Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/02507

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/03395

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК эрх хүлээн авагч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Д

 

Хариуцагч: С.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 853 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Э, хариуцагч Ц.Д, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч М.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Энхсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.Д, С.О нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна.

 

Зээлдэгч С.О, Ц.Дтай нар нь Хадгаламж банктай 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 317348 дугаартай зээлийн гэрээ, ЗБГ/348 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж 6 000 000 төгрөгийг сарын 3.25 хувь, жилийн 39 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлийн эргэн төлөлтөнд 5 147 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн үлдсэн төлбөрийг төлөх талаар тайлбар гаргасан ч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төлөлт хийгдээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, зээлдэгч Ц.Дтай уулзаж өр төлбөрийг барагдуулах боломжит хугацааг тогтоож өгсөн боловч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж, өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Ц.Д, С.О нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 853 000 байх тул хариуцагч нараас 853 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол шуудан банкнаас өөрийн орон сууцыг барьцаалан С.От 6 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Тухайн үед С.О үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлж байсан боловч үлдэх төлбөрийг төлөөгүй. Миний зүгээс зээлийн үлдэх төлбөр болох 1 900 000 төгрөгийг төлж өөрийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж авсан. Уг зээлээс би аваагүй бөгөөд төлбөрт 1 900 000 төгрөг төлсөн. Мөн миний зүгээс хамаг төлбөрийг төлж дууссан байхад 10 жилийн дараа нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол шуудан банкнаас 6 000 000 төгрөгийн зээл авч үүнээс 3 550 000 төгрөгийг би, үлдэх 2 450 000 төгрөгийг Ц.Д авсан. Өөрийн авсан зээлийг хүүгийн хамт цаг тухайд нь төлж дуусгасан. Нэхэмжлэлд дурдсан 853 000 төгрөгийг би 2013 онд төлсөн. Зээлийн үлдэгдэл гэх  853 000 төгрөг нь надтай холбоогүй, Ц.Дтай холбоотой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Д, С.О нарт холбогдуулан зээлийн төлбөрт 853 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээлийн төлбөр” гэж тодорхойлжээ. Хариуцагч нар шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан, 10 жилийн дараа гэрээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хадгаламж банк болон Монгол шуудан банкны 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Хадгаламж банк нь Монгол шуудан банкнаас шилжүүлэн авчээ. Улмаар, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатай Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, уг арга хэмжээг сунгасаар сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 сарын хугацаатай сунгасан байна.

 

Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсноор “Хадгаламж банк” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх, банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг Монгол шуудан банкнаас шилжүүлэн авсан тул Монгол шуудан банкны зээлийн гэрээний үүргийг бусдаас шаардах эрхтэй.

 

Монгол шуудан банк болон хариуцагч Ц.Д, С.О нарын хооронд 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/348 дугаартай зээлийн, ЗБГ/348 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь Монгол шуудан банкнаас 6 000 000 төгрөгийг сарын 3.25 хувийн, жилийн 39 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд хариуцагч Ц.Дгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2205018961 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 67 дугаар байр, 34 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан нь зээлийн болон барьцааны гэрээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээнд заасны дагуу 6 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн, зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Ц.Д, С.О нар зээлийг хамтран байгуулсан, тэдний үүргийг хэсэгчлэн хүлээлгээгүй байх тул хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 6 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох хариуцагч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ 853 000 төгрөгийн хэмжээнд биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь үндсэн зээл 6 000 000 төгрөгөөс 150 000 төгрөгийг 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 500 000 төгрөгийг 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 750 000 төгрөгийг 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, 1 400 000 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 500 000 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 347 000 төгрөгийг 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 500 000 төгрөгийг 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, нийт 5 147 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон балансын гадуурх дансны хуулга, Монгол шуудан банкны орлогын мэдүүлэг,  Монгол шуудан банкны 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/02/2617 дугаартай, мөн банкны 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1971 дугаартай, хариуцагч Ц.Д 1 900 000 төгрөгийг төлж барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн гэх тодорхойлолт, Монголбанкны зээлийн мэдээллийн сан, хариуцагч дулмаагийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 853 000 төгрөгийг чөлөөлүүлэх талаарх Монголбанкинд гаргаж байсан өргөдөл зэргээр нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нар дээрх баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадааагүй байна. Түүнчлэн, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 884 дугаар тушаалаар эрсдэлийн сангаас зээл хаах тухай шийдвэр гарсан байх бөгөөд уг тушаалын хавсралтаар хариуцагч нарын үлдэгдэл төлбөр болох 853 000 төгрөгийг эрсдэлийн сангаас хорогдуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Харин мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг түр зогсох бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээс 500 000 төгрөгийг 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй байхаас гадна уг үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан байна. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 75.1-д зааснаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийн шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд уг эрхийг хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацаа зогоссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг шаардах эрх 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байхад 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жилийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үлдэх үүрэг болох 853 000 төгрөгийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 853 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Д, С.О нарт холбогдох, 853 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН