Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б,

иргэний нэхэмжлэгч Н.П,

Х.төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Ц.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303001760194 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Ц.Э нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Дорнод аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х.төвд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ** тоотод оргин суудаг, ял шийтгэгдэж байсан байдал:

-1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хээгт зааснаар 20,000 төгрөгөөр торго ял,

-1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял,

- 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгэгдэж байсан (РД:СЭ73112817).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Яллагдагч Ц.Э нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр архивын ерөнхий газрын зүүн талын зам дээр Хьюндай Старекс маркийн **** УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.”,

-12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

-12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.А, Г.Б, Ц.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зорчигч Н.О-ын амь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач миний эхнэр бөгөөд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, бага хүүхэд маань 15 настай, оршуулгын зардалд талийгаачийн байгууллагаас 6,520,00 төгрөг, алба хаагчдаас нь 2,348,000 төгрөг, хүүхдэд маань 1,000,000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Э хувиасаа 1,650,000 төгрөг, 150,000 төгрөг шилжүүлсэн ба мөн бэлнээр 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

            Иргэний нэхэмжлэгч Н.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед байгууллага хамт олноороо явж байгаад осол гарч, маш харамсалтай үйл явдал болж, нэг хүний амь нас эрсэдсэн. Тухайн замаар 2 удаа явсан ба эхний удаа явахад зүгээр байсан, хоёр дахь удаа явах үед гадаа орой болчихсон, зам мөстсөн байсан учир гулсаад осол гарсан байх гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

          Х.төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай байгууллагын зүгээс автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой хохирлыг Э-тай 06 сарын дотор барагдуулахаар тохиролцсон ба өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

            М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай байгууллагад даатгуулагч нь шүүгдэгч Ц.Э-ын байгууллага болох Х.төвөөс даатгалын гэрээгээр хамгаалж байгаа эрсдэл бусдын амь нас, бусдын эд хөрөнгө учруулсан эрсдэлийг даатгадаг, дээрх байгууллага нь манай байгууллагатай харилцан тохиролцож даатгалын гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б гэх хүний данс руу 6,500,800 төгрөг шилжүүлсэн. Бусдын эд хөрөнгө хохирсон хохиролд нь Улаанбаатар хотын захирагчийн алба руу модны хохиролд 1,625,200 төгрөг шилжүүлсэн. Нийт 8,126,00 төгрөгийн эрсдэлийг барагдуулсан. Даатгуулагчийн зүгээс бүрдүүлж өгсөн материал нь Б болон Улаанбаатар хотын захирагчийн албаны хохирлыг барагдуулж өгнө үү. гэсэн хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн болно. Автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой материалыг даатгуулагчийн зүгээс ирүүлгүй тул эрсдэлийг тооцох боломжгүй байна гэв.

Дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан байх ба нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг, мөн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол үйлдсэний улмаас иргэн Н.О-н амь нас хохирсон байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Э-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Уг ял нь шүүгдэгчийн учруулсан гэм хорд тохирно гэж үзэж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах саналтай. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зам тээврийн осол нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаагүй, учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байх тул тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хэргийн газрыг орхиж зугтаасан, хохирлыг төлж барагдуулаагүй, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б** овогт Ц.Э-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-ын BCDE ангиллын 69**** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц, П, А, Б, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба төлөх төлбөргүй, иргэний хариуцагч М компани төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 734,000 (долоон зуун гучин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь насанд хүрээгүй хохирогчтой холбоотойгоор хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА