Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0005

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Б.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Т м” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захиралаар Б.М-ийг томилсон,  тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.На нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2013 онд Т******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч юм. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө геологич мэргэжилтэй хүн ба бизнесээс нилээд хол хүн. 2013 онд Геологи уурхайн үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн нэр дээр явагдах учир ирээдүйд надад боломж гарч ирж магадгүй гэх үүднээс энэхүү хуулийн этгээдийн байгуулсан. 2015 онд Ховд аймгийн алтай сумд алтны илэрц гараад хүмүүс хууль бусаар олборлосон байдаг. Тэрийг нь тодорхой хэмжээний хүмүүс худалдан аваад байна гэдэг сургийг нэхэмжлэгч сонссон байдаг. Энэ асуудлыг нэхэмжлэгч нь өөрөө геологи хүн учир сонирхсон байдаг. Хэрэв сонгон шалгаруулалт зарлах бол оролцоно гэдэг бодолтой байсан гэдэг. Сонгон шалгаруулалтад оролцохын тулд маш их хэмжээний санхүү хэрэгтэй байдаг. Энэ уурхайг ажиллуулахын тулд санхүүгийн байдлаар арга хайж байсан ба Б.М-тэй гэх хүнд хандсан байдаг. Тус этгээд нь 1990 оноос бизнес хийсэн нилээд хөдөлгөөнтэй залуу ба Хятад хүмүүстэй их харилцдаг хүн байсан. Б.М нь би санхүүжилт олж өгье гэж тохирсон байдаг. Сонгон шалгаруулалт нь зарлахад гадаадаас хөрөнгө оруулах хүмүүс нь ирсэн. Монголд олон жил болсон уурхайн үйлдвэртэй н.С гэх хүн ирсэн байдаг. Мөн тэр хүн нь Л Ж гэж 2 гадаад иргэнийг авч ирээд газрыг үзүүлсэн байдаг. Тухайн үед хууль бусаар гар аргаар алт олборлогч нараас нь дээжүүдийг нь авч судалсан байдаг. Б.М-т тухайн үед ихээхэн хэмжээний мөнгө байгаагүй учир гадаадын хөрөнгө оруулагч нарын мөнгийг татан хамтран оролцсон байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед би мэргэжлийн үйл ажиллагааг бүгдийг нь хийнэ. Санхүүгийн асуудлыг дүүдээ даалгаад Намайг хуурахгүй байх гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч нь сонгон шалгаруулалтаар авах юм бол хамтарсан компанид байгуулна гэсэн байдаг.

Тусгай зөвшөөрлөө 4 хамтарсан байдлаар хуваасан байдаг. Б.М-д гүйцэтгэгч захирлаар ажиллаарай, хэдий хөрөнгө гаргаагүй ч гэсэн 25 хувийг нь шилжүүлнэ гэсэн тохиролцоонд хүрээд ажил эхэлсэн байдаг. Сонгон шалгаруулалтад “Т м” ХХК-ийн туршлага хүрэхгүй байсан тул өөр компанийн нэр дээр орсон байдаг. Ингээд нэг жилийн дараа тусгай зөвшөөрлөө тус компаниас буцааж шилжүүлж авсан байдаг. Ийм л үйлдэл болсон. Б.М нь нэхэмжлэгчид нөгөө хөрөнгө оруулагч нартаа зохих ёсоор 75 хувийг нь шилжүүлэх гэж байна. Надаа 25 хувь үлдэх ёстой. Та надаа 95 хувиа шилжүүлээ гэдэг зүйл ярьсан. Та мэргэжлийн ажлаа хийгээд уурхайн даргаараа ажил гэсэн итгэл төрүүлж байсан. Нэхэмжлэгч бүх тохиролцоог мэдэж байсан учир бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн. Учир нь 75 хувь цаашаа хөрөнгө оруулагч нарт очих ёстой байсан. Нэхэмжлэгч нь үүн дээр зөвхөн бэлэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр тус компани нь хөрөнгө оруулагч Б.М-т бэлэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Үүнд гарын үсэг зурж тамгаа дарсан байдаг. Б.М нь би бүх асуудлыг зохицуулна. Та улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг хийнэ гэсэн байдаг. Гэтэл энэ шийдвэрт өөрийн огт гарын үсэггүй итгэмжлэл гаргаад өгсөн байдаг. Тухайн бүртгэл гарсан компанийн баримт бичиг авах эрхийг н.Б-т олгосон гэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Энэ заавал өргөдлөө Улсын бүртгэл гаргах ёстой. Гэтэл энэ өргөдөл дээрх гарын үсэг нь нэхэмжлэгчийнх биш. Энэ өргөдөлд бэлэглэлийн гэрээгээр гэдэг нь маш тодорхой бичсэн байдаг. Дээрээс нь хувьцаа худалдах гэрээ гэж гарч ирдэг. Энэ гарын үсэг нь гуравдагч этгээдийнх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Компанийн шинэчилсэн дүрэм дээрх 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсэг хуурамч. Өөрөөр хэлбэл гаргаж өгсөн баримтуудаас шийдвэрээс бусад нь хуурамч гарын үсэгтэй байгаа. Ийм баримтуудыг гаргаад өгсөн байдаг. Агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байгаа. Ганц бараа таваар биш, онцгой үнэ бүхий хувьцааг шилжүүлэхийн тулд тодорхой шийдвэр гарсан байх ёстой. Мөн шийдвэрт дээр нь холбогдох гэрээ байх ёстой ба улсын бүртгэл нь буруу бүртгэл хийсэн байна.Энэ талаар 2-3 жил болж байхад гуравдагч этгээд нь цаашаа хөрөнгө оруулагч нартаа хувьцаагаа шилжүүлээгүй ба өөртөө үлдээсэн байдаг. Түүгээрээ дарамтлаад та нар хэдэн төгрөг аваад зайлцгаа, гүйг бол би танарыг хар тамга дараад явуулна гэдэг занал хийлсэн байдаг. Нөгөө Хятад иргэд нь их хэмжээний мөнгө аваад залилсан гэх агуулгаар Цагдаад хандсан байдаг.

Цагдаагийн байгууллага нь мэдээж нэхэмжлэгчийг гэрчээр асуусан ба нэхэмжлэгч нь үнэн л хэлсэн. Үнэн хэлсэн байхад чи Хятадуудын талд орлоо гээд бүлэглэж нийлж зодсон байдаг. Шилийг хагалаад, гар утсыг нь бяцалж эвдэлсэн. Дээрээс нь нэхэмжлэгчийг уурхайн даргаар ажиллаж байх үед уурхай дээр нь хүн нас барсан байсан. Ингээд таны асуудлыг бүгдийг нь зохицуулна гэж хэлээд эрүүгийн хэрэг үүсээд хохирол төлөх болсон чинь төлж өгөөгүй гэж байгаа. Ингээд нэхэмжлэгч нь хүн амьтнаас зээлж байж хохирлыг нь барагдуулж байсан. Ерөнхийдөө ноцтой гомдоосон зүйл удаа дараа гаргасан байсан учир би бэлэглэлээ буцаана гэдэг байдлаар Хан-Уул Дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ гээд улсын бүртгэгч бүртгэсэн худалдах, худалдан авах гэрээ гаргаад ирсэн. Шүүхийн зүгээс хэргийг нь хэрэгсэхгүй орхиод хэргийг нь нээлттэй хэвээр нь үлдээсэн байгаа. Ийм үндэслэлээр бид нэхэмжлэл гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар дээд шатны байгууллагад хандсан. Дээд шатны байгууллага нь бүртгэлд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг албан бичгийг үндэслээд бүртгэлд өөрчлөлт оруулж болохгүй байна гээд та нар шүүхэд хандаа гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Гэх мэтчилэнгээр зөрчилтэй баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Улсын бүртгэл нь өөрөө үнэн зөв байх зарчимтай. Гэтэл зөрүүтэй баримтуудыг үндэслэсэн байдаг. Гэх мэтчилэнгээр алдаанууд гаргасан байдаг.Тухайн үед бүрдүүлбэр буюу хэлбэрийн шаардлага хангасан байсан учир бүртгэсэн гэдэг. Гэхдээ агуулгыг нь нягтлан шалгах үүрэгтэй. Нотлох баримт цуглуулах, үнэлэх, нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй байтал хөнгөн гоомой хандсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, гэж заасан байдаг. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тохиолдлыг хуульчилжээ. Уг зүйлийн 19.1.1.-т улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу түүнчлэн 19.1.2-д үүгсэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус заасан. Маргаан бүхий бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн гэх “Т м” ХХК-ийн нотлох баримтууд нь Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн дүрэм, УБ-05 маягт, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Ц.Б-д олгосон итгэмжлэл гэх 6 баримтаас бүрджээ. Гэвч тус 6 баримтын 5 нь гарын үсгийн зөрчилтэй буюу эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус, хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан заалт байдаг тул хэргийн материалд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 13-ны 3861, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 617, 2020 оны 10 дугаар сарын 16-ны 1026 шинжээчийн дүгнэлтүүд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Миний ойлгосноор Давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй буюу дурдаагүй байна гэсэн байна.

Дээрх баримт бичгүүд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-д зааснаар хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд заавал бүрдүүлэх шаардлагатай нотлох баримтууд бөгөөд зөвхөн нэг нь л зөрчилтэй байхад улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах ёстой юм. Хэрэв бүртгэсэн тохиолдолд бүртгэснээс хойш зөрчилтэй гэдгийг мэдсэнээр бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээг хуульчлан олгожээ.

Улсын бүртгэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар дээд шатны байгууллагад нь хандсан байдаг. Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа учир бүртгэлд шилжилт хийх хөдөлгөөн хаасан тул шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагчид өөрчлөх эрх нь байсан гэдэг нь харагдана. Түүнээс гадна 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн 1 дүгээр заалтаар 95 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсүгэй гэж заасан байхад улсын бүртгэгч Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүлээн авч бүртгэсэн нь нотлох баримтын зөрчилтэй материалыг үндэслэн бүртгэл хийж хууль зөрчсөн явдал болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн хуулийн этгээдээс гаргуулан авах, үүрэгтэй гэж заасан байдаг. Улсын бүртгэгч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгасан гэрээг өргөдөлд хавсарган ирүүлсэн гэрээтэй харьцуулж үзээгүй, энэ тухай тайлбарыг шаардаагүй. Үнэлэлт дүгнэлт хийгээгүй ноцтой зөрчил гаргасан байна. Нэг ёсондоо шийдвэртээ бэлэглэлийн гэрээ гээд заагаад өгсөн. Бүртгэл хийхэд гаргасан 6 баримтын тэргүүн эгнээнд шалгах ёстой байсан баримтыг шалгаагүй. Бэлэглэлийн гэрээ гээд заагаад өгсөн байхад худалдах, худалдан авах гэрээ гэж бүртгэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Гуравдагч этгээд нар нь шилжүүлнэ гэсэн хүсэл зориг л байсан гэдэг. Ингэснээр хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэдэг. Гэтэл гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байдаг. Бэлэглэлийн гэрээний үр дагавар нь шал ондоо. Хэрэв шилжүүлье гэдэг байдлаар шилжүүлээд эрх ашиг чинь хөндөгдөхгүй гэж үзэж байгаа бол мөн бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг адилхан гэж үзэж байгаа юм бол заавал тодорхой тусгах ямар шаардлага байгаа юм бэ? Гэвч бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээнүүд нь худалдах, худалдах авах, бэлэглэх, арилжих, фидуци гэсэн хэдэн төрөлтэй байх бөгөөд эдгээр нь бүгд зохицуулах зүйл, эрх зүйн үр дагавраараа ялгаатай байдаг. Тухайн үед засаж залруулах боломжтой материалууд байсан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд иргэний хуульд заасан холбогдох гэрээг заавал бүртгүүлэх талаар хуульчилжээ. Хуулийн үзэл санаа нь компанийн эрх шилжүүлэх бүртгэлийг хийхэд талуудын байгуулсан гэрээ, түүний төрөл, үр дагавар нь чухал ач холбогдолтой гэж үзсэн тул ийнхүү иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж хуулийг иш татан зохицуулжээ. Өөрөөр хэлбэл иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэсэн нь хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй шууд холбогдох агуулгыг илэрхийлж байна. Үүнээс гадна бүртгүүлэхдээ гаргаж өгч байгаа УБ05 маягт байгаа. Тэр маягтдаа бэлэглэлийн гэрээ гээд маш тодорхой заасан. Энэ олон зөрчлийг хариуцагч хайхрамжгүй хандаад бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд үр дагавар үүсгээд байна. Худалдан авах гэрээ нь эд хөрөнгө шилжүүлэх нөгөө нь төлбөр төлөх харилцаа. Үүнийг цуцлах асуудал нь нэг ондоо. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүйгээр эд хөрөнгө шилжүүлж байгаа. Цуцлах үндэслэл нь бас ондоо. Хамгийн гол зохицуулалт нь тухайн бэлэглэгчийг ноцтой гомдоосон бол шаардах эрхтэй байдаг. Одоогийн байдлаар шүүх худалдах, худалдан авах гэрээг бүртгэсэн байна. Иймд бэлэглэлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Яалт ч үгүй бүртгэл нь энэ олон хууль зөрчсөн баримтуудаас болж хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх өмнө нь шийдвэр гаргахдаа улсын бүртгэл нь зөрчилтэй байдлыг нягтлалгүйгээр бүртгэсэн гэдгийг тодорхойлон маргаж байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгүүлсэн баримт бичгийг нэхэмжлэгч хуурамч гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллагаар болон шүүхэд хуульд заасан аргын дагуу шийдвэрлэх гэх байдлаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхад дээрээс нь дахиад хөндөөд байна. Энэ шүүх хуралдаанаар эцэслэх байх гэж үзэж байна. Өмнөх 06 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлд хариуцагч нь гэрээний хувьд хувьцаа эзэмшигч нь шийдвэрүүддээ тусгаад ирсэн байна. Үүнийг шалгалгүйгээр бүртгэсэн байна. гээд өөрөө хэлсэн байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ болон шийдвэр нь зөрүүтэй байсан гээд хэлсэн байдаг. Тухайн бүртгэл нь хүчин төгөлдөр биш байна гээд шүүхээр шийдвэрлэсэн байхад бүртгэгч нь хүчингүй болгох бүрэн боломжтой гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шийдвэр гэрээ нь зөрүүтэй байж болохгүй гээд хариуцагч нь хүлээн зөвшөөрөөд байна. Одоо бүртгэлийн байгууллага нь мэдлээ. Тухайн үед илрээгүй байсан гэдэг нь одоо болтол хүчин төгөлдөр яваад байна. Энэ олон хууль зүйн нотлох баримтын бүрдүүлбэр дотор бичиг баримтын зөрүүтэй байдал нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд үүсгэн байгуулагдсан “Т м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухайгаа холбогдох баримт бичгүүдийн хамт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гаргаж өгсөн байдаг. Ингэж гаргаж өгөхдөө 2015 онд батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т заасан итгэмжлэлээр эрх олгосон этгээд нь эдгээр материалуудыг манайд гаргаж өгсөн байна. Эдгээр материалуудыг харахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.3 дахь заалт мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасан бүрдүүлбэрүүдийг хангаж орж ирсэн байдаг.Өөрөөр хэлбэл холбогдох материалуудыг бүгдээрээ гарын үсэгтэй байсан. Эдгээр материалуудыг улсын бүртгэлийн байгууллага хүлээж авсны дараа улсын бүртгэгч дээр очдог. Итгэмжлэл нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр байсан учир заавал нотариатаар баталгаажуулах албагүй байсан. Бүртгэлийг хийх явцдаа цорын ганц хувьцаа эзэмшигч нь тус шийдвэртээ Б.М-д 95 хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж байна. 2-т гүйцэтгэх захирлыг өөрчилсөн байна. 3-т дахин гэрчилгээ авах, 2 гишүүнтэй болгох, 4-т дүрмийг хавсралтаар баталсугай гэсэн драфтуудыг шийдвэртээ тусгаж өгсөн байна. Үүнээс харахад нэхэмжлэгчийн ярьж байгаагаар тухайн бүртгэлийг хийхэд холбогдох хууль тогтоомжид нийцсэн бүрдэл нь хангасан байна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт эрх бүхий этгээд нь гаргаж өгсөн нь хуульд нийцэж байгаа. Үүнээс биш шийдвэрт тусгагдсанаар бэлэглэлийн гэрээгээр хувьцаа эзэмшигч шилжүүлэх гэсэн нь худалдах, худалдан авах гэрээгээр ороод ирсэн байна гэдгийг хүлээн би зөвшөөрсөн. Учир нь холбогдох гэрээ гэж бид бэлэглэлийн гэрээг авч шийдвэрлэх ёстой байсан. Мөн захирал өөрчлүүлэх талаар шийдвэрт нь байдаг. Үүнд цорын ганц хувьцаа эзэмшигч нь Б.Мийг томилох тухай шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Дахин гэрчилгээ авах гэсэн байдаг. Шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байхад бүхий л гарын үсэг зөрүүтэй гэж үзэж байна. Тухай үед надад гарын үсэг илтэд зөрүүтэй гэх мэдрэмж төрөхгүй байсан. Гарын үсгийн тулгалтыг тухайн үүсгэн байгуулж байгаа компанийн шийдвэр болон дүрэм архивт авагдсан байдаг. Тус архивт авагдсан дүрэмтэй нь тулгалт хийж бүртгэл хийдэг. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн драфтаас нь харахад 1 заалт нь бүртгэлийн холбогдох гэрээг аваагүй. Гэхдээ энэ хувьцаа эзэмшигч нь өөрийн хүсэл зоригоороо бусдад хувьцааныхаа 95 хувийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шийдвэрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм гэж байгаа. Хувийн хэрэгт ийм 01 тогтоолын хавсралт нь байгаагүй. Дахин гэрчилгээ авах болон гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой дүрэм дээр ямар нэгэн тусгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Ийм бүртгэл оруулж ирж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тухайн хуулийн этгээд нь үнэн зөв мэдээллийг өгч, бид нотариатын үйлдэлд итгэж итгэл үнэмшил төрж бүртгэл хийсэн. Ямар нэгэн шалгах, шинжээч томилох эрх зүйн зохицуулалт бидэнд байхгүй. Илтэд гарын үсэг хуурамч гэдгийг талууд хэлж байна. Мэдээж 2-3 шүүхийн шийдвэрээр шинжээчийн дүгнэлт нь худлаа гэж гарахгүй байх гэж хувьдаа бодож байна. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/99983 гэсэн шийдвэрээр албан бичиг өгсөн байна гэдэг. Энэ албан бичгээр тухайн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т заасан заалтын дагуу баримталж хууль хяналтаар шалгагдаж байгаа бүртгэлд өөрчлөлт оруулахгүй гэсэн албан бичиг өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь одоогоос 5 жилийн өмнө хийгдсэн улсын бүртгэлийн үйлдэл байгаа. Тэгэхээр энэ үйлдэл нь хийгдэх болсон шалтгаан нь 2015 онд Ховд аймгийн алтай суманд тендер зарлагдсан байдаг. Энэ тендерт гуравдагч этгээд оролцохдоо “Г” ХХК-ийн өмнөөс оролцоод өөрийн Хаан банкны данснаас 1.050.000.000 төгрөгийг Ашигт малтмалын газарт тушаасан байдаг. Ашигт малтмалын газрын дансанд орсон гэдэг нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хайгуулын тусгай зөвшөөрөл аваад өөрийн үеэл болох нэхэмжлэгчийн 2012-2017 оны Х тайлантай явсан “Т м” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тусгай зөвшөөрлөө шилжүүлээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулаад талууд гарын үсэг зураад батлуулсан.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.Ц-ийн тогтоол хавсаргагдсан байгаа. Үүнд Гуравдагч этгээд нь 2015 оны 3 дугаар улирлаас өргөсөн тул өөрийн эзэмшлийн 95 хувьцаагаа шилжүүлсүгэй. 2-т гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсугай гэсэн байдаг. Энэ өөрчлөлтийг Улсын бүртгэлийг бүртгүүлсүгэй гэсэн гарын үсэгтэй шийдвэр нь байдаг. Талууд хоорондоо гэрээ байгуулаад дууссан байдаг. Энэ хүсэл зоригийг Ц.Б гэдэг хүн л хүргүүлсэн юм. Ц.Б-ын хүсэл зоригийг л улсын бүртгэлийн байгууллагад дамжуулж өгсөн гэсэн үг. Д.Ц нь энэ компанийн үйл ажиллагаа жигдрээд ирсний дараа л ингээд заргалдаад яваад байгаа юм. 2017 оны нэг сард хувьцаагаа шилжүүлсний дараагаар Б.М-ийн тушаалаар 2 жил геологич уурхайн даргаар ажилласан. Нэхэмжлэгч нь уурхайн даргын хувьд хүн зодсон асуудал гээд л яриад байгаа. Нэхэмжлэгч нь 2017-2019 онд ажиллаж байсан. Өөрийн хувьцаа шилжээд захирал нь болоод явж байгаа гэдгийг мэдээд 2 жил өнгөрсөн. Анх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан боловч Давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод шийдвэрлэсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаанд Д.Ц орж байсан. Би нэхэмжлэгчээс та яагаад хувьцаагаа авах тухай яриад яваад байгаа юм бэ гэхэд намайг зодсон учир би нэхэмжлэл гаргасан гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон байдаг. Ямар хэмжээнд шүүх ажиллах вэ гэхээр төрийн захиргааны байгууллагын бусдын эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг л хүчингүй болгож ажиллах ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ямар нэгэн хувьцаа эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг Улсын бүртгэлийн байгууллага нь хохироогоогүй. Нэхэмжлэгч нь өрөө хувьцаагаа шилжүүлсний дараа өөрөө зөвшөөрөөд 2-3 жил төлөөд явж байсан байдалтай байгаа. Шүүх энэ тохиолдолд хохирсон эрхийг сэргээх асуудал байхгүй. Энэ компани нь үйл ажиллагаа өргөжсөн ба 4-5 жил үйл ажиллагаа явуулж байна. Уг нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр үндэслэлтэй байсан. Давж заалдах шатны шүүх нь захирамжийг унагаасан. 2 гаруй жилийн хугацаанд нэхэмжлэгч тал өөрсдийн гэрээнд зурсан гарын үсэг, тогтоол дээрх гарын үсэгтэй огт маргаагүй. Өөрсдийн гарын үсэг биш байсан бол иргэний журмаар хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоод явна. Тэгэхээр өөрсдийн гэрээ тогтоолууд дээр байгаа нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн шүү гэдгийг хэлье. 2019 онд хоорондоо зодолдоод байгаа асуудал нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл биш. Нэхэмжлэгчийн хувьцаа шилжүүлж байгаа нь 2017 оны үйлдэл. Улсын бүртгэлийн байгууллага нь 2017 онд л зөрчиж байгаа гэсэн үг. Тэгсэн байхад 2019 онд муудалцаад түүнийхээ дараа хувьцаа эзэмших эрхээ шилжүүлсэн үйлдэлтэй маргаад яваад байгаа. Б.М нь тусгай зөвшөөрөл авахдаа өөрийн хувийн данснаас төлсөн байдаг. Энэ нь бусдаас зээлэх ч юм уу тийм байдлаар л мөнгө авсан байдаг. Тухайн үеийн бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа үйлдэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Т м” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.Мийг томилсон, мөн хувьцаа эзэмшигчээр Д.Цийг 51 ширхэг буюу 5 хувийн, Б.Мийг 969 ширхэг буюу 95 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх тухай дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус хуулийн этгээдийн захирал Д.Ц-ээс олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Б Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст ханджээ.

Ингэхдээ хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05/, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрэм, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөн өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус хавсаргажээ.

Улмаар хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт /гишүүдийн тоо 2, Д.Цийг 51 ширхэг буюу 5 хувийн, Б.М-ийг 969 ширхэг буюу 95 хувийн хувьцаа эзэмшигч/, гүйцэтгэх захирлаар Д.Мөнхтөрийг бүртгэж, 000137208 дугаар гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хуулийн этгээдийн хувьцааны 95 хувийг Б.М-д шилжүүлсэн талаар маргадаггүй, харин хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуурамч баримтуудыг үндэслэн бүртгэсэн гэж, тодруулбал хувьцаа эзэмшигчийн шийдвэрт бэлэглэлийн гэрээ гэж заасан байхад холбогдох бэлэглэлийн гэрээ биш худалдах худалдан авах гэрээгээр буюу шийдвэрээс зөрүүтэй гэрээгээр бүртгэл хийснээс бэлэглэгчийг гомдоосон бол хэлцлийг хүчингүй болгох үр дагаврыг үүсгэх боломжгүй болгож шаардах эрхийг хязгаарласан үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргажээ.

            Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хуулийн 23.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 23.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэжээ.

          Тус хуулийн этгээдийн захирал Д.Ц-ээс  Ц.Б-д олгосон итгэмжлэл дээрх гарын үсэг түүнийх биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтээр, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрэм дээрх гарын үсэг нэхэмжлэгч, гуравдагч нарын хэн алиных биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 614 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

          Мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд дээрх гарын үсэг гуравдагч этгээд Б.М-ийнх биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтээр нотлогддог бөгөөд дээрх гэрээнүүд дээрх гарын үсэг нэхэмжлэгч Д.Ц-ийнх мөн эсэхийг тодруулахыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 474 дүгээр магадлалд тусгасан хэдий ч шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нараас дээрх нөхцөл байдлыг тодруулахад тэдгээрийн хэн аль нь “шинжээч томилох шаардлагагүй, мэтгэлцээний явцад тодруулах боломжтой” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

          Гуравдагч этгээд нь “Л” ХХК-иар сонгон шалгаруултанд орж авсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Т м” ХХК-нд шилжүүлэх замаар тус компанийн 95 хувийг шилжүүлэн авсан, компанийн хувьцааг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийн талаар одоог хүртэл мараагүй ч бүртгэл хийлгэхээр мэдүүлсэн баримт бичгүүдийн зөрүүтэй мэдүүлгээр одоо бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарладаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтын үнэн зөвийг мэдүүлэг гаргагч хариуцна гэж тайлбарлажээ.

           Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”-ийг тус тус хуульчилжээ.

          Гэтэл дээрх хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг бүртгүүлэхээр мэдүүлсэн мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн материалууд дээрх гарын үсэг тухайн нэр бүхий иргэдийн гарын үсэг биш болох нь дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

          Хэдийгээр нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг, энэ нь түүний хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байх боломжтой хэдий ч уг шийдвэр дангаар тус компанийн дүрмийн өөрчлөлт, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг өөрчлөн бүртгэх үндэслэл болохгүй.

          Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал хавсаргах баримт бичгийг, 23.3-д хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг, тухайлбал 23.3.4-д холбогдох гэрээг бүрдүүлэхээр хуульчилсан бөгөөд эдгээр нь үнэн зөв байх учиртай.

          Гэтэл дээрх мэдүүлэг, холбогдох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болох нь дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байхын зэрэгцээ хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээрх агуулгаас өөр гэрээ хавсаргасан зэрэг хуулийн шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэж маргаан бүхий бүртгэлийг хийснийг зөвтгөх боломжгүй байна.

          Тус шүүх үйл баримт тогтоодоггүй тодруулбал нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн нь тухайн хуулийн этгээдийн хувьцааны хэдэн хувийг эзэмших эрхтэйг, гүйцэтгэх удирдлага хэн байх зэргийг тогтоохгүй, уг үйл баримт нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй тул түүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

          Харин харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч буй хуулийн этгээдийн бүртгэлийн тухайд итгэмжлэл, мэдүүлэг, холбогдох баримтууд нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцээгүй байх тул дээрх баримтуудыг зөвтгөх учиртай.

          Иймд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийн хувийн хэргийн холбогдох гэрээ, баримтуудыг зөвтгүүлэх шаардлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлага болох “Т м” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, 23.3.2, 23.3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох “Т м” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газар нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийн хувийн хэргийн холбогдох гэрээ, баримтуудыг зөвтгүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаа) сарын хугацаанд хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд “Т м” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

                  ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ