Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/431

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч М.Алтанцэцэг,

хохирогч С.А,

шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И** овогт У.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210018750350 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И** овогт У.Н нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан байдал:

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 152 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 14-ний 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн /РД:********/ гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Яллагдагч У.Н иргэн С.А-ийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа захад байх ажил дээрээ байхад нь нийслэлийн орон сууцны корпорацын орон сууцны хөнгөлөлтөд хамруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг бэлнээр, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр 110,000 төгрөгийг У.Н нь өөрийн Хаан банк дахь 50**** дугаарын дансаар, мөн оны 10 дугаар сарын 23-ны өөрийн нөхөр С.Х-ын Хаан банк дахь 50**** дугаарын дансыг ашиглан 2,567,000 төгрөг авч, нийт 3 удаагийн үйлдлээр 3,177,000 төгрөгийг авч залилсан,

Мөн иргэн Л.О-г Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн ** тоот өөрийн гэртээ болон тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Л.Б-аар дамжуулан нийслэлийн орон сууцны корпорацын орон сууцны хөнгөлөлтөд хамруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.Б-гийн Хаан банк дахь **** дугаарын дансыг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,400,000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 24-ний өдөр 1,500,000 төгрөг, мөн өдөр 168,800 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, мөн сарын 16-ны 500,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр 236,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг нийт 12 удаагийн үйлдлээр 6,500,000 төгрөгийг авч залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч У.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэж байгаа билээ. Сүүлийн хүсэлтийг минь хүлээж авна уу. Өөрөө ярих чадвар маань саажилттай байгаа тул бичгээр хэлэх үгээ бичиж өгч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Уучлаарай намайг. Нэгт боломжтой бол бүх хэргээ нэгтгүүлж шийдүүлмээр байна, урьд өмнө асуудлыг минь гүйцэж шийдээгүйгээс дахин дахин гэсэн хэрэг гарч ирлээ. Хоёрт эрүүл мэндийн байдлыг минь харгалзаж үзээч, нэмэлт хэргийг хэлэлцэх хугацаанд прокурор, өмгөөлөгчийн батлан даалтад гаргаж, биеийн байдалд минь хоромхон хугацаанд ч болов даалтад гаргаж өгч туслаач. Таныг амрах хугацаанд би ч гэсэн жаахан эмчилгээ хийлгээд асуудлаа нэг мөр шийдье. Би урьд шөнө дахин өвдөж, дахин харвалт өгөх дөхсөн. Би шүүхийн өмнө хийсэн бүх хэргээ нэг мөр болгомоор байна. Шүүх байгууллага сүүлийн удаа миний хүсэлтийг хүлээж авч туслаач. Эрхэм шүүгч та л үүнийг шийдэж өгөөч. Эрүүл саруул байж шийтгэлээ үргэлжлүүлэн эдэлье. Хүсэлтийг минь сүүлийн удаа харгалзан үзэж туслаач, эрхэм шүүгч танаас хичээнгүйлэн гуйж байна. Ар гэр, өмгөөлөгч нарын даалтад 1 сарын хугацаатай гаргаж өгч туслаач гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И** овогт У.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И** овогт У.Н-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 (дөчин тав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Н-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жил 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж, хохирогч Л.О-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-ээс 3,177,000 (гурван сая нэг зуун далан долоон мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.А-т олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА