Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

      2020          1              7                                          2020/ДШМ/48

 

 

Б.Эд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 1902007480288 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рома Таун хотхоны 805 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий савны хамт 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Баатархүүгийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Баатархүүгийн Э-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эын энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, Б.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай мөс гэх нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай нунтаг өвс гэх нэршилтэй ургамал, 2 хэсэг газар цоолсон хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тогтоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг эд зүйлс нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хуйлж соруул мэт болгосон АU1012443 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.Эд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүний хорих ялыг тэнсэн харгалзах хуулийн заалттай юм байна. Ийм учраас миний үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж авч үзэн тэнсэн харгалзах  ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ялтай хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг хэрэглэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Б.Э нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн цагаас хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, сайн дураараа гэрт нь хадгалагдаж байсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг гаргаж өгсөн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, анх удаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас буюу залуу хүний сониуч зангаас үүдэн гэмт хэрэгт холбогдсон, мөн Б.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома хотхоны 805 дугаар байрны 00 тоот буюу дээврийн өрөөнд 60 настай тэтгэвэрт гарсан ээжийн хамт амьдардаг, энэхүү дээврийн өрөө нь түүний ажилладаг “Hint” лоунжийн өмчлөлийн өрөө бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаанд ажлаас нь амьдрах байраар хангаж байсан зэрэг болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье. Б.Э нь 5 настайдаа уушиг нь устаж байсан бөгөөд байнгын эмчийн хяналтанд эрүүл агаарт байх шаардлагатай, цаашид хорих ангид ял эдлэх нь түүний эрүүл мэндийн байдал хүндэрч болзошгүйг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч уг гэмт хэрэг олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудал маш хурцадмал байдалд хүрээд байна. Нийгмийг хамарсан гэмт хэрэг болсон. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шүүгдэгч Б.Э нь хэвтэн эмчлүүлж байгаа гэж ойлголоо. Тухайн хүний эрүүл мэндийн байдал дараа дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, манай эмнэлэгт уг өвчнийг эмчлэх боломжгүй гэх эмчийн дүгнэлт, албан бичиг ирээгүй байна. Шүүгдэгч Б.Эын биед үзлэг хийх явцад 0.7 грамм мөс, гэрт нь нэгжлэг хийхэд 69 грамм өвс илэрсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар бусад гэмт хэргээс илүү аюултай гэж үзэж байна. Гэхдээ тэнсэх эсэх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал тул ямар нэгэн байдлаар тэнсэх боломжгүй, боломжтой гэж хэлж чадахгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рома Таун хотхоны 805 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий савны хамт 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

сэжигтэн Б.Баяржаргалын “ ...Би Э-ын гэрт гарцаараа унтаж байсан. Тэгсэн орой 21 цагийн үед Э- цагдаа нартай хамт гэртээ орж ирсэн. Тэгээд юу болж байгаа талаар асуухад Э-ын хувцасны халаасанд мөс гэх мансууруулах бодис байгааг мэдсэн. Э- өөрөө сайн дураар цагдаад гаргаж өгсөн байсан. ...Э-ын гэрээс нь хайрцагтай өвс гэх мансууруулах ургамал олдсон. ...” /хх 43-44/,

шүүгдэгч Б.Эын “...Миний биенээс мөс гарсан бөгөөд манай гэрт нэгжлэг хийх үед гэрээс үл таних залуугаас авсан өвс гарсан. Одоо надад болон манай гэрт мансууруулах бодис байхгүй. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Хан-Уул дүүрэг, Рома Таун 505-0 Э-, Баяржаргал гэж хаягласан гялгар уутанд хувцанцар савтай ургамал мэт зүйл, 2 газар цоолсон хуванцар сав, хуйлж соруул мэт болгосон АU1012443 серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас /тогтоо болгож хэрэглэсэн/-нд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. ...”, “...Шинжилгээнд ирүүлсэн Э- гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метафетамин илэрсэн. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...”, “...Шинжилгээнд ирүүлсэн Э- 2019.09.10 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 20-23, 25-26, 28-29/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн “...Э- манай гэрт мансууруулах бодис байгаа, цонхон дээр ногоон өнгийн савтай мансууруулах өвс байгаа...гэж хэлээд...тасалгааны ертөнцийн зүгээр хойшоо харсан цонхны тавиур дээр дээрээ гадаад бичигтэй, дугуй хэлбэртэй, ногоон өнгийн өнгөтэй хувцанцар савтай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг зааж өгөв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх 3-4/,

хүний биед үзлэг хийсэн “...Б.Э байгаа гэж хэлээд өмссөн өмдний халааснаас ЕSSЕ гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг гаргаж ирээд тамхины хайрцаг дотроос гялгар ууттай, гадна талаас нь харахад дотор талд нь цагаан өнгийн нунтаг, мөс мэт талстлаг зүйл байсныг гаргаж өгснийг ... Trunarc багажаар шалгаж үзэхэд Метафетамин гэж заасан байна. Цахилгаан жингээр шалгахад 0.07 грамм гэж заасан болохыг тэмдэглэл болгон бичив. ...” /хх 5-6/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий Multi-Drug Screen Test Cup тест ашиглах талаар танилцуулж, үр дүнг нь харахад ...5 дугаар баганад нэг улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Э-ын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. ...” /хх 7-8/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын “...хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ