,473,487.40 төгрөгийг оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зэрэг зөрчил гаргасан болох нь “С м  м”ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Баталгаажуулалтын эцсийн тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2019 оны 09 дүгээр сарын 30, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн нэхэмжлэх, харилцах дансны хуулгуудаар тус тус нотлогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актын 2,6 дахь зөрчил буюу газрын эрх түрээсэлсний  /229,903,900.03 төгрөгийн/, эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 3,480,000,000.0 төгрөгийн зөрчилд 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 313,200,000.00 төгрөгийн торгууль, 208,800,000.00 төгрөгийн алданги, нийт 1,566,000,000.00 төлбөр ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /2006 оны / тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2.1 , 16  дугаар зүйлийн 16.3, 16.3.5, 17.2, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “С м  м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарт холбогдох Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.И, Б.М нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн НА-22210000010 дугаар нөхөн ногдуулалтын актын 2,6 дахь зөрчил буюу газрын эрх түрээсэлсний  /229,903,900.03 төгрөгийн/, эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 3,480,000,000.0 төгрөгийн зөрчилд 1,044,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 313,200,000.00 төгрөгийн торгууль, 208,800,000.00 төгрөгийн алданги, нийт 1,566,000,000.00 төлбөр ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй..

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ