| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/03301/И |
| Дугаар | 03439 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 03439
| 2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/03439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.А-д холбогдох,
9,812,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч У.Х, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сминий бие нь Ч.А-тэй2010-2011 онд оны хооронд үерхэж, дотносож байгаад дундаасаа 2011 оны 09 дүгээр сарын 07-гы өдөр С-ын М*******хүүг төрүүлсэн. Бидний харилцаа бүтэлгүйтэж, хүүгээ төрснөөс хойш харьцаа тасарсан. Гэвч би хүүгээ төрүүлж, эрүүл саруул хүн болгож өсгөхийн тулд өөрийн чадал хирээр зүтгэсээр өнөөдрийг хүрч байна. Би хүү С.Мандуулыг төрүүлээд 1 ой хүрэх үед нь буюу 2012 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төрсөн эцэг Ч.Аөөр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцээд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2605 дугаар шийдвэрээр Ч.Аөөс хүү С.Мандуулыг тэжээн тэтгүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Түүнээс хойш 7 жилийн хугацаанд 4 жил огт тэтгэмж төлөгдөөгүй. Хүү төрсөн цагаасаа хойш миний асрамжид эрүүл, саруул өсч бойжиж байгаа бөгөөд өнөөдөр 7 нас 11 сартай. Би хүүгээ 6 настайгаас нь төлбөртэй хувийн Шилдэг бүрэн дунд сургуульд элсүүлсэн бөгөөд үүний хажуугаар оюуны шатрын академид давхар суралцуулж байна.
Ч.Аийн зүгээс зөвхөн дансны хуулга 600,000,000 төгрөгийн орлого орсон байна. Ингээд тооцож үзэхэд сард дунджаар 10,000,000 гаруй төгрөгийн орлого ордог нь харагдаж байна. Сард 100,000 төгрөг өгч чадахгүй байгаа нь хэтэрхий сэтгэлгүй байна. Хүүхдээ хөгжүүлэх нь эцэг эхийн үүрэг байдаг. Хүүхдийн тэтгэлэг болон алдангийг хуульд заасны дагуу өгөх ёстой. Эцэг хүүхдээ хөгжүүлэх үүрэгтэй байдаг. Миний хүүхэд сургуулийнхаа дүрэмт хувцсыг ч солихгүй шатраа тоглож бэлддэг. Ийм нөхцөл байдалд дугуйлангийн төлбөрийг нь төлж чадахгүй байна. Битгий яв гэж хэлж чадахгүй байна. Иймээс дараах нэмэлт зардлыг нөхөн гаргуулахаар шүүхэд хандаж байна. Үүнд:
Америк-Монголын хамтарсан Шилдэг бүрэн дунд сургууль-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,900,000 төгрөг, үүний 50 хувь 1,950,000 төгрөг. Шатрын сургалт нэг сарын 200,000 төгрөг. 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын төлбөр 2,600,000 төгрөг, үүний 50 хувь 1,300,000 төгрөг, Оросын холбооны улсад зохион байгуулагдсан шатрын тэмцээд оролцсон зардал 500,000 төгрөг, үүний 50 хувь 250,000 төгрөг, шүүхээс хүү С.Мандуулыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэр гарсан ч 2014 оны 10 дугаар сараас хойш хугацааны төлөгдөөгүй хүүхдийн тэтгэмж 4,317,150 төгрөг, алданги 1,995,175 төгрөг нийт 9,812,325 төгрөгийг хариуцагч Ч.Аөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Сбид 2011 онд нэг байгууллагад ажилд орж танилцсан. Тухайн үед санаандгүй байдлаар хүүхэдтэй болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлгээ төлж байсан. 2015, 2016 онуудад төлж чадаагүй. 2018 оны 11 сараас хойш төлж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу би тэтгэлэг төлөх үүрэгтэй. Цаашид ч төлөх болно. Төлөгдөөгүй төлбөрийн тухайд боломжоороо нөхөж төлнө гэсэн бодолтой байна. Сургалтын төлбөрийн хувьд би тусдаа гэр бүлтэй, 2 хүүхэдтэй. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх талаар хүнд болохыг мэдэрч эхэлж байна. Сургалтын төлбөрийг төлөх боломжгүй. Миний дансны хулганаас орлого, зарлагын нийт дүнг харсан байна. Санхүүгийн шинжээчээр харуулбал бодит байдал төлбөрийн чадварыг харуулна. Тиймээс сургалтын зардал, хүүхдийн тэтгэмжийн алданги зэргийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч Ч.Ад холбогдуулан хүүхдийн сургалтын нэмэлт зардал 3,500,000 төгрөг, хүүхдийн тэтгэлэг 4,317,150 төгрөг, алданги 1,995,175 төгрөг нийт 9,812,325 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.
Хариуцагчаас тэжээн тэтгүүлэгчид нэмэлт зардал гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Б.Сувьд нь хариуцагч Ч.Аөөс хүүхдийн сургалтын нэмэлт зардал буюу Америк-Монголын хамтарсан Шилдэг бүрэн дунд сургууль-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,900,000 төгрөгийн 50 хувь 1,950,000 төгрөг, шатрын сургалтын төлбөр 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын төлбөр 2,600,000 төгрөгийн 50 хувь 1,300,000 төгрөг, Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан шатрын тэмцээд оролцсон зардал 500,000 төгрөгийн 50 хувь 250,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ч.А нарын дундаас 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү С. М /РД:000000/ төрсөн нь хүү Б.М-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2605 дугаар шийдвэрээр, хүү Б.М эх Б.Сасрамжид байгаа болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Мөн хүү нь Шилдэг бүрэн дунд сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 2б ангид суралцаж, сургалтын төлбөрт 3,900,000 төгрөг, Элит брайн олон улсын шатрын академид 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сард суралцаж, сургалтын төлбөрт 2,600,000 төгрөг, ОХУ-ын Улан-Удэ хотод зохион байгуулагдсан шатрын тэмцээнд оролцоход зардал 500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Шилдэг бүрэн дунд сургууль, Элит брайн олон улсын шатрын академийн тодорхойлолт, Шилдэг бүрэн дунд сургуулийн бэлэн мөнгөний баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, мөн банкны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 45/8182 дугаартай, сургалтын төлбөр шилжүүлсэн тухай албан бичиг, Элит брайн ХХК-ийн кассын орлогын баримт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт тэжээн тэтгүүлэгч хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон зэргээс шалтгаалан үндсэн хуульд заасан амьдрах, сурч боловсрох эрхээ эдлэхэд нөлөөлж, өрхийн нэг хүнд ногдох орлого амьжиргааны баталгаажих түвшингөөс бага болсон, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсныг онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэхээр байна.
Эцэг, эх хүүхдээ сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмшүүлэхдээ ерөнхий боловсролыг төлбөртэй болон төлбөргүй авах боломжтой. Энэ талаар Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэж заасан. Нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын төлбөртэй сургууль сонгож хүүхдээ суралцуулсантай холбоотой зардал гаргуулахаар нэхэмжилсэн байх тул хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан.
Эцэг, эх нь хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч төлбөртэй сургуульд суралцуулснаар төлбөр төлөх үүргийг хамтран хариуцах бол хамтран хариуцах үүрэг бүхий нөгөө этгээдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүнтэй харилцан тохиролцох, хамтран шийдвэр гаргах замаар тэгш эрхтэй байж, ингэснээр тэдэнд хүлээх үүрэг адил үүснэ. Гэвч нэхэмжлэгч Б.Снь хүүхдээ ерөнхий боловсролын төлбөртэй сургуульд сонгон суралцуулах талаар хүүхдийн эцэг Ч.А-тэйхамтран шийдвэрлээгүй байна.
Харин Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубд хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ гэж заасан.
Хүүхэд сонирхлынхоо дагуу шатрын сургалтад сурч, ОХУ-д болсон тэмцээн уралдаанд оролцсон байх тул Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу эцэг эх адил эрх, үүрэгтэй байж гарсан зардлыг хариуцах үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт зардалд шатрын сургалт болон тэмцээний зардлын 50 хувь буюу 1,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Шилдэг бүрэн дунд сургуулийн сургалтын төлбөр 1,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг, алданги гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хүүхдийн тэтгэлэг 4,317,150 төгрөг, алданги 1,995,175 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2605 дугаар шийдвэрээр 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү С.Мандуулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухай бүс нутагт тогтоогдсон амтжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ч.Аөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д мөн хуулийн 65.1.6-д заасан ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2605 дугаар шийдвэр хүүхдийн тэтгэлгийн талаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь нотлогдож байх тул хэргээс хүүхдийн тэтгэлэгт 4,317,150 төгрөг нөхөн гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэснээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаа зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө, 50.3-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан.
Хариуцагч хүүхдийн тэтгэлэг 2014 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 4,317,150 төгрөг төлөөгүй талаар маргаагүй. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хүүхдийн тэтгэлэг төлөөгүй дүн, хугацаанд тооцсон алданги 1,995,175 төгрөг байх тул хариуцагчаас алданги 1,995,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй.
Иймд хариуцагч Ч.Аөөс 3,545,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-д заасны дагуу хариуцагч Ч.Аөөс 3,545,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Снэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ад холбогдох хэргээс хүүхдийн тэтгэлэг 4,317,150 төгрөг нөхөн гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Аөөс 71,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР