Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 18

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                     Хэргийн индекс: 180/2017/0020/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Ц.Цэен-Ойдов,
Хохирогч                Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч     С.Нарангэрэл,
Шүүгдэгч                 С.Шинэбаяр нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Шинэбаярт холбогдох эрүүгийн 201623000336 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 6-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хэв журмын цагдаа ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 06-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Өөлөг овогт Сүрэнжавын Шинэбаяр /РД:СЕ90122713/
 
Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч С.Шинэбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт иргэн Б.Мөнгөнцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 06-06 тоотод иргэн Б.Мөнгөнцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 
             
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батширээт сумын төвд аав, ээжийн хамт амьдардаг, дээд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод нэг жил ажиллаад сумандаа ирээд ээж аавтайгаа амьдарч байсан. Шинэбаяртай 2015 оны 3 дугаар сард танилцаад, 5 дугаар сараас нь түүний гэр буюу сумын цагдаагийн байранд хамт амьдрах болсон. 2015 оны 06 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй байна гэртээ хоорондоо жоохон маргалдсан. Тэгээд хоёулаа салъя гэсэн чинь намайг ямар ч шалтгаангүйгээр хардаад гэрийнхээ үүдэнд гадаа баруун гарыг маань нугалаад толгой дээр дараад нүүрээр маань газар унагаасан. Тэгэхэд миний баруун халцар халцарч хавдсан. Тухайн үед сумынхаа эмнэлэгт үзүүлээд бичиг авч байсан. ... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэхдээ найз Болдсүх, түүний эхнэр Сараа нартай хамт машинтай ирээд манай найзынх руу явъя гээд намайг суулгаад Болдсүхийн гэрт очсон. Тэдний гэрт очоод 2 литрийн Сэнгүр пиво уусан. Би тэр пивоноос 3 аягыг уусан. Тэгээд Шинэбаяр Болдсүхтэй хамт гадагшаа гарчихаад 24 цаг өнгөрч байхад ирээд Шинэбаяр бид 2 гэр лүүгээ харих гээд явж байхдаа Шинэбаяр чи эгчийндээ хоно гэж хэлэхээр нь тэгье гээд эгчийн гэрийн гадаа очоод машинаас нь буугаад үлдсэн. Эгчийнх рүү орох гэсэн чинь нохой сул байхаар нь айгаад эргээд Шинэбаярын гэр рүү орсон. Намайг очиход Шинэбаяр унтаж байсан. ... Тэгээд Шинэбаяр намайг тэврэхээр нь зүгээр бай боль гэж хэлсэн. Тэгээд би босоод бие засах гээд гэрээсээ гарах гэтэл чи явах гэж байгаа юм уу? гээд босч ирээд миний хамар руу цохисон. Миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь хамарныхаа цусыг арчаад байж байтал миний элэг рүү цохиход би газар унасан. Тэгтэл миний дээрээс нэг удаа толгой руу хөлөөрөө дэвссэн. Намайг газар ойчоогүй байхад миний 2 нүд рүү гараараа цохисон. Тэгээд миний зүүн талын хөлийн цавь руу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл ээж нь чи одоо боль , айлийн охин аллаа гэж хэлсэн. Тэгтэл намайг Шинэбаяр гэрээсээ авч гараад гадаа цасан дээр үсдэж унагаагаад нэлээн олон удаа гэдэс хөл рүү өшиглөсөн. Намайг гадаа 15-20 минут зодож байгаад болиод гэртээ ороод унтсан. Ингэж зодох үедээ бага зэрэг халамцуу байсан гэхдээ айхтар согтуу байгаагүй. Өглөө босоход 2 нүд хавдаж хөхөрсөн, 2 хацар хавдсан. Шинэбаяр ч бас намайг маш их харддаг, ер нь хэрүүл маргаан дандаа хардалтаас үүсдэг. Шинэбаяр намайг өрөвдөх сэтгэлгүй маш хэрцгийгээр зоддог. Ингэж зодож гэмтээсэндээ харамсаж гэмшсэн шинжгүй байгаа. Хэрэг явдал болсноос хойш ч намайг дарамталж, ээж аав маань хүртэл дарамттай байна. Шинэбаярын ээж нь адилхан эмэгтэй хүн, эх хүн байж над шиг охинтой хэрнээ намайг зодуулж байхыг нүдээрээ харчихаад ямар нэг арга хэмжээ авахгүй зодуулаад орилж хашгирч байхад тоох ч үгүй гэртээ орчихсон байж, одоо цагдаа шүүх болохоор миний хүүг бодооч, нэг удаа уучлаа ч гэж утсаар ярьж байсан. Өөрийнх нь хүүхэд хүн, хүний хүүхэд хүн биш юм шиг муухай сэтгэл гаргаж байгаад гомдолтой байна. Зодуулснаас болоод сэтгэл санаа, бие эрхтэн, эд материал бүх зүйлээрээ би хохирсон. Надад нийт 4,000,000 төгрөгийн хохирол учирсан үүнээс 1.720.000 төгрөг нь эмчилгээний зардалд зарцуулагдсан бусад нь хотод очиж эмнэлэгт хэвтэхэд зарцуулсан хувцас хүнс, айлд байхад зарцуулсан зэрэг зардал байгаа. Дахиад би Улаанбаатар хот явж умдаг ясны зураг авахуулах ёстой ингэхэд хүртэл мөнгө хэрэгтэй. Би ажилгүй учир надад өөрийгөө эмчлүүлэх мөнгө их хэрэгтэй байна. Иймээс хохирлыг барагдуулахыг хүсэж байна. Маш их гомдолтой ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7, 10-12 тал/,
Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... манай охиныг хэрэлдэж маргалдахаараа дандаа зодож, биед нь гэмтэл учруулдаг байсан. Удалгүй манай охиноос уучлалт гуйгаад явдаг байсан. Миний бодож байгаагаар Шинэбаяр их хартай хүн бөгөөд жижиг том гэлтгүй асуудлаас болж миний охиныг зоддог гэж Мөнгөнцэцэг хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Т.Мөнгөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Шинэбаяр нь миний төрсөн хүү байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой Шинэбаяр ажлаасаа ирээд оройн хоолоо идчихээд найз охин болох Б.Мөнгөнцэцэгийг дагуулаад гарсан. ... тэгээд 01 цагийн үед Шинэбаяр эхлээд ирээд унтаж байхад удалгүй Б.Мөнгөнцэцэг ирсэн. Шинэбаяр Мөнгөнцэцэгийн хамар руу цохиод хамраас нь цус гарсан байсан. Би дундуур нь ороод боль гээд болиулсан. Түүний дараа тэр хоёр гэрээс гараад гадаа хэрэлдээд байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Гэрч О.Болдсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ С.Шинэбаярын гар утас руу залгахад С.Шинэбаяр ажлаасаа тараад явж байна гэсэн. Би эхнэрээ аваад хүрээд ир манайд жоохон сууя гээд 24 цаг хүртэл суусан. Тэгээд  Шинэбаяр, Мөнгөнцэцэг 2 харилаа гээд явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  17-18  тал/, 
Гэрч Э.Саранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Нөхөр Болдсүх Шинэбаяртай утсаар яриад “эхнэртэйгээ хүрээд ир” гэж дуудсан. Манайд ирээд пиво ууж байгаад тэд хоёр гэр рүүгээ явсан. Мөнгөнцэцэг манайд ирэхдээ ил харагдах шарх гэмтэл байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...Би Шинэбаяртай садан төрлийн холбоо байхгүй, Манай охин Мөнгөнцэцэгтэй 01 жил гаран хамт амьдарсан. Би он сарыг нь мэдэхгүй байна. Батширээт суманд байхдаа зодож байсан. Мөн Баян-Адарга суманд мөн зодож байсан. Баян-Адарга суманд охиныг маань зодоход эхнэр бид 2 очиж авч байсан.  Миний хувьд охиныг маань зодсонд их гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 272 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт 1. Б.Мөнгөнцэцэгийн биед баруун нүдний ухархайн доод хана өргөн сууриар гайморын хөндий рүү цөмөрсөн бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 3. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 5-10% алдагдана /хх-ийн 33 тал/,  
2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн № 004 шинжээчийн нэмэлт дүгнэлт: 1. Б.Мөнгөнцэцэгийн биед зүүн шанаа, хацар, зүүн гарын бугалга, баруун гарын тохой, зүүн хөлний өвдөгнии доод хэсэг зүүн хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн үеийн эмчийн үзлэг ийн дүгнэлтээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах боломжтой. 3. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 37 тал/, 
Гэрэл зургийн үзүүлэлт  хохирогч Мөнгөнцэцэгийн бусдад зодуулсан гэ/хх-ийн 27 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад, шүүгдэгч С.Шинэбаярийг 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр,  давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Мөнгөнцэцэгийг эр эмийн хардалтын улмаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч С.Шинэбаяр нь давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 
Хохирогч Б.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Шинэбаяраас хохиролд нийт 4.000.000 төгрөгийг нэхэмжилнэ, үүнээс эмчилгээний зардал 1.720.000 төгрөг, эмчилгээтэй холбогдуулан эмнэлэгт хэвтэхэд зориулж авсан хувцас, хэрэглэлийн зардал 1.285.000 төгрөг, Улаанбаатар хотод зарцуулсан таксины төлбөр болон айлд байснаас үүдэн гарсан хоол хүнс зэрэг бусад зардалд үлдсэн зардлыг нэхэмжилнэ гэжээ. 
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Мөнгөнцэцэгийн эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.720.000 төгрөгийн нэхэмжлэлээс 1.174.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзээд үүнээс шүүгдэгчийн төлсөн 530.000 төгрөгийн хохирлыг хасаж тооцон шүүгдэгчээс эмчилгээний зардал 644.850 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээтэй холбогдон гарсан шууд бус зардал /эмнэлэгт хэвтэхэд зориулан авсан гэх ор хөнжлийн даавуу, унтлагын хувцас, дотуур өмд, хөхөвч, оймс, саван сойз, хөвөн, бинт, идэх уух зүйл, эцэх эхийн ажилгүй байсан хугацааны цалин  гэх мэт/ 1.285.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин хохирогчийн эмчилгээний зардал 1.720.000 төгрөгийн нэхэмжлэлээс  нотлох баримтын шаардлага хангаагүй /тамга, тэмдэггүй, он сар зөрүүтэй, нэр хаяггүй гэх мэт/ 545.150 төгрөгийн үнийн дүнтэй  баримтуудыг хохирогч нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг ханган бүрдүүлж иргэний журмаар,  мөн уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдон хойшид гарч болох эмчилгээний /тухайлбал умдагны ясны зураг авахуулах гэх мэт/ зардлыг тус тус жич иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                             
                                            
ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Өөлөг овогт Сүрэнжавын Шинэбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шинэбаярыг 280 /хоёр зуун наян/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч С.Шинэбаяраас 644.850 /зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнгөнцэцэгт олгож, хохирогчийн нэхэмжилсэн шууд бус зардал 1.285.000 /нэг сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалтай холбоотой 545.150 /таван зуун дөчин таван мянга нэг зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  С.Шинэбаярт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.УЯНГА