| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 182/2016/00566/И |
| Дугаар | 03283 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 03283
| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/03283 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АТБТ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
73,983,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АТБ... ХХКтөлөөлөгч М.Б,шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сард н.Н гэдэг залуу над уруу утсаар ажлын санал хэлж манай зүгээс зөвшөөрснөөр 2015 оны 05 дугаар сарын 25-нд гэрээ хийсэн. Удалгүй Б.А захирал уулзаж н.А гэж хүн М ХХК ХХК-ийн ерөнхий захирал миний хувьд гүйцэтгэх захирал юм. Манай компани Сэлэнгэ аймаг болон Сүхбаатар аймагт хоёр төсөл дээр сонгогдсон байгаа. Сэлэнгэ аймгийн төслийн ажлыг н.А захирал хариуцаж явуулна. Миний хувьд Сүхбаатар аймагт байгаа олимп цогцолборын хөл бөмбөгийн талбайн ажлыг хариуцаж байгаа юм. М ХХК ХХК-иас хөрөнгө мөнгө, санхүүжилт, материалаар хангана. н.Н-тай ах нь хамаатан, садан хүмүүс оруулж ирж байгаа бараа материалыг шалгах ажил хийнэ. Миний зүгээс хөрөнгө, мөнгө санхүүжилтийг өгнө гээд 06 дугаар сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б.А захирлаас мөнгө орж ирээд манай ажилчид 2015 оны 06 дугаар сарын 05-нд Сүхбаатар аймагт очсон.Хариуцаг талаас н.Доржсамба, н.Бат-Эрдэнэ гэсэн 2 инженерийг бидний араас явуулсан. Манай компанийн зүгээс ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө гаргаж, 2 бригад явах нь зөв гэж үзэж хамгийн сайн бригадуудаа авч явсан. 8030м.куб талбайг бетоноор цутгах болоход өртөг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 5-10 см өргөнтэй 1 м.кв цемент цутгах ажил нь 10000-12000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Гараар цементээ зуурч хийхээр бүр өндөр үнэтэй болж байсан учраас Бригадын даргатай нь ярьж байгаад хоёр бригадын дарга нарт өдрийн 70 мянга, туслах ажилчдад өдрийн 30,000-35,000 төгрөг, цахилгаанчин зэрэг бусдыгаа дагуулдаг ажилд 40,000 төгрөг, өдөр бүрийн хоол, унааны мөнгө, хэрэглээний мөнгө өгнө гэж тооцсон. Уг төслийн нийт төсөв нь 70 сая төгрөг болох бөгөөд 30 гаруй хоногийн хугацаанд дээрх цалинг өгч ажиллуулахад хэдэн төгрөгийн ашиг олохыг тооцоолсон. Тэгээд н.Ц-ын бригад нь бетон цутгалтаа хийх, н.Баярсайханы бригад нь хашаа барихаар ажлаа хуваарилсан. Бид хашааг нь 14 хоногийн дотор барина гэж төлөвлөсөн. Бетон цутгалтын ажлыг нь 25 хоногт багтаана гэж тооцоолсон байсан. Анх гэрээ байгуулах үед Б.А захирал энэ хөл бөмбөгийн талбай 2014 оны төсөл байгаа юм. Цаг агаарын байдлаас болж удааширсан та нар очиход бүх зүйл бэлэн ямар ч асуудалгүй бетоноо цутгаад явах боломжтой. Ажлын зургийн дагуу ямар ч алдаа байхгүй гэж хэлсэн. Манай компани Сүхбаатар аймагт очоод ажилтай танилцаж, 2015 оны 06 дугаар сарын 07-нд хэмжээ тавьсан. Тухайн үед хариуцагчаас явуулсан хоёр инженер болон Б.А захиралд бүх ажлыг танилцуулж ярьж хэмжээ тавьсан. Талбайн хэмжээ алдаатай гэдэг нь тогтоогдож, хашаагаа хэрхэн барих бетоноо хаанаас нь цутгах талаар ярилцах зүйл гарсан. Энэ хугацаанд бүх ажилчид хашаа барих ажилд орсон. Бетон цутгах гэхээр газрын хэмжээ алдаатай бөгөөд хайрга байхгүй байсан. Хашааны шонгийн хэв хашмал хийхэд хар өнгөтэй паннер мод хэрэг болсон. Паннер Сүхбаатар аймагт байгаагүй учраас Б.А захирал руу захиж 10 гаруй хоногийн дараа хотоос ирсэн. Ирэхдээ бид нарын захисан хэмжээнээс 50 хувь нь дутуу ирсэн. 420 м хашааны шон тус бүрт хэв хашмал хийх ёстой байдаг. Хэв хашмал нь хатах хүртэл нь хамгийн багадаа долоо хонох ёстой зэргээр ажил маань төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч эхэлсэн. Бетон цутгах ажил дээр хүмүүсийн байр суурь хуваагдсан. Газар нь тэгш бус баруун урд талруугаа налуу хэвгий байрлалтай байсан. Бетон хийхийн тулд өмнөх явган хүний замаас өөр дахин зам байх шаардлагатай байсан. Бид нарыг очиход явган хүний зам, ус зайлуулах хоолой зэргийг хийсэн байсан. Дотор талын явган хүний зам нь тэгш бус алдаатай байсан учраас миний хувьд бүх зүйлийг зургийн дагуу хий гэсэн чиглэл өгсөн. Зургийн дагуу ажлаа хийж байгаад 06 дугаар сарын 22-ны өдөр хашаа босгож дуусаад шонгоо хооронд нь тороор холбох болоход зориулалтын япон шат нь байгаагүй. н.Наранхуягтай явган хүний зам болон хөл бөмбөгийн талбайн хэмжээ алдаатай талаар ярилцахад талбайгаа барь, бид нар өөрсдөө асуудлаа шийднэ гэж хэлсэн. Бетон цутгалт тэгш бус зарим газар 5 см, зарим газар нь 9 см гээд явчихсан. Тухайн үед барьж ажилласан зураг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх гэхээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хашааны шон хийсэн талаар ярихад хойд, урд талын шон нь 6 метрийн өндөртэй, голын шон 4 метрийн өндөртэй. Хашааны шонгийн суурийн 30 сантиметрийн гүнд суулгана гэж байсныг 60 см гүнд суулгахаар болсон. н.Мягмардорж болон Хятад инженерүүдтэй ярилцсан чинь 10 диаметртэй, 6 метрийн өндөртэй шонг суулгахад суурь бат бөх байх ёстой гэсэн онолын зүйл ярьсан. Бид нарт ирсэн зургийн дагуу хашааны шон 30 сантиметрийн гүнд 4 боолтоор 20 сантиметрийн гүнд бэхлэгдэхээр байсан. Тэгвэл салхинд унах юм байна. Дор хаяж доошоо 50 сантиметр байлгах хэрэгтэй гэж ярилцсан. Б.Алтанзул захиралтай ярьсан чинь тэгвэл болохгүй юм байна гээд дахин мөнгө санхүүжилт гаргаж өгөхөөр болж нүхийг доошоо 1 метрийн гүн ухаад 50 сантиметр гүнд суулгахаар төмөр залгаж гагнасан. Гэтэл залгаж гагнах турбо олдохгүй байж байгаад сүүлд нь төмөр авч хотруу зөөдөг хэсэг бүлэг хүмүүсээс 1 кг төмрийг 2, 3 төгрөгөөр авсан. 700,000 800,000 гаруй төгрөгийн төмрийг 400,000 500,000 төгрөгөөр авсан. 3, 4 хоног төмрийн цэг дээр ажилласан. Ингээд хашаа нь дээр нэмэлт ажил хийсэн. Хашааны шон дээр тор боолтыг гаднаас болон дотроос нь боох талаарх заавартай. Зааврын дагуу хийсэн чинь хөл бөмбөгийн нарийн бичгийн дарга хүүхдүүд 200 долларын бөмбөг өшиглөдөг юм. Бөмбөгөө боолт дээр цохиод хагалчихна. Боолтоо эргүүлээд өгөөч гэж гуйсан. Бид нар ажил дууссаны дараа хийж өгье гэсэн. Би н.Наранхуягтай ойлголцоогүй учраас Б.А захирал руу ярьсан. Тэгэхэд Б.А захирал зургийн дагуу хийх ёстой шүү гэсэн. Нөгөө бетон нь урд талдаа өндөр болох гээд байна гэхэд өөрсдийн зардлаа хэмнэе гэсэн. 0,5 хайрга дэвсээд хийхээр зардал их гарахаар байсан учраас ярьж байгаад уулын хайрга авч ирж дэвсээд цутгахаар болсон. 0,5 хайрга хүрэхгүй байсан. Анхнаасаа хайрга байгаагүй гэж хэлэхгүй. Явган хүний зам цутгах ажилд бас хайрга орсон. Цемент нь бас хүрэлцээгүй байсан. Шон бүрт хайрга цемент орсон. 07 дугаар сарын 05-ны өдөр хайрга, цемент байхгүй цэргийн анги орсон. 7-8 нд ажилгүй зогссон. 07 дугаар сарын 09-нд 100 тн цемент буусан. Хашаа барихад нэг асуудал гарсан. Өмнө барьсан байсан замын гадуур хашаа явах ёстой байтал энэ хэмжээ нь зөрсөн. н.Цэрэнсамбатай хамт цэргийн анги явж, машин авсан. Уг машинаар хайрга зөөсөн. Баруун урд талын хэсэг нь налуу байсан учраас гүн ухаж байгаад суурь хийсэн. Бидний цалин мөнгийг Б.А захирал 100 хувь хариуцаж байсан. Тэгээд бид нар хотод ирсний дараа Б.А захирал дуудаж уулзаад та нар дахиад яваад өгөөч мөнгө төгрөгийг нь одоо хоцроохгүйгээр өгнө гэсэн. Бид нар чадахгүй өмнө хийсэн ажилчдын мөнгө төгрөгийг нь авна гэж хэлсэн. Б.А захирал та нарын цалинг өгье. н.М, та хоёрыг гомдоохгүй бонус өгнө. Ажлаа дуусгаад ирэхээр нь өгье одоо ахад нь мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд бид нар 07 дугаар сарын 15-нд Сүхбаатар аймагт очсон. Ажлаа эхэлсэн, гэрээний дагуу материалыг М ХХК ХХК олж ирсэн. Заримыг нь замын наад талын бохир хайрга авч ирж асгаж байгаад тэгшилсэн. Газрыг тэгшлэхэд маш их хүч хөдөлмөр орсон. Сүхбаатар аймгаас туслах ажилчдыг өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан. Хоёр 10 жилийн хүүхдийг өвөөгийнх нь гуйлтаар ажиллуулж 500,000 төгрөг өгсөн. Бусад нь насанд хүрсэн амьдрал нь үнэхээр хүнд хүмүүс байсан. н.Наранхуяг нь зарим үед хайргыг том машин, индүүгээр тусалж байсан боловч бүгдийг нь индүүдэж тэгшлээгүй. Нийт тэгшлэх ажлын 80-90 хувийг гараар хийсэн. 100 тонн цементдээ багтаах зорилгоор бүгдийг нь гараар дэвхрэгээр тэгшилж янзалсан. Ийм хүнд ажлуудыг хийсэн. 08 дугаар сарын 20 гараад ирэхээр хүүхдийн хичээл сургуулийн төлбөр төлөх үед ажилчид бөөн хэл ам гаргасан. Б.А захирал руу ярихад мөнгөгүй байна та нар аргалаад өгөөч гэсэн. н.М-ийн байрыг 20 сая төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь ажилчиддаа цалин гэж тарааж өгсөн. Зарим хүмүүст мөнгө өгөөгүй. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол Сүхбаатар аймгийн 10 гаруй залуучууд ажилласан тэдэнд юу ч өгөөгүй. 09 дүгээр сарын 15-нд ажил дуусч буцахаар болсон. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөл бөмбөгийн холбооноос хүмүүс ирж уулзсан. Бетоны бэхжилт 60-70 хоног явагддаг. Гүйцэт бэхэжсэний дараа зүлгийг наахгүй бол амархан сална тиймээс хатсан үед нь наахыг хүссэн. Дараа нь ус зайлуулах хоолойг зургийн дагуу хийж өгөх гэсэн шаардлагуудыг тавьсан. Хоолой байрлуулах талаар газраа тэгшилчихээд 3 давхарга хийнэ. Тэгээд бүдүүн хоолой тавьж цутгаад тэгшилнэ. 10, 20-ийн хайрга дэвсдэг. Тэгээд сүүлд нь зүлгээ наах ёстой. Энэ ажил хийгдээгүй байна гэж ярьсан. Бид нарын ажил зогсоод н.М-ийн байрыг буцааж авах болоход Б.А захирал мөнгө өгсөн. Мөнгийг бэлнээр болон н.М-ийн данс руу хийж байсан. Өвөл болж манай ажилчдын нэг нь бэртэл гэмтэл авч, мэс засалд орохоор болсон. Цалинг нь өгөөгүй байсан учраас компани дээр очиж асуудал үүсгэнэ гэж байсан. М ХХК ХХК руу очиж сүйд хийнэ гэж хүртэл ярьсан. Тэгээд Б.А захирал эмчилгээний мөнгө өгөхөөр болсон. Хөл гараа бэртээсэн залууд бид арга ядахдаа юм зарж 50,000 төгрөг өгч байсан. Цагаан сарын үеэр мөнгө төгрөг өгөөгүй гэж бас л асуудал үүссэн. Бид нар Ачит гялбах ХХК-д 4, 5 сая төгрөгийн ажил хийж өгсөн. Энэ мөнгийг аваад ажилчдадаа цалинг нь буулгачих гэж Б.А захирал хэлсэн. Гэтэл 4, 5 сая төгрөгийг өгөөгүй. Ингээд Б.А захиралд хэлж байгаад өөрийнхөө хашаа байшинг барьцаанд тавьж ажилчдынхаа цалинг нь буулгасан. Ачит гялбах ХХК нь 4, 5 сарын хугацаанд 100,000 500,000 төгрөгөөр цувуулж өгсөн. Гэтэл хашаа байшинг нь банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Одоог хүртэл хашаа байшингаа аваагүй. Б.А захиралд хэлэхээр мөнгө өгнө. Тэгэхдээ хэдэн тэрбум төгрөгийн өртэй банкны хүү төлж байгаа, одоо гаргаж өгөх боломжгүй гэдэг. Би эвлэрүүлэн зуучлалд хандсан. Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлалд Б.А, н.А, н.Н захирал, н.М бид тавуулаа ороод ярьсан. Б.А захирал 27, 28 сая төгрөг өгнө гэж байсан. Б.А захирал тийм зүйл байхгүй гээд эвлэрүүлэн зуучлалаас гарсан. Б.А захирал 70 гаруй сая төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Миний тооцоогоор 58 гаруй сая төгрөг авсан.
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн БаруунУрт суманд олимп цогцолборын хөл бөмбөгийн талбайн 420 м хашаа угсрах, 8030 м.куб хиймэл ширэг суулгах, 6 ширхэг гэрэлтүүлэг хийх, 320 хүний суудал угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манайх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүртэл нийт 33 хоногийн дотор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч хөл бөмбөгийн талбай барихад зайлшгүй шаардагдах бараа материал, хангамж нь байгаагүйгээс болж төлөвлөсөн ажлаа хугацаандаа дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хөл бөмбөгийн талбайг тойруулж 420 м хашаа угсрах ажилд шаардлагатай төмөр шонгоос 1 м богино шон ирсэн. Дахин нэмэлтээр төмөр олж гагнах ажил хийсэн. Бетон цутгахад бэлэн гэж байсан ажлын талбай тэгш биш байснаас нэхэмжлэгч 1290 м.куб хайрга дэвсэх нэмэлт ажил хийж бетон цутгасан. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэг дээр 1606м.куб гэж дурдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулахад 1290 м.куб гэсэн хэмжээ гарсан. 2015 оны ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон хөлсөө авсан. Харин нэмэлтээр хийсэн ажлын хөлсөө аваагүй учраас дараах шаардлагыг гаргаж байна. Хариуцагч М ХХК ХХК-иас 73,983,150 төгрөг гаргуулна. Үүнд 15,000,000 төгрөг нь компанид учирсан хохирол, 2,890,500 төгрөг нь алданги, 48,890,000 төгрөг нь нэмэлтээр хийсэн ажлын хөлс, 7 сая төгрөгийг хууль зүйн үйлчилгээний хөлс юм гэжээ.
Хариуцагч М ХХК ХХК-ийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч туслан гүйцэтгэгч компани байсан. Анх Ачит гялбах ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ хийчихсэн байсан юм. АТБ... ХХК ХХК-тай уулзаж инженер техникийн ажилчид байгаа юу гэхэд, ерөнхий инженер нь Өвөрмонгол залуу байгаа мэргэжлийн хүмүүс гэж тайлбарлахаар нь гадаад дотоодын ажилчидтай юм байна. Ачит гялбах ХХК-тай хамтарч үйл ажиллагаагаа явуулаарай санхүүжилтийг манай компаниас өгнө гэсэн. Манай компани танай компанийг хохироохгүй гэж гэрээ хийсэн. АТБ... ХХК ХХК-ийг 3 сар 90 хоног ажиллуулан гэж хэлэхэд хариуцагч тухайн газрыг өмнө очоод үзчихсэн юм байна, объемоо мэдэж байгаа гэсэн ойлголт авсан. Урьдчилгаа мөнгө гэж наадмаас өмнө өгсөн. Шаардсан мөнгийг нь цаг тухайд нь өгсөн. Наадмын дараа 07 дугаар сарын 16-нд мөнгө нэхэмжлэхэд би 18-нд мөнгө шилжүүлсэн. н.Наранхуяг бол талбай дээр нь хяналт тавьж байсан. Гэрээний дагуу ажлаа хийсэн учраас гэрээний дагуу цалин мөнгийг нь өгөөд явсан. 09 дүгээр сар гарахад илүү ажил хийсний төлбөр нэхсэн. Би тийм зүйл мэдэхгүй. н.Наранхуягтайгаа уулзаад учраа олно биз дээ гэж хэлсэн. Гэрээний дагуу төлбөрийг М ХХК ХХК өгнө. Нэмэлт ажлаа Ачит гялбах ХХК-тай ярилцаарай гэж хэлж байсан. Нэгэнт гэрээ хийсэн гээд нарийн ширийн зүйл дээр анхаарал хандуулаагүй. Нэхэмжлэгч ажлаа хаяд явсан байсан. Гэрээнд заасан ажлын гүйцэтгэл 60 хувьтай орхисон байсан. Дахин 09 дүгээр сарын 15-наас зохих байгууллагаар дүн шинжилгээ хийлгэхэд 65 хувьтай ажил хийсэн байсан. Санхүүжилтийн талаар бол тухайн ажлыг 100 гүйцэтгэсэнтэй ижил хэмжээний зардал болох 71, 72 сая төгрөг өгсөн. М ХХК ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрүүлэн зуучлал дээр очиход нь улсын төсвөөс мөнгө авах юм чинь та нар сэтгэл санаа дундуур байгаа бол хэдэн төгрөг өгнө гэдгээ хэлсэн. Улсын төсвөөс санхүүжилтийн 60 хувиас өөр мөнгө орж ирэхгүй байна. Эвлэрэн зуучлал дээр очоод 25 сая төгрөг өгвөл болох уу гэхэд н.Б, н.М болно гэсэн. Гэтэл н.А, н.Н нар 25 сая төгрөг өгөх боломжгүй. Ямар ажлаа 100 хувь дуусгаагүй байхад хөлсийг нь бид нар 100 хувь өгчихсөн байна гээд өгөөгүй. Нэмэлтээр 70, 80 машин шороо авч ирэх хэрэгцээ байхгүй. Тийм үүрэг ч өгөөгүй. Тодорхой хэмжээний орхигдуулсан зүйл гээд 5, 6 машин шороо орсон байх ёстой. Үүнийг нь нотлох баримтаас харж болохоор байна. Хуулийн байгууллагад ирчихээд хэн нэгнийгээ хууль дүрмээр дарамтлах гээд байх шаардлагагүй. Улсын төсвөөс орж ирэх мөнгө нь одоо хүртэл байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АТБ... ХХКнь хариуцагч М ХХК ХХК-д холбогдуулан гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд нэмж хийсэн ажлын хөлс 48,890,000 төгрөг, хохирол 15,202,650 төгрөг, алданги 2,890,500 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 7,000,000 төгрөг нийт 73,983,150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... М ХХК ХХК нь гэрээний тал биш, ...нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын 65 хувийг хийж гүйцэтгэсэн, захиалагч талаас ажлын хөлс бүрэн төлсөн гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч АТБ... ХХКнь хариуцагч М ХХК ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 3 дугаар багийн нутагт байрлах Олимп хотхоны паркийн Хөл бөмбөгийн талбайд хөл бөмбөгийн талбайн гадна 420м хашаа угсрах, 8,030 м.кв талбайд бетон цутгалт хийх, 8,030 м.кв талбайн хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг хийх, 320 хүний суудал угсралтын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс 70,000,000 төгрөг байхаар тохиролцон гэрээг бичгээр байгуулсан байна. Энэхүү хэлцлээр гүйцэтгэгч нь захиалагчид гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хариуд хөлс авахаар тохиролцсон, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв. /хх-ийн 20 дугаар тал/
Нэхэмжлэгч хөл бөмбөгийн талбайн 420м хашаа барих, 320 хүний сандал суурилуулах, гэрэлтүүлгийн шонгийн суурийн цутгалт хийх, 8,030м талбайд цемент цутгалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагч ажлын хөлс 39,400,000 төгрөгийг гэрээнд зааснаар Б.Мягмардоржийн Хаан банкин дахь 5029418894 дугаартай дансаар /хх-ийн 98-108, 2 дугаар хавтас 98 дугаар тал/, бараа материалаар 3,231,360 төгрөг /хх-ийн 185-186 дугаар тал/, бэлэн мөнгөөр 18,150,000 төгрөг /хх-ийн 176,178, 184, 193 дугаар тал/ нийт 60,781,360 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Харин гэрээгээр тохиролцсон ажлаас 8,030 м.кв талбайн хиймэл ширэг суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг, 320 хүний сандлын тавцан суурьлуулах ажил хийгдээгүй тухайд талууд маргаагүй.
Мөн дээрх ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч захиалагч цутгалт хийхэд зарцуулах цементийг 2015 оны 07 дугаар сард талбайд буулгасан, 420м хашааг суулгахад төмөр труба гагнаж суулгах ажил нэмэлтээр хийх шаардлагатай болж, тоног төхөөрөмжийг хугацаанд нь бэлтгээгүй зэргээс гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар болон шүүхэд гэрч Д.Ц, Б.М, Б.Д, Ө.Б нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч АТБ... ХХКнь нэмэлтээр хөл бөмбөгийн талбайд цемент цутгалт хийхээс өмнө талбайг тэгшлэх ажил хийсэн болох нь шүүхэд гэрч Ө.Б, Д.Ц, Б.М нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 344 дүгээр үзлийн 344.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээгээр тохиролцон тогтоосон боловч нэмэлт ажлыг хийлгүйгээр гэрээнд заагдсан ажлуудыг чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж гүйцэтгэх боломжгүй байдал бий болсон байна.
Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийг захиалагчийн инженерийн хянлат дор харилцан зөвшилцөн гүйцэтгэж байсан нь гэрч, зохигчийн тайлбараар үгүйсгэгдэхгүй учир гүйцэтгэгч гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдлын талаар захиалагчид мэдэгдэх үүргээ гүйцэтгэжээ.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан.
Шүүхэд нотлох баримтаар авагдсан Сод сортоо ХХК-ийн гаргасан талбайн хэмжилтийн ажлын тайланд ...нийт 7822м.кв талбайд хайрга зузаан 0165м, эзлэхүүн 1290.63м.куб, цемент цутгалт зузаан 0.07м, эзэлхүүн 547.54м.куб гэсэн байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан 1м.куб хайрга гараар тэгшлэх, нягтаршуулах газар шорооны ажлын хөлсний үнэлгээ 40,000-50,000 төгрөгийн ханштай байна гэжээ.
Нэхэмжлэгч хайрга тэгшлэх, нягтруулах ажлын хөлсийг 30,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь зах зээлийн ханшнаас илүү биш байх тул 1290.63м.куб талбайд хийсэн ажлын хөлс 37,260,000 төгрөгийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу хариуцагч нь төлөх үүрэгтэй. Харин нэмэлтээр хийсэн дээрх ажлаас бусад нэмэлт ажлын хөлс, үнэлгээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсон алданги 2,89,500 төгрөг гаргуулахаар шаардсан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийн талаар тохиролцоо хийгдээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй тул алданги шаардсан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс ажилчдынхаа цалинг олгох боломжгүй болж, мөнгө хүүтэй зээлэн авч, зээлийн хүүгээр хохирсон гэж тайлбарласан боловч үүнийг ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар талууд нэмэлт ажил, ажлын хөлсний хэмжээ, төлөх талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д заасан Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
Хэрэгт өмгөөлөгч Г.Баатарсүрэн, нэхэмжлэгч АТБ... ХХК ХХК-ийг төлөөлж захирал М.Батдэлгэр нар 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөгийг Батдэлгэрээс Г.Баатарсүрэнд дансаар шилжүүлсэн талаар нотлох баримт авагджээ.
Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх нь зохигчдын эрх бөгөөд үүнтэй холбоотой гарсан зардал нь зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Г.Б оролцоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч М ХХК ХХК-иас 37,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АТБ... ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,723,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг баримтлан хариуцагч М ХХК ХХК-иас 37,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АТБ... ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,723,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч АТБ... ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК ХХК-иас 344,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР