| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0054/З |
| Дугаар | 221/МА2025/0526 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0526
| Дугаар 221/МА2025/0526 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК,
Хариуцагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У, хөдөлмөрийн хяналын улсын байцаагч А.Ур, Салбарын хяналтын ерөнхий байцаагч,
Гуравдагч этгээд: Г.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У, хөдөлмөрийн хяналын улсын байцаагч А.Ур нарын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-03/011-12 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулах, Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Нын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-00/001-04 дугаартай “Улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0374 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
гуравдагч этгээд Г.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***,
Хэргийн индекс: 128/2025/0054/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У, хөдөлмөрийн хяналын улсын байцаагч А.Ур нарт холбогдуулан “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ё.У, хөдөлмөрийн хяналын улсын байцаагч А.Ур нарын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-03/011-12 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Нын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-00/001-04 дугаартай “Улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэн маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0374 дүгээр шийдвэрээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ё.У, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Ур, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын улсын Ерөнхий байцаагч нарт тус тус холбогдох 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-03/011-12, 07/00-00/001-04 дугаартай улсын ахлах байцаагч нарын гаргасан захиргааны актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх ажлын байранд ямар осол гарсан, ямар үйл явдал, үндэслэлийг үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл гэж үзэж байгаа талаар хариуцагч талаас тодорхой үндэслэл гаргаж, няцаалт хийгээгүй байхад хууль болон холбогдох хэм хэмжээний актыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан,
3.2 Талийгаачийн үхлийн шалтгааныг зүрх судас, элэг, нойр булчирхайн архаг хууч өвчтэй байсан талаар шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоосон байхад анхан шатны шүүх ажилд орох үеийн эрүүл мэндийн үзлэгт дурдсан ажилд тэнцэнэ гэсэн тодорхойлолтыг үндэслэн ажилд орох үед эрүүл байсан гэсэн агуулгаар дүгнэлт хийж, улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
3.3 Урьдчилсан үзлэгээр ажилтан ажлын байранд тэнцэнэ гэсэн дүгнэлт нь уг ажилтан эрүүл гэсэн дүгнэлт огт биш бөгөөд үхлийн шалтгаан ажил, мэргэжлээс шалтгаалсан гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг холбогдох нотлох баримтаар тогтоох шаардлагатай байсан
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,
3.1 “Б” ХХК-д хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажиллаж байсан Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн амрах хотхоны амрах өрөөнд нас барснаар тус компанийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-оос 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүйгээр” акт тогтоосныг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Т.С 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан.
3.2 Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ажилтан Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 02 минутад уурхайн амрах хотхоны амрах өрөөнд “Зүрсний булчингийн томрол, зүрхний булчингийн цус хомсрол”-ын улмаас нас барсан болох нь тогтоогдсон.
3.3 Талийгаач Ш.Гын хүү Г.Ааас “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ын актыг эс зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газарт хандан өргөдөл гаргасны дагуу Салбарын улсын ерөнхий байцаагч нь 2024 оны 13-07/18 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, үүний дагуу Хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын ахлах байцаагч болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулан, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий “Үйлдвэрлэлийн ослын тухай” (үйлдвэрлэлийн осолд хамаарч байгаа тухай) 07/00-03/011-12 дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан.
Улмаар Салбарын улсын ерөнхий байцаагчаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-00/001-04 дүгээр шийдвэрийг гаргаж, Улсын байцаагч Т.Сгийн баталгаажуулсан (үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй тухай) үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгосон.
3.4 “Б” ХХК-иас Улсын ахлах байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/00-03/011-12 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргасныг Салбарын улсын ерөнхий байцаагч хянан үзэж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хянан шийдвэрлэсэн тухай” 07/00-00/001-01 дугаар шийдвэрээр “Үйлдвэрлэлийн ослын тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас дээрх захиргааны актуудыг эс зөвшөөрч “...үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-р заалтад тусгагдаагүй гэнэтийн тохиолдол ба ажлын бус цагаар амрах байранд зүрхний шигдээс оноштой үндэслэлээр үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүй”, “журамд заасан 6 сарын хугацаа хэтэрсэн” зэрэг үндэслэлээр маргаан бүхий улсын ахлах байцаагчийн болон ерөнхий байцаагчийн дүгнэлт, шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.4.-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед”, 7.1-т “ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж тус тус заасан.
6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзэхэд “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа, амрах” үедээ нас барсан нөхцөл байдал нь хуульд заасан “үйлдвэрлэлийн осол”-д хамаарна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилтан Ш.Гын ажилд орохтой холбогдон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн Эрүүл мэндийн үзлэгийн хуудаст “Эрүүл мэндээр тэнцэнэ” гэж тэмдэглэсэн. Мөн “Ажилтнуудын цагийн бүртгэл /2023.01.01-2024.01.31/ баримтад ажилтан Ш.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “өдрийн цаг”-аар ажилласан хэмээн тэмдэглэгдсэн хэдий ч ажилласан өдрийн ажил эхэлсэн болон дууссан цагийг бүртгээгүй. Нийт ажилласан цаг нь тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна”, 84.5-т “Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй”, 95 дугаар зүйлийн 95.1-т “Дараалсан хоёр ажлын өдрийн хоорондын тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна” гэж заасантай нийцэхгүй. Энэ үйл баримттай холбогдуулан улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ерөнхий байцаагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
7. Мөн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн актыг хяналтын улсын байцаагч Т.С 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсныг Хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын ахлах байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хянаад “үйлдвэрлэлийн осолд хамаарч байгаа” талаарх дүгнэлтийг гаргасан, Салбарын улсын ерөнхий байцаагч 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/00-00/001-04 дүгээр шийдвэр (Т.Сг баталгаажуулсныг хүчингүй болгосон)-ийг гаргасан нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.2-т заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэх зохицуулалтад хамаарахгүй.
Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно”, 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд талийгаач Ш.Гын хүү Г.Ааас “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагчаас хяналт шалгалтыг явуулж, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/00-03/011-12 дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА