Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Л.Э-ийн өмгөөлөгч Б.Баярцогт,

Шинжээч Б.Сэргэлэнбаяр, Э.Эрхэмбаяр /онлайноор/

Шүүгдэгч Ц.Б, Л.Э

Нарийн бичгийн дарга Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Л-гийн Э, Ц овгийн Ц-ы Б нарт холбогдох эрүүгийн 2......... дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .........-ны өдөр ............ аймгийн ........... суманд төрсөн, халх, ......... настай, э....эй, ........... боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......... аймгийн .......... сумын ......................багт оршин суух, ял шийтгэл эдлэж байгаагүй, ................. регистрийн дугаартай Хүлэг бариач овгийн Лхамсүрэнгийн Эрдэнэбилэг.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ........ дүгээр сарын .......-ны өдөр ......... хотод төрсөн, халх, ............. настай, ........эй,............ боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт............. аймгийн ............ сумын ............. багт түр оршин суух, ял, шийтгэл эдлэж байгаагүй, .......... регистрийн дугаартай ......... овгийн Ц-ны Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр З аймгийн Т сумын Рашаант багийн нутаг Гүр гэх газар Л.Э-гтэй малын бэлчээрээс болж маргалдаж, харилцан зодолдож иргэн Л.Э-гийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.Э нь мөн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр гэх газар Ц.Б-тай малын бэлчээрээс болж маргалдаж, харилцан зодолдож иргэн Ц.Б-ын эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Л.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө харилцан төлөөгүй бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Л.Э-гт хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн.  Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Э.Эрхэмбаяр нь “... Л.Э-ийн тархины доргилт нь хөнгөн зэрэгт хамаарна. Хамар нь дээрх шалбархай гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж,

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр нь  “...Батбаярын зүүн нүдэн тус газар хөхөрсөн цус хуралттай байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл мөн бөгөөд Ц.Б-ын биед учирсан зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Б нь “...Манай нөхөр тэр өдөр манай ахын хонийг хариулж байсан. Тэгээд хониноосоо ирэхэд манай нөхрийн нэг талын нүд нь хөх няц болчихсон, нүүр нь улаан няц болчихсон байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад маргаан боллоо гэж хэлсэн. Тэр хоёрыг зодолдож байхыг би хараагүй. Тэр өглөө Ц.Б, Х.Ө нар огт уулзаагүй, малаа ийш нь хариул гэж зааварласан зүйл байхгүй...” гэж

Гэрч Д.А нь : “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр багийн хурал болж тухайн хурал дээр Ж.Ч, манай нөхөр Л.Э нар эвлэрч гар барьсан. Тэр хурал дээр Х.Ө манай нөхрийг ална, пизда гээд гарсан. Маргааш нь манай нөхөр хониндоо яваад орой 16 цагийн үед цус нөж болчихсон ирсэн. Манай нөхөр надад хонь хариулж байсан залууд зодуулчихлаа, чамайг тамлаж ална, цусаа уу гээд цус уулгасан, чамайг хүүхэдтэй чинь алаад шоронд ороод гараад ирэхэд авгай авах нас байна, чи Х.Ө ах, Ж.Ч нарыг дээрэлхдэг гэсэн бил үү гээд зодоод байхаар нь ахыгаа явуулчихаач гэж гуйсан боловч нааш цааш гүй гэж дэглээд, мотоциклоо босгох гэтэл хамар нүүр дундуур ташуураар ороолгоод би гуйсаар байж ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд гэр рүүгээ буцаж явахдаа Д.Д-тай уулзахад Ц.Б гэдэг залуу өглөө нь Д.Ж-тай уулзаад Х.Ө нь би хоёр, гурван жилийн өмнө бөөгийн цусыг нь уулгасан юм, тэгээд зүгээр болсон, одоо энэ бөөд цусыг нь уулгахгүй бол болохоо болилоо, үхрээ бөөгийн өвөлжөө рүү туу, дараа нь хонио туу, тэгэхээр бөө хүрээд ирнэ гэж хэлж байна лээ гэж хэлсэн гэсэн.  Манай нөхрийн нүүр ам нь цус болчихсон, нүд, нүүр, шанаа нь хавдсан байсан. Мөн гарын алга нь цус болсон байсан..” гэж,

Гэрч Д.Д нь “...Би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны үед өөрийн дүү Д.Ж-д очоод хоёр хонож байсан юм. Тэр өдөр манай дүү малдаа явчихсан байхад Л.Э манай гадаа нүүр ам нь улайгаад цус болчихсон байдалтай ирж Д.Ж-ыг асуучихаад явсан. Тэгээд нэг цаг орчмын дараа түргэн тусламжийн машин болон цагдаагийн машин ирсэн. Тэр үед би Ц.Б-рыг огт хараагүй, таньдаггүй байсан. Ц.Б манай дүү Д.Ж-д бөөгийн цусыг нь уулгахаар хараал хүрдэггүй гэж хэлсэн талаар дүү маань надад ярихаар нь үүнийг нь би Д.А-д хэлсэн. Өөр мэдэх зүйлгүй...” гэж,

Гэрч Д.Ж нь “...Тухайн зодоон болохын урд өдөр Ц.Б бид хоёр тааралдаж уулзсан. Маргааш нь намайг гэрийнхээ гадна байж байхад Ц.Б ирж надаас адуу мал сураглаж бид хоёр ойр зуурын юм ярилцсан. Тэгээд Ц.Б надтай юм ярьж байхдаа Х.Ө ах Л.Э малаа хариулсан хэл ам хийнэ, хариулаагүй ч хэл ам хийдэг юм. Малаа тэгээд орхичих, өмнө нь энэ бөөд цусыг нь амсуулаад гайгүй болсон юм, одоо нэг цусыг нь амсуулахгүй бол давраад байгаа юм. Ж.Ч гэдэг хүн түүнд байнга дээрэлхүүлдэг юм байх, даварсан бөө байдаг юм гэнэ гэж ярьсан...” гэж,

Гэрч Х.Ө нь  “...Тухайн зодоон болдог өдөр би сумын төврүү явчихсан байсан. Намайг гэртээ ирэхэд Ц.Б-ыг цагдаагийн машин аваад явж байсан. Багийн хурал дээр бид хоёрын дунд маргаан болоогүй. Би Э-гийг ална гээд багийн хурлаас гараагүй, цусыг нь уулгах цаг нь болсон гэж яриагүй. Б бид хоёрын дунд бөөд цусыг нь амсуулбал хараал хүрдэггүй гэж ярьсан зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.  

Харин шүүгдэгч Ц. нь  “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,

шүүгдэгч Л.Эрдэнэбилэг нь “...Нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулж авмаар байна. Би өөрөө зодуулсан болохоос Ц.Б-ыг зодсон зүйл байхгүй ...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Л.Э-гийн “...Би өөрийн эхнэр болон охины хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстийн Хонх тооройт гэх газарт амьдардаг юм. Уг асуудал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15-16 цагийн хооронд гэрийн гаднаас өөрийн мал бэлчсэн гэх газар руу дурандаж харахад нэг зүс таних залуу хонио хариулж байсан би тухайн залуу дээр мотоциклтойгоо очоод сайн байна уу гэж хэлэхэд би сайн сайн байна уу гэж хариулсан би өвөлжөөний газарт яагаад хонио хариулж байгаа юм гэж хэлэхэд тухайн зүс таних залуу чиний нутаг юм уу чамд ямар хамаатай юм, чи Ч ах болон Ө ах нарыг дээрэлхдэг гэсэн гэж хэлээд намайг хүүхэдтэй чинь цуг зодож ална гээд заамдаад авсан. Тэгээд намайг 2-3 удаа нүүрэн хэсэг рүү мөргөөд чамайг одоо тамлаж ална гээд өвдөглөсөн, элэг рүү хөлөөрөө өшиглөөд, шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа маш хүчтэй цохьсон. Мөн дээлний захаар хүзүүг минь боож би бараг ухаан алдсан. Намайг нилээн зодсоны дараа би тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан. Тэр залуу чамайг энэ тухай цагдаад хэлэх юм бол хүүхэдтэй чинь ална шүү, чамайг алчихаад шоронд ороод гараад ирэх нас байгаа шүү гээд тухайн залуугаас холдох гэхээр наашаа гүйгээд ир, ойртоод очихоор цаашаа гүй гээд янз бүрээр дэглэсэн. Мөн тэр залуу чи бөө гэл үү бөөгийн цусыг уулгана гээд хамраас минь гоожиж байсан цусыг миний гар дээр гоожуулж байгаад цусыг минь уулгаад зодсон. Тэгээд би ахын дүү би чамайг цагдааг хэлэхгүй өршөөж хайрла, ах нь даралтаар харвасан, бие муутай, настай хүн гэж гуйж байж арай гэж нэг юм салсан. Эхлээд намайг 2 гараараа заамдаж авсан. Түүний дараагаар баруун шанаа руу 1 удаа цохисон, толгой хэсэг рүү гараараа цохисон, хамар хэсэг рүү 2-3 удаа толгойгоороо мөргөсөн, ташуураар нүүрэн хэсэг рүү 1 удаа, мөн толгойн ар хэсэг рүү 1 удаа ороолгосон юм. Хоорондоо бид 2 харилцан заамдалцсан зүйл байхгүй. Би Ц.Б-ын биед тухайн үед гар хүрсэн зүйл байхгүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогч Ц.Б-ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстий гэх газарт хадам ах Б-ны малыг морьтой хариулж байсан. Тэр үед нутгийн ах Э нь улаан өнгийн мотоциклтой ирж яваа харагдахаар нь морьноосоо буугаад байж байтал Э ах мотоциклоосоо буугаад миний хажууд ирээд сайн байна уу гэж хэлэхээр нь би сайн, сайн байна уу гэж мэндэлсэн. Тэгээд Э нь чи хаана ирснээ мэдэж байна уу гэж хэлэхээр нь би өчигдөрхөн та Б ахынд ирээд явсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд би тэр үед уг нь энэ өвөлжөө нь Б ахын өвөлжөөний газар мөн биздээ гэж хэлсэн. Тэгж хэлэх үед Эг гэх хүн намайг цагаач гэхээр гэнэт дүрсхийж уур хүрсэн. Тэр үед намайг Э гэх хүн зүүн гараараа цохисон. Түүний дараа Э гэх хүнийг ах эгчийг маань, мөн тухайн газраар өвөлжиж зусч байсан хүмүүсийг дарамталдаг, автиркаар айлган сүрдүүлдэг байсан гэсэн бодолд орж ирэх үед би шууд өөрийн морин дээр суугаад хонины зүг уулын уруу бууж байтал араас Э миний араас хөөгөөд байсан. Тэгээд би Б ахын хаваржааны пүнзний хажууд унаж явсан мориноосоо буугаад байж байтал араас Э гэх хүн мотоциклтой ирсэн. Б ахын пүнзний дэргэд хүртэл Э гэх хүн намайг хөөсөн. Тэр үед Э гэх хүний мотоциклынх нь түлхүүрийг булааж аваад заамдалцсан. Э намайг хавираад унагаасан. Хавирч унагасных нь дараагаар миний дээр гараад намайг хөлөөрөө дэвсээд байсан. Мөн нүүрэн хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед би дээлний хормойноос нь татах үед Э-ийн нүүрэн хэсэг рүү нь ганц удаа баруун гараараа цохисон, түүний хамарнаас цус гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо эвлэрсэн. Э мотоцикл дээрээ суугаад 100 метр газар хүрэхгүй явж байгаад надад хандан чамайг харна аа хэнээр оролдсоноо мэдэхгүй байна гэж хэлээд манай хонины голоор гараад, өөрийнхөө хонин дундуур гараад гэрийнхээ зүг рүү явсан. Миний зүүн нүдний хугархай, толгой, бөөр, шүд, баруун тохой зэрэг их өвчтэй байгаа.Тухайн үед бид хоёрын үйл явдлыг харсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10-11-р хуудас/,

 Гэрч Д.Б-ийн “... 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18-19 цагийн үед манай нөхөр хониноосоо буугаад гэртээ ирсэн. Тэр үед би нөхрийнхөө царайг харах үед зүүн нүдний хэсэг нь нилэнхүйдээ хавдаад улайсан байсан. Тэгээд би нөхрийгөө яагаад нуугаад байгаа юм гэж асуух үед хонио хариулж байх үед Э гэх хүн мотоциклоосоо бууж ирээд унагаад цохисон гэсэн юм. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирсэн юм. Э намайг “хаана хэний газар хонио хариулж байгаагаа мэдэж байна уу цагаач минь” гэж хэлээд цохилоо гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42, 190-191-р хуудас/,

 Гэрч Д.А-ийн “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед манай нөхөр болох Л.Э нь хониноосоо мотоциклтой ирсэн. Тэр үед манай нөхөр гэртээ орж ирээд гацаад юу болсон талаар хэлэхгүй байсан. “... лавлаж асуухад хонины бэлчээрт зодуулчихаад ирлээ гэж гацаад надад хэлсэн, ...танихгүй залууд зодуулчихлаа гээд гэрийнхээ хаалганы зүгрүү буюу элсэн бөөр гэх газар руу гараараа заагаад гацаад байсан. Тухайн үед манай нөхрийн нүүрэн хэсэг буюу хамрын хэсэг, ам болон хоёр гарын алга цустай болсон байсан. “... манай нөхөр өөрийн дугаараас цагдаад дуудлага өгсөн...Бэлчээрийн асуудлаас болж тухайн танихгүй залууд зодуулсан гэсэн. Манай өвөлжөөний аманд байдаг пүнзний хажууд зодууллаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 193-194-р хуудас/,

 Гэрч Д.Д-гийн “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цагийн сайн санахгүй байна, гэрийн гадаа ноос угааж байх үед Л.Э гэх хүн нь мотоциклтой манай гэрийн гадаа ирээд би "хүргэн" гэх хүнд зодуулчихлаа, дүү чинь байна уу гэж надаас асуусан. Тэгж асуухаар нь би дүү малдаа явчихсан гэж хэлсэн. тухайн үед Э нь мотоциклноосоо буугаагүй, түүний нүүр, ам, гар хэсэг нь нилээн цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48, 50-р хуудас/,

 Гэрч Д.Б-ны “...Багийн хурлаар Д.Э, Ч нарын бэлчээрийн маргааныг шийдвэрлэн тухайн 2 хүн Тооройтын өвөлжөөг хамтран эзэмшихээр болсон юм... Би хүргэн дүү Б-ыг өөрийн өвөлжөө буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр элстий гэх газрын Гүрийн амнаас хойд тал руу хонио хариулаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/,

Гэрч Д.Ж-ны “...Ө, Ч нар нь Э-ийг зодохыг Б-т даалгасан талаар надад сонссон зүйл байхгүй, би Л.Э, Ц.Б нар хоорондоо маргалдаж муудалцсан талаар эгчээсээ мэдсэн, яг маргалдаж байхад нь хамт байгаагүй, тэр 2 хүн бэлчээрийн асуудлаас болж маргалдсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58, 136-137-р хуудас/,

 Гэрч Б.Б-ын “... Би энэ хэргийн талаар 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө мэдсэн. Э гэдэг хүн над руу утсаар залгаж “бэлчээрийн асуудлаас болж Б гэдэг залуутай маргалдаж, зодууллаа” энэ нь Ө, Ч нарын явуулга байх гэж хэлсэн. “... би Б гэдэг хүнтэй уулзахад “манай хүргэн дүү малтайгаа ирсэн, бид 2 тэгж байгаад оторт явна гэж ярьж байсан, мөн бид нар айлын өвөлжөө рүү малаа гаргасан зүйл байхгүй гэж хэлж байсан. Э гэдэг хүнтэй холбоотой гомдол санал нутгийн иргэдээс ганц нэг  удаа ирж байсан, айлын мал идээг туугаад байдаг, өвөлжөөний асуудлаас болж маргаан гаргадаг гэдэг асуудал яригдаж байсан. Э, Ч, А гэдэг 3 айлын өвөлжөө нэг дор буюу Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр Элстийн Хонх тооройт гэдэг газар байдаг, тэрнээс дээшээ уул өгсөөд 2 орчим км газар яваад Б-ны өвөлжөө буюу Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр Элстийн нутаг Улаан өвөр гэдэг газар байдаг. Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр Элстий гэдэг газар нь уулын нэг ам, нэг жалга юм. Нутгийн иргэд тэр газруудыг янз бүрээр нэрлэдэг энэ нь дотроо Хонх тооройт, Улаан өвөр гэх зэргээс өвөлжөөгөө нэг нэгээр нь нэрлэсэн газар байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-р хуудас/,

 Гэрч Д.У-гийн “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгэхэд цагдаагийн газрын утсанд Рашаант багийн нутаг дэвсгэрт хүмүүс маргалдаж зодолдлоо гэсэн дуудлага ирсэн. Э гэдэг хүний гэрт нь очиход нүүр ам нь цус болсон. Нүүрнийх нь зүүн талын хэсэг нь бага зэрэг хавдсан байдалтай байсан.Бид нар Э гэдэг хүнээс юу болсон талаар асуухад малын бэлчээрээс болоод хүнд зодуулаад алуулах гэж байна гэж хэлсэн. Тэр залуугаас юу болсон талаар асуухад “Э гэдэг хүнтэй бэлчээрийн асуудлаас болоод маргалдаж зодолдсон” гэж хэлж байсан ба тэр залуугийн хамар халцарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 000000499 дугаартай: “...1. Ц.Б-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд зовхины эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Ц.Б-ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Ц.Б-ын биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Ц.Б-ын биед учирсан зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-р хуудас/,

Эмч Б.Т-жийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...Ц овогтой Б, 25 настай, биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, байрлал идэвхтэй, арьс салст, цэвэр чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд түргэн, ЗЦТ 112 удаа, АД 109/68 шш Н-д. Уушиг 2 талд цулцангийн амьсгалтай АТ-20, хэвийн зөөлөн тайван эмзэглэлгүй, өтгөн болон шээсний өнгө гарц хэвийн. Захад хавангүй. Зүүн нүдний зовхи хөхөрсөн байна. Зүүн нүдний зовхи орчмын зөөлөн эдийн гэмтэл...” гэсэн тодорхойлолт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13257 дугаартай “...Л.Э-ийн биед тархи доргилт, хамар сорви гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. 3, 4 дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дээл, цэнхэр өнгийн ажлын өмд, саарал өнгийн цамцанд хуучин цооролттой. Цэнхэр өнгийн ажлын өмд урагдалт, ногоон өнгийн подволк урагдалт гэмтэлтэй байна. 2. Уг цооролт урагдалт нь шинээр үүсээгүй байна. 3. Татаж чангаах хүчин зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүссэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн гутал тэлээ урагдалт, ханзралт цооролт болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ромбо бүхий дүрслэлтэй, дотортой дээл, бор өнгийн суран бүс, саарал өнгийн босоо захтай цамц, улаан хүрэн өнгийн дөрвөлжин дүрслэл бүхий цамц, хар хөх ангийн тамирын өмд, хар өнгийн хромон гутал зэрэг хувцаснуудад урагдалтай цооролт ханзралт болон биологийн гаралтай ул мөр илрээгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг хуулбарлан авах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий СD, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Л.Эрдэнэбилэгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарах үеийн эпикриз, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, шинжилгээний хариунууд, гэрэл зураг, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаар

Гэрч П.Г-ийн “...Б нь манай хамаатны айлын охин болох Б гэдэг хүнтэй 2021 онд гэр бүл болоод манай хүргэн болж ирсэн. Тэр цагаас хойш таньж мэддэг болсон. Төлөв даруу зантай, элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй, эвсэг найрсаг харьцдаг, шударга зан чанартай залуу байгаа юм. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Том хүү нь 2 ой гарантай, бага охин 9 сартай. Ц.Б нь ажилч хичээнгүй зантай, хүнд тусархуу, гэр бүл үр хүүхэд хань ижилдээ халамж сайн тавьдаг залуу байгаа юм. Хэл ам гаргаад цагдаа сэргийлэх гээд яваад байдаггүй сайн залуу...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Н-ийн “...Би Э хүнтэй 1998-1999 оны хооронд айл хөрш болсон. Э гэдэг хүн олон түмэнд нэр хүндтэй, шашны ном мөр хөөсөн хүн, бүтэхгүй хүнээс зайгаа бариад явчихдаг, ямар нэгэн муу муухай зан чанар байхгүй, хүнд муу зүйл хийнэ гэсэн бодол байхгүй учраас өдий олон жил найз нөхөд болоод явж байна. Э-ийг архи дарс уугаад элдэв янзын ааш араншин гаргаад яваад байсан талаар би 20 гаран жил найз нөхөд болж явахдаа мэдээгүй, хараагүй. Зан аашны хувьд хүнд тусархуу, гэм хор байхгүй, архи уугаад байдаггүй, хүнтэй эв зүйгээ сайн олдог, ноён нуруутай, нутаг усандаа болон ах дүү төрөл садандаа нэр хүнтэй хүн...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 059 дугаартай: “...Л овогтой  Э/ ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт болон мал тооллогын лавлагаанууд, аймгийн аварга малчны үнэмлэхний хуулбар, энгэрийн тэмдэгийн гэрэл зураг, сумын алдарт уяачийн үнэмлэхний хуулбар, энгэрийн тэмдэгийн гэрэл зураг, малчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 055 дугаартай: “...Ц овогтой Б // ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багт түр оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын, мал тооллогын лавлагаанууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр гэх газар Л.Э-тэй малын бэлчээрээс болж маргалдаж, түүний баруун шанаа руу болон хамар хэсэг рүү гараараа цохисон, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн, хамар хэсэг рүү 2-3 удаа толгойгоороо мөргөж харилцан зодолдсон, 

шүүгдэгч Л.Э нь мөн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүр гэх газар Ц.Б-тай малын бэлчээрээс болж маргалдаж, түүний нүүрэн хэсэг рүү гараараа цохиж, харилцан зодолдсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нар нь хохирогчийг цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд  тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.Э-ийн баруун шанаа руу болон хамар хэсэг рүү гараараа цохиж, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн, хамар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн үйлдэл,

шүүгдэгч Л.Э нь хохирогч  Ц.Б-ын нүүрэн хэсэг рүү гараараа цохисон үйлдэл болон хохирогч Л.Э-ийн биед учирсан тархи доргилт, хамар сорви гэмтэл, хохирогч Ц.Б-ын биед учирсан зүүн нүдний дээд зовхины эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Л.Э, Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, харин шүүгдэгч Л.Э нь хохирогч Ц.Б-ыг цохиогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж, айл хотлоороо бэлчээрийг хамтран эзэмшихэд зан заншлын болон нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн гэж  шүүх дүгнэв.

Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Э гуай надад хандаж “чи хаанахынх юм, хаана ирснээ мэдэхүү цагаач минь” гэх мэтийн элдэв янзаар хэлээд, би энэ таны өвөлжөө юм уу гээд маргалдаад бид хоёр бие биеэ заамдаж авсан. Э гэдэг хүн баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохихоор би зөрүүлээд баруун гараараа Э гэдэг хүний хамар руу нэг удаа цохисон. “...Би гэмт хэргийн улмаас хохирсон, эмчилгээний болон өмгөөлөгчийн хөлс, наашаа цаашаа явсан зардалд 700,000 төгрөгийг Э-ээс нэхэмжилж байна, надад одоогоор энэ талаар гаргаж өгөх нотлох баримт байхгүй. ..” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Б нь чамайг одоо ална, хүүхэдтэй чинь хамт ална гэж хэлээд намайг заамдаж аваад миний хамар хэсэг рүү 2-3 удаа шанаа руу 1 удаа өшиглөсөн. “... миний нүүр хэсэг рүү гүрмэл суран ташуураар  1 удаа, ар дагз хэсэг рүү 1 удаа ороолгосон. Тэгээд миний хамраас цус гарсан чинь бөө хүний цусыг  уулгахгүй бол болохгүй гэж хэлээд намайг хөөж зодож байгаад миний цусыг уулгасан. Би энэ хэргийн улмаас Тосонцэнгэл болон Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал нийт 2,418,976 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж дүгнэлээ.  

Мөн түүнчлэн шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч нар нь  “... Ц.Б*ын биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд зовхины эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 000000499 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт “... Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно...” гэж заасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр нь “... Ц.Б-ын биед учирсан зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй гэж тайлбарласан учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй, иймээс Л.Э-ийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй... гэж мэтгэлцжээ.

Гэвч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт заасан  жижиг буюу  биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан ба Ц.Б-ын биед учирсан зүүн нүдний дээд зовхины эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулны зүүн дээд хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарч байна. Өөрөөр хэлбэл Ц.Б-ын биед хамрын нуруу, дээд уруулны зүүн дээд хэсэгт зулгаралт  дангаараа үүсээгүй мөн зүүн нүдний дээд зовхины эдийн няцрал үүссэн байгаа нь  гэмтлийн зэрэг тогтоохгүй  байх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2,418,976 төгрөгийг нэхэмжилж, нийт 19 хуудас /ширхэг/ нотлох баримт буюу е-баримтууд ирүүлжээ.

Харин хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг  хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд хохирогч Л.Э-ээс ирүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтаас шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч Ц.Б-аас гаргуулж,  хохирогч Л.Э-т олгох нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:

 

  1. Эмчилгээний зардал болох 1-р хавтаст хэргийн 105-р хуудас дахь 2022.10.18-ны өдрийн 344,690 төгрөгийн, 2022.10.14-ний өдрийн 91,700 төгрөгийн, 2022.10.05-ны өдрийн 50,000 төгрөгийн,
  2. 106-р  хуудас дахь  2022.10.18-ны өдрийн 207,840 төгрөгийн,

3. 108-р хуудас дахь 2022.09.30-ны өдрийн Ник ХХК-аас авсан шатахууны зардал 50,000 төгрөгийн, мөн шатахууны зардал 165,000 төгрөгийн, ПетроСтар ХХК-иас авсан шатахууны зардал 208,800 төгрөгийн, Ник ХХК-иас авсан шатахууны зардал 119,943 төгрөгийн,

4. 110-р хуудас дахь Ник ХХК-иас авсан шатахууны  зардал 2023.09.20-ны

өдрийн 168,013 төгргийн, 2022.09.20-ны өдрийн 85,000 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүн, шатахуун худалдан авсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эд зүйл, түүний хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, хохирогчийн эмчилгээнд зарцуулсан байх тул хохиролд 1,490,986 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 Харин хэрэгт авагдсан 1-р хавтаст хэргийн 110-р хуудас дахь ПетроСтар ХХК-иас авсан 2022.09.20-ны өдрийн шатахууны үнэ 104,012 төгрөгийн, 2022.09.20-ны өдрийн шатахууны үнэ 50,000 төгөгийн,  мөн он, сар өдөр, бичвэр нь харагдахгүй байгаа 50,000 төгрөгийн е-баримт,

 107-р хуудас дахь 12,400 төгрөгийн, 21,000 төгрөгийн, 20,000 төгрөгийн эд зүйл худалдан авсан гэх е-баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Голомт банк гэсэн бичиглэл бүхий 434,000 төгрөгийн үнийн дүнтэй  е-баримт зэрэг нийт 691,012 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримтууд нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй, хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй, тоо, бичвэр нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд байх тул дээрх 691,012 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч Л.Э-ийн нэхэмжилж буй хавтаст хэргийн 109-р хуудсанд авагдсан өмгөөлөгч нарын Улаанбаатар хотоос ирсэн замын зардал болох 134,000 төгрөг, ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжилж байгаа 102,978 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон  эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний улмаас өмгөөлөгч хэргийн материалтай танилцахаар ирж, явсан унааны зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

 

Иймд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож хохирогч Л.Э-гийн нэхэмжилсэн 2,418,976 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 1,490,986 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Ц.Б-аас гаргуулж, хохирогч Л.Э-т олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 691,012 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  236,978 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Ц.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Э-ээс 700,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч уг хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Ц.Б-ын нэхэмжилсэн 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Л.Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б, Л.Э нар нь өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр ял шийтгэл оногдууллаа.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч Л.Э нь мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, шүүгдэгч нарт  ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б, Л.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б-аас 1,490,986 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Э-т олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.Э-ийн эд хөрөнгөөс битүүмжилсэн эд хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-ын эд хөрөнгөөс битүүмжилсэн эд хөрөнгийг хохирол төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт Ц-ы Б, Х овогт Л-гийн Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Л.Э-ийг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Л.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Э-ийн нэхэмжилсэн 2,418,976 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 1,490,986 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Ц.Б-аас 1,490,986 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Э-т олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 691,012 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Л.Э-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 236,978 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Ц.Б-ын нэхэмжилсэн 700,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Э-ээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Шүүгдэгч Л.Э-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-ын эд хөрөнгийн битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ

 

 

 

 

 

 

 

нэ