| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0340/З |
| Дугаар | 221/МА2025/0535 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0535
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2025/0535 | Улаанбаатар хот |
“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, “Б***” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б***” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0421 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***, Б.Л***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***,
Хэргийн индекс: 128/2025/0340/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
“...Б***” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын санд төлбөл зохих хуримтлагдсан 16,453,940,988 /Арван зургаан тэрбум дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун дөчин мянга есөн зуун наян найман/ төгрөгийн өрийг үүсгэсэн. Тус өр төлбөрийг барагдуулахаар 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 64/23 тоот албан бичгээр "Гэрээ байгуулж, хамтран ажиллах тухай" хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд тус хүсэлтийг хүндэтгэн үзэж 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр "Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журам ЖРМ-СБГ- 02-2017"-ын хоёрдугаар хавсралт МАЯГТ№2 "Б***" ХХК-тай нийгмийн даатгалын шимтгэлийн 16 453 940 988 төгрөгийн /алданги тооцоогүй дүнгээр/ авлагыг тогтоосон хугацаа буюу 2023 оны 3 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээг баталсан.
Энэхүү гэрээ нь Нийгмийн даатгалын санд төлбөл зохих хуримтлагдсан өрийг харилцсан тохиролцож Иргэний хуулийн 186 дугаар зүйлд хамаарах харилцааг зохицуулсан. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас “Б***” ХХК-иас нийгмийн даатгалын санд төлбөл зохих буюу 2020 оны 12 дугаа сараас 2023 оны 12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын үндсэн өр 18,151,096,996.67 төгрөг, алданги 8,061,825,137.17 төгрөг нийт 26,212,922,133.84 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчийн талд шийдвэр гарсан. Мөн давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн хуралдааны тогтоол мөн ижил агуулгаар гарсан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л*** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасныг зөрчин илт үндэслэлгүй тайлбар гаргаж тухайн авлага барагдуулах гэрээг Нийгмийн даатгалын байгууллагын санаачлагаар байгуулсан мэтээр тайлбарлаж шүүхэд мэдүүлсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0421 дугаартай шийдвэрийн үндэслэх хасгийн 2.1-т дурдсан тус газрын байцаагч М.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 тоот шийтгэлийн хуудсаар “Б***” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан боловч шийтгэлийн хуудсанд алдаа гаргаж, улмаар хариуцагч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0391 шийдвэрээр тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус байхыг тогтоож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга авлага барагдуулах гэрээ байгуулах эрхтэй эсэхэд шүүгч дүгнэлт хийхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/03417 дугаарт шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-т “...Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны А/108 тушаалын 2 дугаар хавсралтаар авлага барагдуулах гэрээг байгуулах маягт хэрэгт авагдсан байсныг дүгнэлтгүй орхигдуулсан.
“Б***” ХХК-ийн үүсгэсэн нийгмийн даатгалын өрийг барагдуулахаар 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан “захиргааны гэрээ”, 55 дугаар зүйлд заасан “илт хууль бус” гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,
3.1. нэхэмжлэгч “Б***” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй 16,453,940,988.00 төгрөгийн өр төлбөртэй. Төлбөрийн дүнгийн талаар талууд маргаагүй.
Харин тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Б***” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г “...нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл алданги төлүүлэх тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнд ногдох алдангийг тогтоосон акт гаргаагүй буюу дахин улсын байцаагчаас шийтгэлийн хуудас гаргах ёстой байсан”, “маргаан бүхий захиргааны гэрээ нь манай компанийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй Гүйцэтгэх захирал дур мэдэн байгуулсан хэлцэл байх тул мөн хүчин төгөлдөр бус байх шинжийг хангаж байна” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор,
хариуцагчаас “... “Б***” ХХК-тай байгуулсан маргаан бүхий гэрээг нэхэмжлэгчээс “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 64/23 тоот албан бичгээр "Гэрээ байгуулж, хамтран ажиллах тухай" хүсэлтээ илэрхийлснийг нь хүндэтгэж үзсэн”, “…энэхүү гэрээ нь Нийгмийн даатгалын санд төлбөл зохих хуримтлагдсан өрийг харилцан тохиролцож Иргэний хуулийн 186 дугаар зүйлд хамаарах харилцааг зохицуулсан”, “… Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ биш” гэж тус тус маргасан.
3.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2025/00036 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Б***” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 26,212,922,133.84 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, “Б***” ХХК нарын хооронд байгуулагдсан тус гэрээний талаар “...Энэхүү гэрээ нь хариуцагчийн хуульд заасан гүйцэтгэвэл зохих тэр л үүргийн талаар буюу хуульд заасан стандартын дагуу, тухайлбал өрийг ихэсгэсэн эсхүл бууруулсан зүйлгүй бөгөөд үүргийг гүйцэтгэхдээ хугацаа, боломж олгосон агуулгатай байна. Иймд хуульд заасан үүргийг давхар тохиролцож буйг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул уг гэрээгээр үүрэг үүснэ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна” хэмээн дүгнэсэн болох нь тус тус тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” хэмээн тус тус заасан.
5. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан “захиргааны гэрээ”-ний талаарх дээрх зохицуулалтаас үзэхэд гэрээний нэг тал нь захиргааны байгууллага, албан тушаалтан байгаа гэрээг бүрийг “захиргааны гэрээ” хэмээн ойлгох боломжгүй.
6. Тухайн тохиолдолд, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Б***” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” нь зорилгын хувьд нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхээс илүүтэй ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлбөл зохих өр төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд, үе шаттай төлж барагдуулахаар тохиролцсон.
Гэрээний талуудын хувьд захиргаа болох Нийгмийн даатгалын газар болон аж ахуйн нэгж буюу ажил олгогч “Б***” ХХК-ийн хооронд байгуулагдсан боловч захиргаанаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглээгүй. Харин хуульд заасны дагуу ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлбөл зохих өр төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх хугацаа болон хувь хэмжээг харилцан тохиролцож тогтоосон агуулгатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээнд хамаарахгүй байхад анхан шатны шүүх “...ажил олгогч, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаа буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх, суутган санд шилжүүлэх эрх, үүрэг нь хуулиар үүсгэдэг харилцаа, харин ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, хуульд заасан хугацаанд төлөөгүй зэрэг гаргасан зөрчлийг тогтоох, зөрчилд нь тохирсон хариуцлагаа тооцох харилцаа нь захиргааны акт гаргасны үндсэн дээр үүсэх харилцаа, харин захиргааны гэрээ байгуулах замаар эрх, үүрэг үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй, ... нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ний агуулга нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийг төлөх хугацааг тогтоосон, ямар хэмжээгээр төлөх хуваарийг гаргасан байгаа нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон захиргааны актгүйгээр дангаараа хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй...” гэх зэрэг дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, маргааны зүйл болох Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” нь захиргааны гэрээ биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “маргаан бүхий захиргааны гэрээ нь манай компанийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, гүйцэтгэх захирал дур мэдэн байгуулсан хэлцэл байх тул мөн хүчин төгөлдөр бус байх шинжийг хангаж байна” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Б***” ХХК-иас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, “Б***” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА