| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0666/З |
| Дугаар | 221/МА2025/0534 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0534
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2025/0534 | Улаанбаатар хот |
Д.Я*** нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б***, Б.С***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Я***, Ц.Э***, Ц.Ү***, Ц.Ц***,
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0427 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***.
Хэргийн индекс: 128/2024/0666/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я***гоос Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0427 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Я***, Ц.Э***, Ц.Ү***, Ц.Ц*** нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Маргаан бүхий актыг иргэн Д.Я***д холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэх, захиргааны хэргийн оролцогчдын эрхийн талаарх ойлголт, хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхээс нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй. Уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан
3.2. Мөн маргаан бүхий актыг хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэхийг хариуцагчийн тайлбарлаж буйг баримтаар хэрэгт татаж хавсаргаагүй, нэхэмжлэгч талын тайлбараар хариуцагчийн тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.
3.3. Захиргааны байгууллагаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хуульд заасан сонсох ажиллагааны журмыг баримтлахдаа үүрэн холбооны байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд тухайн гэрээний үүргээ биелүүлж буй мэдэгдэх, сонсох ажиллагааны баримтыг татаж нягтлахгүйгээр шүүхээс шийдвэр гаргасан.
3.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан баримтаар,
3.1 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/188 дугаар захирамжаар иргэн С.Ц***т тус дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гудамж, 2 дугаар хэсэг, 3*** тоотод байрлах, нэгж талбарын 150*** дугаар бүхий 2539 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Улмаар, газар эзэмшигч нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барснаар тухайн газрыг эзэмших эрх 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Д.Я***, Ц.Э***, Ц.Ү***, Ц.Ц*** нарт өвлөгдсөн.
3.2 Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я***гоос Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/700 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий нэгж талбарын 150*** дугаар бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01125-2017/00283 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
3.3 Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Дээрх маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Газар эзэмшигчийн хувьд тухайн газраа зохих журмын дагуу эзэмшиж, ашигласаар байгаа буюу Улсын Дээд шүүхийн тайлбарт заасанчлан, тодорхой "байгууламж" буюу өндөр өртөгтэй төмөр хашаа /бетон суурьтай, автомашин орон хаалга, суурь, цахилгаан дамжуулах байгууламж хийж хөрөнгө оруулалт оруулсан байгаа ... газрын эрхийг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон захирамж амаараа хэлсэн. Бичгээр захирамжийг ирүүлээгүй сонсох ажиллагаа хийгээгүй гарсан...” гэж,
хариуцагч талаас “...Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд хуульд заасны дагуу хээрийн болон суурин судалгаа хийсний үндсэн дээр тус газраа гэрээнд заасны дагуу эзэмшээгүй мөн түүнчлэн гэрээний үүрэг болох газрын төлбөрөө 2018 оноос хойш төлөөгүй зэрэг үйл баримтад үндэслэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийхдээ тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын программд ашиглагддаг масс.мн гэх сувгаар утсанд нь мэдэгдсэн бөгөөд энэ талаар хэрэгт баримтаар авагдсан байдаг...” гэх зэргээр тус тус тайлбарлан маргасан.
5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:” гээд 28.1.1-д “гэр бүлийн хамтын хэрэгцээний” 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэж тухайлан заасан.
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “… хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг, “... Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээний зориулалтаар газар олгох зохицуулалт нь иргэний гэр бүл, эдийн засаг, хөрөнгө чинээ, аж байдлаас шалтгаалан эзэмших байдал нь харилцан адилгүй байж болох, эзэмшил ашиглалтын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн учир иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөл шаардлага, мөн иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх зориулалтыг Газрын тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулжээ... Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй... газар эзэмшигч этгээд тухайн газрыг гар бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших” гэх хуулийн агуулгад хамаарна” хэмээн тайлбарлан, тогтоосон.
7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ, дүүргийн Засаг даргын захирамжийн үндсэн дээр олж авсан бөгөөд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглах үүднээс тухайн газар дүнзэн торхны суурь зангидах, газрыг гурван тал хашаагаар хашаалах зэргээр өөрийн гэр бүлийн эдийн засаг, амьдралын нөхцөлд тааруулан ашиглаж байсан гэх үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...маргаан бүхий актыг хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэхийг хариуцагчийн тайлбарлаж буйг баримтаар хэрэгт татаж хавсаргаагүй, нэхэмжлэгч талын тайлбараар хариуцагчийн тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж, 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тухайлан заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА