| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2023/0717/З |
| Дугаар | 221/МА2025/0531 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0531
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2025/0531 | Улаанбаатар хот |
Г.З ... музейн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.З ... музей,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Гуравдагч этгээд: “Х” ХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар болон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварыг тус тус хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ЭЭ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.О, Г.Н, Ч.Г,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е.
Хэргийн индекс: 128/2023/0717/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.З ... музейгээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар болон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар нэхэмжлэгч Г.З ... музейн “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аасбаталсан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.16, 4.1.30, 4.1.43, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З ... музейн “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз зураг болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Тэрээр "эрүүний хуучин гэмтэл засах мэс ажилбар" хийлгээд 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд “Сайн наран” эрүүл мэндийн төвийн эмчийн магадалгаатай байсан. Тэрээр шалтгаанаа бичиж хурал хойшлуулах хүсэлт, баримтын хамт шүүхэд өгсөн байхад шүүх шийдвэртээ энэхүү хүсэлтийн талаар дурдаагүйн зэрэгцээ ямар үндэслэлээр хүсэлтийг хангаагүйг бичээгүй байна. Ч.Ө нь тухайн өдөр бусадтай удаан хугацаанд ярьж харилцах боломжгүй, хэл яриа нь хязгаарлагдсан байдалтай байсан бөгөөд шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах хэмжээнд ярьж мэтгэлцэн оролцоход эрүүл мэндийн хувьд шаардлага хангахааргүй байсан болно. Мөн Ч.Ө итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь шүүхэд гаргаж байсан хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан нь түүний шүүхэд дахин хүсэлт гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай, хурал хойшлуулах хүсэлтэй байсан тул миний бие тухайн өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 13:30 цагаас зарлагдсан шүүх хуралд оролцохоор шийдэж “Д” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ баримтын хамт шүүхэд өгсөн. Товлогдсон цагийн хувьд иргэний хэргийн шүүхийн дээрх хуралдаан 30 минутын өмнө зарлагдсан байсан болно. Захиргааны хэргийн шүүхийн хувьд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэн үзэх хууль хэрэглээний болон шүүхийн байгууллагын соёл тогтсон гэж ойлгодог бөгөөд дээрхи байдлаар оролцогчийн эрхийг үл хүндэтгэж, эрүүл мэндийн байдлыг үл хэрэгсэж байсан тохиолдлыг хуульчдын хувьд үзэж байгаагүй болохыг дурьдаж байна.
Иймд шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28, 30 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх болон бусад эрхийг ноцтой зөрчсөн.
3.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тухай.
Шүүх 2015 оны 01 сарын 19 өдрийн 07 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавр”-ыг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхдээ үйлчлэлгүй болсон тул захиргааны актын шинжийг хангахгүй гээд "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг буруу хэрэглэж байгаа явдал юм. Учир нь захиргааны акт үйлчлэлгүй болсноороо захиргааны актын шинжээ алдахгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гадуур байх боломжгүй нь бүр лавтай. Хүчингүй болгуулахоор маргасан захиргааны акт хүчингүй буюу үйлчлэлгүй, үйлчлэл нь хэрэгжээд дууссан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шаардлагаа өөрчлөх, шүүх өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Биднийг шүүх хуралдаанд оролцуулсан бол уг нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгохоор өөрчлөх байсан болно.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-д нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа үндэслэх хэсгийн 11-д хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь логик зөрчилтэй буюу нэхэмжлэлийг харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан атлаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүх эхнээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүхийн нотлох зарчмаа” хэрэгжүүлэхэд санаачлагагүй хандсан гэж хардахаар байна. Иймд одоогоор нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөгүй байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах хүсэлттэй байна.
3.3 Шүүх шаардлагатай баримтыг дутуу бүрдүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... барилга нь хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж музейн барилга өргөгдөх магадлал өндөр байна. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх сөрөг нөлөө гарна..." гэж тайлбарлаж маргасан. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн "... суулт болон хазайлт үүсэхгүй болно." гэснийг үндэслэл болгосон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "барилга өргөгдөх” тухай тайлбарлаж байхад шинжээчийн дүгнэлт эсрэгээрээ "суулт үүсэхгүй" тухай тайлбарласан. Нэхэмжлэгч "хагарал" үүсэх тухай тайлбарлаж байхад шинжээчийн дүгнэлт "хазайлт үүсэхгүй" тухай тайлбарласан. Талуудын маргаанаас өөр агуулгатай нөхцөл байдлыг шинжээч дүгнэсэн байхад шүүх түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт буруу гарах болсон шалтгаан нь шинжээчээс асуух асуултыг нарийвчлан тодорхой гаргаагүйн зэрэгцээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан П.Бын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээчээс асуух асуултуудын зарим хэсгийг хэрэгсээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Биднийг шүүх хуралд оролцуулсан бол бид дахин нэмэлт шинжээч томилуулах хүсэлт тухай хүсэлтийг гаргах, шинжээчид тавигдах асуултуудыг илүү нарийн тодорхой гаргах байсан.
Нөгөө талаар шүүхэд ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүхийн нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэх боломж нь байсан буюу талуудын маргааны агуулгаас өөр зүйл шинжээч тогтоосон байгааг анхааран харж дахин эсхүл нэмэлт шинжээч томилох боломжтой байсан. Маргааны зүйл болсон барилга бол Монгол Улсын иргэн бүрт хамааралтай Монгол Улсын түүх, соёлын өв, түүний хадгалалт, хамгаалалт, олон нийтийн үзвэр үйлчилгээний цогц барилгын асуудал бөгөөд Монгол Улсад 10 дугаар Богд тодорсноос хойш 2025 онд Анхдугаар Богд Өндөр гэгээний 390 жилийн ойн тэгш жил тохиож байгааг дурьдах нь зүйтэй. Иймээс дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан түүхэн барилгад учрах эрсдэл, аюултай байдал байгаа эсэхийг нарийн, тодорхой тогтоолгох шаардлагатай байна.
3.4 Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлэхийн зэрэгцээ баримтыг буруу үнэлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2564 дугаартай албан бичигт түүхт барилгын хамгаалалтын бүстэй Дн газар давхцалтай гэсэн байдаг. Энэ нь “Х” ХК-ийн газартай давхцалгүй гэсэн агуулга биш юм. “Х” ХК-ийн газар нь түүхт барилгын хамгаалалтын бүстэй давхцалтай эсэх лавлагаа, баримтыг шүүх шаардан авах ёстой байсан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсгийн 10.1-д “...гуравдагч этгээд барьж байгаа барилга ороогүй болох нь нотлогдож байна” гэсэн нь логикгүй юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирсэн кадастрын зурагт хамгаалалтын бүсийн солбицол өгөгдөөгүй байгаа нь давхцалыг шүүх болон хэргийн оролцогч бүрэн тогтоож, дүгнэх боломжгүй юм. Гэтэл шүүх ийм баримтыг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгохын зэрэгцээ логикгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Нэхэмжлэгч Г.З ... музейгээс анх 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын Нийслэлийн Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Х” ХК-ийн барихаар төлөвлөсөн барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 035/2018 дугаар барилгын ажлын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргаж маргасан.
Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/3709 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д зааснаар нэхэмжлэлийг буцаасан.
3.2. Нэхэмжлэгчээс дахин 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/5293 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШТ2025/0690 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр анхан шатны шүүх Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х ХК-ийн барихаар төлөвлөсөн 28 давхар барилгын эскиз болон ажлын зургийг баталсан үйлдэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017\08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
3.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Дн барилгыг 1905 онд Оросын худалдаачин Гудвинцалын захиалгаар Герман Улсын архитекторын боловсруулсан зураг төслөөр Орос улсын барилгачид 1912-1913 онуудад барьсан гэж үздэг. … музейд монгол орны болон гадаад орны дүрслэх урлагийн 2000 орчим үзмэр, үнэт өв хадгалагдаж байдгаас 71 үзмэр нь Засгийн газрын 1995, 1998, 2002, 2005, 2011, 2015 оны тогтоолоор “Монгол Улсын түүх,соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-ийн жагсаалтад орсон байдаг” … “Х” ХК шинээр баригдаж байгаа барилга нь төлөвлөлтийн дагуу 28 давхар баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж, музейн барилга өргөгдөх магадлал өндөр байна. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх зэрэг сөрөг нөлөө гарна хэмээн үзэж байна”, “…тус барилга нь баригдсанаар барилгын норм ба дүрэмд зааснаар бусад барилга, объектоос зай хэмжээ болон нарны ээвэрлэлтийн норм дүрэм зөрчсөн”, “…”Х” ХК барилга барихаар төлөвлөж барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ямар ч арга хэмжээ авахгүй, одоо ч авахгүй байгаа нь үндэсний хууль тогтоомж төдийгүй орон улсын харти зарчмыг ноцтой зөрчсөн” зэрэг үндэслэлээр,
Хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэлээ “… Барилгын норм ба дүрмийн 30.01.04, Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2 дугаар зүйлийн 2.11-д “...Хэрвээ зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд 2 барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно" гэж заасан. БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар барилгын гал тэсвэржилтийн зэргээр нь үзвэл Хны барилга болон зэргэлдээ барилгууд нь гал тэсвэржилтийн 1, 2 дугаар зэрэгтэй тул 6 метр байхад норм хангагдана гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасны дагуу эх загвар зургийг баталсан”, “..архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу банкны үйлчилгээний зориулалттай 28 давхар барилгыг барьж ашиглалтад оруулахад Г.З ... музейн бат бэх чанар, аюулгүй байдалд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байдлаар тусгагдсан байгаа ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
Гуравдагч этгээд талаас “…нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан… Тус архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсон нь уг хэргийн хавтаст авагдсан нотлох баримтуудаар батлагдсан”, “…2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн М3Х2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль ёсны дагуу, бүхий л шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн, тавигдсан шаардлагуудыг хангаж авсан”, “…маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг зэргийг баталсан үйлдлийн улмаас Г.З ... музейн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол 2018 оноос хойш огт зөрчигдөөгүй”, “…Тус барилгын ажлын дуу чимээ их, чичиргээ үзүүлэх магадлалтай ажлууд нь 2019 онд бүрэн хийгдэж дууссан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тус барилгын зоорины ВОЗ, ВО2 давхруудын каркас угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд мөн зоорины давхруудын харалдаах буцаан дүүргэлтийн бетоныг бүрэн цутгасан… Тус ажлыг гүйцэтгэснээр музей болон бусад ойр орчмын барилга, байгууламж, зам талбай болон нийтийн эзэмшлийн дэд бүтцэд учрах эрсдэл огт байхгүй болсон”, “…хэргийн материалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт явуулаад аливаа Барилгын норм дүрэм болон Барилгын тухай хуулийг зөрчөөгүй байна гэдэг дүгнэлтүүд нь гараад өмнөх хэргийн материалд тодорхой хавсрагдаад явчихсан… Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрийн тэсвэржилтийн дүгнэлтийг гаргуулаад хэргийн материалд хавсаргасан ... шүүхийн зүгээс шинжээч томилоод … Шинжээчийн дүгнэлтэд, нэгдүгээрт суурийн бетоныг цутгах ажил зураг төслийн дагуу хийгдсэн … ямар нэгэн байдлаар инженерийн шугам сүлжээ холбогдох бусад барилга байгууламжид сөрөг нөлөө учрахгүй гэдэг дүгнэлт гарсан” зэрэг үндэслэлээр тус тус маргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт ...хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг.
6. Тухайн тохиолдолд хэрэгт нотлох баримтаар авагдсан, маргаан бүхий Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан 7 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ/2017/08-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаар хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар “хүчингүй” дардас болон холбогдох бусад баримтаар,
2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08-01 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 128/ШЗ2024/5246 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “... “Х” ХК-ийн шинэ оффисын барилгын суурийн ухаасын ханын бэхэлгээний тооцоог …Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм дүрмийн дагуу тооцож үзэхэд: Уг төслийн суурь В3-В1 хүртэл давхрын цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ хийсэн суурийн ухаасын хананы бэхэлгээний бүтээц нь хүч сулруулах ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр зургийн дагуу хийсэн тохиолдолд төлөвлөж буй барилгын баруун талд байрлах Дн барилгад нэмэлт суулт болон хазайлт өгөхгүй”, “…гүйцэтгэсэн байгаа барилгын суурийн бодит байдал нь архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцсэн” болох нь,
Газар зохион байгуулал, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 3/2564 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар Засгийн газрын 2009 оны 135 дугаар тогтоолоор тогтоосон “Өндөр хоршоо” буюу нэхэмжлэгч Дн хамгаалалтын бүсэд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын үндсэн дээр гуравдагч этгээдийн барьж буй барилга ороогүй болох нь тус тус тогтоогдсон.
7. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх “…нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон дээрх 2015 оны 07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 37дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангахгүй болсон”, “… Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас баталсан … барилгын эскиз болон ажлын зураг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2017/08-01 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгчид сэргэх, эрх хууль ёсны сонирхол байхгүй” хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2015 оны 7 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.
8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлийн тухайд,
Хэрэгт авагдсан баримтаар, анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон үндэслэлээр хойшилж, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон. Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Өаас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулан 5 дугаар сарын 08-ны өдөр товлон зарласан.
Улмаар, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ЭЭөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар хурал дахин хойшилж, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчдын тайлбарыг сонсож, Захиргааны хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА