Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 603

 

Ш.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00012 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.А, Б.Хнарт холбогдох

 

3 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.С нь өөрийн ээжийгээ агаар салхинд гаргах зорилгоор иргэн Б.Хийн зуслангийн байрыг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сард 1 500 000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулж, түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг Б.Хийн хэлсний дагуу эхнэр С.Аынх нь данс руу шилжүүлсэн. Тус байрыг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, орсон боловч тус байрны цахилгаан бага багаар тасарч байснаа 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс бүр тасарч, усгүй, 00 ажиллах боломжгүй болж, настай хүн амьдрахад хүндрэлтэй болсон. Уг байдлыг Б.Хт хэлээд засраагүй тул түрээсээ хугацаанаас нь өмнө цуцлахаар Б.Хт утсаар мэдэгдэж, ээжийгээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уг байрнаас гаргаж, түлхүүрийг Б.Хийн хэлсэн айлд хүлээлгэн өгсөн. Б.Х, С.А нарт суусан хугацааны түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг тооцуулж, үлдэгдэл 2 000 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг буцааж авахаар шаардахад өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироосон. Иймд С.А, Б.Хнараас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.А, Б.Хнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Стэй түрээсийн гэрээ байгуулж, зуслангийн байраа 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохирч, түрээсийн төлбөрт эхний 2 сард тус бүр 2 000 000 төгрөг, сүүлийн сарын түрээсийг бууруулаач гэж гуйсны дагуу 1 000 000 төгрөг байхаар, барьцаа 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг авсан. Зуслангийн байрыг түрээслэж байх үед 8 сарын сүүлээр байрнуудын тог тасарсан бөгөөд шалтгаан нь аль нэг айл нь цахилгааны мөнгөө төлөөгүйгээс болсон бөгөөд үүнд хариуцагч буруугүй.

Тухайн үед Ш.Сийн ээж нь зуслангийн байранд байсан, гарах талаар яриагүй. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ш.С залгаж, байрнаас гарч магадгүй байгаа талаар ярьсан боловч хэзээ гарах талаар тодорхой зүйл хэлээгүй. Гарахдаа байрыг хүлээлгэн өгч, түлхүүрээ өгөх ёстой нь ойлгомжтой. Гэрээгээ хэзээ цуцлах талаар ярихаар Ш.Стэй удаа дараа холбогдох гэж оролдсон ч утсаа аваагүй. Байрны түлхүүрийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Сийн охиноос хажуу байшингийн хөрш Н.Ганбатаар дамжуулж авсан.Одоог хүртэл байрыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул тус байранд хэднийг хүртэл амьдарсныг мэдэхгүй. Барьцаа 1 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд Ш.С амьдарч байх үед бохирыг 2 удаа соруулахад 90 000 төгрөг, 60 000 төгрөгийг Б.Хтөлсөн бөгөөд тухайн үед Ш.С уг мөнгийг барьцааны мөнгөнөөс суутган авахыг зөвшөөрсөн тул бохир зайлуулсан 150 000 төгрөг, Ш.Сийг амьдарч байх үед гарсан цахилгааны 440 000 төгрөг, зуслангийн байрны эд хогшилд учруулсан хохирлыг засахад гарсан зардал буюу барилгын материал, ажлын хөлсөнд 1 991 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хээс 2 874 444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ст олгож, нэхэмжлэлээс 125 556 төгрөгийг шаардсан хэсэг болон хариуцагч С.Ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 60 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үнэн зөв дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Үүнд:

            Гэрээний хугацаанд хөлсөлсөн орон сууцны цахилгаан тасарсан, доголдол бий болсныг Иргэний хуулийн 289 дугаар зүйл 289.1.6-д заасны дагуу хөлслүүлэгчид утсаар мэдэгдсэн, мэдсэн атлаа хэвийн ашиглах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэжээ. Учир нь хариуцагч Б.Хзуслангийн байрнуудын тог тасарсан талаар холбогдох газартай холбогдоход тасарсан шалтгаан нь 10 айлын аль нэг нь цахилгааны тооцоогоо барагдуулаагүй улмаас тасалсан ба 2017 оны 8 дугаар сарын 22-27-ны өдрийн хооронд тасарсан. Үүнд хариуцагч буруугүй. Мөн нэхэмжлэгч Ш.С нь холбоогүй байсан ба 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр холбогдож гарах талаар мэдэгдсэн боловч дахин холбоо бариагүй байрнаас хэдийд гарсан нь тодорхойгүй, зуслангийн байрыг албан ёсоор хүлээлгэн өгч гэрээгээ дуусгавар болгох талаар мэдэгдээгүй. Гэрч Н.Ганбатын мэдүүлэгт 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түлхүүр үлдээсэн нь нотлогддог бөгөөд энэ хугацаанд байрыг ашигласаар байсан гэж үзэх үндэслэлтэй.  Мөн зуслангийн байрыг хүлээлгэж өгөөгүй нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ орон сууцны цахилгаан ямар үндэслэлээр тасарсан гэрээ хэдийд дуусгавар болж орон сууц хүлээлцсэн эсэх зэрэг зайлшгүй тодорхойлох шаардлагатай хууль зүйн фактыг тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй ойлгомжгүйгээр үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

      Мөн шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Орон сууц хөлслөх гэрээний 3-т хөлслөгч хөлсөлсөн хугацаанд хэрэглэсэн цахилгааны хөлсийг төлөхөөр тохирсон бөгөөд орон сууцыг хүлээлцэхэд цахилгааны тоолуурын заалт 027313,03 гэж байсан тухай эд хогшил хүлээлцсэн жагсаалтад тэмдэглэгдсэн тул хөлслөгчөөс түүний хэрэглэсэн цахилгааны хөлсийг гаргуулахаар шаардах эрхтэй. Харин 030370,71 гэсэн тоо бүхий фотозураг, хэрэглэгч Д.Дүүдээ гэх 2000 квт цахилгаан хэрэглэсэн тухай баримтыг хариуцагчийн баримт гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь буруу. Учир нь Д.Дүүдээ гэдэг нь нэг трансформатор буюу хувийн цахилгаан түгээх станцын эзэмшигчийн нэрээр гарсан ба уг баримтад иргэн Б.Хийн цахилгааны задаргааг бичсэн баримтыг хангаагүй нь хариуцагчийн ашиглалтын зардлаа нөхөн гаргуулж авах шаардах эрхийг хангаагүй нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн 3 дахь талд гэрч Н.Ганбатын мэдүүлэгт “Нэг трансформатор дээр нийтээрээ нэг тоолууртай 10 айлын байрны нэг нь Б.Хийнх. Тэндээс айлууд нь тусдаа тоолууртай" гэжээ. Мөн зуслангийн сууцны дотор гаднах эдэлгээнд байсан эд зүйлийг хөлслөгч хэвийн элэгдлээс илүүтэйгээр эд хөрөнгийг муутгасныг үнэлээгүй нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үнэн зөв дүгнэж чадаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн зэрэг үндэслэл бүрдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч С.А, Б.Хнарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсантай холбогдуулан ашиглаагүй хугацааны хөлсний зөрүү 2 000 000 төгрөг, дэнчин 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Ш.С, Б.Хнар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Зуслангийн байр түрээслэх гэрээ” нэртэй гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын 3 дугаар хэсгийн 6 тоотод байрлах зуслангийн байшинг 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 5 000 000 төгрөгөөр хөлслөх, мөн дэнчинд 1 сая төгрөг тавихаар тохиролцжээ. /хх 4 дэх тал/ Гэрээний дагуу хөлслөгч Ш.С нь 5 000 000 төгрөгийг дэнчингийн хамт нийт 6 000 000 төгрөг хөлслүүлэгч Б.Хт шилжүүлж, зуслангийн сууцыг эд хөрөнгийн жагсаалтаар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх 5-8 дахь тал/

Ингэснээр Ш.С, Б.Хнарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн тул гэрээний талуудын хэн аль нь үүрэг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хариуцагч С.Ад гэрээний дагуу эрх, үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаангүй, харин гэрээ цуцлагдсан хугацаа болон тохирсон хөлсний хэмжээний талаар марган, мэтгэлцдэг.

Маргалдагч талууд гэрээний 1 дэх заалтаар зуслангийн байшинг 3 сарын хугацаанд нийт 5 000 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн “... сард 1 500 000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулж ...” гэх, хариуцагч Б.Хийн “ ... эхний 2 сар 2 000 000 төгрөгөөр, сүүлийн 1 сарыг 1 000 000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон” гэсэн тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзнэ. /хх 4 дэх тал/

Мөн нэхэмжлэгч Ш.Сийн хөлсөлж буй байшинд доголдол гарсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Өөрөөр хэлбэл 2017 оны 8 дугаар сард цахилгаан тасарч, энэ тухай хариуцагч Б.Хт утсаар мэдэгдсэн байх бөгөөд улмаар цаашид ашиглах боломжгүй болж сууцнаас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс гарсан нөхцөл байдал талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Учир нь нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээ цуцлах тухай 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн гэдэг боловч уг үйл баримтаа нотлоогүй. Харин хариуцагчийн шүүхэд гаргасан “... 8 дугаар сарын сүүлээр цахилгаан тасарсан гэж мэдэгдэхээр нь ашиглах боломжгүй болж байгаан байна, гэрээ цуцлагдана гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч нь энэ талаар мэдэгдээгүй байж байгаад 9 дүгээр сарын 13-ны өдөр утсаар ярьж байрнаас гарах талаар мэдэгдсэн, хэзээ гэрээ цуцлах талаар ярих гэтэл Ш.С утсаа аваагүй, байрны түлхүүрийг 2017 он 9 дүгээр сарын 27-ны өдөр хажуу байшингийн хөрш Н.Ганбаатараас дамжуулж авсан” гэх тайлбар, гэрч Н.Ганбаатарын “...8 дугаар сарын сүүлээр байх ... манайхаас ус авсан, тэгээд тог тасарсныг мэдсэн, ... тэр айл 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд байхгүй болсон, ... 9 дүгээр сарын 27-ны өдөр ... тэдний дохиолол дуугарсан, гадаа нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан, бид энэ байрыг хөлсөлж байсан үлдээсэн юм аа авах гэсэн юм гэж байсан, ... удалгүй ирж түлхүүрээ үлдээгээд явсан ...” гэх мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг тайлбар, мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэн орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр цуцлагдсан гэж үзнэ. /хх-49, 51 дэх тал/

Шүүх дээрх нотлох баримтыг үнэлэн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс цуцлагдсанд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдол илэрсэн, уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулахыг шаардах эрхтэй. Мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулахаар зохицуулсан тул нэхэмжлэгч Ш.С нь зуслангийн байшинг ашиглаагүй хугацааны хөлсийг буцаан шаардах эрхтэй. Иймд талуудын гэрээ цуцалсан хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцон, нэхэмжлэгчийг эд хөрөнгийг энэ өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу 17 хоног ашиглаж чадаагүй гэж дүгнэн, хариуцагчаас хөлсний үнэ болох 874 435 төгрөг, дэнчингийн 1 000 000 төгрөг, нийт 1 874 435 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5, 233.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Хариуцагч Б.Хдэнчингээс 2 удаа бохир зайлуулсны хөлс 150 000 төгрөг, хэрэглэсэн 2000-3000 квт цахилгааны хөлс, эвдэрсэн эд зүйлийг засах барилгын материал худалдаж авсан зардал, ажлын хөлсийг суутгана гэж маргадаг.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгөх үүрэгтэй.

Талуудын хоорондын гэрээгээр хөлслөгч нь хөлсөлсөн хугацааны цахилгааны төлбөрийг дэнчингээс суутгаж үлдэгдлийг буцааж өгөхөөр, мөн бохир зайлуулах 70 000 төгрөгийг хөлсөлсөн хугацааны эцэст хөлслөгч нь нэг удаа хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч Б.Хнь дэнчингээс тохиролцсон төлбөрийг суутгах авах эрхтэй. /хх-4 дэх тал/ Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бичгийн баримт буюу хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан нь иргэн Д.Дүүдээ гэх этгээдийн нэр дээр бичигдсэн байна. Гэхдээ хариуцагч тал “... тухайн байранд анх орохдоо хоёр тал цахилгааны киловаттаа бичиж аваад ... байрыг хүлээлгэж өгсөн, ... Д.Дүүдээ гэж хүний нэр дээр 10 байшингийн цахилгааны төлбөр гардаг ...” гэж тайлбарладаг. Гэтэл гэрч Н.Ганбаатарын “нийтийн трансформатортай, бас айл айл дээр тус тусдаа тоолууртай” гэж мэдүүлснээс гадна талуудын байшин хүлээлцсэн жагсаалтад бичигдсэн цахилгааны тоолуурын 027313 кв.т-ын бичилт нь /хх-6 дахь талын ард/ хэргийн 40 дэх талд авагдсан цахилгааны бичилттэй тохирохгүй байх тул нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 440 000 төгрөг гарсан гэж үзэх боломжгүй байна. Шүүх энэ үйл баримтыг зөв дүгнэсэн хэдий ч дэнчингийн зохицуулалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан тайлбарласан нь оновчгүй болжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хариуцагчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай. Мөн гэрээний 7 дахь заалтаар хүлээн авсан эд хогшилд өөрийн буруугаас эвдрэл, гэмтэл учруулсан тохиолдолд хариуцах, зохих үнийг төлөх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч тал, нэхэмжлэгчийн буруугаас эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгаж, хариуцагчид 1 991 000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй гэж үзнэ. Учир нь хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт нь өөрийнх нь үйлдсэн баримт байх тул түүнийг үнэлэн ийм хэмжээний хохирол үүссэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчид буцаан өгөх төлбөрөөс хохирол тооцон суутгаагүй нь зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.5, 233 дугаар зүйлийн 233.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Хээс 1 874 435 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 125 565 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч С.Ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “60 941” гэснийг “44 940” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Ч.ЦЭНД