Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00537

 

З-ын Аын Ү Э Х-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  04-ний өдрийн 183/ШШ2017/02096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Нэр бүхий 73 нэхэмжлэгч нарыг  төлөөлж З-ын А-ын Ү Э Хны  нэхэмжлэлтэй

Хариуцагч: З-т холбогдох

Цалин, тэтгэмж 407 101 823 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг зохигч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, В.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлж З-ын Аын Ү Э Хны  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн Нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхтголд оруулсан. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаархи тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Тээврийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1860 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан мөнгө хураагч нар ажлын байргүй болж байгаа асуудлын талаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т  заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд доорхи  дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно. Үүнд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэлх жил ажилласан бол 4 сар, 6-10 жил ажилласан бол 6 сар, 15 жил ажилласан бол 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан.

1. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т "мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20% хүртэл хэмжээгээр нэмж олгоно" гэж заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар мэргэшсэн зэргийн нэмэгдэл 142 307 071 төгрөгийг гаргуулах;

2. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 4.2-т "ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөг болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна" гэж заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны 136 981 000 төгрөгийн ур чадварын нэмэгдэл хөлсийг байгууллагаас гаргуулах;

З. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын гэрээний 4.7-д "үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно" гэж заасны дагуу 2013, 2014, 2015 онуудын үр дүнгийн цалинд 52 873 087 төгрөгийг гаргуулах;

4. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилтны Цалин хөлсний журмын 5.3.3-т заасны 2015 оны удаан жилийн нэмэгдэлд 6 910 000 төгрөгийн байгууллагаас гаргуулах;

5. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 72 ажилтны хамтын гэрээний 4.4-т "илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно" гэж заасан байхад илүү цагийн хөлсийг 1,5 дахин бодож олгосон тул дутуу олгосон илүү цагийн хөлс болох 5 085 531 төгрөгийг байгууллагаас гаргуулах;

6. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 3 ажилтны хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасны дагуу орон тооны цомхтголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9 514 625 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

7. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 57 ажилтны шагнат цалин болох 52 888 508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

8. Жагсаалтаар авагдсан нэр бүхий 13 жолоочид олгогдох жолоочийн даатгалын зөрүүд 611 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийт 407 170 823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч З шүүхэд гаргасан тайлбартаа:

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын даргын А/67 тоот тушаал, 03 албан даалгаврын дагуу шугамд ажиллаж байсан бүх мөнгө хураагчийн ажлын чиг үүрэг болон нэршилд өөрчлөлт орсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 тогтоолоор батлагдсан журмын дагуу Н даргын 2015 оны А/107, А/122 тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн бүх аж ахуй нэгжүүдийн шалгагч нарыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний танхимд цуглуулан хуралдуулж шалгагч нарын ажиллах цаг, ажлын хөлс зэргийг тодорхой танилцуулсан. Байгууллагаас ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэг ч мөнгө хураагчийг ажлын байрнаас чөлөөлөөгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь А ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  байгуулагдан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр "А" нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс "З" ОНӨААТҮГ байгуулагдсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. З нь Нэгтгэлийн ҮЭХ, А дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна.  Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.  Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 албан тоотоор ҮЭХ-ноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын, 09-ний өдөр тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Энэ баримт хэрэгт байгаа. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүи энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан удаан жилийн нэмэгдэл цалинд нийт 6 735 000 төгрөгийг хариуцагч "Нийслэлийн З" ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.1, 50 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэгт заасныг баримтлан илүү цагийн нэмэгдэл цалинд нийт 5 228 364 төгрөгийг хариуцагч "Нийслэлийн З" ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан А Н-т 2 508 617 төгрөг, Д Н-д 2 241 798 төгрөг, Б С-д 1 822 367 төгрөгийн тэтгэмжийг хариуцагч “Нийслэлийн З” ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан мэргэшсэн зэргийн нэмэгдэл цалин 142 307 071 төгрөг, ур чадварын нэмэгдэл цалин 136 981 000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 52 873 087 төгрөг, шагнал цалин 52 888 508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр 611 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 086 253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251 164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107 557 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.  Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас шүүхийн журмаар гаргаж өгсөн цалин хөлсний дэлгэрэнгүй цэсийг үндэслэн мэргэжлийн нягтлан бодогчоор тооцуулж, тооцоог гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс тооцоон дээр маргаагүй зөвшөөрсөн бөгөөд зөвхөн хамтын гэрээг дагж мөрдөх үндэслэлгүй гэж маргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18 1 1, 50, 51 дүгээр зүйлүүдэд хамтын хэлэлцээрийн дээрх дурьдсан, хамтын гэрээний заалтуудаар тус тус олгохоор заасан, мөн яг адилхан маргаантай хэргийг шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 388 830 509 төгрөгийг нэмж гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ц.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Нд хамтын гэрээнд заасан цомхтголын тэтгэмжийн мөнгө болох 2 241 798 төгрөгийг олгож шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн тайлбарыг анхаарч үзээгүй. Учир нь  Д.Н нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1343 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн даруй тэтгэмжээ шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч Д.Н 2016 оны 01 дүгээр сарын 14-нд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэр бүхий 73 ажилтны илүү цагийн хөлс болох 5 085 531 төгрөгийг байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч  нар нь 2015 оны илүү цагийн хөлсийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх мөн хугацааг хэтрүүлэн гаргасан. Иймд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууь ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэр бүхий 73 нэхэмжлэгч нарыг З-ын Аын Ү Э Х итгэмжлэлээр төлөөлж 2013, 2014, 2015, 2016 онуудын цалин, тэтгэмжид нийт 407 101 823 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Тухайн маргаан нь хамтын гэрээний заалтаар үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тооцоо, түүнийг нотлох баримт, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримтууд тус тусдаа тодорхой байж, нэхэмжлэгч тус бүрийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт өгөх боломжтой болох юм.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой юм. Гэтэл нэхэмжлэгч тал ирээдүйд чиглэсэн “шүүхийн шийдвэр гарах хүртэл” гэсэн тодорхой бус шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тус бүрийн тооцоо тодорхойгүйгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн хальж шийдвэрлэсэн үндэслэл тодорхой бус, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн зэргээ заагаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэж болохгүй юм.

 

Аливаа маргаан түүний дотор цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай бөгөөд хэргийн үйл баримт, хугацаатай холбоотой баримтууд нэхэмжлэгч тус бүрээр тодорхой байх ёстой. Анхан шатны шүүх тухайн маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэхдээ нэхэмжлэгч тус бүрээр  авч үзээгүй, энэ талаар талууд анхан шатны шүүхэд хангалттай мэтгэлцээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг анхаарч дүгнээгүй. Тухайн ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 102 103 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ц.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД