Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0077

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Д,

Хариуцагч: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нар,

Маргааны төрөл: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар актаар иргэн Ж.Д-ийн өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлж, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан гэж 6,704,333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Х.Т /цахимаар/, Г.Э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Д-оос Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нар холбогдуулан “Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар актыг хүчингүй болгож, тэтгэвэр олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нь анх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарыг дуустал өндөр насны тэтгэврээ тогтоолгон тэтгэврээ авч байсан.

Улмаар Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар актаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлж, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан гэж 6,704,333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч Ж.Д-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ

1/ Улсын байцаагчийн актад шүүхэд өгсөн баримт хуурамч байна гэсэн. Энэ актыг 2021 оны 7 сард хэлэхэд эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа очиж уулзаж байсан болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э-г аваад нийгмийн даатгалын хэлтсийнхэнтэй уулзсан боловч хариу болохгүй гэж хэлсэн учир өмгөөлөгч авч шүүхэд хандсан. Өмгөөлөгч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл өгөхөд 2021 оны 08 сарын 30-нд  өгөхөд Нийгмийн даатгалын Ерөнхий газарт өргөдөл өгөхөд асуудлыг үнэн зөв талаас нь шийдвэрлээгүй.

2/ 1984 онд барилгын цэрэгт явсан ба аав, ээж нас барсан учраас түр цагаан хуудастай халагдсан. Сүүлд надад 3 жилээр цэргийн алба хаасан гэсэн баримт хүрээд ирсэн байсан. Барилгын цэрэгт байхдаа сантехникийн бригадад хортой нөхцөлд ажиллаж байсан. Тухайн үед цэргээс халагдсаны дараа байгууллагуудад хуваарилдаг байсан тухайн үед намайг Төв аймгийн барилга Трестэд намайг хуваарилсан. Энэ байгууллага зах зээл болж нэр нь солигдож “О” ХК болсон. Сайн дураараа 2 жил нийгмийн даатгал төлсөн. 1995 оны 01 сараас 2000 он дуустал нөхөн даатгалаа төлсөн.

3/ Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ны өдрийн 103/ШШ2019/00475 дугаартай шүүхийн шийдвэр гарч 1981 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол Монгол Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд шаварчнаар, 1992 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн “О” ХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосон. Хөдөлмөрийн дэвтэр, тушаал, хүндэт үнэмлэх, диплом,гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн албан тоот, гэрэл зураг, Үндэсний төв архивын газрын болон Төв аймгийн архивын тасгийн тодорхойлолт зэргийг үндэслэн Монгол улсын шүүх тогтоосон байхад

Ж.Д-ийн амьдралын эх үүсвэр болсон тэтгэвэр авах эрхэд халдаж байна. Ж.Д-ийн 2021 оны 06 сараас өнөөдрийг хүртэлх тэтгэврийн мөнгийг өнөөдөр хүртэл өгөөгүй хохироож байна. Нотлох баримт хуурамч гэж үзвэл шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхээр хянуулж үзэж шүүхийн шийдвэр гарсны дараа асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэртэй байхад тэтгэврийн мөнгө олгохгүй амьжиргааны эх үүсвэрээс салгаж миний эрхэд халдаж байна” гэжээ.                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь 56 настай ба эхнэрээ асарч амьдардаг юм. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилласан жилээ тогтоолгосон. Нэхэмжлэгчийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол зөвлөлийн 2 дугаар трестэд шаварчнаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гагнуурчнаар ажиллаж байсан гэдгийг тогтоосон. Шаварчин гэх мэргэжилтэн нь хөнгөлөлттэй буюу онцгой нөхцөлд оруулдаггүй. Соотын барилгад ажилласан шаварчныг л хортой нөхцөл байдал ордог учир үүнийгээ шүүхээр онцгойлон тогтоолгосон байдаг. Ингээд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгоод байж байтал хариуцагчаас акт гаргасан байдаг. Акт гаргаад 2021 оны 06 дугаар сарын тэтгэвэр болох 300.000 төгрөгийг өгөөд сард авдаг 350.0000 төгрөг авдаг байсан. Ийм нөхцөл байдал тогтоолгуулснаа Улсын нийгмийн даатгалын байгууллагад тайлбарлаад хандсан боловч нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохгүй байсан. 07 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл авч чадаагүй учир захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нэгэнт иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар хандах ёстой байсан гэж үзэж байгаа. Хуурамч нотлох баримт гаргасан гэх өргөдлөө өгөөд анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг хүчингүй болгох л үндэслэлтэй. Өөрөөр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж үүрэгжүүлсэн байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна. Гэтэл акт гаргахдаа үүнийг умартсан гэдэг нь ажиглагддаг. Ийм нөхцөл байдлууд байгаа юм. Мөн Нийгмийн даатгалын хуулиудыг баримтлаад хууль бус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Тус хэлтэс нь Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/26 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу тус хэлтсээс тэтгэвэр авч буй иргэдийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тогтоогдсон өндөр насны тэтгэврийг шалгасан юм. Шалгалтаар Ж.Д нь бусдаар төлөөлүүлэн хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож, тийнхүү тооцуулсан жилүүдээр өндөр насны тэтгэврийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тогтоолгон авч, нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын санг хохироосон болох нь холбогдох баримтаар нотлогдсон.

2/ Иргэн Ж.Д-ийн ӨНТ314766 дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт буй Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00475 дугаар шийдвэрээр Ж.Дийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд шаварчин, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн “О” ХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоожээ. Иргэн Ж.Д нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-иар даатгалд хамрагдахыг хүсч гаргасан өргөдөлд Ж.Дийн 079357 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг хавсаргасан байна.

3/ Дээрх хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд суралцсан тухай, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан тухай, 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Барилга угсралтын трестэд нормчноор ажилласан тухай, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Барилга угсралтын “О” ХК-ийн нэгдүгээр бригадад гагнуурчнаар ажиллуулсан тухай бичилтүүд хийгдсэн байна. Дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн үндэслэлийг тодруулахаар Төв аймгийн архивын тасагт тус хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 284 тоот албан бичиг илгээж Ж.Дийн Төв аймгийн Заамар дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд элсүүлэх тухай тус сургуулийн захирлын 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 99 дүгээр тушаал, сургууль төгссөн тухай мөн сургуулийн захирлын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 44 дүгээр тушаалын хуулбарыг ирүүлэхийг хүсэхэд Ж.Д-ийн Заамар дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Гадуур суух сурагчдын тухай" 99 дүгээр  тушаалыг хуулбарлан хавсаргаж, Төв аймгийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 047 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна. Энэхүү тушаалд 81 дүгээр группийн Жадамбаагийн Доржийг 10 дугаар сарын 20-ноос эхлэн гадуур суухыг зөвшөөрсөн тухай хэсэг байна. Уг албан бичигт дурдсанаар Заамар дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982, 1984 оны тушаалд сурагчаар баталсан, төгсөлт хуваарилсан тухай тушаал шийдвэр гараагүй тул иргэн (Ж.Д)-д лавлагаа олгох боломжгүй байна гэжээ.

4/ Батлан хамгаалахын тор архивд тус хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142 тоот албан бичиг илгээж Ж.Дийн цэргийн алба хаасан тухай лавлагааг ирүүлэхийг хүсэхэд Ж.Д нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 216 дугаар тушаалаар Төв аймгаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж мөн БЦЕГ-ын даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 562481 дугаарын цэргийн батлахтай халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3846 дугаартай архивын лавлагааг ирүүлсэн байна.

Төв аймгийн архивын тасагт тус хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 143 тоот албан бичиг илгээж Ж.Д-ийн ажиллаж байсан тухай лавлагааг ирүүлэхийг хүсэхэд Ж.Д нь Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 291 дүгээр Ажилд томилох тухай тушаалаар 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс нормчноор ажилд томилогдсон байна.

4/ Энэхүү хөдөлмөрийн дэвтэрт бичсэн Ж.Дийн эрхэлж байсан ажил мэргэжил, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажил мэргэжлээс зөрүүтэй, тухайн хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан нь үгүйсгэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үндэслэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүссэн тул үүнд тайлбар, хууль ёсны нотлох баримт бичгийг 2021 оны 05 дугаар сарын 31-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж тус хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 146 тоот албан бичгийн цахим хувийг Dorj Jadamba фэйсбүүк мессенжерээр илгээж, эх хувийг Монгол шуудан компаниар иргэн Ж.Дид хүргүүлсэн болно. Иргэн Ж.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-д 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үүссэн нөхцөл байдлыг танилцуулж, хяналт шалгалтын байцаагч Г.Энхтөр биечлэн уулзсан юм. Иргэн Ц.Э Ж.Дийн ажилласан байдлыг 2019 онд шүүхээр тогтоолгоход цуглуулсан нотлох баримтаас хөдөлмөрийн дэвтрийн, Үндэсний төв архивын лавлагааны, баярын бичиг, хүндэт үнэмлэх, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны нийт 6 хуудас материалыг Багануур дүүргийн шүүхийн Тамгын газраас хуулбарлуулан авч ирж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн болно.

5/ Ц.Э-ийн авч ирж өгсөн дээрх Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь Ж.Дийн 2013 онд нөхөн даатгалд хамрагдахдаа Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас илтэд зөрүүтэй бичигдсэн байна. Мөн овог нэрийг дарж баллан, ард нь Ж.Д гэж шинээр бичсэн, төрсөн он зөрүүтэй байх магадлалтай байна.

6/ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00475 дугаар шийдвэр нь иргэн Ж.Д-ийн 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоосон байна.

7/ Монгол улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар “Иргэдийн ажиллаж байсныг шүүхээс тогтоох журмын тухай” тогтоолд “5. Шүүх иргэдийг хэдийн хугацаанд ямар ажил, ямар хугацаагаар эрхэлж байсныг тогтоох ба тухайн ажил хөдөлмөр эрхэлж байсан хугацаа нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох түүний дотор тодорхой нөхцөлд ажилласнаар тэтгэвэр, тогтоолгоход шаардагдах ажилласан хугацаанд орох эсэхийг зөвхөн хөдөлмөр, нийгэм хангамжийн байгууллага шийдвэрлэнэ”, мөн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай” зөвлөмжид “Ажилласан хугацааны дотор хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ тухайн хүний ажилд авсан, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрт тусгагдсан албан тушаалыг үндэслэнэ. Ажил олгогч байгууллагын тушаал, шийдвэрт тусгагдсан албан тушаалыг хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаалын ажил мөн эсэхийг шүүх тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн асуудал нь мэргэжлийн байгууллагын эрх хэмжээний асуудал болохыг анхаарвал зохино.” хэмээн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох эсэх эрхийг мэргэжлийн байгууллагад олгосон байна.

8/ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын заалт байгууллага гаргана” гэсэн тул нийгмийн даатгалын байгууллага нь дээрх зөвлөмжийн “мэргэжлийн байгууллага" мөн.

9/ Иргэн Ж.Д-ийн өHT314766 дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт буй тэтгэврийн тогтоолтоос харвал нийт 21 жил 10 сар 17 өдрөөс 13 жил 11 сар 13 өдөр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогдсоноос цэргийн алба хаасан, Техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацаа, Төв аймгийн барилга угсралтын трестэд нормчноор ажилласан 11 жил 05 сар 14 өдөр хасагдаж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй нөхцөл байдал үүссэн.

Иргэн Ж.Д-ийн өндөр насны төрлөөр хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлөөр тогтоолгосон тэтгэвэр нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалт “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.” гэсэн хуулиар тогтоосон нөхцөл болзлыг хангахгүй болох нь баримтаар нотлогдож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;" гэсний дагуу иргэн Ж.Дийн тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан тэтгэврийг санд төлүүлэхээр шийдвэрлэсэн тус хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар Улсын байцаагчийн акт нь эрхзүйн үндэслэлтэй, үнэн зөв тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар актаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан гэж 6,704,333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, мөн хэсгийн 8-д “тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь,,,,,,,,,,,,,, нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэжээ.

3. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол Зөвлөлтийн 2 дугаар трестэд шаварчнаар, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймгийн “О” ХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоожээ.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаанд тухайн аж, ахуйн нэгжүүдэд ажиллаагүй болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3846 тоот албан бичиг, Төв аймгийн Архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 276 тоот албан бичиг, түүний хавсралт, Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 291 дүгээр тушаал, түүний хавсралт, Төв аймгийн Заамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр тушаал, түүний хавсралт зэргээр тус тус нотлогдож байна.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэжээ.  

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад өндөр насны тэтгэвэр авсан байж болзошгүй байх тул дээрх үндэслэлээр түүний өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

5. Гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно” гээд хүчингүй болгох үндэслэлүүдийг, 179 дүгээр зүйлийн 179.1-д “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гээд хянах үндэслэлүүдийг тус тус хуульчилсан.

6. Тус шүүх дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхийн магадлалаар эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах замаар хүчингүй болгох боломжтой.

7. Нэгэнт нэхэмжлэгчийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Монгол Зөвлөлтийн 2 дугаар трестад шаварчнаар, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймгийн “О” ХК-д гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад хариуцагчаас уг шийдвэрийг үндэслэж, өндөр насны тэтгэвэр тогтоосны улмаас түүнд олгогдсон 6,704,333.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянуулснаар нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эсэх, түүнд олгогдсон тэтгэвэр хуульд нийцсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоох бөгөөд үүний дараа илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлөөлөх үндэслэл бүрдсэн эсэхийг шийдэгдэх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалт буюу өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон шийдвэрийг хэвээр үлдээж, 2, 3 дахь заалт буюу түүнд илүү олгогдсон 6,704,333.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Дийн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г.Э, Х.Т нарын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар актын 2,3 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчийн тэтгэвэр олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ