Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0065

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С-Э” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: “С-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С-Э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “С-Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны  10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 1.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.

3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4. Нэхэмжлэгч “С-Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах хойшлуулшгүй ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа явуулах” 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны дагуу ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан.

2/ “С-Э” ХХК нь анх газар ашиглагч болсон цагаас эхлэн гурвалсан гэрээг байгуулах гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг удаа дараа шаардаж, улмаар олон удаа яриа хэлэлцээрт орж байсан. 2017 оноос хөөцөлдсөөр 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Богдхан уулын дархан цаатаз газрын хамгаалалтын захиргаатай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г байгуулахаар болж тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б-тэй гэрээ байгуулсан. Харин 2020 оны 03 дугаар сард гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн засаг даргаар гэрээнд гарын үсэг зуруулахаар Хан-Уул дүүргийн тамгын газарт гэрээг хүргүүлсэн. Гэтэл засаг дарга нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа сонгуулийн ажилтай гэсэн шалтгаанаар 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж, гурвалсан гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гурвалсан гэрээг батлуулахаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  яамны нэг цэгт гэрээ болон холбогдох бүх материалаа хүргэж өгсөн.

3/ Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын үндэслэлгүй шийдврүүдээс шалтгаалж манай компани тухайн газраа бодитоор ашиглах ямар ч боломж нөхцөл бүрдээгүй болно. Өөрөөр хэлбэл манай компани газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “ Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх" 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргийг хүлээх боломжгүй болсон бөгөөд , газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн үндэслэн нь манай компанид огт хамааралгүй юм.

4/ Талуудын гурвалсан гэрээ нь баталгаажаагүй, нэг мөр хүчин төгөлдөр болоогүй учраас гэрээний дагуу газрыг ашиглаж хуулийн дагуу газрын төлбөр төлөх тухай дээрх хуулийн зохицуулалт нь өөрөө хэрэгжих боломжгүй бөгөөд гэрээний дагуу газар ашиглуулагч тал нь нөгөө талаасаа эрх үүргийг шаардах эрхгүй гурвалсан гэрээ нь батлагдаагүй учраас ямар ч нөхцөлөөр газрыг ашиглах боломжгүй. Хэдийгээр газар ашиглагч газар ашиглах эрхийн гэрчилгээтэй хэдий боловч гэрээний дагуу газрын бөгөөд гурвалсан гэрээ нь батлагдаагүй байхад газар ашиглагчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь өөрөө хууль бус юм.

5/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн А\79 дүгээр тушаал нь зорилгодоо нийцээгүй, Монгол улсын үндсэн хууль, захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн , хууль бус шийдвэр гэж манай компанийн зүгээс үзэж байгаа бөгөөд манай компанийн хуулийн дагуу газар ашиглах хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан. Гэтэл А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн манай газрыг цуцалсан байгаа. Үүнд гомдолтой байгаа тул нэхэмжлэл гаргасан. Харуицагч нь тушаалаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зорилгодоо нийцүүлээгүй. Мөн нийтийг хамарсан цар тахлын үед гарсан тушаал байдаг. Нийтээр гарсан үйл баримтыг нотлох шаардлагагүй учир Засгийн газар болон Улсын онцгой комиссын тушаалуудыг хавтаст хэрэгт гаргаагүй. 2019-2020 он хүртэл ямар ч компани үйл ажиллагаа явуулаагүй. Иймд тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа.

Маргаан бүхий акт нь сонсгох ажиллагаа хийгээгүй. Ямар нэгэн байдлаар нөхцөл байдлыг тодруулаагүй. Бидэнтэй ямар ч холбоо бариагүй. Бид өөрсдөө сүүлд мэдсэн. Нөгөө талаасаа Богдхан уулийн хамгаалалтын захиргаатай 2020.02.07-ны өдөр гэрээ хийгээд Хан-Уул дүүргийн Засаг даргаар гарын үсэг зураалах гээд бүтэн хагас жил болсон. Хан-Уул дүүргийн Засаг дарга нь иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг түр хойшлуулах А/200 гэдэг захирамж гаргасан байсан. Түүний хүрээнд аливаа нэгэн шийдвэрийг батлахгүйгээр хойшлуулсан байдаг. Мөн Хан-Уул Дүүргийн Засаг дарга нь өөрөө Хан-Уул дүүргээсээ Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн байсан. Орлогч нь тушаал шийдвэрүүдийг нь батлахгүй байсан. Ингэж явсаар сонгуулийн дараа буюу 07 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зураад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тусгай хамгаалалттай газрын нэг цэгийн үйлчилгээнд өгснөөс хойш бүтэн 7 сар баталгаажуулж өгөөгүй. Яагаад баталж өгөхгүй байна гэхээр гэрээ ерөнхий төлөвлөгөөтэйгөө алга болсон гээд байдаг. Хариуцсан хүмүүст нь очиж уулзах гэхээр бүгд ковид авсан гэх мэтээр хойшлуулж байсан. Сүүлийн 2 жил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Хугацаандаа газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Би эдгээр үндэслэлүүдийг эсэргүйцэж байгаа. Учир нь гэрээний үндэслэл хэсэгт энэхүү гэрээнд салшгүй зүйл болох дараах зүйлсийг заавал тусгах бөгөөд бүрдэл дутуу бол гэрээг хүчингүй тооцох үндэслэл болно гэж заасан байдаг. Үүнд гэрээний 1.5-т Хамгаалалтын захиргаанаас газар ашиглах иргэн аж ахуй нэгж байгууллагад тус газрыг хүлээлгэн өгч акт үйлдэнэ гэж байгаа. Хүлээлгэн өгөх байтугай бидэнд акт өгөх ямар ч боломжгүй байсан. Хөл хорио тогтоосон. Хэн ч хоорондоо уулзаад ярьж болдоггүй. Нөгөө талаасаа манай газрын нийт 90 хувь нь уул, 5 хувь нь гол, тэгээд алга дарам газар л байсан. Тийм газрыг яаж ашиглаж болох вэ? Бид солбицол өөрчлүүлэх хүсэлтээ өгөхөд өөрчлөхгүй, нэг бол буцаагаад өгөө. Энэ чинь Усны тухай хууль мөн урт нэртэй хуульд ашиглах ёстой гээд газрын солбицлыг өөрчлөж өгөхгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр газраа алдаж байхаар гээд гэрээг нэг цэгийн үйлчилгээ дээр өгөөд ажиллагаа хийгдээд явж байхад газрын эрх цуцалчихсан байсан. Бид энэ газрыг нь ашиглах гээд тодорхой хэмжээнд өртөг мөнгө гаргасан. Хэд хэдэн хашаа удаа буулгасан. Иймэрхүү зөрчил байгаа.

Миний бодлоор гэрээний дагуу сүүлийн 2 жил дарааллан ашиглаагүй гэдэг нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр гэж үзвэл 2 жил нь хамаарахгүй гэж ойлгож байна. Мөн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж байгаа. Гэрээний нөхцөлд газрын төлбөрийг тодорхой зааж өгсөн байгаа. Гэрээний дээр 2.5-т Газрын тухай хуулийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 2.9 зааснаар тогтооно гэж байгаа. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т гэрээний дагуу төлнө гэж заасан байна. Гэтэл гэрээ батлагдаагүй явж байхад газрын төлбөр нэхээд байгаа нь хууль бус. Манай Засаг даргад хандсан албан бичиг болох 2020 оны 05 дугаар сарын огноотой бичигт гурван талт гэрээг хурдан баталж өгнө үү.Ингэснээр газрын төлбөрөө бид нар саадгүй төлж барагдуулна гээд аман өчиг өгөөд байхад газрын төлбөр төлөөгүй гэдэг нь буруу гэж үзэж байна.

Сонсгох ажиллагаа хийгээгүй. Мөн хуулийг буруу хэрэглэсэн захиргааны акт байна. Шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг нь юу гэж үзээд байгаа юм бэ? Бид хашаа бариад, төсөл төлөвлөгөө боловсруулаад, хөрөнгө мөнгөө цуглуулаад явж байсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлгүй гэж ойлгож байна. Газрын төлбөр төлөөгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрээний нэг тал нь 2020 оны 07 дугаар сард гарын үсгээ зурсан. Бид төлбөр мөнгөө саадгүй төлнө гэдгээ илэрхийлээд албан бичгүүдээ өгөөд явж байсан. Ийм учир тушаалыг хууль бус зорилгодоо нийцээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2/ Нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээг авснаас хойш хуульд заасны дагуу газрын төлбөр төлж байгаагүй, зориулалтын дагуу газраа огт ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус зөрчиж байсан тул Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон болно. Түүнчлэн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан байдаг.

3/ Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний А/291 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээнд гарын үсэг зуруулж 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яамны нэг цэгт холбогдох бүх материалаа хүргэж өгсөн ч бүтэн нэг жилийн хугацаанд гэрээг батлаагүй гэжээ.

4/ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ” гэж, 6.1-т “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” гэж, 6.4-т “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах” гэж тус тус заасан.

5/ Мөн хуулийн 17 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг хэрэгжүүлээгүй анхаарал хандуулаагүй зориуд газрын төлбөр төлөхөөс зугтаасан гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг үндэслэж гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах тухай шаардлага гаргажээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд байрлах 1.0 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0171008 дугаар гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна.

 3.1. Нэхэмжлэгчээс тухайн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/9 дүгээр албан бичгээр, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1 дүгээр албан бичгээр, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/19 дүгээр албан бичгүүдээр хуулийн дагуу гуравласан гэрээг байгуулах хүсэлтээ удаа дараа төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 170 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн аж ахуй нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн нэр орсон байна.

4.1. Хариуцагчаас дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ ...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй 660 аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал... гэж тайлбарласан.

4.2. Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх судалгаа, албан бичигт дурдсан үйл баримтыг нягтлан шалгалгүйгээр шууд дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж байгаа нь учир дутагдалтай.

4.3. Тодруулбал, “С-Э” ХХК нь анх газар ашиглагч болсон цагаас эхлэн гурвалсан гэрээг байгуулах гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг удаа дараа шаардаж, улмаар 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Богдхан уулын дархан цаатаз газрын хамгаалалтын захиргаатай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г байгуулахаар болж тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б-тэй гэрээ байгуулсан. Харин 2020 оны 03 дугаар сард гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн засаг даргаар гэрээнд гарын үсэг зуруулахаар Хан-Уул дүүргийн тамгын газарт гэрээг хүргүүлсэн. Гэтэл тус дүүргийн Засаг дарга нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа сонгуулийн ажилтай гэсэн шалтгаанаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж, гурвалсан гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/07 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт гурвалсан гэрээг батлуулахаар хандсан боловч гурвалсан гэрээг баталгаажуулаагүй байх тул “С-Э” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлээгүйд буруутгах боломжгүй.

5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3-т газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байх бөгөөд уг гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг үүснэ гэжээ.

5.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гурвалсан гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх ба уг гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ.

5.2. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гурвалсан гэрээ байгуулахаар идэвхитэй үйл ажиллагаа явуулсан, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”; үүргийг хэрэгжүүлэхийг шууд шаардах боломжгүй.

5.3. Тодруулбал, “С-Э” ХХК болон Хан-уул дүүргийн Засаг дарга нарын хооронд гурвалсан гэрээг байгуулан газрын төлбөрийн хэмжээг эцэслэн тохиролцож, батлаагүй ч байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй юм.

5.4. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр “Цэнхэр төхөм” ХХК-тай зураг төсөл боловсруулах  гэрээ байгуулсан, мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдад ханджээ.

5.5. Маргаан бүхий газрыг хашаалсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогддог.

5.6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч газраа ашиглахаар тодорхой арга хэмжээнүүд авч байсан, захиргааны байгууллагын дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Богдхан уулын Түргэний аманд байрлах 1.0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “С-Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “С-Э”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ