Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 265

 

“Ануд номин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0238 дугаар магадлалтай, “Ануд номин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 46 дугаар зүйлийн 46.5.1, 54 дүгээр зүйлийн 54.4, 72 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ануд номин” ХХК-ийн Төв аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг “гаргах ажиллагаа”-г “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0238 дугаар магадлалаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн зохих заалтуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай уялдуулан тайлбарлаагүй, хэрэглээгүй, харин маргаангүй захиргааны акт, маргаангүй үйл явцын талаар тодорхойлж байгаа мэт дүгнэлт хийснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчлөө гэж үзэж байгаа тул Б.Энхзаяа миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Хэргийн гол нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар аль эрт буюу 2013 оны 7, 8, 9 сард нэгэнт гаргаад өгчихсөн байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2014 оны эхээр засвар хийлгэсэнд, тэр засвар нь тухайн тайлан гаргагч татвар төлөгчийн буруугаас биш татварын алба, байцаагч өөр бусад татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйд байгаа юм. Төв аймгийн Татварын хэлтсийн шаардлага, нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлангийн программын хязгаарлалтын үндэслэл болж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь засвар хийгдсэн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс бичилт хийсэн, тэдгээрт татварын албанаас тараагдсан, үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдсэн, дахин хувилах төхөөрөмж ашиглаж хуулбарлаагүй, өөрөөр хэлбэл “хуурамч” падаан биш байсан нь шинжээчийн дүгнэлт, Татварын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичгээс харагддаг. Эдгээр нь “Ануд номин” ХХК-ийн хуульд заасан хугацаандаа гаргаж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд хууль ёсных, харин татварын улсын байцаагчид бичиг хийлгэн солиулсан захиргааны акт /үйл ажиллагаа/, мөн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаар мэдэгдэх хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг захиргааны актуудыг эргэж харах Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлийг бий болгосон юм.

Ийм болохоор л бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх захиргааны актуудыг “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр Төв аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасанчлан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” тохиолдолд тухайн хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэг Татварын албанд ногдож байгаа юм. Гэтэл Төв аймгийн Татварын хэлтэс нь захиргааны акт нь “асуудалтай” болчихлоо гээд хүсэлт гаргаад байхад “асуудалгүй” захиргааны акттай холбоотой хуулийн заалтууд барьж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ба анхан шатны шүүх ч шийдвэртээ ийм утгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бидний хүсэлт, бидний гомдол нь хэм хэмжээ тогтоосон эрх зүйн зохицуулалтын талаар биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хүсэлт гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байхад давж заалдах шатны шүүх энэхүү гомдлын утгыг мөн л өөрөөр ойлгож, “...шинжээчийн дүгнэлтээр ... 21 ширхэг баримт нь анхны эхээр байгаа гэж дүгнэсэн боловч энэ нь “Ануд номин” ХХК-д ашигтай нотлох баримт үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэж байгааг гайхаж байна. Татварын албаны шаардлага, татварын албаны хяналтад байдаг нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлангийн программын хязгаарлалт нь дээрх баримтуудыг “хуурамч” гэх үндэслэлийг бий болгож энэ дагуу тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд өөрчлөлт оруулах шалтгаан болж байсан ба өнөөдөр энэ нь “хуурамч” биш болох нь тогтоогдсон байхад “ашигтай нотлох баримт үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, “Ануд номин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйл нь захиргааны байгууллагад өмнө нь гаргасан актаа дахин гаргах эсэхийг “сонгох боломж” буюу эрх олгосон зохицуулалт юм. Иймээс захиргааны сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэрт /акт гаргах ажиллагааг дахин явуулах эсэхийг шийдвэрлэсэн/ захиргааны шүүхээс тавих хяналтын хүрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдана.

Хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан үндэслэл, түүнд татгалзсан хариуцагчийн үйлдлээс үзвэл захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, татварын улсын байцаагчийн өмнө нь гаргасан актуудыг дахин гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн үндэслэл нь “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч биш болох нь тогтоогдсон шинжээчийн дүгнэлт” гэсэн байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэх нөхцөлд хамаарахгүй.

Учир нь, “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хэвлэмэл цаас болон тамга тэмдгийн хувьд эх хувиараа буюу хуурамч биш” гэх шинжээчдийн дүгнэлт нь “нэхэмжлэгч бодит худалдан авалт хийгээгүй атлаа хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийсэн” гэх үндэслэлээр өмнө нь гаргасан хариуцагчийн захиргааны актыг өөрчлөх баримт болохгүй юм.

Иймд, хариуцагч татварын хяналт шалгалтыг дахин хийхээс татгалзсан нь түүний сонгох боломжийн хүрээнд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч сонгох боломжоо зөв хэрэгжүүлсэн байх тул түүнийг татгалзлыг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.  

Харин анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасанд хамаарах байдлаар маргаагүй, акт хүчин төгөлдөр болж баталгаажсан тул татварын улсын байцаагч, түүний татварын хэлтэс нь өөрөө актыг шууд хүчингүй болгож, улмаар акт гаргах ажиллагааг дахин хийж акт гаргах зэргээр өөрчлөх эрх зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйл нь захиргааны актыг хаяглагдсан этгээдийн гомдлоор дээд шатны байгууллагаас хүчингүй болгох, өөрчлөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах зохицуулалт бол Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйл нь захиргааны актад гомдол гаргах хугацаа дууссан буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон хойно хаяглагдсан этгээдийн хүсэлтээр хариуцагч өөрөө хуульд заасан үндэслэлээр /Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.2-т заасан үндэслэл байна гэж үзвэл/ өмнө нь гаргасан актаа дахин гаргах боломж олгосон зохицуулалт юм.

Гэвч анхан шатны шүүхийн уг дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 гэсэн хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан болохыг тэмдэглээд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “... шинжээчийн дүгнэлтээр хуурамч падаан биш болох нь тогтоогдсон болохоор л бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх захиргааны актуудыг “хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр Төв аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан, уг хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэг Татварын албанд ногдож байгаа, гэтэл хариуцагч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, бидний хүсэлт, гомдол нь хэм хэмжээ тогтоосон эрх зүйн зохицуулалтын талаар биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хүсэлт гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу...” гэх утгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0238 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ