Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 47

 

 

 

 

    2020            1              7                                        2020/ДШМ/47                                                                         

                             С.О, Д.Ч, Ц.Н,

                          Г.Гнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

яллагдагч Г.Гансүхийн өмгөөлөгч Д.Батдулам,

яллагдагч Д.Чы өмгөөлөгч Д.Баттогтох,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/3348 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Г.Эрдэнийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай эсэргүүцлээр С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1941000220140 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.О нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох 5964 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд 133 ширхэгийг, мөн байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн найз О.Урангоогийн гэрт буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны  хорооллын 28 дугаар байрны 1301 тоотын тагтан дээр 5831 ширхэгийг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Яллагдагч Ц.Н нь байлдааны зориулалтай галт зэвсэг болох 1515 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоот буюу түрээслэн амьдардаг гэртээ болон өөрийн эзэмшлийн 58-43 УБО улсын дугаартай "Румион" маркийн тээврийн хэрэгсэлд 115 ширхэгийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

мөн Г.Гансүхтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор Г.Гансүхийн гэрт хадгалах талаар түүнтэй ярилцан тохиролцож буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөн, үүрэг оролцоог хуваарилсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 1400 ширхэгийг Г.Гансүхийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэрэгт,

Яллагдагч Г.Гнь яллагдагч Ц.Нтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1400 ширхэг сумыг өөрийн гэртээ нуун далдалж өгөх зорилгоор түүнтэй ярилцан тохиролцож буюу урьдчилан амлаж Ц.Нийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

мөн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.Оюунгэрэлийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Д.Ч нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох 10 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот буюу гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Сартуул овгийн Сандагдоржийн О-, Уньт овгийн Дамдиндоржийн Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Боржигон овгийн Цэрэндоржийн Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Халх овгийн Гунгаасүрэнгийн Гансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэсэн үндэслэлээр шийдвэрлэлгүйгээр эрхийг нь зөрчсөнийг хүлээн авах үндэстэй байна. Иймд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж хуульчилсан, 2 дугаар хавтаст хэргийн 156-182 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй байх тул энэ ажиллагааг хийж хуульд заасан эрхийг нь эдлүүлэх шаардлагатай байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хураагдсан гэх сумнуудын хэд нь байлдааны зориулалттай, хэд нь ангийн зориулалттай, хэд нь спортын зориулалттай сум байсан талаар галт зэвсгийн шинжээчээр мэргэшсэн мэргэжилтэн оролцуулж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийх, хэргийн оролцогч нар хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр аваад цааш ямар үнээр борлуулаад байгааг шалгаж тогтоох, галт зэвсгийн худалдааг хэрхэн явуулдаг талаар мэргэжилтнүүдээс асууж тодруулах ажиллагааг хийх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж,

мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт, мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заажээ.

Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийн дагуу гэрчийг дахин асуулгах, яллагдагч нараас өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг, тайлбар авах замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй байх тул С.О, Д.Ч, Ц.Н, Г.Гнарт холбогдох эрүүгийн 1941000220140 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.О, Д.Ч, Ц.Н, Г.Гнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон буюу С.Оаас хураагдсан 5958 ширхэг /5964 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Д.Чаас хураагдсан 8 ширхэг /10 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ц.Нээс хураагдсан 110 ширхэг /116 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Г.Гансүхээс хураагдсан 1398 ширхэг /1400 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/ байлдааны зориулалттай сумнууд, мөн С.Оаас хураагдсан 41516 ширхэг /41521 ширхэг сумнаас 5 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Д.Чаас хураагдсан 2102 ширхэг /2105 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ц.Нээс хураагдсан 100 ширхэг /109 ширхэг сумнаас 9 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/, Ч.Энхцэцэгээс хураагдсан 2497 ширхэг /2500 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн/ ангийн зориулалттай сумнууд тус тус Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох 1 хавтас 32 хуудастай материал, 3 ширхэг Си-Ди зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурорын яллах дүгнэлт нь явцын шийдвэр бөгөөд гомдол гаргах талаар хуульд тусгайлан зохицуулалт байхгүй ба яллагдагч Г.Гансүхийн өмгөөлөгч Д.Батдуламын яллагдагч Г.Гансүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хүсэлт, гомдлыг шат шатны прокуророос шийдвэрлэсэн байдаг тул шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй эрхийг нь зөрчсөн буюу хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэргийн 2 дугаар хавтасны 156-182 дугаар хуудсанд авагдсан “Золач” ХХК-ийн үнэлгээчний гаргасан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 37/19 дугаартай хэрэгт хураагдсан сумнуудын зах зээлийн үнэ ханш, үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээг яллагдагч Д.Ч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй байдаг ба бусад оролцогч нарт бүгдэд нь танилцуулсан байхад хэргийн аль оролцогчид танилцуулаагүйг тэмдэглэлгүй бүгдэд нь танилцуулаагүй мэтээр дүгнэсэн.

Мөн эрүүгийн 1941000220140 дугаартай тухайн хэргийн материалыг яллагдагч Д.Чаас 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус танилцсан ба гагцхүү сумны хөрөнгийн үнэлгээг танилцуулсан талаарх тэмдэглэлд тухайн нотлох баримттай танилцсан талаарх тэмдэглэгээ хийгдээгүй байдаг. Харин яллагдагч Д.Чы өмгөөлөгч Д.Баттогтохоос хэрэгт хийгдсэн сумны хөрөнгийн үнэлгээ болоод хэргийн материалтай огт танилцаагүй хэрнээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоос өмнөх өдөр хэргийн материалтай танилцаад тухайн үнэлгээг бидэнд огт танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэснийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хураагдсан сумнуудыг яллагдагч нар нь Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах” журмыг зөрчиж буюу хууль бусаар эзэмшиж, хадгалж байсан үйл баримт нотлогдсон учир хожим нь ангийн болон байлдааны хууль сахиулах зориулалттай гэж ялгалгүйгээр хэрэгг хураагдсан бүх сумыг 3 дугаар хавтаст хэргийн 167-177 дугаар хуудаст эд мөрийн баримтаар тооцож шийдвэрлэсэн ба тухайн хэрэгт хураагдсан сумнуудын үнийг яллагдагч нараас гаргуулж, сумыг буцаан олгох хууль зүйн боломжгүй, сумны үнэлгээг дахин гаргуулах, үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах ач холбогдолгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж хэрэгт хураагдсан сумнуудад шинжилгээ хийлгэх зорилгоор шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2739 дугаартай дүгнэлт гаргуулсан байхад тухайн мөрдөн шалгах ажиллагааг огт хийгдээгүй мэт үзэж дүгнэлт гаргуул гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн яллагдагч С.О, Ц.Н, Д.Ч нарын хэрэгт нэгжлэгээр хураалгасан сумнуудыг хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр аваад цааш ямар үнээр борлуулаад байгааг шалгаж тогтоо гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно...” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч С.О, Ц.Н, Д.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар тус тус өгсөн тухайн хэрэгт нэгжлэгээр хураагдсан сумнуудыг хаанаас, хэзээ, ямар байдлаар хэрхэн олж авсан болоод хэчнээнийг хэзээ, хаана, хэнд худалдан борлуулсан эх сурвалж тодорхойгүй мэдүүлгээс өөрөөр нотлох баримт байхгүй байхад тухайн байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсгийн сумыг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн үйлдэлд тэдгээрийг буруутгах хууль зүйн боломжгүй юм.

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “Гапт зэвсэг. сумыг худалдах. худалдаж авах, өвлөх, бэлэглэх” үйл ажиллагааг зохицуулж өгсөн байхад галт зэвсгийн худалдааг хэрхэн явуулдаг талаар мэргэжилтнүүдээс мэдүүлэг авч, асууж тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 80-82 дугаар хуудаст авагдсан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагч Д.Чы хүү Б.Золоогоос асууж авсан гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дах хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан буюу хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ гэрчээс болон яллагдагч нараас өмгөөлөгчтэйгөөр дахин мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзэж, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид заасан дээрх заалтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдал биш байтап хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3348 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж. хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Д.Чы өмгөөлөгч Д.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй байдаг. Хавтас хэргийн 182 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэлийг нь үзэхээр “хэрвээ гомдол гаргах юм бол хүсэлтийг шийдвэрлэнэ” гээд заасан байдаг. Гэтэл гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд прокуророос шүүгч “Чтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдсан уу” гэж асуухад прокурор “явагдаагүй” гэсэн байдаг. Гэтэл гэрт нь очоод үзлэг хийгээд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн юм бол материалтай нь танилцъя гэхээр ажиллагаа хийгдээгүй гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Дээрх хоёр асуудал дээр эрхийг нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Яллагдагч Г.Гансүхийн өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдол гаргах хугацаандаа гомдол гаргасан. Гэтэл гаргасан гомдлыг шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн байсан. Оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэхгүй хязгаарлаад байдаг. Хэрвээ оролцогч нарын эрхийг эдлүүлсэн бол нэмэлт туршилт хийлгүүлэх хүсэлт гаргах байсан. Нууц мөрдөн шалгах ажиллагааны материалтай танилцах хүсэлт гаргаж байж танилцсан. Танилцахад миний үйлчлүүлэгчийн утсаар ярьсан ярианы бичлэгийг л танилцуулсан. Бусад материалтай танилцуулаагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/3348 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

  1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой бус бичигдсэн талаар:

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэсэн үндэслэлээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүйгээр эрхийг нь зөрчсөнийг хүлээн авах үндэстэй байна. Иймд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй байна. ...” гэж нийлмэл өгүүлбэр бүхий, тодорхойгүй, үндэслэлээ бүрэн гаргаж тайлбарлаагүй, хуулийн хэм хэмжээний зохицуулалт, тэдгээрийн логик уялдаа зэргийг бүрэн илэрхийлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан эсэх нь эргэлзээ бүхий дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно” гэж заажээ.

Шүүгчийн захирамжид хэн гэдэг оролцогчийн ямар хуульд заасан эрхийг мөрдөн шалгах, прокурорын шатанд зөрчсөн, түүнийг ямар арга замаар зөвтгөх талаар дурьдаагүй нь буруу болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокуророос “...Нийслэлийн прокурорын газрын орлогч прокуророос хэргийг хянаж хариу өгсөн. Одоо Улсын ерөнхий прокурорын газраас энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу гарчихсан байгаа учраас энийг шүүх хуралдаанаар гүйцэтгэх боломжгүй гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. ...” гэх зэргээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлт, тайлбарыг няцаан үгүйсгэжээ.

Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1758, Улсын ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/2443 дугаартай Мэдэгдэх хуудаснууд авагдсан байна. /3-хх 243, 244/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар“дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болдог.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүнгэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байх бөгөөд энэ талаар дүгнэлт хийснээр шүүх хэргийг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг талуудад ойлгуулдагаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлдөг.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй бичигдсэн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгээс “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн хэргийг прокурорт буцаах зохицуулалттай уялдаатай авч үзсэнээр хэргийг прокурорт буцаах үндэслэл үүсэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй гэж хуульчилсан, 2 дугаар хавтаст хэргийн 156-182 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулах ажиллагааг хийгээгүй байх тул энэ ажиллагааг хийж хуульд заасан эрхийг нь эдлүүлэх шаардлагатай байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хураагдсан гэх сумнуудын хэд нь байлдааны зориулалттай, хэд нь ангийн зориулалттай, хэд нь спортын зориулалттай сум байсан талаар галт зэвсгийн шинжээчээр мэргэшсэн мэргэжилтэн оролцуулж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийх, хэргийн оролцогч нар хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр аваад цааш ямар үнээр борлуулаад байгааг шалгаж тогтоох, галт зэвсгийн худалдааг хэрхэн явуулдаг талаар мэргэжилтнүүдээс асууж тодруулах ажиллагааг хийх шаардлагатай...” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Шүүх дээрх хуулиудад заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан 2 дугаар хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг Д.Чд танилцуулах ажиллагааг хийгээгүй зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хэдий ч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 3 дугаар хавтаст хэргийн 146, 186 дугаар хуудсанд авагдсан баримтаас дүгнэвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ч хэргийн материалтай танилцсан байх бөгөөд ингэж танилцснаар түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа, хэрэг авагдсан бусад нотлох баримтыг шалгуулах, гомдол, хүсэлт гаргах эрхийг хангасан гэж үзнэ.   

 

Д.Ч шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хэргийн материалтай 2 удаа танилцахдаа ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байх тул түүний шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн гэж үзэхгүй.

 

Яллагдагч С.О, Ц.Н, Г.Гнар “Золач” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээтэй танилцсан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт танилцуулаагүй гэж ерөнхий байдлаар бичснийг цаашид анхаарах шаардлагатай. /2 хх 178-181/

 

Анхан шатны шүүх, Галт зэвсгийн суманд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2739 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Золач” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37/19 дугаартай Хөрөнгийн үнэлгээ, яллагдагч нарын мэдүүлэг зэрэгт огт дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй болжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шүүгч захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн талаар:

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “Шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Яллагдагч С.О, Д.Ч, Ц.Н, Г.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар тодорхой бичих үүрэгтэй.   

Гэтэл шүүгчийн захирамжид “...хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийн дагуу гэрчийг дахин асуулгах, яллагдагч нараас өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг, тайлбар авах замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй...” гэж тодорхой бус байдлаар бичсэн нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурьдагдаагүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог болохыг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго, зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/2781 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/3348 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлтэл яллагдагч С.О, Д.Ч, Ц.Н, Г.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ