| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03128/И |
| Дугаар | 183/ШШ2019/02655 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2019/02655
| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2019/02655 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Б/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Б.Д нь 15 жилийнөмнө Солонгос хүнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн хүмүүст хандаж байгаад БНСУ-ын иргэн ******* гэх хүнтэй танилцсан. Тэгээд хэд хоног ойр дотно байлгах гээд хамт байлгаж байгаад хамт амьдрахаар болж Солонгос улс руу хамт явсан. Гэтэл тэр хүн маш бүдүүлэг, хэрцгий хандаж, бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Мөн маш муу зуршилтай хүн байсан учир надад ямар ч амьдрах сонирхол байгаагүй, хүний нутагт хэл мэдэхүй болохоор амьд гарахын тулд зугтаж Монголдоо ирсэн. Тэгээд нөгөө зуучилж өгсөн хүмүүстэй уулзаж, бие, сэтгэл санааны хохирол, өөрт учирсан бүхий л зүйлээ хэлнэ гэсэн боловч тэр хүмүүс аль хэдийн үйл ажиллагаа явуулахаа болиод алга болсон байсан. Тэрнээс хойш 15 жил болж байна. Би өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон боловч гэрлэлтээ батлуулж чадахгүй явсаар байна. Энэ бол миний амьдралын хамгийн том алдаа байсан. Тэр хүнийг хаанаас яаж олохыг мэдэхгүй явсаар өдийг хүрлээ. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж Солонгос улсын иргэн *******тэй бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дын нэхэжлэлтэй иргэний хэргийг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр томилогдсон Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ж.Н миний бие нь Б.Дын 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ИБМУТ-ын гэрлэсний бүртгэлийн 314 дугаарт БНСУ-ын иргэн ******* /1961.09.25/-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн бүрдүүлбэрийг архиваас татаж хянахад: иргэн Б.Д БНСУ-ын иргэн ******* Хэ Жинтэй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудао хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ, мөн гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө гаргаж дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу гэрлэгчид дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд: БНСУ-ын иргэний товч анкет, Б.Д, ******* нарын гэрлэхийг хүссэн өргөдөл, Б.Дын ээж *******ын зөвшөөрлийн өргөдөл, гэрлэхийг хүсэгчдийн баримт бичгийн хуулбар /иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар/, ургийн бичиг /орчуулгын хамт/, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлээгүй эсэх тухай тодорхойлолт зэрэг болно. Дээрх бүрдүүлбэрээс харахад гэрлэгчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүй, өөр ямар нэгэн санаа зорилго агуулахгүйгээр бүр бүл болох хүсэлтээ гаргаж гэрлэлтээ бүртгүүлсэн байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолтыг хавсаргаагүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д гэрлэгчдийн хэн нэг нь эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэхэд харшлах шалтгаан болно гэж заажээ. 2004 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн ИБМУТ-ийн гэрлэсний бүртгэлийн 314 дугаарт БНСУ-ын иргэн ******* Хэ Жин, Монгол Улсын иргэн Б.Д нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолтыг хавсаргаагүй гэрлэснийг бүртгэж гэрчилгээг олгосон байна. Иймд Б.Д, ******* нарын гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Дын БНСУ-ын иргэн ******* Хэ Жинтэй гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Монгол улсын иргэн Б.Д нь БНСУ-ын иргэн ******* Хэ Жинтэй 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гэрлэсний бүртгэлийн 314 дугаарт бүртгүүлж, гэрлэжээ.
Дээрх гэрлэлтийг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн гэж үзэж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь хүсэлт гаргагч Б.Д нь БНСУ-ын иргэн ******* Хэ Жинтэй дотносож, хайр сэтгэлийн холбоотой болоогүй атлаа БНСУ-д ажиллаж амьдрах зорилгоор зуучлах байгууллагаар дамжуулан танилцаж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн бичиг баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Б.Д нь БНСУ-ын иргэн ******* Хэ Жинтэй гэрлэсэн 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш түүний хамт БНСУ-д очсон боловч хоорондын таарамжгүй байдал, хүчирхийллийн улмаас хамтран амьдралгүйгээр Монголд буцан ирж, 2006 оноос өөр хүнтэй хамтран амьдарч тэдний дундаас 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Д.И-г төрүүлсэн байх тул гэрлэгчдийг хамтын амьдралтай байсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдгүй, тэдгээрийн хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй зэргээс үзвэл гэрлэгчид анхнаасаа гэр бүл болох зорилгогүй байсан байна.
Мөн гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар эрүүл мэндийн тодорхойлолтыг өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас гаргуулан авч гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргаагүй байхад гэрлэлтийг бүртгэсэн болох нь гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчингүй эсэх байдал тогтоогдоогүй, уг байдлыг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолтыг хавсарган өгөөгүй нь гэрлэхэд харшлах шалтгаан болно.
Иймд хүсэлт гаргагч *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор шийдвэрлэв.
57 57.1, 7 7.1.2- хүсэлт гаргагч Б.Дын 140.400 улсын нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д заасныг баримтлан Монгол Улсын иргэн *******, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* /KIM HEE JIN/ нарын 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн 314 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР