Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Ц.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” Я” овогт Ц.А  холбогдох эрүүгийн 2235002140104 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................. өдөр Дархан-Уул аймгийн .................суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын ...................... дүүрэг, 4 дүгээр хороо, ................ оршин суух хаягтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овогт “Ц.А регистрийн дугаар: МЮ.................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А  нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Hyundai Tucson” загварын ............. УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улсын чанартай А-1702 кодтой авто замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.2, 11.11-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, өөрийн эхнэр зорчигч С.И  амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.А  нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Hyundai Tucson” загварын ............ УНЗ улсын дугаартай автомашиныг Улсын чанартай А-1702 кодтой авто замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.2, 11.11-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч С.И амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ц.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон Ц. өгсөн мэдүүлгээс үзэхэд 11 дүгээр ангийн сурагч болон 3 дугаар курсийн оюутан хоёр охинтойгоо амьдардаг бөгөөд том хүү болох амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон А.Н нь тусдаа гараад удаагүй байгаа. Ц.А  амьдралын нөхцөл байдлын хувьд өөрөө ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. Ц.А нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тохиолдлын шинжтэй, болгоомжгүй байдлаар үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Уг гэмт хэргийн улмаас Ц.А нь хүнд гэмтэл авсан бөгөөд одоо ч гэсэн эмчийн хяналтад эмчилгээ хийлгүүлж байгаа. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н зүгээс “Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, ээжийгээ алдсан боловч аавыгаа амьд байлгахыг хүсэж байна” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа нөхцөл байдал, түүнийг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235002140104 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 7-17 дахь тал);

2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-22 дахь тал);

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-33 дахь тал);

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал манай эхнэр” Д”над руу залгаад яаралтай гэртээ хүрээд ирээч гэхээр нь би Увс аймаг руу ажил хийхээр явсан, аав Ц.А ээж С.И нарын дугаар уруу залгахад огт болохгүй байсан. Тэгээд би Увс аймаг руу хамт ажил хийхээр явсан С.П ахын эхнэр болох” Э” гэх хүн рүү залгаж юу болсон талаар асуухад аав, ээж хоёр чинь осолд орсон, аав чинь ухаангүй байна, ээж чинь нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал);

5. Гэрч С.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү /амь хохирогч/ С.И, түүний нөхөр Ц.А, өөрийн эхнэр “Э” төрсөн дүү С.Ц, нөхөр “Б” нарын хамт Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Боршоо боомтын барилгын ажил хийхээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст сумын боршоо боомтон дээр ирж байрлан ажиллаж эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай бригадын хийх ажлын материал дууссан байсан тул захирал “З” мэдэгдэж, нэг өдрийн чөлөө авч Улаангом суманд ирээд усанд орж хоол хүнсээ бэлтгэж аваад оройн 21 цагийн үед уг боомтон дээр эргэж очсон, тэгээд бид нар унтах гэтэл Ц.А ханиад хүрчихсэн хэцүү байна гэхээр нь бид нар нэг шил архи перцтэй хольж уугаад унтацгаасан юм. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө Ц.А амь хохирогч С.И нар хоорондоо бага зэрэг маргалдсан бөгөөд удалгүй тэр хоёр 11 цагийн үед байрнаас гараад явсан. Тэгээд бид удалгүй хоолондоо орох гээд гартал Ц.А, С.И нар байхгүй байсан. Тэгтэл захирал “З” бид нарт “А” И” нар хаана байна гэж асуусан бөгөөд юу болсон талаар асуухад танай машин онхолдсон байна гэж хэлсэн, тэгээд бид нар боомтын байрнаас гараад 5 км орчим явж байтал Ц.А ............. УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал зам дээр онхолдсон байсан бөгөөд бид нар очиж Ц.А  машинаас гаргаад, С.И  гаргах гэсэн боловч нас барчихсан байсан тул гаргаж чадалгүй байж байтал цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал);

6. Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай бригадын хийх ажлын материал дууссан байсан тул захирал “З”мэдэгдэж нэг өдрийн чөлөө авч Улаангом суманд ирээд усанд орж хоол хүнсээ бэлтгэж аваад оройн 21 цагийн үед уг боомтон дээр эргэж очсон. Тэгээд бид нар унтах гэтэл Ц.А ханиад хүрсэн хэцүү байна гэхээр нь нэг шил архи перцтэй хольж Ц.А, С.И, Э, С, П  нар хувааж уугаад унтацгаасан юм. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө Ц.А амь хохирогч С.И нар 11 цагийн үед байрнаас гараад явсан. Тэгээд бид удалгүй хоолондоо орох гээд гартал Ц.А , С.И нар байхгүй байсан. Тэгтэл захирал” З” бид нарт Ц.А, нар хаана байна гэж асуусан бөгөөд юу болсон талаар асуухад танай машин онхолдсон байна гэж хэлсэн, тэ ............. УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал зам дээр онхолдсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал);

7. Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компанид мужааны ажил хийх хүмүүс хэрэгтэй болсон бөгөөд Улаанбаатар хотоос мужааны ажил хийх С.П гэх хүний ажлын бригад ирсэн. Тухайн бригад нь Э, Ц.А, С.И, Б, С.Ц  гэх 6 хүний бүрэлдэхүүнтэй бригад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирсэн юм. Тэгээд бүгд ажлаа хийж байгаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тухайн хүмүүс Улаангом сум руу ороод усанд орж дэлгүүр орчихоод ирье гэж захирлаас гуйсан юм. Тэгээд тэр хүмүүс Улаангом сум руу яваад оройн хүрээд ирсэн бөгөөд би тухайн үед уг хүмүүсийг орж бүртгэхэд бүгд байсан. 1 шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи задлаад ууж байхаар нь би та нар энийгээ уугаад эртхэн амраарай гэхэд тухайн хүмүүс за гэхээр нь би гараад явсан. Би маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би 09 цагийн үед хүмүүсээ бүртгэхэд бүгд байсан юм, Тэгээд би тухайн хүмүүсийг та нар өнөөдөртөө амарчих гэж хэлсэн юм. Тэгээд 11 цагийн үед ажлын талбай дээр очиход машины зогсоол дээр Ц.А машин байхгүй байхаар нь би тухайн хүмүүсээс асуухад тэнд байсан Э, Б, С.Ц  нар өрөөндөө байж байгаад хаашаа явсан талаар сайн мэдэхгүй байна, Боршоо гол явсан байх гэж хэлэхээр нь та нар яах гэж явуулсан юм бэ, ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу гэж асуухад үгүй эрүүл явсан гэж хэлсэн. Тухайн үед 13 цагийн үед хоолонд орж гарч иртэл манай захирал надад Ц.А осолд орсон байна гэж хэлсэн. Тухайн үед захирал З, цахилгааны инженер “Т” нарын хамт Боршоо боомтоос гараад 5 км орчим явж байтал Ц.А  ......... УНЗ улсын дугаартай “Hyundai Tucson” загварын автомашин засмал зам дээр онхолдсон байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122- дахь тал);

8. Гэрч М.З  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөө би 09 цагийн үед хүмүүсээ бүртгэхэд бүгд байсан бөгөөд өдөр 12 цагийн үед хоолондоо ор гэхэд Ц.А, С.И  гэх эхнэр нөхөр хоёр байхгүй байсан бөгөөд машинтайгаа гараад явсан байсан юм. Тэгээд би тухайн хамт байсан хүмүүсээс хаашаа явсан талаар асуухад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаангом сум руу орчихоод ирэхдээ хоорондоо маргалдаад байсан, мөн шөнөжингөө хоорондоо хэрэлдсэн гэж хэлсэн бөгөөд хамт явсан юм чинь эвлэрээд эргээд ирэх байх гэж талийгаачийн төрсөн ах “Д”  / С.П нь надад хэлсэн юм. Тэгээд би нэг их юм бодолгүй байж байтал надад манай ажилтан Ц.А , С.И нар машинтайгаа осолд орсон байна гэж хэлсэн, тэгээд би Боршоо боомтоос гараад 5 км орчим явж байтал Ц.А  .............УНЗ улсын дугаартай “Hyundai Tucson” загварын автомашин засмал зам дээр онхолдсон байдалтай байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-127 дахь тал);

9. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Увс аймгийн автотээврийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай "............ УНЗ улсын дугаартай “Hyundai Tucson” загварын автомашин нь хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орж тэнцсэн байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 140-142 дахь тал);

10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай "Амь хохирогч С.И биед суурь яс, баруун, зүүн чамархай яс, дагз ясны хугарал, дагзны баруун заадасны салалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд няцарч язарсан шарх, зүүн чамархайн хуйхны дор цус хуралт, хүзүүний 3, 5 дугаар нугалмын хөндлөн хугарал, цээжний зүүн талын 2, 3, 4 дүгээр хугарал, дух, хамрын зүүн талд, баруун мөрний үений хэсэгт, баруун тохойн үений гадна хэсэгт, баруун гарын бугуйн үений урд хэсэгт, баруун сарвууны ард, баруун, зүүн далны дээд хэсэгт, цээжний баруун, зүүн ар доод хэсэгт, бүсэлхийн баруун ард, ууцны хэсэгт, баруун өгзөг, гуя, өвдөгт, шилбэ, тавхайд, зүүн бугалга, шуу, зүүн дал, зүүн өгзөг ташааны хэсгийг хамарсан, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Суурь яс, баруун, зүүн чамархай яс, дагз ясны хугарал, дагзны баруун заадасны салалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд няцарч язарсан шарх, зүүн чамархайн хуйхны дор цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч С.И биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хуучин өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч С.И нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч С.И  нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч С.И нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Амь хохирогч С.И нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 3,8% промилли, ходоодны агууламжид 7,4% промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний №126 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 148-152 дахь тал);

11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шүүх химийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай "...Ц.А  авсан гэх 00854674 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Ц.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ц.А  цусанд 1.6% промилли спиртийн агууламж илэрч байна. Ц.А цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна. Ц.А нь сэтгэцэд нөлөөлөх бодис мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг тус албаны лабораторид шинжлэх боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 167-168 дахь тал) зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод өөрийн ажил дээрээ байж байтал манай эхнэр” Д” над руу залгаад яаралтай гэртээ хүрээд ирээч гэхээр нь би Увс аймаг руу ажил хийхээр явсан аав Ц.А, ээж С.И нарын дугаар уруу залгахад огт болохгүй байсан. Тэгээд би Увс аймаг руу хамт ажил хийхээр явсан С.П ахын эхнэр болох Энхтуул гэх хүн рүү залгаж юу болсон талаар асуухад аав, ээж хоёр чинь осолд орсон аав чинь ухаангүй байна, ээж чинь нас барсан гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос Увс аймаг руу ирсэн, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан аав дээр ороход ямар нэгэн ухаангүй, гэхдээ амьд байсан. Харин ээжийг моорогт хийсэн гэж хэлсэн...Манай аав ээж хоёр хамт амьдраад 26 жил болж байгаа бөгөөд 3 хүүхэдтэй, би өөрөө айлын том хүүхэд дараагийнх нь А.Н 21 настай, бага дүү” Э” 17 настай бөгөөд аав ээж хоёр нэгнийгээ уучилж ойлгож харилцдаг хүмүүс. ...Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн ээжийг алдсан харин аавыгаа эрүүл саруул хөл дээр нь босгож авмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал);

2. Гэрч У.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.А нь миний хадам аав байгаа юм. Ц.А нь 1977 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, том оврын авто машины засварчин мэргэжлийн үнэмлэх авч байсан. Зан араншийн хувьд даруу төлөв, бусдад тусархуу, аль болох хүнд тусалж дэмждэг, хурдан омогтой уур байхгүй, хүлээцтэй зантай, зөв хандлагатай, хүний хэлсэн үгийг зөв талаас нь ойлгож тайлбарладаг. Гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, ар гэрийн амьдралыг сайн хангасан байдаг юм. Гэр бүлийн хооронд хэрүүл маргаан гарч байгаагүй. Хааяа нэг баяр ёслолын өдөр Архи хэрэглэдэг, тамхи татдаг, нийгмийн ажилд идэвхтэй.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 132-133 дахь тал);

3. Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“...Ц.А  нь миний аав байгаа юм. ...Зан араншийн хувьд даруу төлөв, бусдад тусархуу, аль болох хүнд тусалж дэмждэг, хурдан омогтой уур байхгүй, хүлээцтэй зантай, зөв хандлагатай, хүний хэлсэн үгийг зөв талаас нь ойлгож тайлбарладаг. Гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, ар гэрийн амьдралыг сайн хангасан байдаг юм. Гэр бүлийн хооронд хэрүүл маргаан гарч байгаагүй. Архи хааяа нэг баяр ёслолын өдөр хэрэглэдэг, тамхи татдаг, нийгмийн ажилд идэвхтэй. Амьдралын нөхцлийн хувьд хувьдаа хашаа, 4 ханатай Монгол гэртэй, ногдох орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, тогтсон ажилгүй, хувьдаа машин, мотоцикл, мал хөрөнгө байхгүй. Том ах А.Н нь дулааны инженер мэргэжилтэй, тусдаа гарчихсан, харин би ................сургуулийн 2 дугаар курсын оюутан, бага дүү маань 11 дүгээр ангид сурдаг. Эрүүл мэндийн хувьд аав Ц.А  нь уушги, зүрх хоёр их өвддөг, сая осолд орсноос хойш гар хугарч, нуруу болон тархины гэмтэл авсан. Одоо баруун гартаа төмөр суулгачихсан байгаа. Гар, нуруугаараа их өвдөх болсон, удаан сууж чадахгүй байгаа. Сэтгэцийн хувьд эрүүл, саруул” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 134-135 дахь тал);

4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай “Үзүүлэгч Ц.А биед цээжний битүү гэмтэл баруун талын 5, 6 дугаар хавирга, зүүн талын 8, 9 дүгээр хавирга, зүүн дал ясны далд хугарал, баруун, зүүн уушгины няцрал, баруун уушгины шалчийлт, цээжний баруун хөндийд хий хуралт, баруун бугалга ясны далд хугарал, баруун хацар ясны нумын хугарал, баруун талын хацрын хөндийд цус хуралт, зүүн бугалга, их тархины дух хэсгийн няцрал, зүүн бугалга, зүүн шилбэнд шарх, зүүн шуу, зүүн тохойд, баруун далны доод хэсэгт, цээжний баруун ар доод хэсэгт, баруун, зүүн ташаа, баруун гуя, зүүн өгзөгний доод хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд 2022 оны 10 дугаар сарын 25-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №13259 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Цээжний битүү гэмтэл баруун талын 5, 6 дугаар хавирга, зүүн талын 8, 9 дүгээр хавирга, зүүн дал ясны далд хугарал, баруун, зүүн уушгины няцрал, баруун уушгины шалчийлт, цээжний баруун хөндийд хий хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тоггоох журам" -ын 3.1.12 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 182-185 дахь тал);

5. Ц.А  яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна......” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 204-205 дахь тал);

6. Ц.А  амбулаториор эмчлүүлэгчийн картын “...2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ...гар сарвууг гэмтлийн эмчийн хяналтанд байх, цэвэр боолт хийлгэх,..” гэх үзлэгийн тэмдэглэл бүхий  өвчний түүхийн хуулбар,

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н  “...Миний аав Ц.А  төлөвлөсөн ялын хэмжээг эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, хөнгөвчилж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.А  хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

2. “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

4. Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А  нь “Hyundai Tucson” загварын ........ УНЗ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг засмал замд жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний амь насыг хохироосон байх тул  шүүгдэгч Ц.А зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.А  нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутагт согтуугаар “Hyundai Tucson” загварын ...... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улсын чанартай А-1702 кодтой авто замд жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно”, 11.2-д заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална...”, 11.11-т заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон байна.

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай "Амь хохирогч С.И  биед суурь яс, баруун, зүүн чамархай яс, дагз ясны хугарал, дагзны баруун заадасны салалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд няцарч язарсан шарх, зүүн чамархайн хуйхны дор цус хуралт, хүзүүний 3, 5 дугаар нугалмын хөндлөн хугарал, цээжний зүүн талын 2, 3, 4 дүгээр хугарал, дух, хамрын зүүн талд, баруун мөрний үений хэсэгт, баруун тохойн үений гадна хэсэгт, баруун гарын бугуйн үений урд хэсэгт, баруун сарвууны ард, баруун, зүүн далны дээд хэсэгт, цээжний баруун, зүүн ар доод хэсэгт, бүсэлхийн баруун ард, ууцны хэсэгт, баруун өгзөг, гуя, өвдөгт, шилбэ, тавхайд, зүүн бугалга, шуу, зүүн дал, зүүн өгзөг ташааны хэсгийг хамарсан, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Суурь яс, баруун, зүүн чамархай яс, дагз ясны хугарал, дагзны баруун заадасны салалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд няцарч язарсан шарх, зүүн чамархайн хуйхны дор цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч С.И  биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хуучин өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч С.И  нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч С.И нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч С.И  нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 148-152 дахь тал)-ээр зорчигч С.И  нь зам тээврийн осолд өртөж, амь насанд аюултай хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болох нь нотлогджээ.

6. Шүүгдэгч Ц.А  гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн“...Амь хохирогч тухайн айлаас авсан архинаас 3 үрүүнхийг уухаар нь би боль гээд тухайн архийг булааж автал талийгаач надтай архиа булаацалдаад миний жолооны хүрднээс татсан юм. Тэгээд машин замын хажууруу орохоор нь буцаагаад дартал машин замын хажуу талын тэмдэг мөргөөд онхолдсон, ...би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн бөгөөд шөнөжин архи уугаад өглөө архи гаргаж амжилгүй гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 204-205 дахь тал) нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шүүх химийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай "...Ц.А  цусанд 1.6% промилли спиртийн агууламж илэрч байна. Ц.А  цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 167-168 дахь тал), гэрч С.П , С.Ц , Ж.О , М.З , шүүгдэгч Ц.А  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А  нь зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.А  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандаж, уг үйлдлийнхээ үр дагаварт бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.А  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокрурын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.А “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

8. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ц.А  болон түүний эхнэр, амь хохирогч С.И  нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

9. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Ц.А , амь хохирогч С.И нар нь албан ёсоор гэр бүл болсон, хууль ёсны эхнэр, нөхөр байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч С.И  хууль ёсны төлөөлөгчөөр тэдгээрийн хүү А.Н  томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н  мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн аав, шүүгдэгч Ц.А-с ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.А-с гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ц.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М  эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Ц.А  нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тохиолдлын шинжтэй, болгоомжгүй байдлаар үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Уг гэмт хэргийн улмаас Ц.А  нь хүнд гэмтэл авсан бөгөөд одоо ч гэсэн эмчийн хяналтад эмчилгээ хийлгүүлж байгаа. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н  зүгээс “цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, ээжийгээ алдсан боловч аавыгаа амьд байлгахыг хүсэж байна” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа нөхцөл байдал, түүнийг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н  нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний аав Ц.А  төлөвлөсөн ялын хэмжээг эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж хөнгөвчилж өгөхийг хүсэж байна” гэжээ.

5. Шүүгдэгч Ц.А  нь эрүүгийн хариуцлагын талаар санал, мэдүүлэг гаргаагүй болно.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

- Шүүгдэгч Ц.А нь урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 209 дэх тал)-аар нотлогдож байна.

 Хувийн байдлын хувьд тэрээр ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ...................... дүүрэг, 4 дүгээр хороо, .............. амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур байгаа (оноо 409-ээс доош) зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 215-217, 220, 224 дэх талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн Ц.А  ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар өгсөн гэрч У.Дэлгэрмаа, А.Н  нарын (хэргийн 133, 135 дахь тал) мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.

7. Шүүгдэгч Ц.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

8. Иймд шүүх шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан Ц.А  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироож, хүнд хор уршиг учруулсан нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н  “шүүгдэгч Ц.А  санал гомдолгүй, түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зам тээврийн ослын улмаас эхнэрээ алдаж, өөрөө хүнд зэргийн гэмтэл авсан гэх түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.А  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А  хувийн байдлыг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  ар хасах нэмэгдэл ялыг нэг жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох  нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Ц.А  1074646 дугаартай жолооны үнэмлэхийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлж шийдвэрлэв.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.А  хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я  овогт Ц. А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ц.А  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А  оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нэг жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.А  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А  ............... дугаартай жолооны үнэмлэхийг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Б  даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА