Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 50

 

 

220/2020/0020/э

 

 

  2020            01            09                                        2020/ДШМ/50    

 

Э.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЗ/1889 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Э.Г-эд холбогдох 1903010630475 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

овгийн Э-ын Г-, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Э.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний 10 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик” явах замд “Hyundai sonata 7” загварын ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс замын хашлага мөргөж, машинд зорчин явсан 5 настай Т.Б-ийн эрүүл мэндэд зүүн зулай, чамархай ясны ил хугарал, зулайн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан. Зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөлийг тусгай мэдлэг эзэмшсэн этгээдээр “Мөрдөгчийн магадлагаа” болон “шинжээчийн дүгнэлт” гаргуулах зэрэг хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь хэргийг талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэх ба нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, “баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, танилцах”, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...прокурор, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах” зэрэг яллагдагчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэх үндэслэлээр Э.Г-эд холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ. 

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг шийдвэрлэхдээ мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан. Гэтэл дээрх төрлийн хэргүүдэд гаргаж байгаа мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын заалтыг зөрчсөн эсэх талаар гарч байгаа ба үүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон байна. Шинжилгээ хийхэд шинжилгээний объектын тухай асуудал яригддаг ба тухайн объектод үүссэн физик, химийн ул мөрийг үндэслэн шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийн хувьд мөрдөгч магадлагаа, шинжээч дүгнэлт гаргахдаа дүрмийн ийм заалтыг зөрчсөн гэж байгаа нь нотлох баримтыг үнэлж, Замын хөдөлгөөний дүрэм хэрэглэж байгаа явдал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлэн хууль хэрэглэж, зөрчсөн эсэхийг тогтоох нь өмгөөлөгч, прокурор, шүүгчийн үүрэг бөгөөд үүнээс давсан эрх хэмжээг мөрдөгч, шинжээч нар эдлэж захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, зөрчөөгүй гэж магадлагаа, дүгнэлт гаргаж, тухайн этгээдийн гэм бурууг урьдчилан тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11, 27.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж байгаа. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар яллагдагч Э.Г-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд ял халдааж шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Э.Г-эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

 

Тээврийн прокурорын газраас Э.Г-ийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шувуун фабрик” явах замд “Hyundai sonata 7” загварын ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс замын хашлага мөргөж, уг автомашинд зорчин явсан 5 настай Т.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт болох автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа гаргуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

            Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болно.

 

Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын хэрэгт мөрдөгч нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаанд хамаарах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа ажиллагаа биш юм.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргаж байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж байгаа хэлбэр бөгөөд шүүх холбогдогчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болох эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулсны эцэст хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийдэг тул урьдчилан гэм бурууг тогтоосон гэж үзэхгүй.

 

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ.

 

Дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЗ/1889 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН