Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: О.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б. овогт О.Э холбогдох эрүүгийн 2335000000119 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................ өдөр Увс аймгийн .......суманд төрсөн, 32 настай, яс үндэс баяд, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, иргэний барилгын техникч, модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б. овогт О.Э, (РД:.....................................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э  нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багийн нутагт иргэн О. гэрт хохирогч Б.Э. руу шилэн аяга шидэж, түүний толгой, зүүн нүд орчимд цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ...................... сумын 1 дүгээр багийн нутагт иргэн “О” гэрт хохирогч Б.Э. руу шилэн аяга шидэж, түүний толгой, зүүн нүд орчимд цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4  дүгээр сарын 06-ны өдрийн 172 дугаартай “...Үзүүлэгч Б.Э. биед гавал ясанд зүүн чамархайн урд хэсгээр шугаман хугарал, их тархины зүүн чамархай дэлбэнд цусан хураа, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Энэ талаар Б.Э.  амбулаторийн эмчлүүлэгчдийн картын хуулбарт сумын эмчийн үзлэг хийсэн хэсэгт бичигдсэн байна. Гавал ясанд зүүн чамархайн урд хэсгээр шугаман хугарал, их тархины зүүн чамархай дэлбэнд цусан хураа, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмт болно. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал);

2. Увс аймгийн нэгдсэн эмнэлгээс Б.Э. нэр дээр нээсэн 4429 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 8-22 дахь тал);

3. Хохирогч Б.Э. амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хавтаст хэргийн 24-27 дахь тал);

4. Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би эхнэр Б.А болон гурван найзтайгаа хамт 2023 оны 03 дугаар сарын 19-ний 23 цагийн үед ...................... сумын 1 дүгээр багийн нутагт найз Б.О  гэх айлд төрсөн өдөрт очсон юм. Б.О  эхнэр 0.75 литрийн хэмжээтэй хар-экс нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд түүнийг тойруулж байхад Б.О хамт ажиллаж байсан, тэдний хажууд хөрш амьдардаг О.Э гэх залуу хэд хэдэн удаа согтуу орж ирсэн. Сүүлд орж ирэхэд нь манай эхнэр наад хүндээ нэг хийж өгөөд явуулчихаач гэхэд тэр залуу манай эхнэртэй хэрэлдэж, би ямар архи горьдож яваа юм уу гэж хэлээд сэжгийн авгай гээд байхаар нь би миний эхнэрийг битгий доромжлоод бай гэж хэлээд бага зэрэг маргалдсан. Тэгээд Н.Г, О.Э гаргаж явуулсан, түүний дараа удалгүй бид тарсан бөгөөд би гарч машинаа асаачихаад тухайн айлд дээгүүр өмсдөг хүрмээ авах гээд буцаж орсон. Тэгэхэд Б.О  гэрт Н.Г  О.Э  орон дээр нь дарчихсан барьж байсан. Би хүрэмээ аваад чамтай би янз бүр болоогүй шүү хөгшин чинь харьж амарлаа гэж хэлээд зогсож байхад над руу босоод юм шидэх шиг болоход, хаалганы хажууд тас хийх чимээ гарсан. Би өөрөө гарах гээд хаалганы урд зогсож байсан бөгөөд дахиад харахад нүд харанхуйлаад явчихсан юм. Би гараараа нүдээ дараад хэсэг зогсож байгаад гарсан. Тухайн үед яаж гарч машиндаа суусан талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр эхнэр аваад ирчихсэн байсан... " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-35 дахь тал);

5. Гэрч Н.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...................... сумын 1-р багт ажлын найз Б.О төрсөн өдөр болж би эхнэр “М” Б.Э  түүний эхнэр Б.А,” У” нарын хамт орой 23 цаг өнгөрч байхад Б.О. гэрт ирсэн юм. ...Б.О  бид хоёртой цуг ажиллаж байсан О.Э.  гэх залуу 3 удаа орж ирсэн. Араас нь эхнэр нь ирж хүмүүс ирсэн байна гэж хэлээд аваад явсан. Энэ хооронд бол ямар нэгэн зүйл болоогүй сүүлд орж ирэхэд нь Б.Э  эхнэр нь Б.А  наадахдаа нэг хийгээд өгчихөөч гэж хэлж байсан, түүний дараа О.Э уурлаад би ямар архи хайж орж ирсэн юм уу? Би охиноо авах гэж орж ирсэн, сэжгийн авгай вэ? гэж орилж уурласан, гэтэл Б.Э  эхнэрээ өмөөрч чи яахаараа хүний эхнэр доромжлоод байгаа юм гээд босоод ирэхээр нь би О.Э  тэвэрч аваад Б.Э чи хэрэггүй, энэ уухаараа жаахан ингээд байдаг хая хая гэж хэлээд О.Э аваад гэрт нь оруулж өгөөд буцаж ороход манай хэд хувцсаа өмсөөд гарцгааж байсан. Энэ хооронд О.Э  гэрийн хаалга өшиглөөд гараад ирсэн. ...О.Э  агсараад орилж чарлаж байгаад ширээн дээрээс архины шил аваад гэрийн хаалга руу шидэж хагалсан. Энэ үед Б.Э  манай эхнэр хоёр гаднаас орж ирэхэд дахиад ширээн дээрээс шилэн аяга /бариултай стакан/ дахиж шидэхэд Б.Э  оносон... удаагүй “У” над руу залгаад Б.Э  хөмсөг нь задарчихжээ гэж эхнэр нь хэллээ гэсэн....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал);

6. Гэрч Б.О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өглөө босоход 08.30 цагийн үед Б.Э. эхнэр Б.А  танай найз ийм болсон гээд нүдний орчимд зүсэгдэж хавдсан зураг чатаар явуулсан байсан. Түүнийг харсны дараа би босоод хувцсаа авах гэхэд өлгүүр дээр архины шилний хагархайнууд байсан эхнэрээс асуухад О.Э  архины шил, шилэн аяга зэргийг шидэж хагалсан гэсэн. Б.Э гэр лүү явах гээд гарахад гэрийн үүдэнд газарт цусны хэд хэдэн дусал толбо байсан. Түүний дараа Б.Э  гэрт очиход манай найз гэртээ хэвтэж байсан бөгөөд зүүн нүд хавдсан, дээд хэсэгт зүсэгдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

7. Шүүгдэгч О.Э  өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Э  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э  эрүүл мэндэд “Гавал ясанд зүүн чамархайн урд хэсгээр шугаман хугарал, их тархины зүүн чамархай дэлбэнд цусан хураа, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4  дүгээр сарын 06-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Э. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос О.Э  дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч О.Э  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч О.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э  биед гавал ясанд зүүн чамархайн урд хэсгээр шугаман хугарал, их тархины зүүн чамархай дэлбэнд цусан хураа, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Э  нь хохирогч Б.Э  эмчилгээний зардалд 343.000 (гурван зуун дөчин гурван мянга) төгрөг төлж, хохирогч Б.Э  нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 111 дэх талд авагджээ.

Мөн шүүгдэгч О.Э  болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Э  эмнэлгийн зардал 343.000 төгрөг, хохирогчийг Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад 700.000 төгрөг, шүүгдэгчийн эцэг” О” дамжуулан хохирогчид 500.000 төгрөг, Улаанбаатар хотоос нааш ирэх унааны зардалд 700.000 төгрөг нийт 2.243.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн бөгөөд баримтаар хохирогч Б.Э  эзэмшлийн дансруу 700.000 (долоон зуун мянга төгрөг) шилжүүлсэн хаан банкны гүйлгээний баримтыг шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Э  гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 93 дахь тал);

Шүүгдэгч О.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.043.000 төгрөгийг баримтаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч О.Э хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э  11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ө.Н  нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч О.Э  эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Э  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д  оногдуулсан 11000 нэгж болох 11.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.Э нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр  үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА