Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 17

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0017/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  А.Цэрэндулам,
Улсын яллагч                Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Г.Баярсайхан,
Шүүгдэгч                   Т.Мөнх-Эрдэнэ нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бишрэлт овогт Төмөр-Очирын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201623000301 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 09-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бишрэлт овогт Төмөр-Очирын Мөнх-Эрдэнэ /РД: УЮ91022291/ 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Яллагдагч Т.Мөнх-Эрдэнэ нь даюун маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Устын ам” гэх газраас иргэн Р.Эрдэнэчулууны 2 тооны морийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
    Хохирогч Р.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн “... манайх Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Устын ам” гэх газар адуугаа хариулдаг. 263 адуутай. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүрэн азаргатай 40 гаран тооны адуунаас 2 тооны морь хулгайд алдагдсан. Манай адууг Дарханбаатар гэх залуу малладаг. 2016.10.10-ны өдрийн орой адуугаа бүртгэхэд хулгайд алдагдсан гэх 2 тооны морь адуундаа байсан. Маргааш өглөө нь гүүгээ барих гээд очиход алга болсон байсан. Дарханбаатар бид 2 мотоциклтой явж хайсан боловч олоогүй. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст тэмдэглүүлсэн, гэтэл Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад 2 адуутай хүн баригдсан ирээд мөн биш үү хараадах гэсэн, очиж үзэхэд миний адуу мөн байсан. Тэгээд миний адууны махыг заруулсан гээд надад 897.000 төгрөгийг толгой шийртэй нь хүлээлгэж өгсөн нийт 923.000 төгрөгийг барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/, 
     Гэрч Ю.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Цэнхэрмандал сумын Нугаар баг “Устын ам” гэх газарт 2016 оны 10 дугаар сард ирж Р.Эрдэнэчулууны адууг маллаж байна. 2016.10.10-ны өдөр хүрэн азаргатай адуугаа дурандахад бүрэн байсан. Маргааш өглөө нь адуугаа татахад 2 морь алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, 
Гэрч М.Баттуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Т.Мөнх-Эрдэнэ гэх найз маань 2016.09.30-ны өдөр шар өнгийн Хятад мотоциклтой ирсэн. Манайд 10 гаран хоносон. Тэгтэл нэг өдөр 12 цагт Мөнх-Эрдэнэ ахынхаа адууг адууг авчирна гэж хэлээд мотоциклтойгоо явсан тэгээд орой 17 цагийн үед адуугаа авчирч хашаанд хашсан. ... малын хашаанд буурал, бараан зүсмийн 2 адуу уясан байсан  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, 
Гэрч Н.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... намайг хониноос ирэхэд Т.Мөнх-Эрдэнэ олон адуу авчраад манай хонины хашаанд хашсан байсан. Тэр адуунаасаа халтар буурал зүсмийн 2 тооны морийг бариад хашааны баруун талаас уячихсан байсан гэсэн мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 тал/, 
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Цэнхэрмандал сумын харъяат Т.Мөнх-Эрдэнэд холбогдох 201623000301 дугаартай эрүүгийн хэрэгт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хэнтий аймгийн сумуудад мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхэд Цагдаагийн газрын санхүүгээс 282.800 төгрөгийн зардал гарсан тул Мөнх-Эрдэнээс нэхэмжилж байна. Гомдолтой байх тул 282.000 төгрөгний зардлыг шүүхээр шийдвэрлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ /хх-ийн 20 тал/, 
Малын жишиг үнэ тогтоох тухай. Цэнхэрмандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013.06.05-ны өдрийн 28 дугаартай  тогтоолын хуулбар /хх-ийн 11-13 тал/,  
Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр/хх-ийн 13 тал/, 
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 тал/, 
Мах хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-13 тал/,  
Мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 70, 68 тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 69 тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үнэлгээний комиссын тэмдэглэл, битүүмжилсэн тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 71, 72, 73, 76тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл буюу улсын дугааргүй, өөрийн эзэмшлийн даюун маркийн мотоцикль хэрэглэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Устын ам” гэх газраас иргэн Р.Эрдэнэчулууны 2 тооны морийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мах хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 
Иргэний нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газарт учирсан гэх 282.800 төгрөгийн нэхэмжлэл нь шүүгдэгч Т.Мөнх-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн улмаас хэрхэн яаж, юунд зарцуулагдсан зардал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул иргэний нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан үндэслэлийн дагуу бүрдүүлж, иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Эрдэнэчулуунд 2.000.000 төгрөгийн хохирол учирснаас 927.000 төгрөгийг хохирогчид буцаан олгосон байх тул үлдэх 1.077.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хуваарьт өмч болох 5 ханатай гэр бий одоогоор эгчийнхээ хашаанд хураасан байгаа гэж мэдүүлсэн тул шүүх түүнийг хувьд оногдох эд хөрөнгөтэй гэж үзээд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх нь зүйтэй. 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзлаа. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон     


ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бишрэлт овогт Төмөр-Очирын Мөнх-Эрдэнэ тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг хувьд оногдох эд хөрөнгөөс 50.000 /тавин мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах  ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэний эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн даюун маркын улсын дугааргүй мотоциклийг хураан авч улсын орлогод оруулсугай. 
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 293 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнээс 1.077.000 / нэг сая далан долоон мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Р.Эрдэнэчулуунд олгож, иргэний нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                                      

      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА