Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П-ын Ат холбогдох эрүүгийн 2235002150128 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. Увс аймгийн ....................... суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт П-ын А, (регистрийн дугаар: ......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ....................... сумын 5 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч П.А нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ....................... сумын 5 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч П.Аын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд амьжиргааны түвшин доогуур байгаа тул хохирлыг төлж барагдуулахгүй байгаа бөгөөд бага багаар төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. П.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийн доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хохирлын талаар иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд манай ар гэрийн амьдрал таарамж муутай учир шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлөх боломжгүй байсан, хохирлын мөнгийг бага багаар төлж барагдуулах болно. ...Насанд хүрээгүй хохирогч Улаанбаатар хот руу хүртэл эмчилгээ хийлгүүлэхээр явсан байсан учир би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гэмшиж, зорчих эрх хязгаарлах ял авмаар байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн  2235002150128 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-14 дэх тал);

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.А над руу ирээд чи яагаад дуудаад байхад зогсохгүй байгаа гээд хүрч ирэхээр нь би та хоёрыг дуудсаныг харсангүй, араас дуудахаар чинь сонсоод эргээд ирлээ гэж хэлтэл П.А намайг мотоциклиос татаж буулгаад чи яах гээд байна гээд намайг баруун гараа атгаж байгаад миний шанаа хэсэг рүү нэг удаа цохингуутаа, зүүн гараараа хамар хэсэг рүү алгадхаар нь доошоо тонгойтол миний цээж хэсэг рүү өвдөглөөд намайг урагш нь хавирч унагаасан. Тухайн үед миний ухаан балартаад би ухаан алдах шиг болсон. Тэгээд хэвтэж байтал П.А намайг татаж босгоход миний хамарнаас цус гараад байхаар нь П.Аыг одоо болно ш дээ гэж хэлэхэд Г.Б ирж П.А бид хоёрыг салгаад П.Аыг цаашаа аваад явж байтал П.А Г.Бг түлхэж унагаачихаад над руу буцаж ирээд чамайг алчихаад шоронд ороод гараад ирэх надад нас байна гэж хэлээд миний толгойны арын хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би Бд одоо болоо шдээ та П.Аыг аваад явалдаа гэж хэлтэл Г.Б ирээд П.Аыг салгаж авсан юмгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-34 дэх тал);

3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай сумын П.А, Г.Б гэдэг хоёр залуу пиво уучихсан, Б.Б гурав хамт байсан юм. Тэгээд би тухайн үед энэ гурав нийлж пиво уусан байна гэж бодоод гурвууланг нь нэг нэг удаа өшиглөж босгоод хүүгээ хартал нэг талын шанаа нь хавдчихсан хөхөрчихсөн байсан. Тэгээд би П.А, Г.Б хоёр луу уурлачихаад хүүгээ авч яваад юу болсон талаар асуухад П.А манай хүүг хэд хэдэн удаа цохисон гэж хэлэхээр нь уур хүрээд П.А, Г.Б хоёр дээр дахиж эргэж очсон юм. Тэгээд би П.Аыг дуудаж уулзаад яахаараа чи миний хүүхдийг цохидог юм гээд барьж аваад хавирч унагаагаад ноцолдсон, П.Аыг гараа атгаж байгаад нэг хоёр удаа толгой руу нь цохитол Г.Б хажуунаас ирж намайг барьж аваад тэр хоёр над руу нийлээд дайраад байхаар нь би та хоёрыг цагдаа дуудаж өгнө гэж хэлээд хүүгийнхээ утсыг аваад цагдаа руу залгах гэтэл Г.Б гар утас базаж булааж аваад унагаагаад дэлгэцийг нь хагалаад хаячихсан юм. Тэгээд тэр хоёртой нэлээд хэрэлдсэн. Тухайн үед тэд архи пиво уучихсан согтуу байсан. Тэгээд би хүүгээ дагуулаад миний машин дээр очиход араас П.А, Г.Б хоёр ирээд Г.Б миний хүүг миний нүдэн дээр барьж зодох гээд дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би Г.Бд та хоёрыг цагдаад дуудаж өгөхгүй, та хоёр одоо ингээд яваад амарчих гэж хэлээд хүүгээ дагуулаад сумын төв рүү гэрлүүгээ явсан. ...Тухайн үед миний хүүгийн зүүн талын нүд хацар хөхөрч хавдсан толгойны арын дагз хэсэгт хөөж хавдсан цээж дунд хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-40 дэх тал);

4. Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А нь Б.Бд чи яахаараа намайг зугаалганд авч явдаггүй юм гэж хэлээд шууд гараараа нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би Б.Бг хоёр удаа цохих үед нь дундуур нь орж хойш нь түлхэх үед П.А өшиглөсөн. Тэр үед Б.Б нүүрээ дараад тонгойсон байдалтай байхад нь нүүр хавьцаа өшиглөсөн. Би П.Аыг боль гээд хойш түлхээд холдуулсан. ...Ч.Б ах Б.Бг мотоциклийн ард суулгаад бид хоёр дээр хүрч ирээд П.Аыг чи яахаараа миний хүүхдийг цохидог юм бэ гээд зодоод эхэлсэн. Би мотоциклийн хажууд зогсож байсан юм. П.А нүүрээ дараад зогсож байхад Ч.Б ах толгойны ар буюу дагз хавьцаа 3-4 удаа цохисон байх би гүйж ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-55 дахь тал);

5. Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд манай хүү Б.Бгийн хоёр нүд хөхөрч хавдаад нүд нь тагларчихсан, зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан, хамарнаас нь цус гараад өмсөж явсан дээл нь тэр чигээрээ цус болчихсон байсан. Мөн манай хүү Б.Бгийн толгой нь өвдөөд намдахгүй байсан ба тухайн үед толгой нь хавантай байсан ба гараараа барьж үзэхэд бамбалзаад хүүхдийн зулай шиг хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-59 дэх тал);

            6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай “..Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №514 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ирүүлсэн материалаас үзэхэд: Б.Бгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2022.06.28-ны өдөр үүссэн байх боломжтой. Ирүүлсэн Б.Бгийн 2022.10.24, 2023.01.04, 2023.01.16-ны өдрүүдэд хийгдсэн толгойн компьютерт томографийн шинжилгээнүүдэд дагз ясны баруун талын цуурсан шугаман хугарал гэмтэл тогтоогдохгүй байна. Дээрх зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Тухайн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-83 дахь тал);

            7. Дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 83 дахь тал);

            8. Насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар (хавтаст хэргийн 106-117 дахь тал);

            9. Шүүгдэгч П.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 151-169 дэх тал);

10. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн прокурор, мөрдөгч нарт гаргасан хүсэлтүүд болон хүсэлт шийдвэрлэсэн баримтууд (хавтаст хэргийн 175-181 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Шүүгдэгч П.А нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ....................... сумын 5 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий “хөнгөн” хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-34 дэх тал), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-40 дэх тал), гэрч Г.Б, Ц.Б- нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 50-59 дэх тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-83 дахь тал), дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 83 дахь тал),  насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар (хавтаст хэргийн 106-117 дахь тал), шүүгдэгч П.Аын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд “...дагз ясны баруун талын цуурсан шугаман хугарал” бүхий хүнд хохирол учраагүй болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч П.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч П.А насанд хүрээгүй хохирогч Б.Бг  цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч П.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч П.Аын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын зүгээс гэмт хэргийн хор уршигт “...аймгийн төв рүү эмнэлэг болон цагдаагийн байгууллагад ирэх, буцах зардалд 5х120.000=600.000 төгрөг, аймгийн төвд эмчид үзүүлж эм тариа авахад 980.000 төгрөг, Улаанбаатар хот руу эмчид үзүүлэх, компьютер томографийн шинжилгээ хийлгэх, мөн ирж очсон зардал нийт 2.000.000 төгрөг, Улаанбаатар хот руу явах үед малаа 3 сарын хугацаагаар хөлсөөр маллуулсан хөлс 1.500.000 төгрөг, нийт 5.080.000 (таван сая наян мянга) төгрөгийг шүүгдэгч П.Ааас нэхэмжилсэн байна.

3. Шүүгдэгч П.А нь хохирогчид мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжилж буй 5.080.000 төгрөгийн талаар баримтыг гаргаж өгөөгүй байх тул насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Ааас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 17 нас 2 сар 28 хоногтой байсан нь түүний хувийн байдлын талаарх баримтууд болон мөрдөгчөөс шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл, түүний иргэний бичиг баримтаар нотлогдож байна.

Гэвч тэрээр шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тэрээр насанд хүрсэн байх тул П.Аыг “Өсвөр насны хүн” гэж үзэж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “П.Аын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд амьжиргааны түвшин доогуур байгаа тул хохирлыг төлж барагдуулахгүй байгаа бөгөөд бага багаар төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар П.Ат тайлбарлаж өгөхөд зорчих эрх хязгаарлах ялыг авах саналаа өмгөөлөгчид гаргаж байсан. П.А нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийн доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч П.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би яагаад зорчих эрх авах гээд байна гэвэл зүгээр нэг хүн зодчихоод торгуулаад ч юм уу хөнгөн ял аваад нутагтаа очно гэхээр сэтгэл дундуур санагдаж байна. Би зүгээр нэг хүн цохиогүй, зодчихсон болохоор хохирогчийн ар амьдралд саад учруулсан. Насанд хүрээгүй хохирогч Улаанбаатар хот руу хүртэл эмчилгээ хийлгүүлэхээр явсан байсан учир би гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа гэмшиж, зорчих эрх хязгаарлах ял авмаар” гэх мэдүүлгийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч П.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 166 дахь тал), 

-Шүүгдэгч П.А нь хувийн байдлын хувьд 2005 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Монгол гэрт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 154-163 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч П.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

6. Иймд шүүгдэгч П.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, хохирол, барагдуулаагүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ....................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт П-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат 320 (гурван зуун хорин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн ....................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Б нараас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 5.080.000 (таван сая наян мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Ааас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА