| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2019/03390/И |
| Дугаар | 183/ШШ2019/02817 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2019/02817
2019 оны 12 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2019/02817 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух С. Г /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух Ш.Б /РД:0000000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасган тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.15-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийн дагуу хүү Г.Г-ийг 11 -16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг өгч, тэжээн тэтгэх болсон. Тухайн шүүх хуралдаанд дээр би баруун бөөрний өвчтэй гээд хэлж байсан ч сүүлд суумгай болж явж чадахаа болиод үзүүлэхэд 3-4 ширхэг нуруу мурийлттай бүгд жийргэвчнүүд намсаж мэдрэлүүд дарагдсан, эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтанд орсон. Энэ өвдсөн баримтаа тухайн үед баримтууд албажаагүй байсан тул шүүх тэтгэлгийг дээрх байдлаар тогтоосон. Үүнээс хойш босч явж чадахаа байж, суугаагаараа байх үед зүгээр байдаг ба он гараад хагалгаанд орохоор болсон. Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019.07.31-ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон акт гарсан билээ. Миний бие өөрийн гэсэн гэр оронгүй байж байгаад сүүлд гэрлэсэн эхнэр О-ийн гэрт амьдардаг ба бид ам бүл 5-уулаа амьдардаг. Үүнд О бид хоёрын дундаас төрсөн охин Г.Г 7 настай охин, О-ийн дүү эмэгтэй сэтгэцийн 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай ба түүний 1,2 настай хүүхдийн хамт амьдарч байна. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд орж хүнсний эрхийн бичигт хамрагдан амьдарч байна. Өрхийн 5 ам бүлийн 4 нь хөдөлмөр эрхэлдэггүй билээ. Миний бие нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019.07.31-ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон актын дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээнээс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж гэж сард 174,000 төгрөг авах болсон ба уг мөнгө нь өөрийн одоо амьдарч байгаа охиноо тэжээн тэтгэх, мөн өөрийн өвчиндөө эм авч хэрэглэхэд ч хүрэлцэхгүй байхад дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч У.Б миний сарын 174,000 төгрөгийг 9 дүгээр сараас дансанд нь хориг тавьж битүүмжилсэн, мөн энэ тэтгэмж дээрээ нэмээд 50,000 төгрөг өгч бай гэсэн билээ. С.Г миний бие хүү Г.Г-той огт тэтгэлэг төлөхгүй гэж хэлээгүй бөгөөд тэтгэлгийг арай бага хэмжээгээр авч болохгүй юу гэхэд шийдвэрийг л биелүүлж байна гэсэн. С.Г миний бие эрүүл мэнд хүндээр өвдсөн тул ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа, мөн хөдөлмөрийн чадвар алдалттай, нэн ядуу өрхөд хамрагддаг зэргийг харгалзан хүүхдийн тэтгэлэг тогтоосон хэмжээг багасган өөрчилж, миний одоо олж байгаа орлого болох 174,000 төгрөгийн 30 хувь буюу сард 52 200 төгрөг төлж байхаар өөрчилж өгнө үү. Миний бие шүүхийн шийдвэр гарснаар хүүдээ сард 50,000 төгрөг төлж байсан ба цаашдаа 52,200 төгрөг төлж байх хүсэлтэй байх тул дээрх байдлуудыг минь харгалзан үзэж хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасган тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ш.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасган тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Г нь ... Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019.07.31-ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон, эрүүл мэнд хүндээр өвдсөн тул ажил хөдөлмөр хийж чадахгүй байгаа байдлыг харгалзан Хан-Уул дүүргийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 890 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг багасгаж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д ... тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чавдараа алдсан, ... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр Ш.Б, С.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Г-ийг эхийн асрамжинд үлдээн, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Г-аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
С.Г нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болох нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0285039 дугаар актаар тогтоогдож байх ба амьжиргааны түвшин доогуур орлоготой өрх болохыг Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 338 тоот албан бичгээр тус тус тогтоогджээ.
Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр хүү Г.-т олгож буй тэтгэлгийн хэмжээг 40 хувиар багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч С.Г хөдөлмөрийн чадвар алдалт нь арилж, эрүүл мэндийн хувьд эдгэрсэн тохиолдолд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Г /РД:0000000000/-ийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 40 хувиар багасгаж, эцэг С.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ