Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 19

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2017/0002/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             А.Цэрэндулам,
Улсын яллагч                  Ц.Цеэн-Ойдов
Хохирогч                                                 Л.Бат-Эрдэнэ
Иргэний хариуцагчийн төлөөлөгч         Т.Пүрэвжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Болортунгалаг
Шүүгдэгч                                           Б.Сайнбилэг нарыг оролцуулан

    
Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сайнбилэгт холбогдох 201623000300 дугаартай эрүүгинй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.


Шүүгдэгчийн биеийн байцаалт: Бор-Ухаа овогт Бямбацогтын Сайнбилэг, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А26-17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй /РД:СЭ89121625/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Сайнбилэг нь Хэнтий аймаг pдахь Төрийн банкны харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаал хашиж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 06-р сарын 07-ны өдөр харилцагч Л.Бат-Эрдэний 250600001986 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 6.500.000 мянган төгрөгийг онлайн зээлээр авч завшсан, 2016 оны 06-р сарын 21-ны өдөр мөн харилцагч Л.Бат-эрдэний 250600001986 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 2.500.000 мянган төгрөгийг онлайн зээлээр авч завшсан, 2016 оны 06-р сарын 21-ны өдөр харилцагч Л.Бат-Эрдэний 250600001986 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 1.000.000  төгрөгийг онлайн зээлээр авч завшсан, 2016 оны 09-р сарын 08-ны өдөр харилцагч Л.Бат-Эрдэний 250600001986 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 3.300.000  төгрөгийг онлайн зээлээр авч завшсан, 2016 оны 09-р сарын 05-ны өдөр харилцагч Д.Байгалмаагийн 250000351149 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 3.200.000 мянган төгрөгийг онлайн зээлээр авч завшсан зэрэг нийт 16.500.000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
                        ТОДОРХОЙЛОХ НЬ:  
Шүүгдэгч Б.Сайнбилэг нь Хэнтий аймаг дахь Төрийн банкны харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 06-р сарын 07, 21, 09-р сарын 05, 08-ны өдрүүдэд харилцагч Л.Бат-Эрдэний 250600001986 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 13.300.000 төгрөг, харилцагч Д.Байгалмаагийн 250000351149 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 3.200.000 төгрөгийг онлайн зээлээр авч завшсан болох нь:
            Хохирогч Л.Бат-Эрдэнийн: “...Би хадгаламжийн дэвтэрээ авах гэж Төрийн банкин дээр очоод харилцааны мэргэжилтэн Б.Сайнбилэг гэдэг хүүхэнтэй уулзсан. Тэр надад захирал байхгүй байна гэж хэлээд би явсан. Хоёр хоногийн дараа Б.Сайнбилэг гэдэг хүүхэн надруу яриад би захирлаас таны хадгаламжийн дэвтрийг авчихлаа та хүрээд ир гэж хэлсний дагуу би 2016 оны 06-р сарын 07-ны өдөр очсон. Тэгээд надад дэвтэр өгөхдөө гар хөлийн үсэг зуруулаад байсан. Би ямар зүйл дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Тэгээд яваад өгсөн. 2016 оны 09-р сарын 12-ны өдөр Төрийн банкруу очиход миний данснаас хэд хэдэн удаа мөнгө авсан байхыг банкны захирлаас мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-7 тал/
Хохирогч Л.Бат-Эрдэний шүүхийн хэрэлцүүлэгт мэдүүлсэнээр: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2506000039568, 250600001986 тоот төрийн банкны дансанд нийт 14.312.040 төгрөг хйиж, 460.000 төгрөгийг бэлэн өгсөн би хохиролгүй харин өмгөөлөгчийн 1.420.000 төгрөгөө нэхэмжилж байна.
            Хохирогч Д.Байгалмаагийн: “...Би 2016 оны 09-р сарын 07-ны өдөр  Дорноговь аймаг дахь Төрийн банкаар ороод хадгаламжиндаа мөнгө нэмэх гэж үйлчлүүлсэн юм. Тэр үед би теллерт эгч нь хэд хоногийн өмнө хадгаламж барьцаалсан зээл авсан юм одоо байгаа мөнгөөрөө зээлээ хаах уу эсвэл хадгаламжиндаа нэмэх үү гэж асуусан. Тэгсэн теллер та 2 удаа зээл авсан байна. Сая 2016 оны 09-р сарын 05-ны өдөр бас байрны урьдчилгаа гэж 3.200.000 мянган төгрөгний зээл авсан байна шдээ гэж хэлхэээр нь би гайхаад би аваагүй 2016 оны 08-р сарын 22-ны өдөр л 3.000.000 төгрөгний зээл авсан. Өөр зээлгүй гэж хэлээд Төрийн банкны хяналтын мэргэжилтэн гэдэг хүнд хандахад тэр хүн нь Хэнтий аймгийн Төрийн банкинд хандаж яриад миний данснаас Б.Сайнбилэг гээд харилцагчийн зөвлөх хүүхэн надад хэлэлгүй мөнгө авсан болохыг тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх 5 тал/
            Гэрч Г.Мөнхзулын: “...Манай найз Б.Сайнбилэг гээд Төрийн банкинд ажилладаг эмэгтэй тухайн өдөр надруу яриад дансаа явуулчих чиний дансруу мөнгө хийгээд авах гэсэн юм. Би өөрийнхөө дансаар мөнгө оруулж болохгүй байна гэж хэлсэн. Нарын учрыг нь асуугаагүй дансаа өгсөн. Тэгсэн миний дансанд 3.200.000 мянган төгрөг орж ирсэн. Тэгээд би тэр өдөрт нь Б.Сайнбилэгт өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-11 тал/
           Гэрч Ч.Алдармаагийн “...2016 оны 5-р сарын үед Төрийн банкинд ажилладаг Б.Сайнбилэг гэдэг танил хүүхэн надаас мөнгө зээлээч гээд 4.200.000 мянган төгрөг зээлж авсан байсан. Би тэгээд удаагүй манай нөхрийн ахын хүүхэд болох Алтаншагай мөнгө хэрэг боллоо гээд гуйхаар нь би Б.Сайнбилэгт нөгөө зээлүүлсэн мөнгөө авъя гэж хэлэхэд тэр надад мөнгийг маань 2016 оны 06-р сарын 07-ны өдөр Алтаншагайгын дансруу шилжүүлж өгсөн. Тэгээд үлдэгдэл 3.000.000 сая төгрөгийг 2016 оны 09-р сарын 05-ны өдөр надад бэлэн өгч надад өгөх өр төлбөрөө барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 13 тал/
    Гэрч Г.Сүнжидмаагийн: “...Манай байгууллагын харилцагч нар өөрсдөө анх интернет банкинд бүртгүүлж гар утас болон компьютерт нь цаанаас нууц код ирдэг юм. Үүнийгээ ямар нэгэн хүнд алдахгүй өөрсдөө хадгалж гүйлгээгээ хийж онлайн зээлээ авч байх ёстой юм. Манай байгууллагын зүгээс хянах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх 15-16 тал/
    Гэрч Н.Алтанцэцэгийн: “...Л.Бат-Эрдэнэ гэдэг хүн манайхаас анх 2015 оны 10-р сард хадгаламж барьцаалсан зээл аваад хадгаламжийн дэвтрийг нь барьцаанд авч үлдсэн байсан. Тэгээд манай харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Сайнбилэг надад хандаж Л.Бат-Эрдэнэ гэдэг үйлчлүүлэгчийн хадгаламжийн дэвтрээ авах гэж ирээд таныг хүлээж байгаад явлаа. Намайг аваад байж бай гэсэн. Би авч байгаад ирэхээр нь хадгаламжийн дэвтрийг өгөөд блансийн гадуурх зарлагын баримтан дээр нь гарын үсэг зуруулаад өгье гэж хэлээд надаас Бат-Эрдэнийн хадгаламжийн дэвтрийг авсан. ...Би Сайнбилэгийг Л.Бат-Эрдэнийн хадгаламжийн дэвтрийг аваад ашиглаад өөр зүйл хийчнэ гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 18 тал/
    Гэрч З.Бат-Эрдэнийн: “...Манай хамаатны эгч Сайнбилэг 2016.09.08-ны өдөр над руу яриад чи эгчдээ тус болоод дансандаа хэдэн төгрөг аваад хүний төлөлт төлөөд өгчих гэхээр нь над руу 3300000 төгрөг төрийн банкны данснаас миний данс руу шилжүүлсэн. Би тэгээд уг мөнгийг бүгдийг нь эргэж зээлийн төлөлт гээд Байгалмаа гэх хүний төрийн банкны дансанд тэр өдөр нь мөнгийг нь хийж эгчид тус болж өгсөн. Яг ямар учиртай хэний зээлийн төлөлт зэрэг нарийн учрыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 20-21 тал/
    Гэрч Н.Болорчимэгийн: “...2016.06.08-ны өдөр Сайнбилэг над руу утсаар яриад найз нь чиний дансанд хэдэн төгрөг оруулж гаргах хэрэг байна гэхээр нь би ажил дээрээ ажил ихтэй болохоор юун мөнгө гэж асуугаагүй,  дансаа өгөөд орхисон. Тэгсэн миний дансанд уг өдөр 3 удаа гүйлгээ хийгдэж орлого нийтдээ 5300000 төгрөг орж ирсэн бөгөөд уг мөнгийг буцаагаад Сайнбилэгийн данс руу шилжүүлсэн. Ингээд байж байхад 2016.06.21-ны өдөр Сайнбилэг яриад хэдэн төгрөг хийчихлээ буцаагаад явуулчих гэхээр нь би дансаа шалгахад 2 удаагийн гүйлгээгээр орлого 3500000 төгрөг орж ирсэн байсан. Би Сайнбилэгт буцаагаад явуулсан байсан. Сайнбилэг өөрийнхөө данснаас шууд авч болохгүй байна. Манай харилцагч болохоор шууд зээлж авч болдоггүй юм гэж байсан. Би тэр үед сайн ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 22-23 тал/   
    Сэжигтэн яллагдагчаар Б.Сайнбилэгийн: “...2016 онд надад мөнгөний хэрэг гараад хүнд өртэй болоод өрөө дарах гэж өөрийн ажилладаг Төрийн банкны харилцагч болох Байгальмаа, Бат-Эрдэнэ нарын данснаас тэдэнд хэлэхгүй мөнгө авч дарж бусдын мөнгийг хувьдаа завшсан үйлдэл гаргасан.  ...Би Байгалмаа болон Бат-Эрдэнэ гэх харилцагч нарт өөрийн биеэр интернет банк нээж өгөөд тухайн үед интернет банкны нууц кодыг цээжлээд авсан юм. Тэгээд нууц кодыг мэдэж байсан учраас данснаас хадгалаж барьцаалсан зээл гаргаж авч хувьдаа завшсан юм... гэсэн мэдүүлэг /хх 28-33 тал/
    Дансны хуулга /хх 41-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Сайнбилэгийн Төрийн банкны харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 06-р сарын 07, 21, 09-р сарын 05, 08-ны өдрүүдэд харилцагч Л.Бат-Эрдэнэ, Д.Байгалмаа нарын хугацаатай хадгаламжийн данснаас 16.500.000 төгрөгийг онлайн зээлээр авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг байна.
    Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 16.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт цугларсан мөнгө тушаасан баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
    Харин хохирогч Л.Бат-Эрдэнэ нь өмгөөлөгчийн хөлс 1.420.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ зардал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус зардалд хамаарахгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр ял шийтгэлийг оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гурав хүртэлх насны хүүхэдтэй байдлыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294,      295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Бор-Ухаа овогт Бямбацогтын Сайнбилэгийг бусдын эд хөрөнгийг  давтан үйлдэлээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч Бямбацогтын Сайнбилэгийг тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Сайнбилэгт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.
4.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Л.Бат-Эрдэний өмгөөлөгчийн хөлс 1.420.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
   6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч  Б.Сайнбилэгт 02 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшуулж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сайнбилэгт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ГАНЗОРИГ