Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/769

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс, 

улсын яллагч: Г.Янжиндулам,

шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********* овогт ********* /РД:**********/

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ************ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, хувиараа ачааны машины жолооч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хороо, ****** *********-р байр, ******** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* дугаар хороо, Тоосгоны ********** дүгээр гудамжинд хохирогч С.Өтай үл ялих шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, машины хаалганд баруун хөлийн урд тавхай хэсгээр хавчиж, эрүүл мэндэд нь “баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************ дүгээр гудамжинд машин дотор хохирогч С.Өтай машинд үнс хаялаа гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, машины хаалга саван баруун хөлийн урд тавхай хэсгийг нь хавчиж, эрүүл мэндэд нь “баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, *******дүгээр гудамжны ***** тоотод гэртээ 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд унтаж байхад орой 20 цагийн орчимд хамт ажилладаг байсан ******* гэх залуу халамцуу ирсэн ба бид хоёр манай дэлгүүрийн гадна зогсож байхад ********** найз Г.Б гэх залуу машинтай ирсэн тэгээд бид хоёр машинд нь суусан ба би арын суудал дээр нь суусан тэгээд манайхаас нэг их холдоогүй ханын материалын эцэст хорооллын гудамжинд зогссон ба ямар нэгэн зүйл огт яриагүй, хоорондоо маргалдаагүй байснаа гэнэт машинаасаа бууж ирээд намайг арын суудал дээр сууж байхад нүүр рүү гараараа хоёроос гурван удаа цохисон ба буцааж цохиогүй тэгээд би машинаас буух гэж байхад машиныхаа хаалгыг саваад миний баруун хөлийн урд тавхай хэсгээр хавчигдсан, мөн машины хаалганд баруун гарын тохойгоо нидэрсэн тэгээд би машинаас нь буугаад зугтаагаад яваад өгсөн гэртээ ирээд эхнэр ********* болсон хэргийн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, 

-Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ********* дүгээр гудамжны ******** тоотод амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр С.Ө гаднаас 13 цагийн орчим халамцуу орж ирээд унтаж байсан ба түүний найз Бааска тухайн өдрийн 20 цаг өнгөрч байхад ирээд дагуулаад гараад явсан ба удалгүй манай нөхөр Бааскагийн найзад зодуулчихлаа баруун хөл, тохой нь өвдөөд байна гэж ирсэн ба ямар нэгэн шалтгаангүй манай нөхрийг зодоод хөлийг нь хаалгаар хавчсан, мөн тохойгоо зулгалсан гэж хэлсэн тэгээд би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С.Өын дэлгүүрт 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ороход С.Ө халамцуу байсан ба бид хоёр дэлгүүрээс нь нэг том пиво авсан надтай Г.Б утсаар ярьж байгаад дэлгүүрийн гадна ирсэн би жолоочийн хажууд суугаад арын суудал дээр С.Ө суусан тэгээд бид нар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны ******* дүгээр гудамжны задгай тоотод машинаа байршуулсан ба пиво уухаас өмнө арын суудал дээр сууж байсан С.Өыг тамхины үнсээ машин дотор унагаасан гээд Г.Б уурлаад машинаас буугаад арын хаалга онгойлгоод С.Өын нүүр рүү гараараа хоёр удаа алгадаж урдаас нь түлхээд буух гээд түлхээд байх шиг байсан, Баярбаатар хаалга саваад хөлийг нь хавчих шиг болсон ******* машинаас буугаад зугтаагаад яваад өгчихсөн. Өөр маргаан зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ********** 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4080 дугаартай: 

 “...1. С.Ө-ын биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

2. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Намайг гэр рүүгээ орох гэж байхад 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу цэргийн баярын маргааш утсаар Баасанхүү дуудсан ба би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг С.Ө-ын дэлгүүрийн гадна очсон ба С.Ө, М.Б нар том пиво авч гарч ирсэн ба миний машин суусан тэгээд уг газраас холдоод задгай хэсэг буюу Баасанхүүгийн гэрийн ойролцоо зогссон ба Өлзийбаяр  согтуу машины ард талын хэсэгт сууж миний машинд тамхиныхаа үнсийг унагаад байхаар нь хүний машин тэргэнд аятайхан суу гэж хэлээд уур хүрээд бууж очоод арын хаалга онгойлгоод С.Ө-ын нүүр рүү хоёр удаа алгадсан тэгтэл урдаас түлхээд буух гээд дайрсан би машиныхаа хаалгаа урдаас нь савсан тухайн үед С.Ө-ын хөл хаалганд хавчигдсан тэгээд маргаан зодоон болоогүй С.Ө зугтаагаад гүйгээд явчихсан Баасанхүү жолоочийн эсрэг талын урд сууж байсан маргаан зодоон болоогүй...” гэж /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31-39 дэх тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч ************2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4080 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Ө-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ө-ын нүүрэн тус газар цохиж, түүнийг буух гэж байхад нь машины хаалгыг өөдөөс нь савж, хөлийг нь хавчсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Ө нь 500,000 төгрөг авсан одоо гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хавтаст хэргийн 77 дахь тал/, мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Г.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /хавтаст хэргийн 77 дахь тал/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-ыг нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ****** овогт *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тус тус дурдсугай. 

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА