Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 666

 

МАГАДЛАЛ

 

2018.03.12                                                     Дугаар 666                              Улаанбаатар хот

 

 

 

 

“И Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02571 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч “Т Ө” ХХК-д холбогдох,  

 

Гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: И Б ХХК нь хариуцагч “Т Ө” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №01/15 тоот “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр талууд алт угаах скруббер, усан буу, шлюз иж бүрдлээр нь 2 ширхэгийг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд 1 иж бүрдлийн үнэ 90 000 000 төгрөг, 2 иж бүрдлийн нийт үнэ 180 000 000 төгрөг байхаар гэрээнд тусгасан. “И Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 90 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 54 000 000 төгрөг, нийт 144 000 000 төгрөгийг “Т Ө” ХХК-нд бэлнээр төлсөн болно. Хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхний иж бүрдлийг манай компанид хүлээлгэн өгч, талууд “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж баталгаажуулсан. №01/15 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...хоёр дахь төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр төлсөнөөс хойш хуанлийн 20 хоногт багтааж Улаанбаатар хотод байрлах өөрийн үйлдвэр дээр хүлээлгэн өгнө. Нийлүүлэгч тал хүлээлцэхдээ тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг дагалдуулан хоёр талын эрх бүхий албан тушаалтанд тоо ёсоор хүлээлгэн өгч хүлээлцсэн тухай баримтыг талууд 2 хувь үйлдэж баталгаажуулна” гэж заасан. Гэвч хариуцагч нь 2 дахь иж бүрдлийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Манай компани илүү төлсөн      54 000 000 төгрөгийг “Т Ө” ХХК-иас удаа дараа шаардсан боловч огт хүлээж аваагүй 2 дахь иж бүрдлийн “тэжээлийн бункер” гэх тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн мэтээр худал шалтаглан, илүү төлсөн төлбөрийг өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Тус компани нь эхний иж бүрдлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уурхай дээр хүргэсэн бөгөөд 4 шлюз илүү хүргэгдсэн байсан тул уг 4 шлюзыг хариуцагчид буцаан өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “И Б” ХХК болон “Т Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан №01/15 тоот “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-ний дагуу илүү төлсөн 54 000 000 төгрөгийг “Т Ө” ХХК-иас гаргуулж, “И Б” ХХК-д олгохоор шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “И Б” ХХК “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-г 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/15 дугаартай байгуулсан билээ. Уг гэрээний дагуу нэг бүр нь 90 000 000 төгрөний үнэтэй 2 ширхэг иж бүрдэл нийт 180 000 000 төгрөгийн төхөөрөмж тогтоосон хугацаанд нийлүүлэхээр тохирсон. Манай компаний талаас гэрээний үүргээ зөрчсөн зүйлгүй бөгөөд “И Б” ХХК-иас нэхэмжилж байгаа 54 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Т Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Уг гэрээгээр нэг ширхэг төхөөрөмжийн үнэ 90 000 000 төгрөг байхаар талууд тохирсон ба нийт үнэ 180 000 000 төгрөг байхаар талууд тохирсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 90 000 000 төгрөг орсноор хуанлийн 7 хоногт багтаан эхний төхөөрөмжийг стандарт норм, үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирсон. “И Б” ХХК талаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 90 000 000 төгрөгийг төлснөөр төхөөрөмжийг хийж эхэлсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэгдүгээр иж бүрдлийг 4 хоногт багтаан хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2 дахь иж бүрдлийн зарим хэсгийг буюу тэжээлийн бункер, шлиц зэргийг мөн хамт өгсөн. Гэрээний 3 дугаар зүйл 3.2.2-т заасны дагуу “И Б” ХХК дунд шатны төлбөр 30 хувь буюу 54 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээгээр тохирсны дагуу хоёр дахь төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг төлснөөр хуанлийн 20 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр заасан ба манай талаас 7 хоногт багтаан хийж гүйцэтгэн бэлэн болсон талаар “Инвестментбридж” ХХК-д мэдэгдсэн. Гэтэл “И Б” ХХК нь “...манай талд санхүүгийн хүндрэл гараад байна, удахгүй авна...” гэж хэлсний дагуу бид өөрийн компаний аж ахуйн хашаанд хадгалж хамгаалан өнөөдрийг хүрсэн. “И Б” ХХК нь гэрээ цуцлахтай холбоотой манай талд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй ба бид төхөөрөмж хадгалсаар байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14/16 дугаартай “Санал хүргүүлэх” тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичгэнд “... илүү төлсөн 54 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор буцаан төлж гэрээг дуусгавар болгоно уу...” гэжээ. Уг буцаан төлөхийг шаардсан 54 000 000 төгрөг нь 2 дахь иж бүрдлийн төлбөр юм. “И Б”     ХХК нь үлдэгдэл төлбөр 36 000 000 төгрөгийг төлснөөр захиалгаар хийлгэсэн төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх болно. Иймд манай хоёр компаний хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйл 3.2.3-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 20 хувь буюу 36 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нийлүүлэгч 2 дахь ээлжийн иж бүрдэл төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 20 хоногт буюу 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийлүүлэх ёстой байсан боловч энэ хугацаанд төхөөрөмжийг нийлүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ө” ХХК-иас гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “И Б” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т Ө” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 337 950 төгрөг гаргуулж хариуцагч “Т Ө” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор "Э А" (2017 оны 04 сард тус компанийн хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөж “Э Аан Заамар” ХХК болж өөрчлөгдсөн) ХХК нь тоног төхөөрөмжийг худалдан авахаас татгалзсан тухай бидэнд мэдэгдсэн бөгөөд тус компаниас ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан боловч шүүх үнэлээгүй байна. “И Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотлох үүднээс өөрт байгаа бүхий л нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал нь тоног төхөөрөмжийг хугацаандаа нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэх хариу тайлбар үндэслэлийг нотлох ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Гэрээ цуцлах эсхүл гэрээнээс татгалзах тухай мэдэгдээгүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан тухайд, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг хуульчилж өгсөн бөгөөд 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан мэдэгдэх үүрэг нь тодорхой үйлдлээр илэрхийлэгдэж болох бөгөөд “И Б” ХХК нь эхний ээлжийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд хүлээлгэн өгсөн 2 дахь ээлжийн тоног төхөөрөмжийн зарим хэсэг буюу 4 ширхэг шлюзийг буцааж хүргүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “И Б” ХХК нь хариуцагч “Т Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 54 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 36 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Баяжуулах төхөөрөмж буюу алт угаах скруббер нийлүүлэх гэрээ”-гээр хариуцагч нь 2 ширхэг иж бүрдэл төхөөрөмжийг зохих зураг төслийн дагуу үйлдвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн бүгд үнэ болох 180 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 90 000 000 төгрөгийг төлснөөр 1 ширхэг иж бүрдэл төхөөрөмжийг хүлээн авсан, үлдэх иж бүрдэл төхөөрөмжийн үнийн 30 хувь болох 54 000 000 төгрөгийг гэрээний 3.2.2-т заасан 7 хоногийн хугацаанд төлсөн, хариуцагч нь гэрээний 3.2.3-т заасан 20 хоногийн дотор 2 дахь төхөөрөмжийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 105 тоот албан бичгээр гэрээний зүйлийн үлдэх төлбөр 36 000 000 төгрөгийг төлөхийг шаардсан, нэхэмжлэгч нь 2 дахь иж бүрдлийн үнийн 30 хувийн төлбөрт шилжүүлсэн         54 000 000 төгрөгөө 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор буцаан өгөхийг 14/16 тоот албан бичгээр мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.                       

                                                                                                 /хэргийн 12-14 дэх хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь харилцан шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.2.3 дахь заалт нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь заалттай нийцсэн, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед нэхэмжлэгч нь зохих хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь 2 дахь иж бүрдэл төхөөрөмжийг гэрээнд заасан 20 хоногийн хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй, үүрэг гүйцэтгэх талаар гэрээнд заасан хугацаанаас 1 жил 3 сарын дараа ажлын хөлсийг шаардсан, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан агуулгатай албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх бодитойгоор дүгнэж чадаагүй байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, хариуцагч нь ажлын хөлс шаардах эрхгүй юм.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн уг зохицуулалт нь гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн байх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй байх нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд хариуцагч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн, түүнийг нэхэмжлэгч хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Ө” ХХК-иас 54 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 36 000 000 төгрөг гаргуулах тухай “Т Ө” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...“И Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 337 950 төгрөг гаргуулж хариуцагч “Т Ө” ХХК-д олгож...” гэснийг “хариуцагчаас 427 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс       төлсөн улсын тэмдэгтийн хураамж 427 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ