Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 16

 

2017.01.23 Дугаар -16

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0022/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч                 Ч.Батбаяр,
Нарийн бичгийн дарга            Н.Энхзул,
Хохирогч                    П.Пүрэвдорж
Хохирогчийн өмгөөлөгч            Б.Болортунгалаг        
Шүүгдэгчийн өмгөөлөгч             С.Нарангэрэл, 
Шүүгдэгч                     Г.Оюунчимэг нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Оюунчимэгт холбогдох  201623000302 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-666б тоотод оршин суух хаягтай,  одоогоор нөхөр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 8-13б тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Ганцэцэгийн Оюунчимэг /РД:СЮ83090908/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 24-11 тоотод хүргэн ах П.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн хөлийн шилбэн тус газар нь галын дэгээ төмрөөр 2 удаа цохиж бие махбодид нь зүүн хөлний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   
Хохирогч П.Пүрэвдоржын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг гэрт ороход эхнэр Уранчимэг байсан. Надаас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд манай эхнэр  Уранчимэгийн астам нь хөдлөөд намайг ахындаа архи ууж байгаад ирсэн юм уу, ажил хийж байгаад ирсэн юм уу гэж уурласан. Тэгэхээр нь би ганцаараа нэг шил пиво уусан гэж хэлсэн. Тэгээд эхнэр астам нь хөдлөөд том охин Энхсаруул руу залгаад ажлаас нь дуудсан. Тэгээд охин Энхсаруул ирээд түргэний эмч дуудаад эхнэрийг үзүүлсэн. Түргэний эмч ирээд Уранчимэгийг үзэж байхад гаднаас эхнэрийн дүү Оюунчимэг орж ирээд надруу дайраад байсан. Удалгүй түргэний эмч гараад явсан чинь Оюунчимэг орж ирээд надтай хэрэлдээд байсан. Би тэр үед гэрийн баруун орон дээр байж байхад Оюунчимэг гэнэт босож ирээд галын дэгээ төмөр бариад над руу цохисон. Миний хөлний шагай, шилбэн тус газар хоёр удаа цохисон. Тухайн үед миний хөл шилбэ, шагайгаар янгинаж өвдөөд байсан. Тухайн үед манай гэрт эхнэр Уранчимэг, охин Энхсаруул, ач хүүхэд нар байсан. Би хөлөө эмчид үзүүлэхэд миний зүүн хөлний нарийн шилбэ цуурч хугарсан байна гэсэн.  Тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Оюунчимэгийн баруун гарын эрхий хурууг арагшаа нь дарсан үйлдэл хийгээгүй. Баруун гарын эрхий хурууг нь дарсан зүйл огт байхгүй. Намайг баруун орон дээр байхад галын дэгээ төмрөөр хөлийг маань цохисон. Намайг дэгээ төмрөөр цохих үед эхнэр Уранчимэг гэрийн зүүн талын орон дээр хараад сууж байсан. Би 1990-ээд онд залуу байхад хэл ам зөрөөд хардалтаас болж эхнэрээ зоддог байсан. ... Ер нь бол эхнэрээ зоддог байсан нь үнэн тухайн үед яаж яаж зодож байснаа санахгүй байна. Би ер нь сүүлийн хэдэн жил зодохоо больсон... гэх мэдүүлэг, /хх-14-19хуу/
Гэрч П.Энхсаруулийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байхад орой нь ээж Уранчимэг залгаад ээжийнх нь бие тааруу байна аав чинь согтуу ирсэн байна хүрээд ир гэсэн. Би ажлаасаа гараад такси бариад Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 24-11 тоотод очсон. Очсон чинь ээжийн бие нь муудсан амьсгал нь давчдаад бөглөрөөд зогсох гээд байсан. Би аавтай хэрэлдсэн. Тэгээд ээжийн бие нь муудахаар нь 103-д дуудлага өгсөн. Мөн ээжийн хоёр дүү Г.Саруулчимэг, Г.Оюунчимэг нар луу утсаар яриад ээжийн бие муу байна эмнэлэг дуудсан та хэд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч ирээд ээжийг үзэж байхад удалгүй араас нь  Г.Оюунчимэг эгч ирсэн. Г.Оюунчимэг эгч орж ирээд эгчийг минь яаж байгаа юм бэ гээд аав руу дайрсан. Тэгээд аав Оюунчимэг эгч хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би голоор нь орж салгах гэж оролдсон. Аав Оюунчимэг эгчийг гадаа гарч үзье гээд элдэв үгээр хэлээд байсан. Оюунчимэг эгч  уурлаад аавыг баруун орон дээр байж байхад нь галын дэгээ төмөр бариад аавын хөлний шилбэ хавьд хоёр удаа цохисон. Тэгээд хэрэлдэхээ болиод байж байсан чинь 20 орчим минутын дараа Саруулчимэг эгч орж ирээд аавыг гараараа цохиод газар хэвтэж байхад нь хэд хэдэн удаа өшиглөөд цохисон... гэх мэдүүлэг, /хх-ийн 20-22хуу/
 Гэрч П.Содбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэр орой Саруулчимэг, Оюунчимэг эгч нар ээжийг аваад гарсан. Би гэрт үлдээд аавын орыг засаж өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь намайг сэрэхэд аав ажилдаа явсан, ирэхэд нь хөл нь сонин доголсон юм шиг харагдаж байсан. Тэгээд 2 хоногийн дараа аав эмнэлэг явлаа миний хөл алхаж болохгүй болоод байна гэж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26хуу/
Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэгэхээр нь би уурлаад чи архи уусан юм уу архи үнэртээд байна миний багтараа хөдөлөөд байна гэж уурласан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдсэн.тэгээд би гэхтээ байж байгаад амьсгал давчидаад нэг хоёр удаа багтарч унасан. Би охин Энхсаруулыг утсаар дуудсан. Энхсаруул удалгүй ирээд аавдаа та одоо архи тамхи элдэв үнэр үнэртүүлээд ирлээ гээд уурласан. Энхсаруул түргэн дуудаад түргэний эмч ирээд тариа хийсэн. Тэгээд Энхсаруул миний хоёр дүү болох Саруулчимэг, Оюунчимэг нарыг утсаар дуудаад байсан. Тариа хийлгэж байхад гаднаас дүү Оюунчимэг орж ирээд нөхөр Пүрэвдорж руу уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Түргэний эмчийг явсаны дараа нөхөр Пүрэвдорж тэр хоёр дахиад хэрэлдсэн. Тэр үед нөхөр Пүрэвдорж дүү Оюунчимэгтэй муудалцаад хоорондоо заамдалцаад ноцолдож байгаад Оюунчимэгийн гэдэс рүү нь өвдгөөрөө тулаад байсан. Тэгсэн дүү Оюунчимэг уурандаа галын дэгээ төмөр бариад нөхөр Пүрэвдоржийн хөл рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд хэрүүл намдаад байж байсан чинь гаднаас Саруулчимэг, нөхөр нь болох Төмөрбаатар мөн манай бага хүү Содбаяр нар орж ирсэн. Тэд орж ирээд Саруулчимэг манай нөхөрийг гараараа цохиод уйлаад байсан. Тэгээд намайг манай 2 дүү аваад гарсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа гэртээ очоод хувцас хунараа авахад нь хөл нь доголоод архи уугаад үнэртүүлсэн байсан. Тэгээд би дүүгийндээ хоёр гурав хоноод Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 21 хоноод ирээд байна. Намайг Пүрэвдорж 1989 оноос 2004 оны хооронд их зоддог байсан. Тэрнээс хойш их ноцтой гэмтэл учруулахаар зодох нь гайгүй болж хааяа нэг цохиж барьдаг болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-32хуу/,
Гэрчээр 3 дахь удаагаа байцаасан тэмдэглэл: ... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Оюунчимэг, Пүрэвдорж нар муудалцаж байхад Пүрэвдорж тухайн үед Оюунчимэгийн баруун гарын хурууг арагшаа дарсан тийм зүйл харагдаагүй. Би араас нь харж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 179-180хуу/
Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: Пүрэвдорж ахыг би 2014 онд Цагдаагийн газрын уурын зууханд ажилд оруулж байсан. Одоо 2 жил ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эмнэлэгийн акттай гээд ажиллахгүй байгаа. Нэг өдөр ажилдаа ирэхдээ хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын дундуур эмнэлэгээр явж үзүүлнэ, зураг авахуулна гээд явсан. Ирэхдээ акт аваад ирсэн. Хөлний шилбэ хавиар цууралттай байна гэж хэлсэн. Бид нарт хэлэхдээ эхнэрийн дүү нарт зодуулсан, эхнэрийн дүү юмаар цохисон гэж хэлсэн... гэж мэдүүлэг, /хх-40-41/
Гэрч Б.Сосорын мөрдөн байцаалтад өгсөн: Манай дүү Пүрэвдорж над руу утсаар яриад миний хөл хугарсан байна аа надад маарал, бент 2 ширхэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах мэс заслын тасгийн байранд очиход цаанаас нь сувилагч эмэгтэй ирээд маарал, бент хоёрыг авсан. Тэгээд тэнд хөлөө гипэсдүүлнэ гэж нилээн удсан би үүдэнд нь хүлээж байсан. Пүрэвдорж гарч ирэхдээ хөлөө боолгосон гарч ирсэн. Би тухайн үед ямар учраас хөлөө хугалсан талаар асуусан чинь надад хэлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр амралтын өдөр Дорждэрэм гэх ахын гэрийг бариад орой таньтай машинд сууж яваад цаг уурын зам дээр буугаад “Тэргүү” дэлгүүр ороод нэг лаазтай пиво авч уугаад гэртээ орсон чинь эхнэр Уранчимэг над руу уурлаад байсан. Цалин хөлс чинь хаана байна мөнгө өг гээд нэхээд уурлаад байсан гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй охин Энхсаруул нь орж ирээд Оюунчимэг, Саруулчимэг эгч нарыгаа дуудсан. Оюунчимэг миний хөл рүү галын дэгээ төмөрөөр 3-4 удаа цохиод хугалсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 188-189хуу/
Хохирогч П.Пүрэвдоржийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлэгийн дүгнэлт 237 дугаартай дүгнэлт: 
-П. Пүрэвдоржийн биед зүүн хөлний тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрхи гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 
-Дээрхи зүүн хөлний тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30% алдагдана гэх дүгнэлт. /хх-ийн 59хуу/
Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ажил дээрээ байхад орой 19 цагийн орчим манай эгч Уранчимэг охин Энхсаруул руу залгаад “аав чинь согтуу ирээд агсам тавиад хэрэлдээд байна” гэж хэлсэн. Урьд өдөр нь эгч Уранчимэгийн бие муу байсан болохоор санаа зовоод дүү Энхсаруулыг чи хурдан оч гээд явуулсан. Тэгээд удалгүй 20-30 минутын дараа Энхсаруул над руу залгаад “ээжийн бие муу байна, би түргэн дуудсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-11 тоот болох эгчийн гэрт очиход манай эгч Уранчимэг ухаан алдсан түргэний эмч ирээд үзэж байсан. Хажуу талд нь Пүрэвдорж ах хараад инээх маягтай сууж байсан. Тэгэхээр нь би урьд нь эгчийг баахан зовоож байсан болохоор миний уур хүрээд Пүрэвдорж ахыг “чи өөрөө ийм болгочихоод юундаа инээгээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдсэн. Пүрэвдорж ах намайг “янхан, пизда” гэж зэргээр дуудаад байсан, би одоо хоёрдох нөхөртэйгээ сууж байгаа болохоор миний амьдралыг нөхөрт чинь хэлнэ, чамайг нөхрөөс чинь салгуулна гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхээр нь би уур хүрээд шарандаа тэдний гэрийн зуухны урд талд байсан галын дэгээ төмөрийг аваад Пүрэвдорж ахыг орон дээр хажуу тийшээ хараад хэвтэж байхад нь хөл рүү нь хоёр удаа цохисон. Тэгсэн Пүрэвдорж ах ёо хөл гээд хэвтэж байсан. Тэгээд жаахан тайвшраад сууж байсан чинь Саруулчимэг эгч өөрийн нөхөр болон түүний бага хүүхэд Содбаяртай орж ирээд Пүрэвдорж ахад би таньд хэлээ биздээ эгчийг тайван байлга гэж хэлээд ахыг гараараа ганц хоёр удаа цохисон тэгсэн ах орон дээрээсээ газар унасан тэр хооронд газар байхад нь Саруулчимэг эгч хоёр удаа биерүү нь өшиглөсөн. Би тэгэж хөлийг нь хугартал нь цохисон гэж бодоогүй. Тэгсэн Пүрэвдорж ахын хэл ам нь өөрөө болохгүй хүн өдөөд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 74-76хуу/
Сэжигтнээр 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг: Тухайн үед би Пүрэвдорж ахтай муудалцаад бид хоёр баруун орон дээр зууралдсан чинь Пүрэвдорж миний баруун гарын эрхий хуруунаас бариад арагш хүчтэй дараад гэдэс рүү өвдөглөөд байхаар нь би жирэмсэн болохоор өөрийгөө хамгаалах аргагүй байдалд орсон тул зүүн гараараа юм бариад цохьсон чинь галын дэгээ төмөр байсан. /хх-ийн 80-82хуу/ 
Яллагдагчаар өгсөн мэдүүлэг: Би өөрийгөө болон гэдсэнд байгаа урагаа хамгаалахын тулд зайлшгүй Пүүжээ ахыг галын шилээвэр төмөрөөр 2 удаа цохисон. Охин Энхсаруул нь надруу 2016 оны 10 дугаар 09-ны орой залгаад “ээжийн бие муу байна, аав агсан тавиад байна” гэж хэлсэн. Би сандраад очиход эгч орон дээрээ дээшээ хараад сонин байдалтай хэвтэж байсан, харин Пүүжээ ах согтуу баруун орон дээр сууж байсан би орж ирээд “танд зөндөө гуйж хэлээ биздээ та яаж байгаа юм” гээд үнэхээр гомдох сэтгэл төрөөд уурласан. Би Пүүжээ ах руу ойртоод та бол хүн биш адгуус гэж хэлэхэд миний баруун гарын эрхий хурууг арагшаа нь маш хүчтэй дарсан. Би энэ үед яаж ч чадалгүй   Пүүжээ ахын гарын аясаар байсан тэгсэн миний гэдэс рүү хөлөөрөө жийгээд өшиглөөд байсан. Тэр үед би 4 мартай жирэмсэн байсан болохоор холдож чадахгүй байсан. Аргагүй эрхэнд пийшэн дээр байсан галын дэгээ төмөрийг аваад Пүүжээ ахыг цохисон чинь миний гарыг тавиад би арагшаа болсон... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 84-87хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 24-11 тоотод хүргэн ах П.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн хөлийн шилбэн тус газар нь галын дэгээ төмрөөр 2 удаа цохиж бие махбодид нь зүүн хөлний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Хохирогч П.Пүрэвдоржийн “... Оюунчимэг гэнэт босож ирээд галын дэгээ төмөр бариад миний хөл рүү 2 удаа цохисон. Миний хөлний шагай, шилбэн тус газар хоёр удаа цохисон. Тухайн үед миний хөл шилбэ, шагайгаар янгинаж өвдөөд байсан ...” гэх мэдүүлэг, 
Гэрч П.Энхсаруулийн “... Г.Оюунчимэг эгч орж ирээд эгчийг минь яаж байгаа юм бэ гээд аав руу дайрсан. Тэгээд аав Оюунчимэг эгч хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би голоор нь орж салгах гэж оролдсон. Аав Оюунчимэг эгчийг гадаа гарч үзье гээд элдэв үгээр хэлээд байсан. Оюунчимэг эгч  уурлаад аавыг баруун орон дээр байж байхад нь галын дэгээ төмөр бариад аавын хөлний шилбэ хавьд хоёр удаа цохисон гэх мэдүүлэг, 
Гэрч Г.Уранчимэгийн “...Оюунчимэг орж ирээд нөхөр Пүрэвдорж руу уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Түргэний эмчийг явсаны дараа нөхөр Пүрэвдорж тэр хоёр дахиад хэрэлдсэн. Тэр үед нөхөр Пүрэвдорж дүү Оюунчимэгтэй муудалцаад хоорондоо заамдалцаад ноцолдож байгаад Оюунчимэгийн гэдэс рүү нь өвдгөөрөө тулаад байсан. Тэгсэн дүү Оюунчимэг уурандаа галын дэгээ төмөр бариад нөхөр Пүрэвдоржийн хөл рүү нь хоёр удаа цохисон. ...” “... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Оюунчимэг, Пүрэвдорж нар муудалцаж байхад Пүрэвдорж тухайн үед Оюунчимэгийн баруун гарын хурууг арагшаа дарсан тийм зүйл харагдаагүй. Би араас нь харж байсан. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эрдэнэбатын “... Ирэхдээ акт аваад ирсэн. Хөлний шилбэ хавиар цууралттай байна гэж хэлсэн. Бид нарт хэлэхдээ эхнэрийн дүү нарт зодуулсан, эхнэрийн дүү юмаар цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Оюунчимэгийн “... Пүрэвдорж ах намайг “янхан, пизда” гэж зэргээр дуудаад байсан, би одоо хоёрдох нөхөртэйгээ сууж байгаа болохоор миний амьдралыг нөхөрт чинь хэлнэ, чамайг нөхрөөс чинь салгуулна гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхээр нь би уур хүрээд шарандаа тэдний гэрийн зуухны урд талд байсан галын дэгээ төмөрийг аваад Пүрэвдорж ахыг орон дээр хажуу тийшээ хараад хэвтэж байхад нь хөл рүү нь хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн дүгнэлт зэргүүдээр нотлогдон тогтоогдож байна. 
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оюунчимэгт холбогдуулан эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болон түүний хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон нөхцөл,  шалтгаан, түүний 07 сартай жирэмсэн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг нь хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасан ба энэ гэмт хэргийг шүүгдэгч Г.Оюунчимэг нь манай үйлчлүүлэгчийг үгийн зөрүүгүй шууд орж ирээд цохиж зодсон, түүний эгч Саруулчимэг нь бас орж ирж хавиргийг нь хугалж өшиглөж зодсон, охин Энхсаруул нь хохирогчийн толгой дээр нь дарж байсан гэж мэтгэлцэж, эдгээр хүмүүс нь хохирогчийг бүлэглэн зодож танхайрсан, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлж танхайн сэдэлттэйгээр буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг эсэхийг шалгуулах тухай санал гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд дээрх байдлууд тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасан ба Оюунчимэг нь энэ гэмтлийг учруулсан эсэхэд эргэлзэж байна. Хохирогч нь энэ гэмтлийг өөрөө учруулсан эсэх, тухайн таксины жолоочид хэлсэнчлэн гэр дээрээсээ унаад хугалсан, эсвэл бүжгэнд орж байхдаа бэртэл авсан зэргийг шалгуулах шаардлагатай гэж үзсэн боловч тухайн гэмтлийг Оюунчимэг нь учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байгаа учир үүнийг дахин шалгуулах шаардлагагүй юм.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь энэ гэмт хэргийг гарцаагүй байдалд орж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж биеэ хамгаалах зорилготойгоор үйлдсэн гэж шүүгдэгчийг өмгөөлөгч мэтгэлцдэг боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь тогтоогдохгүй байна.
Учир нь шүүгдэгч Г.Оюунчимэг нь гэрт орж ирээд шүүгдэгчтэй яагаад ингэж байгаа юм бэ, би таньд удаа дараа хэлээ биздээ гэх зэргээр харилцан ярилцдаг, хоорондоо хэрэлдэж маргалддаг, мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан өөрөөр хэлбэл сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдал тогтоогдохгүй байна. 
Пүрэвдорж ах намайг “янхан, пизда” гэх зэргээр дуудаад байсан, би одоо хоёрдох нөхөртэйгээ сууж байгаа болохоор миний амьдралыг нөхөрт чинь хэлнэ, чамайг нөхрөөс чинь салгуулна гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхээр нь би уур хүрээд шарандаа тэдний гэрийн зуухны урд талд байсан галын дэгээ төмөрийг аваад Пүрэвдорж ахыг орон дээр хажуу тийшээ хараад хэвтэж байхад нь хөл рүү нь хоёр удаа цохисон гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь тухайн үйлдлийг гарцаагүй байдлын улмаас хийгээгүй болох нь харагдаж байна.
Тиймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүгдэгчээс банкны зээлийн төлбөр болох 1.800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тухайн нэхэмжилж буй мөнгөн төлбөр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хуульд зааснаар гаргуулах боломжтой байдаг ба хохирогч тухайн нэхэмжилж буй мөнгөн төлбөрийг энэ гэмт хэрэг болохоос өмнө өөрийн ахуйн хэрэгцээнд зориулахаар авсан зээл учир хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганцэцэгийн Оюунчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунчимэгийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  заасныг журамлан   шүүгдэгч Г.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Хохирогчийн нэхэмжилсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, хохиролтой холбоотой баримтуудаа бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунчимэгт  01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшуулж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
8. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

      9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Оюунчимэгт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
       


 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА