| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/03404/И |
| Дугаар | 102/ШШ2019/03269 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/03269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.М холбогдох,
хүүхдийн тэтгэлэг болон асрамж тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 3 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд П.Мтай танилцаж 2016 оны 10 дугаар сарын дундаас манай гэрт хамт амьдарч эхэлсэн. 2016 оны 12 дугаар сард бие давхар болсоноо мэдсэнээс хойш 2 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сард салсан. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Суубилигийг төрүүлсэн. Миний хүү М.Суубилиг нь төрсөн цагаасаа миний асрамж, халамжинд эрүүл саруул өсч торниж байгаа. Хүү М.Суубилигийг төрсний дараа аав П.М нь бид хоёртой 4 cap хамт амьдарсан боловч дахиад бид хоёрыг хаяад явсан. Миний бие бага насны хүүхэдтэй тул ажил хийхэд хүндрэлтэй зүйл их гардаг П.М бидэнд тус дэм болдоггүй. Иймд хүү М.Суубилигийг миний асрамжид үлдээж өгнө үү.
Хүү М.Суубилигийн 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд “Бяцхан алаг үрс цэцэрлэг”-т явсан цэцэрлэгийн төлбөр болох нийт 3 150 000 төгрөгийг миний бие төлсөн тул уг төлбөрийг П.Мгаас гаргуулж өгнө үү. Мөн П.Мгийн нэг сарын цалингын 50 хувиар хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү М.Суубилиг нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны хувьд хамтран амьдрах боломжгүй болсон. Хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй боловч би хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Цэцэрлэгийн төлбөрийн хувьд заавал тийм төлбөртэй цэцэрлэгт өгөх шаардлага байгаагүй. Миний бие хүүхдээ харж хандах боломжтой байсан. Түүнчлэн, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг цалингийн 50 хувиар тогтоох нь хуульд нийцэхгүй тул зөвшөөрөхгүй, харин хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч П.Мд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлгийг хариуцагчийн нэг сарын цалингийн 50 хувиар тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт төлсөн 3 150 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хүүхдийн тэтгэлгийг нэг сарын цалингийн 50 хувиар тогтоолгох, цэцэрлэгийн төлбөрт 3 150 000 төгрөг гаргуулах хэсгийг үл зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тэдний дундаас хүү Мөнхнасангийн Суубилэг төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1125510075 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хоорондын таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах үеэс хүү М.Суубилэг нь эх Т.Очирдарийн асрамжинд өсөж байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн өсөж бойжиж байгаа болон ахуй нөхцөл, хүүхдүүдийн насны онцлого, хариуцагч хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар татгалзаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эцэг, эх хүүхдийг тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож болох бөгөөд мөн зүйлийн 14.6-д зааснаар тохиролцоогүй бол тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Түүнчлэн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно. Энэ тохиолдолд тэтгэлэгийн хэмжээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээнээс бага байж болохгүй. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцсон тохиолдолд тэтгэлгийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс их байж болно.
Талууд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг хариуцагчийн нэг сарын цалингийн 50 хувиар тогтоох талаар харилцан тохиролцоогүй, мөн хариуцагчийн цалингийн хэмжээ нь тодорхойгүй нөхцөлд дээрх хэмжээгээр тогтоох нь хүүхдийн эрх ашигт харшлахаар байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлгийг тогтоох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүүхэд цэцэрлэгт орсон зэрэг тохиолдолд гарсан зардлыг хариуцуулж болно.
Гэтэл хэрэгт авагдсан “Бяцхан алаг үрс цэцэрлэг” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тодорхойлолтоор онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдийг асран хамгаалах талаар тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх боловч 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 9 сарын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт нэхэмжлэгч нийт 3 150 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл дээрх баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна.
Дээрх үндэслэлээр хүү М.Суубилэгийг эх Т.Очирдарийн асрамжинд үлдээн, эцэгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгуулж, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны буюу нийт 9 сарын цэцэрлэгийн төлбөр 3 150 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн нэг сарын цалингийн 50 хувиар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Мөнхнасангийн Суубилэгийг эх Т.Очирдарийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Мөнхнасангийн Суубилэгт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг П.Мгаас гаргуулан олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.3, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч П.Мд холбогдох, 3 150 000 төгрөг гаргуулах, нэг сарын цалингийн 50 хувиар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Очирдарийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН