| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.О холбогдох эрүүгийн 2235000930099 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................. өдөр Увс аймгийн ...................... суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн .......................хугацаат цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, эх, ах нарын хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,” Б”овогт Х. О, (РД:............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.О нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 616 тоотод байрлах иргэн Д.Д хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох 2.5 метрийн төмөр тросс ашиглан онгойлгон, нэвтэрч хохирогч Д.Д эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Д 250.000 төгрөгийг хохирол учруулсан,
-2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 14-15 тоотод байрлах иргэн Д.Б эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох сүхээр цохиж эвдэн, учрах саадыг арилган дотогш нэвтэрч 293.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Б 293.000 төгрөгийг хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.О нь 2 удаагийн үйлдлээр иргэн Д.Д Д.Б нарын гэрт хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн субъект нь 16-17 нас хүртэлх хүн гэж заасан байх тул эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна. Иймд шүүгдэгч Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн маргаангүй шүүх хуралдаанд оролцож байгаа. Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Х.О уг гэмт хэргийг үйлдэхдээ 17 нас 11 сартай байсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан учир хохирогч нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэний дараа цэргийн ангийн алба хаагч болсон бөгөөд цэргийн албыг сайн хааж байгааг цэргийн ангийн даргаас тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байгаа. Х.О цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үед мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтын ажиллагаа явагдаж байсан. Энэ нөхцөл байдлын улмаас цэргийн ангиас ирж буцах замд оройтож, хугацаа алддаг байдал гарч байсан учир хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжгүй байсан. Х.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хоёр удаагийн гэм буруутай үйлдэл гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэний дараах засрал хүмүүжлийн байдлын хувьд Х.О нь цэргийн албыг нэр төртэй хааж байгаа. Иймд Х.О гэмт хэрэг үйлдсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг уучлаарай” гэв.
Эрүүгийн 2235000930099 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
А. Шүүгдэгч Х.О нь “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 616 тоот хашаанд байрлах иргэн Д.Д хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хаалганы цоожийг 2.5 метр урттай төмөр тороос ашиглаж эвдэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хохирогч Д.Д эзэмшлийн 250,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн цаа бугын гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Д.Д 250,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн талаар:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-19 дэх тал);
3. Цаа бугын арьсан гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал);
4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 25-35 дахь тал);
5. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал);
6. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчимд гадуур явж байтал эхнэр А.Ч яриад “чиний гутлыг олчих шиг боллоо, хүрээд ирээч” гэхээр нь “Шинэ-Улаангом” захад байрлах эхнэрийн лангуун дээр очиход эхнэр А.Ч миний цаа бугын арьсан гутлыг надад үзүүлээд хажуу талын лангуунаас гутал авахаар ирсэн хүн энэ цаа бугын арьсан гутлыг өмсөж явсан, би хараад шууд таньсан гэж хэлсэн. Тэгээд эхнэр миний гутлыг өмсөж явсан хүнийг олоод ирье гэж яваад танихгүй хүний хамт хүрч ирсэн бөгөөд би "Та энэ гутлыг хаанаас авсан юм бэ?" гэж асуухад тэр хүн өөрийгөө "Намайг” Б” гэдэг юм. Би 2022 оны 09 дүгээр сард “Б” гэх айлд очиход түр өмсөж бай гэж хэлээд надад өгсөн юм. Тэр хүн энэ гутлыг хаанаас авсан болохыг би мэдэхгүй. Уг хүн нь ................. гэсэн утасны дугаартай, жишиг хороололд амьдардаг, харин би ............... гэсэн дугаартай утастай. Та нар “Б” гэж хүнтэй уулзаж асуудлаа шийдээрэй. Би яаралтай хөдөө явах ажилтай байна" гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал);
7. Гэрч А.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нөхөр хүрч ирээд "Миний гутал мөн байна" гэж хэлэхээр нь "Тэр хүнийг олоод ирье" гэж хэлээд нөгөө хүнийг би "Шинэ-Улаангом" зах дотроос хайсан. Тэр хүнийг олоод нөхөр дээрээ дагуулж очиход тухайн хүн "Миний нэрийг “Б”гэдэг юм. Би 2022 оны 09 дүгээр сард Б нэртэй айлд очиход түр өмсөж бай гэж хэлээд энэ гутлыг надад өгсөн. Тэр хүн энэ гутлыг хаанаас авсан болохыг би мэдэхгүй байна. Уг хүн нь .............. гэсэн утасны дугаартай, жишиг хороололд амьдардаг, харин би ............... гэсэн дугаартай утастай. Та нар “Б”гэж хүнтэй уулзаж асуудлаа шийдүүлээрэй. Би яаралтай хөдөө явах ажилтай байна" гэж хэлээд яваад өгсөн..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал);
8. Гэрч Т.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Улаангом сумын 10-р багт байрлах Д.Д хашааны хажуугаар өнгөрч яваад хашааны хаалга руу харахад байшингийн хаалга нь онгорхой байхаар Д.Д ирчихсэн байгаа юм байх гэж бодоод ...хашаанд орж ирэхэд байшингийн урд талын вакум цонх онгорхой, цонхны доод талд улбар шар өнгийн сандал тавьсан байдалтай, ...Д.Д унтлагын өрөөний вакум цонх онгорхой харагдсан. Би гэртээ оччихоод буцаж ирээд ................ дугаартай гар утаснаас Д.Д аав руу залгаж, танай хүү Д.Д байшингийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд удахгүй байж байтал Д.Д эхнэр А.Ч гэртээ ирж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал);
9. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төрсөн дүү Х.О бид хоёр 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ихрүүд байгаа юм. Бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэрэг татлагад хамрагдсан бөгөөд Хилийн цэргийн ....................... хуваарилагдан хугацаат цэргийн алба хааж байна. Одоо миний санаж буйгаар 2022 оны 04 дүгээр сарын дундуур 20 цагийн орчимд Х.О хар өнгийн савхин цүнхтэй зүйл барьчихсан гаднаас гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би "Наана чинь юу байгаа юм бэ? Хэнийх юм бэ?" гэж асуухад дүү Х.О "Би айлаас авчихсан" гэж хариулаад цүнхийг онгойлгоход хар өнгийн биеийн тамирын хувцас, 2 ширхэг гарны хамгаалалт, 1 ширхэг өвдөгний хамгаалалт, цагаан саарал өнгийн таб зэрэг зүйлс байсан. Уг эд зүйлийг харчихаад "Чи хаанаас, ямар айлаас авсан юм бэ? Одоо наад эд зүйлээ хүргэж өг" гэж хэлэхэд "Буцааж хүргэж өгөхөөс айгаад байна" гэж Х.О хэлсэн. Мөн тухайн үед би Х.О эд зүйл хулгайлж авсан айлаа заагаад өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч надад ямар айлаас хулгай хийсэн гэдгээ хэлээгүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа би хашаан дотор байх модон амбаар руу ороход бор өнгийн цаа бугын арьсан гутал байхаар нь дүүг дуудаад "Энэ хэний гутал юм бэ? гэж асуухад Х.О "Би хулгайлчихсан юм" гэж надад хэлсэн. Х.О хаана байдаг, хэн гэдэг айлаас тухайн эд зүйлсийг хулгайлсан болохыг мэдэхгүй. Х.О хулгай хийсэн гэдгийг ээждээ би хэлээгүй. Харин энэ тухай би өөрийн төрсөн эгч “О” хэлсэн. Төрсөн дүү Х.О хулгайлж гэрт авчирсан зүйлс одоог хүртэл гэрт байгаа байх гэж бодож байна. Би тэр эд зүйлс яг хаана байгааг хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал);
10. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 4 дүгээр сарын байдлаар хуучин цаа бугын арьсан гуталны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал);
11. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай "...Хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн ...сервантны хаалга №1...гэж хаяглаж дугаарласан ...гарын мөр нь шинжилгээнд тэнцэж байна. Мөн дугуй төмөр хайрцаг №1 гэж хаяглаж дугаарласан 1 ширхэг гарын мөрийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Х.О гарын дардастай харьцуулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дугуй төмөр хайрцаг №1 гэж дугаарласан гарын мөр нь “Х” овогтой “О” /ОК................/ гэх хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал) зэрэг нотлох баримтыг,
Б. Шүүгдэгч Х.О нь “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 06 дугаар баг 14-15 тоот хашаанд байрлах иргэн Д.Б хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг болох сүхээр хаалганы цоожийг цохиж эвдэн, нэвтэрч хохирогч Д.Б 293.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн талаар:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 152-158 дахь тал);
3. Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал);
4. Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал);
5. IPad-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 165-167 дахь тал);
6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 168-178 дахь тал);
7. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 52 минутад эхнэр Т.О хамтаар Улаангом сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд очиж охиноо аваад Чандманьд айлд очиж хүүхдийн хичээлийн дэвтэр ном аваад 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалганы цоож гэрийн хаяанд салгаад орхисон, гэр онгорхой байхаар нь гэрт орж үзэхэд баруун талын хувцасны шкабны урд талд байсан цүнхтэй хувцас, мөн эхнэр бид хоёрын цоохор тортой хувцас /дотуур/-ыг хулгайлж авч явсан байсан. Миний хувцас дотор хар өнгийн хавтастай таб /цагаан/ өнгийн аpple брендийн таб /F7РМW6VZЕ196 serial кодтой/, халуунаа барьдаг төмөр аяга, сахлын машин, ажлын хар өнгийн савхин цүнх, дотор нь нүүр гарын алчуур, гөлгөр хар өнгийн гар чийдэн алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал);
8. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн нөхөр Д.Б. хамт автомашинаар 20 цаг 52 минутад гэрээсээ гараад 1 дүгээр 10-н жилийн сургуулиас хүүхдээ аваад Чандманы 1 дүгээр буудалд очиж айлд хүүхдийнхээ ном, дэвтрийг аваад гэртээ 21 цаг 30 минутад ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт байсан хувцасны шкабны урд талын хар өнгийн үүргэвчтэй цүнх, цоохор тортой дотуур хувцасны авч явсан байсан. Мөн манай гэрт байсан мөнгөн аяга бэлэн ил тавьсан мөнгө алга болоогүй байсан бөгөөд нөхрийн цүнхтэй хувцасны дотор хар өнгийн таб, сахлын машин, халуун баригчтай төмөр аяга, дотуур хувцас алга болсон байсан ...нүүрсний амбаараас шар өнгийн жижиг сүхийг авч хаалганы цоожийг эвдсэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал);
9. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.О манай блокны үйлдвэрт 7 хоног ажилласан. Уг залууг манай блокны үйлдвэрт ажиллаж байх үед тэрэнтэй ярилцаж байхдаа би "I phone загварын утас худалдаж авах бодолтой байгаа" гэж хэлэхэд тэр залуу "Надад iPad байгаа. Та авах юм уу?" гэж хэлэхээр нь "Тэгвэл аваад ирээч, үзэж харъя. Гайгүй юм байвал би худалдаж авъя" гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа Х.О цагаан саарал өнгийн IPad авчирч надад өгсөн. Уг IPad кодтой байхаар нь би "Кодыг нь гаргаад өг" гэж хэлэхэд Х.О "Манай эгч кодыг нь гаргуулж аваарай гэж хэлээд өгсөн юм. Би кодыг нь мэдэхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Энэ утасны код гарах эсэхийг нь засварчнаар шалгуулж үзье. Код нь гарвал би чамд тохирох мөнгийн өгье" гэж хэлэхэд Х.О зөвшөөрсөн. Би албан ажлаар 2022 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу явахдаа Х.О надад өгсөн Ipad-ийг авч явж кодыг нь гаргуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглаж байна. Энэ Ipad-ийг гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл гэдгийг би мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал);
10. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 4 дүгээр сарын байдлаар эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 293.000 (хоёр зуун ерэн гурван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 198 дахь тал);
11. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай “...Увс аймагт 2022 оны 04 дүгээр сарын байдлаар хуучин 2ш цоож, сүхний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 15,000 (Арван таван мянган) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал);
12. Эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цоож 1 ширхэг, 2,5 метр урттай төмөр тросс 1 ширхэг, ногоон өнгийн төмөр цоож 1 ширхэг, 47 см урттай төмөр 1 ширхэг, шөр өнгийн иштэй төмөр сүх 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хураан авсан хар өнгийн цүнх 1 ширхэг, мөнгөлөг өнгийн халуун барьдаг сав 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Нас тоолсон мөрдөгчийн ”Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 нас 11 сартай байсан байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал);
2. Х.О яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Асууж тодруулах зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141, 244-245 дахь тал);
3. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Х.О нь 2004 онд Увс аймгийн ...................... суманд төрсөн бөгөөд ихэр хүүхэд юм. Түүний нөгөө ихэр болох ахыг нь Х.О гэдэг юм. Х.О нь манай хамгийн бага хүүхэд юм. Х.О нь Улаангом сумын 2 дугаар сургуулийг 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн юм. 9 дүгээр ангиа төгсөөд ......... коллежийн авто засварын ангид элсэн сурч байгаад 2022 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж ах Х.О хамт ............... Хилийн цэргийн ............дугаар ангид хуваарилагдаж очсон бөгөөд одоо хугацаат цэргийн алба хааж байгаа юм. Х.О нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй зөв харилцаатай, гэрээсээ нэг их гарч ороод байдаггүй, даруухан сайн хүүхэд байсан. Яагаад гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар нь мэдэхгүй байгаа, гайхаад байгаа. Х.О нь хар бор ажилдаа сайн, гэрийн ажилд сайн хүүхэд юм. Х.О нь урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, элдэв хорт муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд юм. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн архаг хууч өвчингүй юм. Нөхөр бид хоёр Х.О 4 дүгээр ангид байхад нь гэр бүлээ салсан бөгөөд тэрнээс хойш би дахин хүнтэй гэрлээгүй, түүний аав “Х” нь одоо ...................... суманд мал маллаж амьдардаг юм. Манайх амьдарлын нөхцөл байдлын хувьд би өөрөө тэтгэвэрт байдаг бөгөөд тэтгэврийн мөнгөөр амьдардаг, өрхийн амжиргааны түвшин доогуур, эд хөрөнгө гэх зүйл бол 6 ханатай Монгол гэртэй, Улаангом сумын .................... өөрийн хашаатай, мал байхгүй, өөр эд зүйл гээд байх зүйл байдаггүй юм..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал);
4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.О нь миний дүү байгаа юм. ...Х.О нь зан аашийн хувьд даруухан, илүү дутуу зан авир ааш байхгүй, бусадтай нээлттэй харилцаатай, нийтэч зан араншинтай, хүний ярьсан, хэлсэн зүйлийг сайн хүлээж авч ойлгодог хүүхэд юм. Бие эрүүл мэндийн хувьд жаахан ядарсан үедээ бие нь сульдаад байдаг, дархлаа султай, өөр элдэв янзын архаг хуучин өвчин эмгэг байхгүй. ...Х.О нь хар бор ажилдаа сайн, гэрийн ажилд сайн хүүхэд юм. Х.О нь хугацаат цэргийн албанд өөрийн хүсэлтээрээ явсан бөгөөд одоо хилийн цэргийн ангидаа нэр хүнд сайтай, цэрэгжилт, жагсаал, хил хамгаалах цэргийн амьдралдаа идэвхтэй, цэргийн хүн болох сонирхолтой байдаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал);
5. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай “...Х.О нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал);
6. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай “...2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ..................... ангид алба хааж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал);
7. Х.О суралцагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 18-25 дахь тал);
8. Х.О Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...улсын өмгөөлөгч томилуулах" хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал);
9. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал);
10. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад учирсан хохиролд Х.О гэр бүлээс 300.000 төгрөг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал);
11. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хулгайд алдсан IPad буцааж авсан бөгөөд бусад эд зүйлийг нэхэмжлэхгүй. Х.О ах надруу утсаар ярьж уучлалт гуйсан бөгөөд надад одоо ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.О нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Х.О нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 616 тоотод байрлах иргэн Д.Д. хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох 2.5 метрийн төмөр тросс ашиглан онгойлгон, нэвтэрч хохирогч “Д” эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, авсан,
-2022 оны 4 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-15 тоотод байрлах иргэн Д.Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг буюу сүхээр цохиж эвдэн, учрах саадыг арилган дотогш нэвтэрч 293.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, авсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” мөн “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тодорхойлсон тул хохирогч Д.Д хувийн байшин, хохирогч Д.Б Монгол гэрийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэж үзнэ.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонхыг нь хагалах, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тайлбарласны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүх, тросс төмөр зэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж үзнэ.
-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.О нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 616 тоотод байрлах иргэн Д.Д хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох 2.5 метрийн төмөр тросс ашиглан онгойлгон, нэвтэрч хохирогч “Д” эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, уг гутлыг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн,
Мөн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-15 тоотод байрлах иргэн Д.Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг зэвсэг буюу сүхээр цохиж эвдэн, учрах саадыг арилган дотогш нэвтэрч 293.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болох IPad-ийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, Д.Б гэх хүнд зээлээр худалдсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
3. Шүүгдэгч Х.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд шүүгдэгч Х.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч М.М дэмжиж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д эд хөрөнгөд 250.000 /хуучин цаа бугын гутлын үнэ/ төгрөгийн хохирол, хохирогч Д.Б эд хөрөнгөд 293.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хавтаст хэргийн 84, 198 талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Д нь өөрийн хулгайд алдсан хуучин цаа бугын арьсан гутлыг Х.О эзэмшлээс буцааж авсан, мөн шүүгдэгч Х.О ар гэрийн зүгээс гэмт хэргийн хор уршигт Д.Д 300.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад учирсан хохиролыг Х.О гэр бүлээс 300.000 төгрөг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Түүнчлэн хохирогч Х.Б нь хулгайд алдсан Ipad-ыг иргэн Д.Б эзэмшлээс буцааж авсан бөгөөд бусад эд зүйлсийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 44, 184 дэх тал);
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.О гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.О хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Х.О уг гэмт хэргийг үйлдэхдээ 17 нас 11 сартай байсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан. Хохирогч нар нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. ....Х.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хоёр удаагийн гэм буруутай үйлдэл гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй. Гэмт хэрэг үйлдсэний дараах засрал хүмүүжлийн байдлын хувьд Х.О нь цэргийн албыг нэр төртэй хааж байгаа. Иймд Х.О гэмт хэрэг үйлдсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Х.О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг уучлаарай” гэх мэдүүлгийг гаргав.
5. Шүүгдэгч Х.О үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.О нь 2004 онд төрсөн, 19 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн ................. хугацаат цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, ээж, ах нарын хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) зэрэг хувийн байдлууд 2 дахь хавтаст хэргийн 3-8, 12, 14, 17-25, дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (2 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),
Мөн шүүгдэгч Х.О хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 191-192, 194 дэх талд авагдсан Ц.Б, Б.Б нарын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
-Шүүгдэгч Х.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршигт хохирогч Д.Д гэр бүлийн хүмүүсээр дэмжуулан 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Д.Б IPad-ыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч нар нь шүүгдэгч Х.О гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Шүүгдэгч Х.О нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон ба шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.О үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.О 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Х.О нь 2004 оны ............... өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэхдээ буюу 2022 оны .................. өдөр 17 нас 11 сартай байсан нь нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, түүний иргэний бичиг баримтаар нотлогдож байна.
Гэвч тэрээр шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тэрээр 19 насанд хүрсэн байх тул Х.О “Өсвөр насны хүн” гэж үзэж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
9. Шүүгдэгч Х.О гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн цоож 1 ширхэг, 2.5 метр урттай төмөр тросс 1 ширхэг, ногоон өнгийн төмөр цоож 1 ширхэг, 47 см урттай төмөр 1 ширхэг, шар өнгийн иштэй төмөр сүх 1 ширхэг, хар өнгийн цүнх нэг ширхэг, мөнгөлөг өнгийн халуун барьдаг сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч” Б” овогт Х. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хүн байнга амьдрах орон байранд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.О 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.О гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн цоож 1 ширхэг, 2.5 метр урттай төмөр тросс 1 ширхэг, ногоон өнгийн төмөр цоож 1 ширхэг, 47 см урттай төмөр 1 ширхэг, шар өнгийн иштэй төмөр сүх 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 нэг ширхэг, мөнгөлөг өнгийн халуун барьдаг сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА