Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Хүсэлт гаргагч: 1978 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 2, 1 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сум, бэлэн далай 2 дугаар багт Сант гэх газар оршин суух хаягтай, Урианхан овогт Дашийн Баянцогт /МЙ78092811/-ын хүсэлттэй хүүхдийн эцэг тогтоолгох болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Баянцогт, гэрч П.Ариунаа, гэрч Л.Алтантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нар оролцов.

                                                                                                             

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баянцогт нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Даш овогтой Баянцогт миний бие нь 2008 онд Лхагвасүрэнгийн Отгончимэгтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах  хугацаанд 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү Баясгалан төрсөн. Бид гэрлэлтэй албан ёсоор батлуулаагүй байсан. Хүүхдийн төрсний гэрчилгээний эцэг, эхийн нэр ээж Отгончимэгээр бичигдсэн болно. Миний хүү Баясгаландаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болоход гэрлэлтийн баталгаагүй улмаас шүүхээр Л.Отгончимэг бид хоёрыг хамтран амьдралтай байсныг тогтоолгох мөн Баясгалангийн эцэг Д.Баянцогт мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Баянцогт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай эхнэр Л.Отгончимэг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өвчнөөр нас барсан. Би эхнэртэйгээ гэрлэлтэй батлуулаагүй байсан учир хүүхдээ өөрийнхөө нэр дээр болгох гэсэн юм. Иймд эцэг тогтоолгох болон хамтын амьдалтай байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд: Хүсэлт гаргагч Д.Баянцогтын шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Баясгалангийн төрсний гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0000211495 дугаартай Л.Отгончимэгийн нас барсны гэрчилгээ, Д.Баянцогтын хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, 2019 оны 09  дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн сургалтын менежер Л.Хоролсүрэнгийн тодорхойлолт, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 229 дугаартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Засаг дарга Н.Төрсайханы тодорхойлолт, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 336 дугаартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын, Орхон багийн Засаг дарга Б.Сийлэгмаагийн тодорхойлолт, Д.Баянцогтын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан хүсэлт /хүүхдийн эцэг тогтоох шинжилгээнд хамруулах тухай/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5618 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Баянцогтын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан хүсэлт /шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай/, гэрч Л.Алтантөгс, гэрч П.Ариунаа нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтыг уншин сонсгож шинжлэн судлав.                                          

                                               ҮНДЭСЛЭХ  нь:

 

Хүсэлт гаргагч Д.Баянцогт нь хүү О.Баясгаланд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор хүүхдийн эцэг тогтоолгох болон талийгаач Л.Отгончимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Баянцогт нь талийгаач Л.Отгончимэгтэй 2008 онд танилцаж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаанд  2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү О.Баясгалан төрсөн болох нь 0000661768 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч Д.Баянцогт талийгаач Л.Отгончимэгтэй хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд хүү О.Баясгаланг эх Отгончимэгээр овоглосон байжээ.

Талийгаач Л.Отгончимэг нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь 0000211495 тоот дугаартай нас барсны гэрчилээний хуулбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Баянцогт нь “О.Баясгалангийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 5618 дугаартай шинжээчийн: ...“Д.Баянцогт нь О.Баясгалангийн биологийн эцэг байх боломжтой, Д.Баянцогт нь О.Баясгалангийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул О.Баясгалангийн эцэг нь Урианхан овогт Дашийн Баянцогт мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч П.Ариунаа: ...Манайх Д.Баянцогтынхтой арав гаран жил айл саахалтаар амьдарч байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Отгончимэг нь нас барсан. Д.Баянцогт нь одоо хүүхдийн хамт амьдарч байгаа.  Хүүхэд нь 11 настай …гэсэн мэдүүлэг,

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Алтантөгс:: ...Д.Баянцогт, Отгончимэг нар хамт амьдраад 10 жил болсон. Хүү Баясгалан нь 2011 онд төрсөн, 3 дугаар ангид суралцдаг. Д.Баянцогт, Отгончимэг нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хорт хавдрын улмаас нас барсан... гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагч Д.Баянцогтын тайлбар, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр Д.Баянцогт нь талийгаач Л.Отгончимэгтэй хамтын амьдралтай байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч Д.Баянцогт, талийгаач Л.Отгончимэг нарыг 2008 оноос 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 03-ний өдөр төрсөн Он Бн эцэг нь Д.Бт мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар  Урианхан овогт Дн Бт, талийгаач Маг овогт Лн Ог нарыг 2008 оноос 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт  гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН