Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0714

 

“Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Батцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д тус тус заасныг баримтлан “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Эс Би Эйч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025921 дугаартай өргөдлийн дагуу “Эс Би Эйч” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...“Эс Би Эйч” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Эс Би Эйч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Эс Би Эйч” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийдвэрт “хариуцагчийн 2015 оны 538 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эс Би Эйч” ХХК-д олгохоос татгалзсан боловч уг Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“Эс Би Эйч” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт “Улаан” нэртэй талбайд 3185.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Дээрх байдал тогтоогдож мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтад “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж, 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд түүнээс хариу дэмжихгүй саналыг ирүүлсэн тул 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Эс Би Эйч” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 538 дугаартай шийдвэр гарсан.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх” гэж заасны дагуу тухайн нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд санал авахад тухайн сумын иргэд дэмжихгүй саналыг гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргад уламжилсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно.

Тиймээс Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт “Улаан” нэртэй 3185.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Эс Би Эйч” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг давж заалдах гомдолдоо: “...“Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, гуравдагч этгээдээр “Болд гянт болд” ХХК оролцсон захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд “Болд гянт болд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Эс Би Эйч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Эс Би Эйч” ХХК-ийн NE-025921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэжээ. Гэтэл “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл 2 нь зөрдөг. Өөрөөр хэлбэл “Эс Би Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Говь-Алтай аймгийн иргэдийн Хурлын тогтоол, Бигэр сумын иргэдийн Хурлын тогтоолуудад /эдгээр хууль ёсны эрх зүйн актууд 2015 оны 02 дугаар сараас эхлэн гарсан/ гомдол гаргаагүй байж, шууд Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт гомдол гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. “Эс Би Эйч” ХХК нь Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хууль бус гэж ярихаар Говь-Алтай аймгийн болон Бигэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолуудын тухай /эдгээр эрх зүйн актуудад гомдол гаргаагүй байж/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ хадуурч ярьдаг.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Говь-Алтай аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүх байсаар байхад өөр аймгаас гаргасан эрх зүйн актуудыг түүний төлөөлөгчгүйгээр бас нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

2. Кадастрын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гарсан зөв шийдвэр бөгөөд Кадастрын дарга Говь-Алтай аймгийн Засаг даргаас өөрийн аймаг, сумын иргэдийн Хурлын тогтоолуудыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 154 тоот “Дэмжээгүй” санал ирүүлсэн байхад Кадастрын дарга хууль зөрчиж, NE-025921 дугаартай өргөдлийг цаашид үргэлжлүүлэн хянаж, шийдвэрлэх ямар ч боломжгүй бөгөөд түүнд ийм эрх хуулиар олгогдоогүй юм. Харин “Эс Би Эйч” ХХК нь үүнийг зөрчин Захиргааны шүүхээс хууль бус шийдвэр гаргуулж байгаа нь бас хууль бус үйлдэл мөн болно.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, Говь-Алтай аймгийн иргэдийн Хурал, Бигэр сумын иргэдийн хурлын зөвхөн 2015 оны 06 дугаар сард гаргасан тогтоолуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс өмнө 2015 оны 02 дугаар сард Говь-Алтай аймгийн болон Бигэр сумын иргэдийн Хурлын тогтоолуудыг анхан шатны шүүх хэргийн нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Говь-Алтай аймгаас төлөөлөгч оролцуулсангүйгээр бас тэдний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна.

4. “Эс Би Эйч” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эхлээд Говь-Алтай аймгаас гаргасан эрх зүйн актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах ёстой байтал эдгээр захиргааны актуудыг хуулийн хүчин төгөлдөр байхад түүнийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн Кадастрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, түүнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хангаж шийдвэрлүүлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж гуравдагч этгээд үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар “Эс Би Эйч” ХХК нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Улаан” нэртэй газарт 3185.91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийн бүртгэлийн NE-025921 дугаарт бүртгэсэн байна. Улмаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын 154 дугаартай албан бичгээр “Дэмжээгүй” санал ирсэн тул өргөдлийг цуцалж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий талбай дээр тусгай зөвшөөрөл олгохгүй болохыг түүнд мэдэгдсэн байна.

Үүний дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Болд гянт болд” ХХК цахимаар бүртгүүлж, өргөдөл гаргасан байх бөгөөд одоогийн байдлаар “Болд гянт болд” ХХК-ийн 026053 дугаартай өргөдлийн дугаар хүчин төгөлдөр, хянагдаж байгаа болох нь тогтоогджээ.

Түүнчлэн маргаан бүхий талбайд, тодруулбал  Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “Улаан толгой” нэртэй газарт 3494.95 гектар талбайд, “Эс Би Эйч” болон “Болд гянт Болд” компаниудаас өмнө “Эм Эм И Жи” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд мөн адил аймгийн Засаг даргын “Дэмжээгүй” саналын улмаас маргаан үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргын дэмжээгүй санал хууль зүйн үндэслэлгүй байсан, аймгийн Засаг дарга дэмжээгүй санал өгөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн, тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй /иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоол маргаан бүхий актаас сүүлд гарсан/ гэж үзжээ.

 Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс дээрх /2015 оны 06 сарын/ тогтоолуудаас өмнө тухайн оны 02 дугаар сард тогтоол гарсан байсан гэж маргаж байхад дээрх нотлох баримтыг гаргуулан аваагүй нь буруу байна. Иймд дээрх тогтоолуудыг нотлох баримтаар авах, хэрвээ тухайн нотлох баримт байхгүй бол тэр тухай баримтыг хэрэгт авах шаардлагатай байна.

Түүнчлэн талуудын тайлбараар “Эм Эм И Жи” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж улмаар уг талбайг “Эс Би Эйч” ХХК-ийн талбайтай давхцалтай эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилсон байна.

Иймд нэг талбайд холбогдох дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зохистой байж болохоор байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4  дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:  

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР